Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга                 Б.Алтансүх

Улсын яллагч                       Э.Болор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын  хамт оршин суух, Х овогт С.А-д холбогдох эрүүгийн 1720001250056 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:           /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.А нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг “Нартын хошуу” гэх газар нутаглах малчин Ж.Д-н гэрээс том, жижиг мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бугуйвч, цагаан өнгийн гранд маркийн гар утас 1 ширхэг, бор өнгийн түрийвч зэрэг эд хөрөнгийг хулгайлж, бусдад 286.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байхад найз Б.О хөдөөнөөс ирсэн байсан юм. Тэгээд Б.О надаас өвлийн хашаа байшин барих гэсэн юм надад туслаад өгөөч, чамд нэг хонь өгье гэж хэлэхээр нь цуг явсан. Бид хоёр хөдөө явахаасаа өмнө 0,75 граммын Ерөөл нэртэй архи авч замдаа ууж дуусгасан. Ингээд цаашаа явж байтал замд айл тааралдаад Б.О намайг айл руу ороод хүн байвал дуудаад өгөөч гэж хэлсэн. Би айл руу ороод хүн дуудах гэсэн чинь хүн байхгүй байсан. Тэр айлын унинд нь хавчуулаастай байсан цагаан гар утас, хэтэвч, адвар дээр байсан мөнгөн бугуйвч, шкаф дээр байсан мөнгөн аягыг би авч гарсан. Тэр өдөр нэлээн шуургатай байсан. Шуурга намдтал байж байгаад явъя гээд машиндаа унтаж байсан. Тэгээд байж байтал урд гэрэл гараад байсан. Тэр айлруу очиход таньдаг хүн байвал хоноё гэж ярилцсан. Тэгээд тэр айлруу ороход хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан. Хүмүүсийг О таньж байсан. Тэр хэд хөзөр тоглоод байсан, би ядраад унтаад өгсөн. Өглөө босоод ирэхэд миний хулгай хийсэн айл байсан. Бид хоёр цаашаа 9 цагийн үед О-н гэрлүү хөдлөөд явж 11 цагийн үед О-н гэрт очсон. Маргааш өглөө намайг Улаанбадрахын хэсгийн төлөөлөгч барьж авчирсан гэв.

Хохирогч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн үед малын тарилга хийгдэнэ уг тарилга нь засмал замын зүүн талд айлын хотонд хийнэ гээд малаа туугаад эхнэр хүүхдээ мотоцикль дээр сундлаад явсан, явахдаа их гэрийнхээ хаалгыг уяагаар уяж орхичихоод явсан. Орой 20 цаг өнгөрөөгөөд иртэл манай гэрийн уяа тайлагдчихсан байсан тухайн анзаараагүй гэртээ ороод хоол ундаа хийгээд идэх гээд 2 мөнгөн аягаа хайгаад олоогүй. Тэгээд хулгай орсон юм байна гэж ойлгоод дуудлага өгөх гээд холбоо барих гэсэн цагаан өнгийн самсунг гар утас хайгаад олоогүй, мөн миний хүрэн өнгийн хэтэвч байхгүй байсан. Тэгээд байж байтал гаднаас мотоцикльтой 2 залуу нилээн согтсон халамцуухан ирээд төөрсөн бололтой бид хаана явна гээд байсан зам зааж өгсөн боловч явж чадахгүй унтчихаад явъя гээд манайд тэр 2 залуу хоносон. Өглөө босоод тэр 2 Улаанбадрах сумын чигтээ явсан. Би өглөө нь Замын-Үүд сумын цагдааруу гэрээсээ эд зүйлээ алдсан тухай гомдол гаргасан. Тэгээд тухайн өдрөөс хойш нилээн хэд хоногийн дараа Замын-Үүд сумын цагдаа дээр хүрээд ир гэж дуудахаар нь уулзсан чинь манайхаас алдсан эд зүйлүүд олдсон нөгөө манайд хонодог 2 залуу авсан байсан...” гэжээ. /хх-ийн 16-17 тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ий н 12, 13-14 тал/

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр адуугаа харангаа Замын-Үүд сум руу найз А-г авч хашаагаа янзлуулах гээд ороод найз А-г олж уулзаад манайд очиж хашаа янзлаад өгөөч гэж хэлтэл тэгье гэсэн тэгээд бид 2 А-н дүү М-с 40 мянган төгрөг зээлж аваад дэлгүүр ороод чихэр боов 2 шил 0,75-н Ерөөл архи аваад авсан архиа ундааны саванд хийж аваад бид хоёр Замын-Үүд сумаас хойш засмал замаар 40 гаран километр яваад зүүн гар тийш эргээд авч явсан архиа хувааж уугаад тэндээсээ хөдлөөд бүрэнхий болсон байсан учир айлаас Улаанбадрах орох зам асууя гээд нэг айлын гадаа очоод зогссон тэгээд би Ариунболдыг ороод зам асуучих гээд өөрөө гадаа үлдээд мотоциклийнхоо хянахыг  янзлаад байж байтал А гарч ирээд хүн байхгүй байна гэсэн тэгээд тухайн айлаас бид хоёр хөдлөөд хойшоогоо холгүй яваад төөрчих байх унтая гээд унтсан ба даараад байхаар нь А-г дуудаад хоёулаа айлд очиж хоноё гээд зам асуусан айлдаа буцаад очтол айлын эзэн болох Д гэх залуу гэрийнхээ хүмүүстэй хамт гэртээ ирсэн байсан тэгээд тэнд хоночоод өглөө 09 цагийн орчим хөдлөөд Улаанбадрах сумын 2 дугаар багт байрлах өөрийн гэртээ ирээд малдаа  яваад орой болгоод шөнө унтаж байтал цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явах гэтэл А-н хувцасны кармайнаас хулгайд алдсан гэх эд зүйлс гарч ирсэн гэжээ. /хх-ийн 19 тал/

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-31 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.А нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг “Нартын хошуу” гэх газар нутаглах малчин Ж.Д-н гэрээс том, жижиг мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бугуйвч, цагаан өнгийн гранд маркийн гар утас 1 ширхэг, бор өнгийн түрийвч зэрэг эд хөрөнгийг хулгайлж, бусдад 286.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч Ж.Д-н мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч С.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч С.А-г орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршиг арилсан зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд хөрөнгө  болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй байна.

Шүүгдэгч С.А нь хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогт С.А-г орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.А-г 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Л.БАТЖАРГАЛ