Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч Н.Амаржаргал,

Хохирогч Д.П, 

Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дорж Морьч овогт Дэлгэрцогтын Хишигдэлгэрт холбогдох эрүүгийн 1720000000062 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, ҮДБЭЧ-д бүжигчин, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Д.Х

Шүүгдэгч Д.Х нь Д аймгийн З сумын 2 дугаар баг “Хөвсгөл” буудлын орчим согтуугаар Д.П маргалдаж гараараа толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      - Шүүгдэгч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Д.П нь тухайн үед өөрөө нилээд согтуу байсан бөгөөд Б-тэй маргалдаж муудалцсан. Тэгээд маргалдаж муудалцсан асуудлаа эвлэрэх гэж Хөвсгөл караокед орсон юм. Караокегоос гарч ирээд Б, түүний эхнэр О бид 3 гадаа сууж байсан чинь араас С, П нар гараад ирсэн. П нь Б одоо хоёулаа зодолдъё гээд тэд хэн хэнийгээ цохиж чадаагүй зууралдаад байсан. Тэгээд С бид 2 салгасан чинь П нь над руу хандан ер нь чи муу бацаанаас болж байгаа юм гээд миний зүүн гуя руу өшиглөөд зүүн мөр рүү цохихоор нь би түүний нүүр хамаран тус газарт нь нэг удаа цохисон чинь хамарнаас нь цус гараад тэгээд өөр юм болоогүй салсан. Хохиролд бэлнээр 500,000 төгрөг өгсөн. Эмчилгээнд 700,000 төгрөг өгсөн. Миний буруу би Д.П ахаас уучлалт гуйсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 4-5/,

      - Хохирогч Д.П-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед нилээд согтсон байсан ба зарим зүйлийг сайн санахгүй байна. 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн үед би Б, Х, С, Б бид нар шагай харвааг 64 айлын дор подволд тоглосон юм. Тоглож байхдаа Б ойрд уулзаагүй шалтгаанаар надад архи задалж, бид нар уг архийг хувааж уусан юм. Ууж дуусаад 22 цагийн орчимд Хөвсгөл буудлын караокед орж дуулж нэг шил 750 граммын архи авч ууцгаасан юм. Ууж сууж байхдаа Х хандаж шагайн харвааны багийн тамирчдын дунд худлаа үнэн юм ярьж хооронд нь битгий хагаралдуулж байгаач гэж хэлсэн. Түүнээс үүдэн та юу яриад байна. Та намайг ингэж хэлээд байхдаа яадаг юм гэж уурлаж надтай маргалдсан ба тэр үед Б Х-г өмөөрч над руу дайрч хоёулаа зодолдъё, үзье гэж маргалдсан юм. Тэгээд бидний караокений цаг дуусч 00 цаг өнгөрөөгөөд баарнаас гарсан. Тэгээд Б бид 2 дахин хоорондоо маргалдсан юм. Тэр үед би Х хандаж чамаас болж Б бид 2 муудалцаж байна гэж түүнд хэлсэн юм. Гэтэл Х шууд гараараа миний хамар орчимд нэг удаа цохисон. Би газарт унасан. Тэгээд ухаан балартсан юм шиг байгаа юм. Өөр мэдэх зүйл алга байна. Би энэ хүнээс бэлнээр 500,000 төгрөг авсан, эмчилгээнд явахад ах нь дагаж яваад эмчилгээний зардлыг бүгдийг төлсөн хэдэн төгрөг гарсныг би мэдэхгүй. Энэ хүнд хэлэхэд надаас болон манай гэр бүлээс хол яваарай, битгий дарамт үзүүлээрэй гэж хүсэх байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,

 - Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би тухайн шөнө архи уусан байсан. Гэхдээ болсон асуудлыг бүгдийг мэдэж байна. Болсон асуудлын талаар яръя. Би П, Х, С болон эхнэр О нарын хамт Хөвсгөл буудлын караокед орсон юм. Тэнд ороод сууж байхад П, Х хоёр хоорондоо маргалдаад байсан ба тэнд орохоосоо өмнө ч гэсэн маргалдаад байсан юм. П, Х хандаж чи намайг шагайн харваан багаас гаргаж байсан гэж хэлж ярьж хоорондоо маргалдаад байсан. Мөн надад хандаж чи Замын-Үүдэд байсан Б ахын багийг тарааж бутраасан гэх зэргээр маргаан үүсгэсэн. Бид нар уг караокед нэг шил 750 граммын Экс нэртэй архи уусан ба түүнээс өмнө манай шагайн байрны гадаа нэг шил 500 граммын экс нэртэй архи уусан юм. Тэгээд П бид хоёр руу дайраад байсан учир уг архиа ууж дуусаад 01 цагийн орчимд караокеноос гарсан. Би эхнэр болон Х-н хамт түрүүлж гараад явж байхад П, С хоёр хойноос ирсэн ба П надад хандан Т хоёулаа нэг сайхан үзэлцэе гэж хэлээд гадуур өмсөж явсан куртикээ тайлж миний өөдөөс ирж бид хоёр, хоёр биенийхээ хувцаснаас заамдалцаж барилцаж авсан ба бид хоёр зууралцсан чигээрээ газарт хоёулаа зэрэгцэж унасан ба бид бие биенийгээ цохьсон зүйл байхгүй газраас боссон. Гэтэл газраас П босч ирээд Х рүү дайрч давшилж Х-н нүүрэн тус газарт нь хальт цохих шиг харагдсан ба зөрүүлж Х түүний нүүр рүү гараараа 2 удаа цохьсон. Тэгээд тэр хоёр салж зодолдохоо больсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 321 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Д.П биед хамар ясны хугарал, хамрын нуруу хэсэгт шарх, цус хуралт, хуйхны баруун чамархай хэсэгт зулгаралт, баруун чихний дэлбэнгийн дээд хэсэгт зулгаралт, зүүн мөрний ард талд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи болон зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун бугалганы дотор талд цус хуралт, зүүн бугалганы гадна талд цус хуралт, цээжний баруун урд дээд талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтлүүд нь 24-28 цагийн өмнө үүссэн шинэ гэмтлүүд байна.
  4. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 23/,

    - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/,

- Д.Х-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 28-29/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар Д.Х, Д.П, Б.Б, С нар нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг “Хөвсгөл” буудлын караокед орж архи ууцгаасан. Гарч яваад Д.П, Б.Б, Д.Х нар нь маргалдаж улмаар Д.Х нь Д.П-н нүүрэн тус газар нь цохиж хамрын ясыг нь хугалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Д.Х-г 2017 оны 09 дүгээр сарын 24-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг “Хөвсгөл” буудлын орчим согтуугаар Д.П-тай маргалдаж гараараа толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Х нь Д.П-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Д.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Д.Х-т торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Х нь 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Х нь 3 /гурав/ сарын хугацаанд дээрх торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ