| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2023/04232/И |
| Дугаар | 183/шш2024/02245 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 183/шш2024/02245
| 2024 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2024/02245 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б*******ын Э******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А*******ын О*******-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 900,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* /цахим/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х*******,
Хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Б.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 900,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.О*******т холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Б.Э******* миний бие өөрийн өмчлөлийн 205.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг авто машины зогсоолын зориулалттай хоёр гаражийн хамт 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 0725 тоот Худалдах, худалдан авах гэрээгээр нийт 1,050,000,000 төгрөгөөр А.О*******т худалдсан. Гэрээний 3.2-т зааснаар гэрээний төлбөрөөс 550,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлсөн. Үлдэгдэл төлбөр 500,000,000 сая төгрөгийг гэрээний 3.2-т зааснаар 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр талууд харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Гэвч худалдан авагч А.О******* нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөс удаа дараа зайлсхийж өнөөдрийг хүрээд байна. Гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөхгүй бол гэрээний 3.5-д зааснаар гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор хүлээн зөвшөөрч талууд гэрээ байгуулсан. Төлбөр төлөх сүүлийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс алдангийг тооцоход нийт өнөөдрийн байдлаар алдангийн төлбөр 625,000,000 төгрөг нэгэнт болсон байна. Үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д "...Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ..." гэдгийг үндэслээд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т "...Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй..." гэж зааснаар 250,000,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж авахаар байна. Иймээс гэрээний үлдэгдэл төлбөр 500,000,000 төгрөг, түүний алданги 250,000,000 төгрөг нийт 750,000,000 төгрөгийг төлөхийг түүнээс удаа дараа шаардахад тэрээр хүсэлт бичин өгч, уг төлбөрийг удаа дараа төлөхөө илэрхийлж, алдангийг бүрэн төлнө түүн дээр 100,000,000 төгрөг нэмж төлөөд нэмээд 850,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж цаг хожиж, удаасаар өнөөдрийг хүрлээ. Энэхүү нөхцөл нь Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3.6-д "...худалдан авагч тал гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуулийг худалдагч талд суутгуулах бөгөөд үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно..." гэдэг утгаар төлөхөө илэрхийлээд байна. Иймд ИХ-ийн 243 дугаар зүйлийн 243.1-т ...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ..." гэж заасны дагуу хариуцагчаас 750,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна, гэжээ.
Нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Б.Э******* миний бие тус шүүхэд А.О*******т холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 750,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч миний бие 205.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг авто машины зогсоолын зориулалттай гаражийн хамт 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 0725 тоот Худалдах, худалдан авах гэрээгээр нийт 1,050,000,000 төгрөгөөр хариуцагчид худалдсан. Гэтэл хариуцагч нь гэрээний төлбөрөөс 550,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж 500,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Төлбөр төлөх ёстой өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бүтэн 1 жил 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. Гэрээнд заасны дагуу болон хуулийн дагуу алдингийн төлбөрт 250,000,000 төгрөг, нийт 750,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т "Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй" гэж хуульчилсан. Энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг дараах хэмжээгээр ихэсгэж байна. Хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардахад тэрээр хүсэлт бичиж уг төлбөрийг удаа дараа төлөхөө илэрхийлж, үлдэгдэл төлбөр болон алдангийг бүрэн төлнө гэж,
-тэдгээр дээр 50,000,000 төгрөгийн төлбөрийг 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бүрэн төлнө гэж 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бичгээр баталгаа гаргаж, хүсэл зоригоо илэрхийлж, нэмэлт хэлцэл хийж тохиролцсон. Мөн энэ өдөр хариуцагч нь өөрийн үүсгэн байгуулсан компани болох Бэст оф Монголиан транс" ХХК-нараа 50,000,000 төгрөгийн хүү төлөх болохоо илэрхийлсэн байдаг.
-2023 оны 8 дугаар сарын 25-ны дотор төлбөрийг бүрэн төлнө гээд өмнөх төлөх төлбөр, хүү алданги, нэмэлт гэрээ, хэлцлээр тохиролцсон мөнгөн дүн дээр дахин 100,000,000 төгрөг нэмж төлөхөө 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бичгээр баталгаа гаргаж, хүсэл зоригоо илэрхийлж, талууд нэмэлт хэлцэл хийж тохиролцсон. Төлбөрөө төлж чадахгүй бол үл маргах журмаар байраа суллаж өгөх тухайгаа мөн илэрхийлсэн байдаг Гэрээний үндсэн төлбөр болох 500,000,000 төгрөг, алданги 250,000,000 төгрөг, хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагчийн гаргаж өгсөн баталгаа, нэмэлт хэлцлээр хүлээсэн үүрэг болох 150,000,000 төгрөгийг түүнээс гаргуулахаар өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлж байна. Ингээд хариуцагч А.О*******аас нийт 900,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хангаж шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
Хариуцагч А.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Э*******тай Орон сууц худалдах худалдан авах 0725 дугаартай гэрээ байгуулсан, тэр өдөртөө байрны үнийн 50 гаруй хувь буюу 550,000,000 төгрөгийг шууд төлсөн. Энэ талаар маргах зүйлгүй. Тухайн үед би анх гэрээ байгуулахын өмнө төлбөрөө бүрэн төлөх боломж нөхцлийн талаар өөрийн бизнесийн боломжуудыг бодитой үнэн баримтуудыг үзүүлж танилцуулсан. Үүнд:
1. Дорноговь аймгийн боомт орчимд байрлах 200,000 квм талбайг авах дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулсан бөгөөд төлбөрийн 1,180,000,000 төгрөгийг төлж, Ачаа ачиж буулгах талбай байгуулах зориулалтаар 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрчилгээ авч, гэрээ байгуулж 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон байсан. Улмаар одоогийн маргаан бүхий орон сууцыг худалдан авах болсон тул энэ талбайгаа "А" ХХК-д компанид компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээгээр 2,5 тэрбум төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан байсан.
2. Миний хувьд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр М ХХК-тай Ачааны хагас вагон түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 100 ширхэг буюу 2 цуваа вагон түрээслэх, Чойр өртөөнөөс БНХАУ-ын Эрээн дэх боомтын өртөөнд хүргэх гэрээ байгуулан гэрээний нөхцлийн дагуу түрээсийн төлбөрт 763,400,000 төгрөгийг урьдчилан төлсөн байсан.
3. Хятад улсын Е ХХК-тай нүүрсийг 1 тонн тутмыг 125,550 төгрөгөөр, нийт 1,255,500,000 төгрөгөөр худалдах гэрээтэй байсан, өмнө нь хэд хэдэн удаа нүүрс нийлүүлсэн тогтсон бизнестэй байсан. Өөрөөр хэлбэл би өөрийн бизнесийн орлогоор орон сууцны үлдэх төлбөрийг төлөх бүрэн боломжтой байсан юм. Гэвч манай ажил хэвийн явагдаж байх энэ үед УИХ, болон Засгийн газар, гаалийн болон төмөр замын байгууллагуудаас удаа дараа шинэ хууль тогтоолууд гарч миний бизнесийн явуулахад давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллүүд бодитойгоор нөлөөлж манай бизнесээс орох орлого 2022 оны 12 сараас эхлэн 2023 оны 8 дугаар сарыг дуустал зогссон. Монгол улс 1997 онд нэгдэн орсон. 1980 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан "Бараа худалдах-худалдан авах олон улсын гэрээний тухай" НҮБ-ын конвенцид нэгдэн орсон. Энэхүү конвенцийн 79 дүгээр зүйлд заасны дагуу Аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй нь түүний хяналтаас гадна орших саад бэрхшээлээс болсон бөгөөд гэрээ байгуулах үед уг саад бэрхшээлийг тооцох, түүнээс зайлсхийх буюу түүний үр дагаврыг нь давж гарах арга замыг урьдчилан тооцох аргагүй байсныг дээрх тал тус тус нотолбол тухайн тал үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хүлээхгүй гэсэн зохицуулалт байдаг. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэг нь тухайн гэрээ хэлцэл байгуулах үед урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсвэл тухайн нөхцөл байдал талуудын хяналтаас гадуур болсон, түүнийг даван туулах боломжгүй болсон нөхцөл байдал бөгөөд манай одоогийн мөрдөж байгаа хуулиудаар Төр засаг, агентлагуудын гэнэтийн хууль тогтоол, шийдвэрүүдийг оруулахаар заасан бөгөөд үүнийг нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үздэг. Б.Э******* бидний хооронд гэрээ байгуулсан дараа төлбөр төлөх хугацаанд Нүүрсний хулгай хэрэг, Төмөр замын дарга нарын хээл хахуулийн хэргүүд дараа дараалан илэрч үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурал, Засгийн Газар, яам агентлагуудаас онцгой арга хэмжээнүүд авч, эрх хатуу хууль тогтоолууд баталж гаргасан. Бүх нүүрстэй холбоотой компаниудад энэ хүнд цохилт болсон. Монгол улсын Засгийн газраас "Валютын нөөцийг нэмэгдүүлэх тухай" 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 362 дугаар тогтоолыг гаргаж, энэ тогтоолооор нүүрс тээвэрлэдэг компаниудад олгодог "С" зөвшөөрлийг зөвхөн олборлолт хийдэг компаниудад олгох болсон. Ингэснээр манай компанийн автомашинаар тээвэрлэх эрх зогсоогдсон. Бүх уурхай нүүрсийг хилийн үнээр худалдах, бүх гэрээг цахимжуулж, НӨАТ-ын систем дээр бүртгэлжүүлэхээр заасан бөгөөд энэ ажлыг гүйцэтгэх зохион байгуулалтын ажил нь 2023 оны 7 дугаар сар хүртэл үргэлжлэн явагдсан. Нүүрсний талбайнуудад хяналт шалгалт явуулж хулгайн нүүрс байгаа эсэхийг ажлын хэсгүүд шалгалтыг 2022 оны 12 дугаар сараас 2023 он дамжин хийсэн. Энэ хугацаанд бидний борлуулалтыг мөн зогсоосон. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нүүрсийг зөвхөн нүүрс олборлогчид биржээр худалдахаар заасан, учраас уурхайнуудаас нүүрс худалдан авч экспортолдог манай компанийн экспортыг зогсоосон. УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нүүрсний биржийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэхээр заасан. Ийм нөхцөл байдал бий болсны дараа надтай гэрээ байгуулсан компаниуд гэрээгээ цуцалж оруулсан мөнгөө буцаан татаж эхэлсэн. Гаалийн талбай худалдаж авахаар гэрээ байгуулсан компани гэрээгээ биелүүлэхээс зайлсхийж, хөрөнгө оруулагчид нь, хилээр гарч явсан. Иргэн Д.Т******* хамтран ажиллахаар байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээ тодорхойгүй шалтгаанаар цуцлахаар 2022 оны 11 дүгээр сард шийдвэрлэж, оруулсан 600,000,000 төгрөгийг мөнгөө буцааж төлөхийг шаардаж, би нийтдээ 570,000,000 төгрөг буцаан төлсөн. Д.Т*******т төлөх өрөө төлөхийн тулд нэгэнт худалдаж авсан 900,000,000 сая төгрөгөөр борлуулах байсан нүүрсээ буцаан 500,000,000 төгрөгөөр 2022 оны жилийн эцсээр худалдаж, алдагдалд орсон. Монголиан транс ложистик ХХК-ийн вагоны хүрэлцээ муу гэсэн шалтгаанаар вагон тавих хугацааг хойшлуулж, 2023 оны сүүлээр олгох хуваарь гаргасан. Түүнчлэн нүүрс экспортлох зах зээл дээр вагоны тээврийн хөлс, вагон ашиглалтын төлбөр 500-750 сая хүртэл өсч манай нүүрсийг экспортлоход ашиггүй байх бодитойгоор хүндрэл учирсан. Энэ бол бодит үйл баримт юм. Дээрх нөхцөл байдлуудын нөлөөллөөс хөрөнгийн эргэлт зогссон. Энэ нь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар нотлогдоно. Гэрээт ажлууд тасалдаж зогссоноос шалтгаалан манай компани ямар нэгэн ашиг ололгүй алдагдалтай ажилласан нь компанийн жилийн эцсийн тайлан балансаар нотлогдоно. Ийнхүү гагцхүү миний буруугаас шалтгаалаагүй нөхцлүүдийн нөлөөллөөр Б.Э*******тай хийсэн гэрээний төлбөрийн үлдэгдэлийг хугацаа хэтрүүлсэн болно. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтэрхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, мөн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлеэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр толохоор тогтоосон анзыг алданги гэнэ. Энэ заалтаас үзэхэд анзын буюу алдангийг хэмжээг гагцхүү 05 хувь байна гэж хуульчлаагүй зөвхөн дээд хэмжээг заасан гэж ойлгож байгаа болно. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д "Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэсэн заалтыг үндэслэн дээр нехцөл байдлуудыг Давагдашгүй хүчин зүйлийн нолоолол нь гэрээний хугацааг хэтрүүлэхэд нөлөөлсөн байдлыг тогтоож 250,000,000 төгрөгийн алдангийн хэмжээг 50 хувиа багасгаж өгөхийг эрхэм шүүгчээс гүнээ хүсье, гэжээ.
Хариуцагч А.О******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: А.О******* миний бие Б.Э*******ын гаргасан нэмэлт нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн үед би төлөөгүй 500,000,000 төгрөгийн алданги гэж бодон бичиг хийж өгч байсан. Гэвч сүүлийн нэмэлт нэхэмжлэл дээр 150,000,000 төгрөг дахин нэмж нэхэмжилсэн тул санхүүгин хувьд боломжгүй санал нийлэхгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгч тусална уу, гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022.11.18-ны өдрийн 0725 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, хүсэлт хүргүүлэх нь гар бичмэл,
Хариуцагчаас хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгмжлэл, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Б ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 2022.11.18-ны өдрийн 0725 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, угаасан нүүрс худалда, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.05.20-ны өдрийн дугаартай албан бичиг түүний хавсралт зэрэг баримтыг цуглуулсан.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Э******* нь хариуцагч А.О*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 750,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 150,000,000 төгрөгөөр ихэсгэж нийт 900,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 205,7 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч худалдан авагчийн өмчлөлд, худалдан авагч нь 1,050,000,000 төгрөгийг худалдагчид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж талууд тайлбарлаж байх бөгөөд гэрээний талууд нь тодорхой хөрөнгийг харилцан бие биенийхээ өмчлөлд шижлүүлэхээр тохиролцжээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагчаас гэрээ байгуулсан өдөр 550,000,000 төгрөгийг хүлээн авсантай нэхэмжлэгч маргаагүй бөгөөд хариуцагч төлбөрийн үлдэгдэл 500,000,000 төгрөгийг түүний алданги 250,000,000 төгрөгийг 50,000,000 төгрөгийн хүүгийн хамт төлөхөө илэрхийлж Хүсэлт хүргүүлэх нь гар бичмэлийг үйлдсэн байна. /х.х 8 хуудасны ар тал/
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заажээ.
Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 750,000,000 төгрөг, хүү 50,000,000 төгрөг нийт 800,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,815,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.О*******аас 4,157,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э*******ад олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.О*******аас 800,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,815,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.О*******аас улсын тэмдэгтийн хураамжид 4,157,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ