Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Н.Амаржаргал, 

Шүүгдэгч И.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт И.Ж-д холбогдох эрүүгийн 1720000560011 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч дүүгийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц овогт И.Ж,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Ж нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 13:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг иргэн Г.Я-н алтан ээмгийг нь хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч И.Ж мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын дундуур санагдаж байна гадуур архи ууж явж байсан юм. Миний халаасанд шармал өнгөтэй, гогцоотой ээмэг байсан. Би гудамжаар явж байгаад архи уугаад яваад байдаг халзан П хочтой П-тэй тааралдаж бид 2 Бүрүг эрэг зочид буудлын 1 давхарт байх ломбард руу орж 25,000 төгрөгөнд өөрийнхөө нэрээр барьцаанд тавьсан. /надад тухайн үед бичиг баримт байгаагүй/ ээмгийг барьцаанд авсан хүн энэ алт байна гэж хэлж байсан. Би тэр ээмгийг хаанаас хэзээ авснаа санахгүй байгаа юм. Би согтуу явж байгаад /хаана орсноо санахгүй байна/ гэр хорооллын айлд орж нэг эмээтэй цуг цай ууж сууж байсан юм. Тэр айлаас л авсан байх гэж бодож байна...Эмээ надад өөрөө тэр ээмгээ тайлж өгсөн, 500 төгрөгийг тэр эмээ гаргаж ирсэн. Би ээмэгэнд мөнгө наалдаг гэсэн наалдах нь уу үзье гэхэд эмээ ээмгээ тайлж өгсөн. Би эмээгийн ээмгийг авсан нь үнэн, зодож цохиж хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 32-33/,

- Гэрч Ц.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 09-нд төв рүү явах замдаа /цагийг нь сайн мэдэхгүй байна/ И.Ж гэх залуутай 136-р байрны хойд талд гэр нь байдаг Г-н гэрийн гадаа таараад цугтаа хоёулаа төв рүү явсан. Тэгээд бид Бүрэг эрэгийн гадаа ирэхэд Ж хоёулаа ломбард орьё гэхээр нь би яах гэж байгаа юм гэж асуухад дүүд нь алтан ээмэг байна. Энийг ломбарданд тавья гэхээр нь цуг ломбард орж ээмгийг нь тавьсан. Бүрэг эрэгийн гадаа Ж надад ийм ээмэг байна гээд халааснаасаа сүүжин алтан ээмэг гаргаж үзүүлсэн. Тэгээд бид 2 ээмгийг 25,000 төгрөгөнд тавиад Бүрэг эрэгээс гарч талбай дээр зайдас зардаг хүмүүс дээр ирж Ж-р 2 ширхэг зайдас авахуулж идчихээд “цэцгэн бууз” нэртэй гуанзанд орж 1 ширхэг мантуун бууз авч идсэн. Тэгээд би гуанзнаас гараад Ж-с салаад өөрийн төрсөн эгчийнх рүү орж амарсан. Би эгчийндээ эмчилгээ хийлгэж байгаад өнөөдөр л ажлаа хийх гэж гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

- Хохирогч Г.Я-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байгаад 13 цагийн орчимд жорлон орж бие засчихаад /гадаа байрлах/ гэр лүү явж байтал 136-р байрны баруун талын орцны орчмоос дунд зэргийн нуруутай, дунд зэргийн махтай, бор царайтай залуу хүрч ирээд “эмээ ус өгөөч” гэхээр нь гэрийнхээ үүдний амбаарт оруулаад өөрөө хийгээд ав гэж хэлэхэд тэр хүн гэрт дагаж орж ирсэн. Тэгээд тэр залуу надаас 1000 төгрөг байна уу гэж асуухад нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу таны ээмгэнд мөнгө наалдах нь уу үзье гээд 500 төгрөг гаргаж ирээд миний зүүн чихэнд байсан ээмгэнд хүргэж үзээд наалдахгүй байна. Нөгөө чихэнд чинь байгаа ээмгэнд наалдах нь уу үзээдэхье гэхээр нь би яах гээд байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн миний зүүн чихний ээмгийг мулталж аваад гэрээс гараад явчихсан. Би түүний араас гарахад тэр хүн алга болчихсон байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13/,

- Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талбай дээр ээж С-н жимсэн дээр сууж байхад ... шар өнгийн подволктой, малгайгүй биеийн тамирын өмдтэй, хар царайтай 160 орчим өндөр нуруутай 1 залуу лангуун дээр ирээд ломбардны бичиг бариад энийг авах уу гээд ломбарданд 25,000 төгрөгөөр тавьсан ээмэгний бичиг үзүүлсэн. Тэрийг нь би авъя чи хэдэд зарах юм гэхэд тэр хүн 40,000 төгрөгөөр зарна гэхээр нь би түүнтэй хамт Бүрэг эргийн ломбард руу очоод өөрийг нь оруулахад гарч ирснээ хаалттай байна гэхээр нь болъё гээд мөнгөө аваад хэсэг хугацааны дараа дахин мөнгө өгч тэр хүнийг явуулсан. Тэгээд тэр ломбарданд тавьсан өрөөсөн сүүжин алтан ээмэг аваад ирэхээр нь би авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

- Гэрч Л.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хоёр хүн орж ирсэн ба арай өндөр нь халааснаасаа 1 ширхэг өрөөсөн шар өнгийн сүүжин ээмэг гаргаж ирээд тавих гэсэн юм гэхээр нь авахгүй гэж хэлээд за яахав шалгаад үзье гээд үнэт эдлэл шалгадаг чулуун дээр үрж үзэхэд алтан ээмэг байсан ба тэр хүмүүс 6 хоногийн хугацаатай 25,000 төгрөгөнд барьцаанд түр тавъя гэхээр нь би авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

- Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дугаартай дүгнэлт /хх-ийн 27/,

- И.Ж иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/,

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8/,

- Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 9/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд:  2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 13:00 цагийн орчимд И.Ж нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын тоотод иргэн Г.Я-нд ус уухаар орохдоо Г.Я-н зүүсэн байсан ээмэгний өрөөснийг нь авсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч И.Ж-г 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 13:00 цагийн орчимд иргэн Г.Я-н алтан ээмгийг нь хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч И.Ж нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 13:00 цагийн орчимд Г.Я-н алтан ээмгийг нь хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Я-н “...Тэгэхэд тэр залуу таны ээмгэнд мөнгө наалдах нь уу үзье гээд 500 төгрөг гаргаж ирээд миний зүүн чихэнд байсан ээмгэнд хүргэж үзээд наалдахгүй байна. Нөгөө чихэнд чинь байгаа ээмгэнд наалдах нь уу үзээдэхье гэхээр нь би яах гээд байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн миний зүүн чихний ээмгийг мулталж аваад гэрээс гараад явчихсан...” гэсэн, гэрч Ц.П-н “...Бүрэг эрэгийн гадаа ирэхэд Ж хоёулаа ломбард орьё гэхээр нь би яах гэж байгаа юм гэж асуухад дүүд нь алтан ээмэг байна. Энийг ломбарданд тавья гэхээр нь цуг ломбард орж ээмгийг нь тавьсан. Бүрэг эрэгийн гадаа Ж надад ийм ээмэг байна гээд халааснаасаа сүүжин алтан ээмэг гаргаж үзүүлсэн...” гэсэн гэрч С.Б-н “...ломбардны бичиг бариад энийг авах уу гээд ломбарданд 25,000 төгрөгөөр тавьсан ээмэгний бичиг үзүүлсэн. Тэрийг нь би авъя чи хэдэд зарах юм гэхэд тэр хүн 40,000 төгрөгөөр зарна гэхээр нь ... ломбарданд тавьсан өрөөсөн сүүжин алтан ээмэг аваад ирэхээр нь би авсан...” гэсэн, гэрч Л.А-н “...Хоёр хүн орж ирсэн ба арай өндөр нь халааснаасаа 1 ширхэг өрөөсөн шар өнгийн сүүжин ээмэг гаргаж ирээд тавих гэсэн юм гэхээр нь авахгүй гэж хэлээд за яахав шалгаад үзье гээд үнэт эдлэл шалгадаг чулуун дээр үрж үзэхэд алтан ээмэг байсан ба тэр хүмүүс 6 хоногийн хугацаатай 25,000 төгрөгөнд барьцаанд түр тавъя гэхээр нь би авсан...” гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч И.Ж дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч И.Ж-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй болон түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч И.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт И.Ж-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт И.Ж-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч И.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Жаргалсайханд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Б.НАРМАНДАХ