Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2024/02891

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* тоот, С******* х******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* тоот, А******* с******* ХХК-д /РД: *******/ холбогдох 554,058,129 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Г*******, Г.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Н нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч С******* х******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Г*******, Г.Б******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С******* х******* ХХК болон хариуцагч А******* с******* ХХК нар нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу 2023 оны 04 сарын 07-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмал дайрга нийлүүлэх гэрээ байгуулсан.

Тус гэрээний 1.1-т заасны дагуу нэхэмжлэгч С******* х******* ХХК нь 200.000 м3 хэмжээ бүхий дайргыг холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, нормд заасан стандарт, нөхцөлүүдэд нийцүүлэн гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх, захиалагч "А******* с*******" ХХК нь гэрээний 2.2-т заасан ажлын хөлсийг С******* х******* ХХК-д тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Нэхэмжлэгч "С******* х*******" ХХК нь тус гэрээний 1.1 дэх хэсэгт заагдсан ажлуудыг хийж гүйцэтгэн ажлын гүйцэтгэлийг хэмжилтээр баталгаажуулан хүлээлгэн өгч байсан хэдий ч гэрээт ажил гүйцэтгэх явцад "А******* с*******" ХХК нь гэрээгээр хүлээсэн дараах үүргүүдээ зөрчиж, С******* х******* ХХК-ийг бизнесийн хүндрэлтэй байдалд оруулж, цаашид тогтвортой, хэвийн ажиллах нөхцөл боломжийг алдагдуулж байсан.

Тухайлбал гэрээнд заасан гүйцэтгэх ажлын тоо хэмжээг тодорхой шалтгаан, үндэслэлгүйгээр нэг талын санаачилгаар 4-5 дахин бууруулсан. Ийнхүү гэрээнд заасан ажлын тоо хэмжээг бууруулсан хэдий ч ямар материалыг хэдий хэмжээгээр үйлдвэрлэх тооцоог тодорхойлохгүй удсан зэргээр захиалагч "А******* с*******" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгч С******* х******* ХХК нь гэрээний үүргийн дагуу ажил гүйцэтгэхтэй холбоотой бүхий л хууль тогтоомж, норм норматив болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, гүйцэтгэсэн ажлаа тухай бүр "А******* с*******" ХХК-д шалгуулан баталгаажуулж, ямар нэг зөрчил дутагдал, ажлын гологдолгүйгээр гэрээнд дурдсан ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.

Учирч болзошгүй эрсдэлийн талаар албан бичгээр мэдэгдэж байсан боловч ямар нэг байдлаар бидэнд хариу өгөөгүй гэх мэт.

Дээрх гэрээний захиалагч тал болох "А******* с*******" ХХК-аас шалтгаалсан шалтгаануудын улмаас нэхэмжлэгч нь урьдчилан тооцсон бүтээмж, бүтээл буурах, өгөөж, үр ашиг алдагдах, сар бүрийн урсгал зардал, урьдчилан гаргасан бизнесийн тооцоолол алдагдах, санхүүгийн тодорхойгүй байдалд орох, ажил зогсох зэрэг бизнесийн эрсдэлүүдийг удаа дараа хүлээсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс "А******* с*******" ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, нөхцөл байдлыг тодруулах, албан хариу авах, захиалагчийн гэрээгээр хүлээсэн гол үүрэг болох ажлын хөлсийг цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлэхийг шаардах зэргээр хэд хэдэн албан бичгүүдийг хүргүүлсэн байдаг ба ингэснээр талууд 2023 оны 08 сарын 03-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Ийнхүү талууд гүйцэтгэсэн ажлын тооцоог нийлэхэд 412.245.632 төгрөг авах тооцоо гарсан.

Уг тооцооноос гэрээний 4.6-т "удирдлагын зардалд тооцож тухайн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 5 хувийг суутгана гэсэн заалтын дагуу "А******* с*******" ХХК нь менежментийн зардалд 79,894,595 төгрөгийг суутган тооцох болж, эцсийн байдлаар манай компанид 332.351.037 төгрөгийн авлагатай байхаар тооцоо нийлсэн.

Гэвч "А******* с*******" ХХК нь ажлын хэмжээгээ тодорхойгүй шалтгаанаар буулгаж, гэрээний заалтаа мөрдөж ажиллаагүй бөгөөд манай компанийг удирдлагаар бүрэн хангаж тогтвортой ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул менежментийн зардалд гүйцэтгэлийн 5 хувь болох 79,894,595 төгрөгийг суутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт "хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно" хэмээн заасны дагуу талууд гэрээндээ ажлын хөлсний үнэ, хөлс төлөх журмыг тодорхойлон заасан.

Тодруулбал, гэрээнд заасны дагуу ажлын хөлсийг захиалагч нь нэхэмжлэгчид төлөх ба мөн гэрээний 4.6- т захиалагч нь удирдлагын зардалд гүйцэтгэлийн дүнгийн 5 хувийг суутгахаар тохиролцсон.

Өөрөөр хэлбэл, тус гэрээний дагуу захиалагч "А******* с*******" ХХК нь нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлд удирдлага, чиглэл, мэдээлэл өгөх зэргээр менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ба ингэснээр нэхэмжлэгч нь "А******* с*******" ХХК-нд удирдлагын зардалд гүйцэтгэлийн 5 хувийг тооцож олгохоор тохиролцсон.

Гэсэн хэдий ч дээр дурдсанчлан захиалагч "А******* с*******" ХХК нь гэрээгээр хүлээсэн уг үүргээ хэрэгжүүлээгүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ", 343.2 дахь хэсэгт "Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна", 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт "Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө" хэмээн тус тус заасны дагуу ажлын гүйцэтгэл, т*******ий үр дүнг үндэслэн ажлын хөлсийг төлөх үндсэн зохицуулалттай.

"А******* с*******" ХХК-ийн гэрээгээр хүлээсэн удирдлага, менежментийн үүргээ биелүүлээгүй байх тул удирдлагын зардалд 5 хувийг тооцон өгөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд талуудын хооронд 2023 оны 04 сарын 07-ны өдөр байгуулагдсан дугаар " ************* "-ний дагуу нэхэмжлэгч "С******* х*******" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 412.245.632 төгрөг, мөн гэрээний 2.8-т "хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.2 хувиар тооцон алданги төлнө" хэмээн заасны дагуу тооцоо нийлсэн 2023 оны 08 сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 сарын 22-ны өдөр хүртэлх буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 172 хоногийн хугацаанд тооцогдох алдангид 141.812.497.40 төгрөг, нийт 554.058.129 төгрөгийг "А******* с*******" ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Мөн дээрх мөнгөн дүнг хугацаандаа цаг тухайд нь төлсөн бол тус мөнгийг бизнесийн, ашгийн төлөөх үйл ажиллагааныхаа эргэлтэд оруулан үр шимийг нь хүртэх байсан билээ.

Хариуцагч "А******* суварга" ХХК нь гэрээгээр хүлээсэн гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, төлбөрийг удаа дараа нэхэмжилсэн боловч ерөнхий гүйцэтгэгч "С**** э** т****" ХХК нь мөнгө байхгүй, бидний гүйцэтгэлийг гаргаж өгөхгүй байна" гэсээр өдий хүрсэн болно.

Мөн энэ хугацаанд "С*** э** т****" ХХК-нд хандаж төлбөр барагдуулах талаар тодруулахад "манайх "А******* с*******" ХХК-тай ажлын гэрээгээ эцэслэн тохироогүй байна, ажлын тайлангаа хийж байна" гэсээр өдий хүрсэн ба 2023 оны 11 сард "А******* с*******" ХХК-д ажлын гүйцэтгэлд 1,000,000,000 төгрөг шилжүүлсэн тайлбарыг өгсөн. Гэсэн атлаа манай төлбөрийг төлөөгүй.

Иймд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс болон алдангид холбогдох нийт 554.058.129 төгрөгийг хариуцагч "А******* с*******" ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А******* с******* ХХК-ийн захирал Ш.Алтансүх шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А******* с*******" ХХК нь "С*** э** т**** " ХХК-ийн захиалгаар Монгол улсын Засгийн газрын 2022 оны 95 болон 349 дүгээр тогтоолтой, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт хилийн боомтын 66 га газарт "********"-ыг байгуулах ажлын хүрээнд зам, талбайн бетон хучилтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан.

Манай компани нь дээрх ажилд шаардлагатай дайргыг "С******* х******* ХХК-аар бэлдүүлэхээр гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлээгүй болно. Тодруулбал "С******* х*******" ХХК нь анхнаасаа захиалагч "С*** э** т****" ХХК-тай дайрга нийлүүлэх гэрээ байгуулахаар гэрээний үнэ, ажлын даалгавар, ажлын тоо хэмжээ зэрэг гэрээний нөхцлүүдээ харилцан тохиролцсон байсан.

Гэвч захиалагч "С*** э** т***" ХХК нь гэрээ байгуулах үйл явц удааширч, ажил удаашрах нөхцөл үүсээд байгаа тул ерөнхий гүйцэтгэгч болох манай "А******* с*******" ХХК-д өөрсдийн тохиролцсон нөхцлөөр С******* х******* ХХК-тай гэрээг яаралтай байгуулах үүрэг өгсөн.

Иймд манай компани ажлыг түргэн шуурхай явуулахын тулд тэдний тохиролцсон нөхцлөөр бэлтгэсэн гэрээний төсөл дээр зөвхөн компани болон ажилчдын нэрийг өөрчлөн гэрээг байгуулсан.

Ийнхүү гэрээ байгуулах явцад захиалагч "С**** э** т***" ХХК, ерөнхий гүйцэтгэгч "А******* с*******" ХХК болон С******* х*******" ХХК нар гурвалсан гэрээ байгуулж, санхүүжилтийг захиалагчаас шууд "С******* х*******" ХХК-д олгож байх талаар мөн яригдаж байсныг "С******* х*******" ХХКомпани ч сайн мэдэж байгаа билээ.

Гэрээг ингэж байгуулсан хэдий ч бид тус гэрээнд тусгасан үүргүүдийг биелүүлсээр ирсэн. Тодруулбал бид "С******* х******* ХХК-ийн дайрга үйлдвэрлэх бүх нөхцлийг бүрдүүлж, ордтой холбоотой орон нутгийн бүх зөвшөөрлийг яаралтай гаргуулж, эрх бүхий байгууллагаар тэсэлгээг хийлгэж, ордын чанарыг мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулж байсан.

Хэрэв манай компани үүргээ биелүүлээгүй буюу орд ашиглахтай холбоотой зөвшөөрлийг гаргуулаагүй, мэргэжлийн байгууллагаар тэсэлгээг хийлгэж талбай бэлдэж өгөөгүй бол "С******* х*******" ХХКомпани дайрга үйлдвэрлэх ямар ч боломжгүй юм.

Т*******члэн "С******* х*******" ХХК нь манай компанийг ажлын тоо хэмжээг үндэслэлгүй бууруулсан гэжээ. Гэрээт ажлын тоо хэмжээ нь төслийн захиалагч болох "С*** Э** Т***" ХХК-аас зургийн өөрчлөлтийн дагуу өөрчилсөн. Мөн анхнаасаа бидний хүсэл зоригоос гадуур "С******* х*******" ХХК болон захиалагч "С*** э** т***" ХХК-нууд хоорондоо гэрээ байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний нөхцөл, ажлын тоо хэмжээг тохирсон байсныг "С******* х*******" ХХК-аас "С*** э** т***" ХХК-д явуулсан албан бичиг нотолно.

Мөн "С******* х*******" ХХК нь өөрсдөө гэрээний үүргээ биелүүлээгүй буюу ажлаа бүрэн дуусгалгүйгээр, захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчид мэдэгдэлгүйгээр хаяж явсан.

Тодруулбал "С******* х*******" ХХК нь 100,000м3 уулын цул шаардлагатай гэсний дагуу манай компани 100,000м3 уулын цулыг тэсэлгээ хийлгэж, бэлдэж өгснөөс "С******* х*******" ХХК нь 42,027м3 уулын цулыг буталж, 57,973м3 уулын цулыг бутлалгүйгээр хаяж явсан нь бидэнд илүү зардал бий болгосон.

Үүний улмаас 30,000 40,000 м3 дайргыг Өмнөговь аймгийн Ханбогд сум, Манлай сумаас тээвэрлэх, мөн БНХАУ-аас хольц хэлбэрээр тээвэрлэх зэрэг ихээхэн хэмжээний хохирол учруулсан.

Мөн буталсан чулууг өөрийн техникээр гэрээний дагуу ачиж өгөх ёстой байсан боловч хаяж явсны усмаас захиалагчаас авто ачигчийн зардлыг мөн гаргаж ачуулсан гэх шалтгаануудын улмаас "С**** Э** Т****" ХХК санхүүжилтийг олгоогүй байна.

Гэрээг байгуулахдаа С******* х******* ХХК нь ерөнхий гүйцэтгэгчтэй 1м3-ын үнийг 38,500 төгрөг гэж тохирсон байсан ба тухайн байгуулсан гэрээ нь туслан гүйцэтгэгч байгууллагад ашигтай байх ёстой.

Гэрээнд ашиг гэж оруулах гэж байснаа нэгэнт тохирсон барилгын ажлын удирдлагын зардал 5 хувь гэж оруулаад уг мөнгийг манай тал суутган авахаар болсон.

С*** э** т**** ХХК нь төслийн ерөнхий гүйцэтгэгч ба манай байгууллага бол туслан гүйцэтгэгч. Тоо хэмжээ өөрчлөгдсөн гэж яриад байна, төслийн ажлын зураг төсөл нь хувийн компаниар гүйцэтгэгдэж байсан бөгөөд ажилтай зэрэгцэж төсөл хийгдээд төсөл эхэлснээс хойш 18 удаа ажлын зураг өөрчлөгдсөн.

Манай зүгээс 332,351,037 төгрөгийн тухайд маргахгүй бөгөөд алданги нь бид нараас шалтгаалаагүй, захиалагч төлбөрөө хийгээгүйгээс болсон. Захиалагч байгууллага бартер санал болгож байгаа бөгөөд байр, зуслангийн хаус өгөх боломжтой.

С******* х******* ХХК-тай байгуулсан гэрээ ёсоор манайх төлбөрийг төлөх ч захиалагч санхүүжилт олгоогүй байсан. С*** э** т**** ХХК-иас газар шорооны ажлын төлбөрт 1,000,000,000 төгрөг авсан гэв.

Нотлох баримтууд:

С******* х******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

2023 оны 04 сарын 07-ны өдрийн түгээмэл тархацтай ашигт малтмал дайрга нийлүүлэх гэрээ, гэрээний хавсралт 1 дайрга нийлүүлэх жагсаалт, С******* х******* ХХК, А******* с******* ХХК нарын хооронд үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалт,

А******* с******* ХХК-д хүргүүлсэн 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 05/06 тоот, А******* с******* ХХК-д хүргүүлсэн 2023 оны 05 сарын 14-ний өдрийн 05/01 тоот, 2023 оны 06 сарын 22-ны өдрийн тоот ажил гүйцэтгэхтэй холбоотой хүсэлт,

А******* с******* ХХК-д хүргүүлсэн санхүүжилт хүсэх тухай 2023 оны 06 сарын 16-ны өдрийн 06/12 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

Хариуцагч А******* с******* ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Г.Уын иргэний үнэмлэхний лавлагаа, хариу тайлбар,

2023 оны 04 сарын 07-ны өдрийн түгээмэл тархацтай ашигт малтмал нийлүүлэх гэрээ, гэрээний хавсралт 1 дайрга нийлүүлэх жагсаалт,

С******* х******* ХХК-ийн С*** э** т**** ХХК-д хүргүүлсэн 2023 оны 04 сарын 01-ний өдрийн 04/11 тоот дайрга бэлтгэн нийлүүлэх үнийн жагсаалт, /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

С******* х******* ХХК-ийн А******* с******* ХХК-д хүргүүлсэн 2023 оны 06 сарын 22-ны өдрийн тоот Дайрга бэлтгэн нийлүүлэх БН-23/02 гэрээний тухай албан бичиг,

С******* х******* ХХК-ийн А******* с******* ХХК-д хүргүүлсэн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 06/21 тоот Гэрээ цуцлах тухай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С******* х******* ХХК нь хариуцагч А******* с******* ХХК-д холбогдуулан 554,058,129 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/Ажлын хөлс 412,245,632 төгрөг,

Алданги 141,812,497.40 төгрөг/

Нийлүүлэгч буюу нэхэмжлэгч С******* х******* ХХК нь захиалагч буюу хариуцагч А******* с******* ХХК-тай 2023 оны 04 сарын 07-ны өдөр БН-23/02 дугаар бүхий түгээмэл тархацтай ашигт малтмал дайрга нийлүүлэх гэрээ ажил гүйцэтгэх гэрээг байгуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт С*** э** т**** ХХК-ийн захиалгаар А******* с******* ХХК-ийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж барьж буй Ухаалаг удирдлагатай чингэлэг тээврийн терминалын төсөл-д нийлүүлэгч С******* х******* ХХК нь 1 м3 дайргыг 38,500 төгрөгөөр, нийт 200,000 м3 дайргыг гэрээний хавсралтад заасны дагуу гэрээнд заасан хугацаанд нийлүүлэхээр, гэрээний хүчинтэй хугацааг 2024 оны 07 сарын 31-ний өдөр байхаар,

Захиалагч А******* с******* ХХК нь гэрээгээр тохирсон хөлсийг нийлүүлэгч С******* х******* ХХК-д шууд төлөхтэй холбоотой харилцааг тус тус харилцан тохирчээ./ХХ-ийн 8-14, 37-43 дугаар тал/

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэрээнд талууд хэн алин нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

Ийнхүү гэрээ байгуулсаны дараагаар нийлүүлэгч С******* х******* ХХК нь захиалагч А******* с******* ХХК-д талуудын хооронд байгуулсан түгээмэл тархацтай ашигт малтмал дайрга нийлүүлэх гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар 2023 оны 05 сарын 03-ны өдөр 05/06 тоот, 2023 оны 05 сарын 14-ний өдөр 05/01 тоот албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн бөгөөд захиалагч А******* с******* ХХК нь уг албан бичгүүдэд хариу өгөөгүй байна./ХХ-ийн 17-19 дүгээр тал/

Нийлүүлэгч С******* х******* ХХК нь захиалагч А******* с******* ХХК-д хүргүүлсэн 2023 оны 06 сарын 16-ны өдөр 06/12 тоот санхүүжилт хүсэх тухай албан бичигт 2023 оны 06 сарын 13-ны өдрийн байдлаар 46,998 м3 дайрга үйлдвэрлэсэн байх тул холбогдох санхүүжилтийг олгох хүсэлт хүргүүлжээ./ХХ-ийн 20 дугаар тал/ 

Захиалагч А******* с******* ХХК, нийлүүлэгч С******* х******* ХХК нар нь 2023 оны 08 сарын 03-ны өдөр харилцан тооцоо нийлэхэд А******* с******* ХХК нь С******* х******* ХХК-д 332,351,037 төгрөгийг төлөхөөр тооцоо нийлсэн байх бөгөөд хариуцагч тал уг мөнгийг төлөх талаар маргахгүй байгаа ба гагцхүү алдангийг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна./ХХ-ийн 15 дугаар тал/

Талуудын хооронд байгуулсан 2023 оны 04 сарын 07-ны өдрийн гэрээний 1.1-т зааснаар захиалагч А******* с******* ХХК нь нийлүүлэгчид төлбөрийг шууд төлөх бөгөөд гэрээний 2.6-д Төлбөрийн нөхцөл: Урьдчилгаа төлбөр болох 800,000,000 төгрөгийг гэрээ байгуулмагц захиалагч нь нийлүүлэгч талд төлөх ба талууд нийлүүлсэн барааны тооцоог гүйцэтгэлийн 15 хоног тутамд хийж тухай бүр тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулах бөгөөд нийлүүлэгч гэрээний 2.2-т заасны дагуу барааны үнийг тооцон гэрээний хавсралт 3-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэхийг захиалагчид хүргүүлэх бөгөөд нийлүүлэгчийн ирүүлсэн холбогдох шаардлага хангасан нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор төлбөрийг нийлүүлэгчийн доорх дансанд шилжүүлнэ. гэж заажээ./ХХ-ийн 9, 38 дугаар тал/

Хариуцагч А******* с******* ХХК нь нэхэмжлэгч С******* х******* ХХК-ийн нийлүүлсэн бараа бүтээгдэх*******ий үнийг хугацаандаа төлөөгүйтэй холбоотой маргаагүй бөгөөд С*** э** т***** ХХК санхүүжилт олгоогүйгээс үүдэлтэй гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй болно.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй бөгөөд нийлүүлэгч С******* х******* ХХК нь захиалагч А******* с******* ХХК-д 2023 оны 06 сарын 22-ны өдөр тоот, 2023 оны 06 сарын 30-ны өдөр 06/21 тоот гэрээний үүргийн биелэлттэй холбоотой хүсэлт, албан бичиг хүргүүлсэн ч үр дүн гараагүй тул нийлүүлэгч гэрээг цуцалсан нь үндэслэлтэй. /ХХ-ийн 51-54 дүгээр тал/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна,

232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.8-д Захиалагч нь дайрганы үнийг гэрээний 2.6-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,2 хувиар тооцон нийлүүлэгч талд алданги төлнө гэж тус тус заасны дагуу хариуцагч А******* с******* ХХК нь тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан 332,351,037 төгрөг, алданги 114,328,744 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д Захиалагч нь удирдлагын зардалд тооцож тухайн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 5 хувийг гүйцэтгэл тус бүрээс суутгана гэж заасны дагуу 79,894,595 төгрөгийг захиалагч А******* с******* ХХК суутган авсан хэдий боловч удирдлагын зардалд ямар зардал орох, нийлүүлэгч С******* х******* ХХК-д хэрхэн менежментийн үйлчилгээ үзүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А******* с******* ХХК-иас ажлын хөлс 332,351,037 төгрөг, алданги 114,328,744 төгрөг, удирдлагын зардал-менежментийн зардалд суутган авсан 79,897,595 төгрөг, нийт 526,574,376 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С******* х******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 27,483,753 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А******* с******* ХХК-иас 526,574,376 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С******* х******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 27,483,753 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С******* х******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,928,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А******* с******* ХХК-иас 2,790,821 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С******* х******* ХХК-д олгосугай.

3. Тус шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 6962 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагч А******* с******* ХХК-ийн дансны мөнгө хэрэв хүрэлцэхгүй бол эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 554,058,129 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх хүсэлтийг хангасан ба уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН