Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/25

 

 

З.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

           Прокурор: Б.Д,

           Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч: Ө.С /зайнаас цахимаар/,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Т,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.М,

           Шүүгдэгч: З.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шийдвэрлэсэн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, өмгөөлөгч Д.Т-ын гаргасан гомдлын дагуу шүүгдэгч З.Бад холбогдох 2019000940094 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаарх мэдээлэл: Б овгийн З-ийн Б

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч З.Б Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ч ОНӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж, тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаартай компанийн уурын зуухнуудын хүчин чадлыг нэмэгдүүлж зуух, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж, 130,000,000 төгрөгийг захиран зарцуулах “эрх олгох тухай” тогтоолын дагуу худалдан авах ажиллагааг явуулахдаа ашиглалтаас гарсан хуучин DZL маркийн 4.2 мВт болон 2.8 мВт хүчин чадалтай, зах зээлийн үнэлгээгээр 88,094,168 төгрөгийн үнэтэй 2 ширхэг зуухыг тендер шалгаруулалт зохион байгуулахгүйгээр 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын Хунда компаниас 123,700,000 төгрөгөөр буюу өндөр үнээр худалдан авч, бусдад давуу байдал бий болгон 35,605,832 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус 2 зуух нь ашиглалтаас гарсан, хуучин зуух байсны улмаас ашиглахын тулд уг ширэм солих, хөдөлгүүр конейвер, утаа сорогч редуктор, инвертор, сэнс, димсос суурилуулах зэрэг засварт нийт 43,300,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийж, төсөвт нийт 78,905,832 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт З-ийн Б-ад 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

 

шүүгдэгч Б овогт З-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б овогт З-ийн Быг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5600 /таван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бад оногдуулсан 5,600,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Баас бусдад учруулсан хор уршигт 43,300,000 /дөчин гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Дулааны станц төрийн өмчит үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,605,832 /гучин таван сая зургаан зуун таван мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,

 

шүүгдэгч З.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч З.Бын эзэмшлийн ҮО****** улсын бүртгэлийн дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн 6-р хэсэг, 144б байрны 4 тоотод байрлалтай орон сууцыг битүүмжилсэн 2020 оны 11-р сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/10 дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...З.Б дангаар шийдвэр гарган худалдан авалт хийгээгүй, компанийн дүрэмд заасны дагуу, Замын-Үүд сумын Засаг дарга болон “Ч” ОНӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдсэний үндсэн дээр дэд захирал Ц.Б, кассын нярав Б.С, засварын инженер Л.Д, нягтлан бодогч Э.У нартай БНХАУ-руу явж, худалдан авах гэрээ байгуулан БНХАУ-ын Х компаниас DZL 4.2 мвт, DZL 2.8 мвт маркийн 2 ширхэг зуухыг 130 сая төгрөгөөр худалдан авсан болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. DZL4.2 маркийн болон DZL4.8 маркийн зуухнуудыг худалдаж авснаар З.Б бусдад давуу байдал бий болсон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, харин ч ажилчдын өгсөн мэдүүлгээр давуу талын хувьд зуухны тогоо нь цахилгааны автомат шийдний шкафтай, удирдлагын самбартай, тус самбарт сэнс, ул ширмийг тохируулдаг ба ингэснээр зуухыг сийлэн, гараар хүрзээр нүүрс нэхэх үйл ажиллагааг автомат болгож ажилчны ажиллах нөхцөлийг хөнгөвчилдөг, утаа тортог багассан давуу талын талаар ярьсан гэрч нарын мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018-2019 оны өвлийг тухайн уурын зуух ямар нэгэн эвдрэл гэмтэлгүйгээр ажиллаад өнгөрсөн буюу хэвийн ажиллагаатай байсан, миний үйлчлүүлэгч З.Быг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш хэдэн сарын дараа буюу 2019 оны хавар хийсэн засвар үйлчилгээг хохиролд тооцож байгаа нь хууль нийцээгүй, өөрөөр хэлбэл эвдрэл, засвар гарсан эсэх нь акт болон бусад баримтаар тогтоогдоогүй, энэ хэргийн улмаас шууд учирсан үр дагавар биш.

Худалдан авсан зуухнууд эвдрэл, гэмтэлтэй тохиолдолд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Гадаадын тоног төхөөрөмж худалдан авах гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний баталгаат хугацаанд худалдагч талд даруй мэдэгдэж өөрийн зардлаар уг доголдлыг арилгах буюу засварлах эсхүл шинээр солих шаардлага гаргах эрхтэй байхад З.Быг хууль зөрчсөн буруутай үйлдэл хийсэн хэмээн үзэж засвар үйлчилгээтэй холбоотой гарсан зардлыг хохиролд тооцож буй нь үндэслэлгүй.  Иймд З.Бад холбогдох эрүүгийн хэрэг Гэмт хэргийн бүрэлдэхүүний обьект, субьект, обьектив тал, субьектив тал бүрдээгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэргийн шинжгүй. ...Энэ хэрэг нь анх 2021 онд яллах дүгнэлт үйлдэгдээд шүүх хуралдаанд прокуророос 226,700,000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан. Үүний дараагаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэхдээ 226,700,000 төгрөг нь 78,000,000 төгрөг болон буурсан. Ингэхдээ 78,000,000 төгрөгөө дотор нь 2 хувааж бичиж байгаа. Нэгдүгээрт нь худалдан авах ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгож 35,675,832 төгрөгийн хохирол мөн засвар үйлчилгээний зардал 43,300,000 төгрөг нийт 78,905,832 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэдгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж оруулж ирсэн байгаа. Энэ хохирлын хэмжээ яагаад 2 өөр байгаа юм. Хамгийн эхэнд яллах дүгнэлт үйлдэхдээ 226,700,000 төгрөг, сүүлд 78,000,000 төгрөг болоод буураад ороод ирсэн байгаа. Үүнийг нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хэлэлцэхдээ 43,300,000 төгрөгийн хохирлыг Б нь бусдад учруулсан юм байна. Иймээс 5,600,000 төгрөгөөр торгож, нийтийн албад томилогдох эрхийг нь хасъя гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлэх юм бол шүүхийн тогтоолд заасан 43,300,000 төгрөг нь Быг байхгүй байх хугацаанд гарсан зардал.

...Энэ байгууллага өөрөө орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, компани нь яах вэ гэхээр компанийн тухай хуулиар л үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулна. Ажлын байрны тодорхойлолт дээр нь төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлнэ гэж байгаа. Тэгээд төлөөлөн удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг биелүүлснийхээ төлөө ингээд явж байна.  Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Т өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмээд хэлэхэд миний үйлчлүүлэгч Быг 05/27 дугаартай яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасны дагуу гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байдаг. Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 407 дугаар тогтоолоор бусдад давуу байдал бий болгосныг тодотгож харуулсан. Үүгээр Б бусдад давуу байдал бий болгосон байна, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна гэдэг гэмт хэргийн бүрэлдэхүүн харагдахгүй байна. Яаж давуу байдал бий болгосон гээд байгаа юм. Худалдан авсан талд ямар байдлаар давуу байдал бий болгосон юм гэдэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь тодорхой харагдахгүй байна гэж үзэж байгаа. Энэ дээр хэргээс нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй. Эндээс хэрэв Б-ыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцох гэж байгаа бол давуу байдал бий болгосон гээд байгаа Хятад талын худалдан авалт хийсэн Х ХХК-ийг гэрчээр асуугаад үнэхээр давуу байдал бий болгон өөрийн албан тушаалыг байдлаа урвуулан ашигласан байна уу? гэдгийг бүрэн тогтоох ёстой байсан гэж үзэж байгаа. Үүгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй. Хэргийн бодит байдлыг прокурор, мөрдөн байцаагч нар яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх бүх л байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл энэ байдлыг тогтоогоогүй хэт нэг талыг барьж хэргийг шийдсэн. Хэрэв шүүх энийг давж заалдах шатны шүүхээр нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй гэж үзэх юм бол Х ХХК-ийг гэрчээр асууж энэ хүнийг давуу байдал бий болгосон байна уу? эсхүл эрх хэмжээний асуудлаа урвуулан ашигласан байна уу? гэдгийг тогтоохын тулд хятад талын хүмүүсийг гэрчээр асуух хэрэгтэй. Энэ нь яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх талыг нотлох үүрэгтэй байсан.

Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзвэл эдгээр хүмүүсийг асуух боломгүй гэж үзэх юм бол шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж үзэж байгаа. Миний хувьд хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байна. Үүнийг тогтоох үүднээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтайгаар нэмэлт тайлбар гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч З.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С захирал энэ зуух чинь угаасан нүүрс хийдэг зуух, Б болохгүй юм аваад ирсэн гэсэн. Гэтэл яг одоо Шивээ Овоогийн нүүрсээр 3 жил галласан. Шивээ Овоогийн нүүрсээр галласан гэдгийг дулааны инженер нь мэдүүлсэн. Хоёрдугаарт “энэ зуух орон нутагт таарахгүй зуух” гэсэн. Таарахгүй байсан бол 3 жил ажиллах уу? би өөрөө дулааны инженер хүн. Нэг зүйл тодруулж хэлэх юм бол 2017-2018 онд байгууллагын орлого гэж байгаа. Энэ нь 23,000,000 төгрөг байсан. Тухайн зуухыг худалдаж аваад олон хэрэглэгч нэмэгдээд энэ орлого нь 178,000,000 төгрөг болж нэмэгдсэн байгаа. Таарахгүй зуух байсан бол ийм байх уу? ингээд худлаа яриад байгаа. ... тухайн зуухыг авах шаардлагагүй гэж мэдүүлдэг. Тухайн зуух шаардлагатай эсэхийг гедролик, дулаан техникийн тооцоогоор хэрэгтэй, үгүйг нь тогтоодог. Түүнээс биш зүгээр энэ зуух хэрэгтэй хэрэггүй гэж хэлэх боломжгүй. /хх 211/ дүгээр хуудсанд зөвхөн мандах наран хороолол ашиглалтад орсноор 3,8 мкв дулааны ачаалал хэрэгтэй байна гэдэг. Энэ дээр бол 4.2 мкв дулааны зуух тавьсан шүү дээ. Тэгэхээр энэ чинь баримтаар хэрэгтэй байсан нь нотлогдож байгаа. С анхан шатны шүүх хуралдаан дээр “тухайн зуухыг ажиллуулахгүй бол хөлдөх гээд байсан” гэдэг. Хөлдөх байсан бол яах гэж ажиллуулсан юм, үнэхээр хэрэгтэй байсан нь ингээд нотлогдож байгаа. Дараагийн хүн нь дулааны инженер Ө.Б байгаа. Энэ зуух авах үйлдлийг би ганцаараа шийдээгүй, байгууллагаараа хуралдаж байгаад шийдсэн. ... Би анх 2014 онд Замын-Үүдэд ирж ажилд орсон. Тэгээд энэ хэрэгт холбогдох хүртэл дороос нь эхлээд бүгдийг хийсэн. Надад хувьдаа хөрөнгө завших хүсэл байхгүй. Ажиллаж байх хугацаандаа өөртөө томилолт авдаггүй байсан. 2 удаа л хүнтэй давхардаж явсан. Хот явахдаа дандаа өөрийн зардлаар буудалд ч мөнгө үрж байгаагүй.

Би тэр олон айлуудыг хөлдөөгөөд хаячих байсан юм уу? өөрөө тэр зовлонг мэддэг болохоор хэцүү шүү дээ. Зүгээр нэг орон сууц хөлдөхөд ямар хэцүү гэдгийг мэддэг. Тийм учраас тэр зуухыг авахыг дэмжсэн. Очоод үзэхэд сайн зуух байсан, цоо шинэ биш ч сайн зуух байсан. Тэрийг авахгүй, болохгүй гэж хэлсэн бол авахгүй байсан. Нэгт төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр байсан, мөн тэрийг авахгүй бол тосгон хөлдчих гээд байсан. Тендер зарлахаар 30 хоног тэгсээр байгаад нэг сар болох гээд байсан. Тэгэхээр би энэ ажлын зайлшгүй хийх байсан. Тэгээд би гэм буруутай юм хийгээгүй байж ялтан болж байна. ...Тухайн зуухыг угсарсныхаа дараа том алдаа гаргасан. Үүнийг би анхан шатны шүүх хуралдаан дээр ч хэлсэн тоогоогүй. Энэ нь манайд урьд нь хэрэглэгдэж байгаагүй шинэ зуух. Би өөрөө очиж үзэхэд доод талд нь зургаан сэнс байсан, 6 сэнс зургуулаа ажиллаж байх ёстой. Гэтэл дөрвийг нь унтраачихсан, хоёрыг нь ажиллуулж байсан. Тэгээд “энийг яагаад унтрааж байгаа юм” гэсэн чинь “цахилгааны хүн унтраа” гэсэн гэдэг. Үүнээс болоод эвдэрснийг үгүйсгэхгүй шүү дээ. Нөгөө талаараа би та нарт тайлбарлахад ул ширэм гэдэг нь дугуйны гинж шиг зүйл байдаг. Тэрний эвдэрсэн 2, 3 шүдийг нь сольж болно шүү дээ. Хамгийн чухал юм нь эд нар дээр нэг ч акт тогтоогоогүй. Намайг ажиллаж байх үед нэг ламп шатах үед л акт тогтоодог байсан. Яагаад юунаас болж эвдэрсэн юм гэдгийг нь актаар тогтоодог байсан. Гэтэл энэ зуух бүтэн жил болоод дараа жил нь солихдоо акт тогтоогоогүй. Санаатай сольсон эсэхийг нь мэдэхгүй шүү дээ. Энэ 43,000,000 төгрөгт яг юу юу багтаж байгааг мэдэхгүй байгаа. Сэнс нь хэзээ яагаад шатсан юм гэдгийг нь тогтооно. Нэг ч актгүй байж эвдэрсэн гэж хэлж болохгүй. Тэгээд тэр нь эвдэрсэн юм бол тухайн газар руу нь ярьж болно. Би энэ Дорноговьд байсан над руу яриад энэ чинь ингэчихлээ гэж хэлж болно. Нэг ч тийм юм байхгүй зүгээр л эвдэрсэн сольсон л гэж байгаа.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийт 78,950,000 төгрөгөөр хохирсон гэж үздэг. Анхан шатны шүүхээс 43,500,000 буюу анхаанаасаа энэ 2 зуухыг хуучин, эдэлгээний элэгдэлтэй ийм зуухыг мэргэжлийн хүн байж зах зээлийн үнээс өндөр үнээр авсан гэдгийг тогтоосон байдаг. Анхан шатны шүүхээс “А” ХХК-ийн зах зээлийн үнэлгээгээр тухайн 2 зуухыг 88,000,000 төгрөгөөр авах боломжтой байсан байна. Энэ их элэгдэлтэй хуучин зуух авсны зөрүү үнэлгээ нь 35,677,000 төгрөг гэсэн. Хуучин зуух авсантай холбогдуулаад гарсан зардал ийм байна гэдгийг шат шатны тогтоох байгууллагууд нь шалгаж тогтоосон. Тэгээд анхан шатны шүүхээс ийм их элэгдэл гэмтэлтэй зуух авчирснаас болж төрд ийм хэмжээний хохирол учирсан байна гэдгийг тогтоогоод энэ нийт нэхэмжилсэн 75,905,000 төгрөгөөс 43,353,000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Миний байр сууриас харахад энэ хүн өөрөө мэргэжлийн хүн, тэгээд багаараа энэ зуухыг авахын тулд хэд хэдэн удаа томилолтоор яваад явж өчнөөн зардлуудыг гаргасан. Энэ нэхэмжилж байгаа мөнгөнд нь энэ олон зардлуудыг тооцоогүй. Тэгээд төрд учирсан хохирол болох хамгийн багадаа 78,900,000 төгрөгийг төлүүлнэ, энэ гомдлыг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой гэсэн байр суурийг илэрхийлж байна.” гэв.

 

Прокурор Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...З.Б гэдэг хүн нь “Ч” ХХК-н гүйцэтгэх захирал байсан. Гүйцэтгэх захирал ямар үйл ажиллагаа явуулдаг юм гэхээр аливаа худалдах худалдан авах ажиллагааг гардан зохион байгуулдаг. Энэ үйл ажиллагаагаа явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулиараа тендер зохион байгуулах хэрэгтэй. Үүнийг тухайн үед Б хэрэгжүүлж ажиллах хүн байсан гэдэг нь ажил үүргийн тодорхойлолт дээрээ байдаг. Энэ нь юугаар батлагддаг вэ гэхээр “Ч” компанийн дүрэм байгаа. Энэ дүрмийн 6 дугаар заалт дээр гүйцэтгэх захирлын эрх хэмжээ гэж заасан байгаа. Энэ хэрэгт Үүрцайх гэдэг хүнийг хамтран шалгасан байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад юу болсон бэ гэхээр Ү гэдэг хүн нь эрх олгосон тогтоол гаргасан. Энэ тогтоол нь хамтын шийдвэр байсан. Өөрөөр хэлэх юм бол төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж гаргасан. Энэ шийдвэрийг биелүүлэх хүн нь З.Б байгаа. Энэ шийдвэрийг хуулийн дагуу биелүүлээгүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т зааснаар анхан шатны шүүхээр ял шийтгэгдсэн байгаа. Энэ үйл ажиллагааг би өөрт нь маш их хэлсэн. Та ингэж буруудаж байна шүү. Энэ үнэтэй зуухыг тендер зохион байгуулаад авчихсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байлаа гэж өөрт нь хэлсэн. Ингээд энэ нь ямар сөрөг үр дагавар бий болгож байгаа юм гэхээр тухайн “Ч” ХХК тендер зохион байгуулахгүй авсан хоёр уурын зуух нь ашиглалтаас гарсан уурын зуух байсан. Тухайн бодит байдал дээр нэг уурын зуух нь ажиллахгүй, нөгөөх нь барилгадаа багтахгүй дээврийг нь нурааж сэтэлж оруулж байсан байдаг.

 Ийм стандартгүй, ажиллах чадваргүй эвдэрхий уурын зуух авснаас болоод өнөөдөр “Ч” ХХК-д яллах дүгнэлтэд дурдсанаар хохирол учирсан байгаа. Энэ хэнээс болсон асуудал юм гэхээр Баас болсон. Б гүйцэтгэх захирал байсан юм бол тендер зохион байгуулаад эсхүл тэр онцгой журмаа мөрдөөд авахгүй яасан юм. Өөрөө явж эвдэрхий хоёр уурын зуух авчирчихаад сайн уурын зуух, энийг заавал авах шаардлагатай байсан гэж яриад байна. Гэтэл С-ын мэдүүлэг байдаг. Энэ уурын зуухыг авах ямар ч шаардлагагүй байсан. Тухайн үед байсан уурын зуухнууддаа засвар хийгээд л ажиллуулах боломжтой байсан гэдэг. Тэгээд байгууллагын төсөвт суулгах ёстой байсан суулгаагүй, зүгээр л авчихсан байсан. Энэ асуудал нь гэмт хэрэг мөн үү? гэвэл мөн. Дараагийн асуудал нь Х ХХК-с мэдүүлэг аваагүй гэж байна. Энэ компаниас мэдүүлэг авах ямар ч шаардлагагүй. Монгол улсын хууль тогтоомжоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр л ярина. Х ХХК-с мэдүүлэг авах юм бол юу гэж асуух вэ? танайхаас зуух авсан уу? гэвэл авсан л гэнэ. Тэр компани Монгол улс давуу байдал бий болгоод шалгагдаад байна гэж мэдэхгүй шүү дээ. Энийг асуух ямар ч шаардлагагүй. Дараагийн асуудал нь шүүгдэгч хэлж байна л даа. Намайг хялбаршуулсан журмаар шийдвэрлэчих гэж бараг ятгасан гэж байна. Би таныг ятгаагүй, ийм боломж байдаг шүү л гэж хэлсэн. Би өөрийнхөө ажлын хүрээнд л энэ саналыг тавьсан. Энэ хуульд танд ийм боломж байгаа шүү гэдгийг л санал болгосон болохоос хэн нэгний талд ороод танд ийм санал тавиагүй. Магадгүй би энэ талаар тайлбарлаагүйгээс болж асуудал болсон бол яах юм. Би Бад та энэ энэ хууль дүрмийг зөрчсөн байна. Энэ асуудлаар би таныг буруутгаад явж байгаа шүү гэж хэлсэн. Тухайн үед зуух заавал авах шаардлага байсан гэж ярьдаг. Энэ 2 уурын зуух байсан байгаагүй Замын-Үүдийн “Ч”-ын үйл ажиллагаа хэвийн л явагдана гэж байсан. Энэ нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэлт хийхэд анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан, хохирлыг зөв дүгнэсэн байна. Энэ 43,000,000 төгрөгийн хохирол нь зөв хохирол, өөрөөр хэлэх юм бол энэ уурын зууханд хийсэн л зардал байгаа. Миний хувьд шийтгэх тогтоолыг дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч З.Бын холбогдсон хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, өмгөөлөгч Д.Т-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан учир Эрүүгийн хуулийн хорин хоёрдугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт хамаарах “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн онцлог, шинж, хүлээлгэх хариуцлагын талаар холбогдох хуулиудад дараах байдлаар тусгагджээ.

 

Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол” тус тус эрх хасаж, торгох, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаар шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж,   

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”-ыг энэхүү хуулийн үйлчлэлд хамаарна гэж,

 

мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг гэж тус тус тодорхойлсон байна.

 

Харин Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна гэж, “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж  мөн хуульд тайлбарлажээ.  

 

Эдгээрийг нэгтгэн дүгнэхэд Эрүүгийн хуульд заасан Авлигын гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу албаны эрх ашгийн эсрэг хийх ёстой үйлдлийг хийхгүй байх мөн хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл хийснээр энэхүү гэмт хэргийн шинж  бүрэн хангагдана гэж үзэх үндэслэлтэй юм.

 

 2. Дээр дурдсан хууль зүйн ойлголт болон хавтас хэрэгт цугларсан, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, шүүгдэгчийн холбогдсон хэргийн бүх ажиллагааг хянахад:

 

Ч ОНӨХХК-ийн талаар Дорноговь аймаг дахь Төрийн Аудитын газрын “Орон нутгийн өмчит ХХК-иудын худалдан авах ажиллагааны үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудит тайланд, Ч ОНӨХХК-ийн товч мэдээллийн талаар “...Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны А/96 дугаар захирамжаар Ч ХХК-ийн дүрэмд орсон өөрчлөлт, охин компани Ч ХХК-ийн дүрмийг тус тус баталсан, ...сумын ИТХ-ын 2017 оны 04/05 дугаар тогтоолоор орон нутгийн өмч болох Ч ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Замын-Үүд сумын Засаг даргыг томилсон байна, Замын-Үүд сумын Засаг даргын А/58 дугаар захирамжаар Ч ХХК-ийн дүрмийг баталжээ” гэж /2 хх 4/ тэмдэглэжээ. 

 

Ч ОНӨХХК-ийн дүрэм /2 хх 25-27/-д компанийн гүйцэтгэх захирлын эрх, үүргийг “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хууль, энэ дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх, компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах, компанийн нэрийн өмнөөс эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах, компанийг төлөөлөн их хэмжээний бус хэлцэл байгуулах” эрхтэй гэж тодорхойлсны гадна гүйцэтгэх захирлыг компанийн эрх бүхий албан тушаалтанд хамаарна гэж заасан байна.

 

Тиймээс компанийн эрх бүхий албан тушаалтан худалдан авах ажиллагаа явуулахдаа дүрмийн дагуу компанийн ТУЗ-өөс олгосон гэхдээ холбогдох хууль тогтоомжид заасан эрх, хэмжээний хүрээнд, компанийг төлөөлж их хэмжээний бус хэлцэл байгуулах, компанийн хөрөнгийг захиран зарцуулахдаа шууд худалдан авалт хийж болох төсөвт өртгийн дээд хязгаарыг харгалзан үзэхийн зэрэгцээ худалдан авах ажиллагаанд ил тод, тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах байжээ.

 

Харин шүүгдэгч З.Б компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байхдаа /2018-05-11-нээс 10-22-ны өдөр хүртэл 2 хх 109, 110/ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуульд заасны дагуу “худалдан авах” ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг зөрчиж, мөн хуульд заасан “Гэрээ шууд байгуулах” зайлшгүй нөхцөл байдал бий болоогүй байхад шууд худалдан авалт хийх шийдвэр гаргасан байна.

 

Тиймээс Ч ОНӨХХК-ийн гүйцэтгэх захирал З.Баас 2018 оны 9 дүгээр сарын  28-ны өдрийн А/74 тушаалаар 1-р зуухыг 2,4 мВт, 2-р зуухыг 3,2 мВт-аар нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын Х компаниас DZL маркийн 4,26 мВт-ийн хүчин чадалтай уурын зуух худалдан авахад зориулж, 130,000,000 төгрөгийг касснаас гаргаж, гэрээ хийсэн компанийн данс руу Эрээн хотоос шилжүүлэх шийдвэр /2 хх 9,10, 31, 3 хх 97/ гаргасан үйлдлийг, энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан эсхүл арилсан эсэхээс үл хамаарч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

3. Мөрдөгчөөс уг гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн гүйцэд шалгажээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон гэрч нарын мэдүүлэг, DZL  маркийн 2 зуухтай холбоотой зардлын жагсаалт /1 хх 35/, Дорноговь аймаг дах Төрийн аудитын газрын албан бичиг /1 хх 70/, аудитын тайлан /2 хх 2-23/, Дорноговь аймаг, Замын Үүд сумын засаг даргын орон нутгийн өмчит “Ч” ХХК-ийн дүрмийг баталсан тухай захирамж /2 хх 25/, компанийн дүрэм /4 хх 178-183/, компанийн гүйцэтгэх захирал З.Бад зуух худалдан авахад зориулж 130,000,000 төгрөг зарцуулахыг зөвшөөрсөн, Эрх олгох тухай компанийн ТУЗ-ийн тогтоол /2 хх 28/, “А” ХХК-ийн DZL 4.2,  DZL 2.8 мBт  2 зуухны зах зээлийн үнэлгээг 88,094,168 төгрөг гэж тогтоосон үнэлгээний тайлан /3 хх 223-246/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүйн гадна мөрдөгч, прокуророос нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан шаардлагыг хангажээ.

 

Энэ хэргийг шийдвэрлэхэд хувийн сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хөрөнгийн үнэлгээний компаниас ”... DZL 4.2,  DZL 2.8 мBт  2 зуухны зах зээлийн үнэлгээг 88,094,168 төгрөг” гэж тогтоосон шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дүгнэлтийг шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарт нарт танилцуулсан /3 хх 247-250/  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх ба мөн хуулийн 2 дахь хэсэгт зааснаар “оролцогч шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт” гаргаагүй байна. 

 

4. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүгдэгч З.Бын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн болон нотлох баримтын хүрээнд түүний гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь зөвхөн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байх ёстой бөгөөд хууль зүйн энэ үндэслэлийн дагуу анхан шатны шүүхээс нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч З.Быг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь орон нутгийн өмчит “Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хуулийн дагуу тендер зарлаж, шалгаруулахгүйгээр 123,700,000 төгрөгөөр шууд худалдан авалт хийж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Мөн шүүгдэгч З.Бын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Гэхдээ анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Быг “өөртөө давуу байдал бий болгосон” гэж дүгнэсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх ба харин “бусдад давуу байдал бий болгосон” буюу гадаадын хувь хүн хуулийн этгээд /аль нь болох нь тодорхойгүй, өвөр монгол хэлмэрч н.Батсүхээр дамжуулан холбогдож, худалдан авалт хийсэн, худалдан авах гэрээг дараа нь нөхөж хийсэн/-ийн аль нэгэнд давуу байдал олгож, хөрөнгө оруулалт хийсэн буюу хуульд заасны дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулалгүй, зах зээлийн үнээс илүү өндөр үнээр шууд худалдан авалт хийсэн талаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын мэдүүлэг, гэрч П.Э /1 хх 14-18/, У.С /1 хх 25-34/, Ц.Б /1 хх 46-48/, Б.Б /3 хх 201-202/, Л.Д /1 хх 59-61/, Т.Б /3 хх 210-211/ нарын мэдүүлэг болон DZL 4.2,  DZL 2.8 мBт 2 зуухны зах зээлийн үнэлгээг 88,094,168 төгрөг гэж тогтоосон үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 223-246/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байх тул шүүгдэгчийг “өөртөө давуу байдал бий болгосон” гэм буруутайд тооцсоныг үндэслэлгүй гэж үзнэ.

 

5. Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг учир гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь гэм буруутай этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой эсэхийг үнэн зөв, үндэслэлтэй тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

 Гэтэл шийтгэх тогтоолд “...З.Б эвдэрхий, хуучин хоёр уурын зуух авчирснаас засварт нийт 43,300,000 төгрөгийг зарцуулсныг хор уршигт тооцох  нь зүйтэй” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд анхан шатны шүүхээс холбогдох нотлох баримтын эх сурвалжийг бодит үнэнд нийцсэн эсэхийг бүх талаас нь бүрэн гүйцэд шалгаж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

 

 Тухайлбал хор уршигт тооцсон үйл баримт 2018 онд хамаарахгүй, 2019 онд гарсан зардал болох нь “...2019 онд 38,0 сая төгрөгөөр ул ширэм солихоор шийдвэрлэсэн /2 хх 8/“ гэж тэмдэглэсэн Аудитын тайлан, уг газраас  Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс “...2019 онд зуухны нүүрсний шаталтыг сайжруулахтай холбоотой ул ширэм солих, хөдөлгүүр, конейвер, утаа сорогч, редуктор, инвертор, сэнс, димсос суурилуулах зэрэг засвар үйлчилгээнд нийт 43,3 сая төгрөгийг зарцуулсан гэсэн албан тоот /3 хх 214/, мөн гэрч Э.У-ын “...1 ширхэг зуухны ул ширмийг солиход 38 000 000 төгрөг төлөвлөсөн боловч манайх 22,000,000 төгрөгөөр зуухны ул ширмийг ажил дээр авчирсан байгаа” гэсэн мэдүүлэг /1 хх 39/, гэрч Л.Д-ийн “...ачилтын явцад 1 ширхэг зуухны ширэм эргүүлэх редуктор хагараад би ирээд угсраад, галласан” гэсэн мэдүүлэг /1 хх 61/, гэрч Ц.Б-ийн “...2019 онд зуухыг ажиллуулахын тулд ул ширэм авах, конейвер, демсос, редуктор зэргийг авахад 40 гаруй сая төгрөг болсон” гэсэн мэдүүлэг/1 хх 48/ болон зуух худалдан авсан тайлан /2 хх 118/-гаар тус тус тогтоогджээ. 

 

Эдгээр нотлох баримтуудад зуухыг суурилуулахтай холбоотой мөн 2018 оны халаалтын улиралд зуухыг хэвийн ажиллуулахтай холбоотой 43,300,000 төгрөгийг зарцуулсан нь огт тусгагдаагүйн гадна 43,300,000 төгрөгийн зардалтай холбоотой  энэ гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар эсхүл техникийг ашиглах явцад үүссэн зардлын аль нь болохыг тогтоогоогүй учир энэхүү мөнгөн дүнг гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг гэж үзэх үндэслэлгүй юм.    

 

Харин 2 зуухыг худалдаж авсан үнэлгээ буюу 123,700,000 төгрөгөөс А ХХК-иас тогтоосон 2 зуухны зах зээлийн үнэ болох 88,094,168 төгрөгийг хасаж, үлдэх мөнгөн дүн буюу үнийн зөрүү болох 35,605,832 төгрөгийг компанид учирсан хохиролд тооцож, шүүгдэгч З.Баас гаргуулахаар шийдвэрлэх нь хэргийн жинхэнэ байдалд нийцнэ гэж үзнэ.

 

Тодруулбал З.Б гүйцэтгэх захирлын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 31 дүгээр зүйлд заасан “Тендер шалгаруулалтын онцгой журам хэрэглэх”, мөн хуулийн 31.2 дахь хэсэгт заасан “Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахтай холбогдсон энэ хуулийн 32-34 дүгээр зүйлээр зохицуулаагүй харилцааг энэ хуулийн 2 дугаар бүлгийн холбогдох зүйл, заалтаар зохицуулна” гэснийг мөн энэ хуулийн 34 дүгээр зүйлд худалдан авах гэрээ шууд байгуулах нөхцөл буюу аргыг тодорхойлсон байх ба хуулийн 34.1.5-д “гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” гэснийг тус тус зөрчжээ.  

 

Мөн шүүгдэгч З.Бын “шууд худалдан авалт хийх” шийдвэр гаргасан үйлдэл нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хийх ёсгүй үйлдэл хийсэн буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан зарчим, шаардлагыг мөн компанийн дүрмээр түүнд олгосон эрх, хэмжээг тус тус  хэтрүүлсэнд хамаарах төдийгүй түүний үйлдлийг хууль ёсны гэж үзэх түүнчлэн түүнийг хууль бус үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгох зайлшгүй шалтгаан нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэл хавтас, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна.

 

Эндээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл болон энэ үйлдлийн улмаас бусдад буюу хувь хүн, хуулийн этгээдэд үүссэн давуу байдлын  хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх тул 35,605,832 төгрөгийг шүүгдэгч З.Бын үйлдлээс компанид учирсан шууд хохиролд тооцож, түүнээс гаргуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Гомдлын нэг үндэслэл болсон гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдаагүй тухайд:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин хоёрдугаар бүлэг “Авлигын гэмт хэрэг”-т хамаардаг ба тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан, үйлдлийн шинжийн хувьд албаны чиг үүргийн хувьд зөвшөөрсөн эсхүл хориглосон санаатай үйлдэл хийж, өөртөө болон бусдад давуу байдал болгосныг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцдог. 

 

Түүнчлэн эрх мэдэл бүхий албан тушаалтнаас өөрт нь олгогдсон албаны чиг үүрэг, бүрэн эрхэд нь хамаарах хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийх, хэтрүүлж хийх эсхүл хийхгүй байж өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал олгосноор энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж бүрэн илэрхийлэгдэх бөгөөд энэ талаар Эрүүгийн хуульд тодорхой, ойлгомжтой тусгагдаж, тайлбарласан талаар дээр дурдсан.

 

            Шүүгдэгч З.Б Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Ч ХХК-ийн дүрмээр түүнд хүлээлгэсэн эрх хэмжээний дотор хөрөнгийг захиран зарцуулах байсныг зөрчсөн буюу түүнд олгогдсон албаны эрх мэдлээ хэтрүүлж, хийх ёсгүй үйлдэлд хамаарах шууд худалдан авалт хийх шийдвэр болох “...зуух худалдан авахад зориулж, 130,000,000 төгрөгийн шууд гэрээ байгуулж, мөнгийг БНХАУ-ын нийлүүлэгч компанийн дансанд  шилжүүлэх” шийдвэрийг гаргаснаар уг шийдвэр бодитой хэрэгжиж, 2 зуухны үнэ 123,700,000 төгрөгийг тухайн дансанд шилжүүлэн, БНХАУ-аас зуухыг авчирч, суурилуулсан нь нотлох баримт /3 хх 97/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал /эдийн болон эдийн бус ашигтай байдал/ олгосон нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй. 

 

            Хэдийгээр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан боловч энэхүү зохицуулалтад заасан компанийн гүйцэтгэх удирдлага болох гүйцэтгэх захирлын бүрэн эрх тухайлбал орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэмжээ, хязгаар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар зохицуулагдах учиртай.

 

Энэ талаар Ч ОНӨХХК-ийн дүрэм/дээр дурдсан/-д болон ТУЗ-өөс  2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаар  “...зуух, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж, 130,000,000 төгрөгийг зарцуулах” тухай эрх олгосон тогтоолд /4 хх 178-183/ тус тус тодорхой тусгагдсан байна.

 

Үүний зэрэгцээ компанийн ТУЗ-өөс 130,000,000 төгрөгийн худалдан авалт хийх эрх олгох шийдвэр нь худалдан авах ажиллагаатай холбоотой хууль, журмыг зөрчиж, шууд худалдан авалт хийх, шийдвэр гаргах үндэслэл болохгүй бөгөөд захиалагч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4.1.1-д зааснаар хуулийн этгээд, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд компанийн гүйцэтгэх удирдлага учир худалдан авах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах үүрэг нь компанийн эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал З.Бад хамааралтай юм.   

 

            Харин өмгөөлөгчийн гомдлын “...43,300,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” тухайд Орон нутгийн өмчит Ч ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Бын шийдвэрээр худалдаж авсан, DZL маркийн 2 зуух, 2018 оны халаалтын улиралд хэвийн ажиллагаатай ажилласан талаар мөн DZL 4.2 маркийн зуухыг хэвийн ажиллуулахын тулд ул ширэм, хөдөлгүүр, конейвер, утаа сорогч, редуктор, инвертор, сэнс, димсос /3 хх 214/ зэрэг эд зүйлсийг авсан нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул 43,300,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.  

 

            Иймд эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...өөртөө ” гэснийг “бусдад” гэж, 5 дахь заалтыг бүхэлд нь “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Баас хохиролд 35,605,832 төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Дулааны станц төрийн өмчит үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Шийтгэх тогтоолд ОНӨ гэхийг ОНА гэж бичсэн байгааг цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “...өөртөө ...” гэснийг “бусдад” гэж,

 

5 дугаар заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Баас бусдад учруулсан хор уршигт 43,300,000 /дөчин гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Дулааны станц төрийн өмчит үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,605,832 /гучин таван сая зургаан зуун таван мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг

 

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Баас хохиролд 35,605,832 /гучин таван сая зургаан зуун таван мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Дулааны станц төрийн өмчит үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43,300,000 /дөчин гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                 Н.БОЛОРМАА