| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03589/И |
| Дугаар | 182/ШШ2024/02973 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/02973
| 2024 07 05 | 182/ШШ2024/02973 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *******-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой Пүрэвдэмбэрэл, ******* овогтой ******* нар нь 2021.12.17-ны өдөр Голомт банктай ЗГ2405168207 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 8 445 000 төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Талууд харилцан тохиролцож 3Г2405168207 тоот Зээлийн гэрээнд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Үүнд:
2022.09.28-ны өдөр ЗГ2405168207А дугаар гэрээ байгуулж, 8 900 000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хугацааг 30 сар болгож, зээлийн хүүг 12 хувь болгон өөрчилсөн.
Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчиж 2024.03.21-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн төлбөр 9 466 656.55 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 517 206.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16 006.93 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 161 хоног, нийт 9 999 870.11 төгрөг байна.
Зээлдэгч нар 3Г2405168207 тоот Зээлийн гэрээ-р хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор Голомт банкны зүгээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024.03.21-ний өдөр төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч *******ийн оршин суух хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2024.04.22-ны өдөр шүүгчийн 184/ШЗ2024/09639 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан.
Иймд ******* овогтой Пүрэвдэмбэрэлийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, эрэн сурвалжлах ажлыг хуульд заасан төрийн байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: *******-ийн нэхэмжлэлтэй, *******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие оролцож байгаа бөгөөд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* болон *******, Н.******* нарын 2021.12.17-ны өдрийн ЗГ2405168207 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, ******* болон ******* нарын хооронд 2022.09.28-ны өдөр байгуулагдсан ЗГ2405168207А дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, хүү тооцооллын хүснэгт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.22-ны өдрийн 184/ШЗ2024/09639 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банкны гүйцэтгэх захирлын Эрх олгох тухай тушаал, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн *******ийг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* нь Ч байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч *******ийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт нийт 9 999 870 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, тус этгээдийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан дээрх ******* болон *******, Н.******* нарын 2021.12.17-ны өдрийн ЗГ2405168207 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, ******* болон ******* нарын хооронд 2022.09.28-ны өдөр байгуулагдсан ЗГ2405168207А дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар ******* нь хүсэлт гаргагч *******-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3.Зээл авах үедээ *******-тай байгуулсан 2022.09.28-ны өдөр байгуулагдсан ЗГ2405168207А дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ баримтад ******* нь С тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.22-ны өдрийн 184/ШЗ2024/09639 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, *******ийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан *******ийн Пүрэвдэмбэрэл /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар *******ийг эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас:/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА