| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/01815/И |
| Дугаар | 183/шш2024/02444 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 183/шш2024/02444
2024 оны 06 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2024/02444 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э*******ийн А*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол овогт Ц*******ын Э******* -т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Э******* нар оролцов..
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.А******* нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Иргэн Э.А******* миний бие 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Ц.Э*******ы хүсэлтээр 2,000,000 төгрөгийг 3 сарын хугааатай зээлдүүлсэн. Тус мөнгийг иргэн Ц.Э******* нь бэлэн мөнгөөр авсан болно. Ц.Э*******аас удаа дараа мөнгөө авъя гэж асуусан боловч одоогоор боломж байхгүй байна гэхдээ сар болгон 500,000 төгрөг өгч өрөө барагдуулна гэж гуйсныг нь би хүлээн авч зөвшөөрсөн. Гэвч өнөөдрийг хүртэл огт мөнгөө өгөөгүй байна. Миний бие түүнд итгээд ямар ч барьцаагүй, хүү огт тооцоогүй зээлдүүлсэн байхад миний итгэлийг алдсанд гомдолтой байна. Иймд зээлүүлсэн 2,000,000 төгрөгийг Ц.Э*******аас гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагчаас хариу тайлбар гаргаж өгөөгүй байна.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, фото зураг зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.
Хариуцагч талаас ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А******* нь зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Э*******д холбогдуулан гаргаж байна.
Хариуцагч Ц.Э*******д 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг түүний шүүхэд мэдүүлсэн хаягт баталгаат шуудангаар хүргүүлж, дугаарын утсанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, үүнтэй холбоотой холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Э.А******* нь 2,000,000 төгрөгийг Ц.Э*******д бэлнээр 3 сарын хугацаатайгаар өгч 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулжээ.
Хариуцагч Ц.Э*******, нэхэмжлэгч Ц.Э******* нар 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Э*******д 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Иймд шүүх 2,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Э*******аас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Э*******аас зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.А*******ад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.А*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э*******аас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ