Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/22

 

С.Цд холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Прокурор Т.Солонго,

Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/66 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Т.Солонгын эсэргүүцэл, яллагдагч  С.Цгийн давж заалдах гомдлыг үндэслэн С.Цд холбогдох 2229000000024 дугаартай эрүүгийн хэргийг  2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 43 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, ...хот,...дүүрэг...хороо,... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,  В...овогт С.Ц, /регистрийн дугаар: ВЖ......../,

Яллагдагч С.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш нүүрс тээврийн 3 дахь километрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Бтэй маргалдаж, түлхэж унагаан, хохирогчид ууц ахар сүүл, зүүн гуяны цус хуралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь С.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В...овогт С.Цд холбогдох 2229000000024 дугаартай 1 /нэг/ хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч С.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Яллагдагч С.Ц давж заалдах гомдолдоо: Миний бие нь өрх толгойлсон эх. Охины хамт амьдардаг. Охин Болормаа нь элэгний хорт хавдартай байнгын асаргаанд байдаг. Охиныг маань харж байгаа эгч маань хөдөө малдаа явах гэж байгаа тул би охиноо асрах шаардлагатай байна: Би уншиж чадна, бичихдээ алдаатай муу бичдэг нь үнэн. Гэхдээ хэргийг маань шийдвэрлэж өгнө үү,

Прокурор Т.Солонго нь эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

1. Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17, 33 дугаар бүлгүүдийн заалтыг хэрэгжүүлээгүй зөрчсөн.

Мөн шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан талаар шийдвэртээ дурдсан боловч урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн аль заалтад заасан асуудлыг хэлэлцэх талаар шүүгч танилцуулаагүй, шийдвэр хэсэгт хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

2. Шүүгдэгч С.Ц нь өөрөө хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичсэн бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад прокуророос “Та уншиж бичиж чадах уу?” гэж асуухад “Уншиж чадна, бичихдээ муу... сонин болон зурагтаар гарч байгаа зарлалыг уншиж чадна...” гэж хариулсан нь энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүйг нотолж байхад шүүх шийдвэртээ шүүгдэгчийг огт бичиг, үсэг мэдэхгүй, уншиж, бичиж чадахгүй мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Шүүх яллагдагчийн биеийн байцаалтыг шалгаж, шийдвэрийнхээ удиртгал хэсэгт “бага боловсролтой” болохыг тогтоож тусгасан атлаа шүүгдэгчийг “монгол хэл, бичиг мэдэхгүй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй байна.

3. Шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн тухайн өдөрт нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурорын саналыг харгалзахгүйгээр мэдэгдсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүгчийн захирамжийг болгож, хэргийг мөн шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүгчийн захирамж хуульд нийцсэн байна гэж үзэн эсэргүүцэл, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

2. Мөрдөгч, прокурор нар нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд болон Цогтцэций суманд дараах шийдвэр гаргаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ. Үүнд:

2.а. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор Т.Солонго нь тухайн сумандаа С.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2229000000024 тоот тогтоолыг гаргаж, мөн өдрийн 13 цаг 30 минутад танилцуулж, С.Цгээр гарын үсэг зуруулсан байна. /хэргийн 01 дүгээр хуудас/

2.б. Прокуророос явуулсан ажиллагаанаас 5 минутын дараа буюу 13 цаг 35 минутад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Цэцмагнай нь уг тогтоолыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд яллагдагч С.Цд танилцуулж, 15 цаг 45 минутад эрх, үүрэг тайлбарласан баталгаанд гарын үсэг зуруулж, 15 цаг 52 минутад мэдүүлэг авах ажиллагааг явуулсан нь хэрэгт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул эрх бүхий этгээдээс үйлдэж албажуулсан тогтоолыг уг үйлдсэн нутаг дэвсгэрээс 100 гаруй км зайтай байрлалд орших өөр суманд тухайн өдөр танилцуулж явуулсан ажиллагааг үндэслэл бүхий, шийдвэрийг хууль ёсны гэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна. /хэргийн 01, 32, 33-35 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-д “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан тул мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн гэж үзлээ.

2.в. Яллагдагчид ялагдагчаар татах тогтоолыг танилцуулж мэдүүлэг авсан тэмдэглэлд мэдүүлэг авах ажиллагааг 15 цаг 52 минутад эхэлж, 14 цаг 31 минутад дуусгасан тухай бичигдсэн байх тул яллагдагчийн мэдүүлэг нь хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж зааснаар яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагааг мөрдөн байцаалтын явцад явуулаагүй гэж үзэв. /хэргийн 35-36 дугаар хуудас/

3. Яллагдагч С.Цгийн өөрийн гараар бичсэн прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, давж заалдах гомдол болон мөрдөгч, прокурор, шүүхээс үйлдсэн баримтуудад зурсан гарын үсгүүд нь илт өөр өөр байдлаар бичигджээ. /хэргийн 50, 74, 02, 18,22, 27,29,30,32,47,54,58, 59,дугаар хуудас/ байна.

4. Бага, дунд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Бага боловсролын агуулга нь дараах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ: 4.1.1.эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж, бичиж сургах;” гэж тодорхойлж зохицуулснаар  уншиж, бичих чадварыг эзэмшсэн суралцагчийг бага боловсролтой гэж үзэхээр байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл болон прокурорын эсэргүүцэлд С.Ц нь “уншиж чадна, бичихдээ муу” гэж тэмдэглэгдсэн байх тул түүнийг бага боловсролын түвшинг эзэмшсэн гэх боломжгүй байна.

5. Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн” гэж заасан бөгөөд хэрэгт С.Цгийн боловсролын түвшний агуулгыг нотлох баримт авагдаагүй байна.

6. Шүүгчийн захирамжийн удиртгал хэсэг дэх түүний биеийн байцаалтын талаарх мэдээлэл нь яллах дүгнэлтэд авагдсан мэдээлэлтэй адил байх тул шүүхийг боловсролын түвшинг өөрөө нотолж тогтоосон гэж үзэх боломжгүй, харин яллах дүгнэлтийн хэмжээнд бичсэн гэж үзэхээр байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан үндэслэлийг буруутгах боломжгүй.

“Шүүх яллагдагчийн биеийн байцаалтыг шалгаж, шийдвэрийнхээ удиртгал хэсэгт “бага боловсролтой” болохыг тогтоож тусгасан” гэх эсэргүүцлийг үндэслэлгүй.

7. Хэргийг яллах дүгнэлт үйлдсэн өдрийн 15 цаг 36 минутад хүлээн авч 17 цагт урьдчилсан хэлэлцүүлэг зарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дахь хэсэгт заасантай      нийцээгүй боловч урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллах дүгнэлт үйлдсэн прокурор Т.Солонго, яллагдагч С.Ц нарыг оролцуулсан байх тул прокурор, оролцогч нарын эрхийг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болоогүй гэж дүгнэв.

Иймд дээр дурсан үндэслэлүүдээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцэл, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Т.Солонгын эсэргүүцэл, яллагдагч С.Цгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/66 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

 

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ