Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/22

 

Г.*******д холбогдох хэргийн талаар

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,   

Прокурор   Б.*******

Шүүгдэгч Г.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Хохирогч  Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дэлгэрмаагийн даргалж шийдвэрлэсэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор Г.*******д холбогдох 2123001390185 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, *******, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар ******* аймаг ******* сум ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******, Регистрийн дугаар: ИА

Шүүгдэгч Г.******* нь 1 тооны морь буюу уналга ашиглан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сум Алдар багийн нутаг дэвсгэр “Мараат” гэх газарт байсан иргэн Л.*******ийн үхэр сүргээс 6 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж 5.900.000 /Таван сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч ******* овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга буюу алаг зүсмийн соёолон насны морийг гаргуулж улсын орлого болгож,

5. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан алаг зүсмийн соёолон насны морийг битүүмжилсэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,

6. Шүүгдэгч Г.*******гаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж,

          7. Шүүгдэгч Г.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

          9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.******* түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа.

Г.*******гийн хувьд хохирогч Цэрэндоржийн үхрийг хулгайлсан талаар ямар нэгэн маргаангүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байдаг.

Хохирогч Ц., гэрч Б. нарын мэдүүлгээр Цэрэндоржийн 1 тооны үхэр хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог бөгөөд Г.*******гийн Б.д авчирч өгсөн 4 үхэрний 3 үхрийн зүс, хүйс нь Цэрэндоржийн алдсан гэх үхрээс зөрж байгаа болон нийт 6 тооны үхэр хулгайлсан талаар холбогдох баримт байхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Гэтэл шийтгэх тогтоолд Г.*******г  6 тооны буюу олон тооны мал хулгайлсан гэж үзээд Эрүүгийн хуулийн 17.12-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсныг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу нотлогдсон байдлаар  Г.*******д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлэн оногдуулахаар ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04-р сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Би үхэртээ явж байгаад нэг улаан үхэр манай үхэртэй цуг байсныг нь авчирч зарсан нь миний буруу. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би өөрийн 3 үхрээ туугаад ногоон хашааны тэр хавиар гаргасан. Тэгж явахдаа би , нартай тааралдсан.

Би тухайн үед өөрийн үхрүүдээ тууж яваад гэдэг хүнтэй тааралдахад 1 сарын дараа үнэд хүрэхээр нь зарахгүй юу гэхээр нь нээрээ тийм ч юм уу гэж бодоод 1 үхрийг зарчхаад буцсан. Би мөрдөн байцаагч дээр байхдаа та миний 3-н үхрийн зургийг нь аваад өгөөч, би камерын бичлэгт орсон байгаа, замд тааралдсан хүмүүсийг асууж өгөөч гэж гуйсан. Буруу зүйл хийсэндээ харамсаж байна гэв.

Хохирогч Л.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.******* манай нэг үхрийг авсан нь үнэн. Бусдыг  нь энэ хүн авч яваагүй, салж сарнисан явж байсныг би олж авсан. Одоо энэ хүнд гомдолгүй, ял шийтгэлийг нь хөнгөлж өгнө үү. Би 3 үхрээ Бугантын араас олсон. Наад 2 үхэр нь сүүлд гүйж ирсэн. Миний нэг үхрийн хохирлыг барагдуулж өгсөн.

Энэ хүний ял шийтгэлийг нь хөнгөлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн нөхцөл бодит байдалд тохирсон хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч эхлээд 6 үхэр алга болсон, сүүлд 5 үхрээ олсон гэж мэдүүлээд байгаа.

Улсын яллагчийн зүгээс уг хэргийн зүйлчлэлийг шүүгдэгч Г.******* тухайн үхрүүдийг хулгайлах үедээ , гэх 2 хүнийг дуудаж үхрүүдээ ачуулсан байдаг. Ингэж ачуулахдаа би өөрийнхөө үхрийг аймаг руу ачих гэсэн юм гэдэг байдлаар хэлсэн байдаг. өгсөн мэдүүлэгтээ “...10 сарын 06-ны өдөр 17 цагийн үед ******* утсаар залгаад мал ачаад өгөөч гэхээр нь очсон.

Тэгээд Ямаатын хөндийд бид хоёрыг очиход 4 тооны зүүн чих урдаасаа ухам, буруу чих хойноосоо онь имтэй монголын үхрүүд байсан” гэж мэдүүлсэн.

Гэрч мэдүүлэгтээ “...******* над руу утсаар яриад 4 тооны үхэр ачилцаад өгөөч гэхээр нь юун үхэр юм бэ? гэтэл хүнээс авсан үхэр гэхээр нь би яваад очсон. Тэгэхэд 4 тооны монголын үхрүүд байсан” гэж мэдүүлдэг.

Алдагдсан 4 тооны үхрийн тухайд зүүн чих урдаасаа ухам, буруу чих онь имтэй байсан гэдэг. Мөн хохирогчийн хүүхэд ийн мэдүүлэгт “...6 тооны үхэр дутсан байна. Наагуураа хай гээд хайсан. 3 үхрийг нь хөөж явсан байдалтай байсан. Им нь бүгд буруу талын чих онь, зөв талын чих урдаасаа ухам имтэй байсан” гэж мэдүүлдэг. Эндээс харахад , нарын мэдүүлэг таардаг. Тэгэхээр яллагдагчийн 1 үхэр хулгайлсан гэх үйлдэл нь хангалттай нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл 6 үхэр байсан байна. Үүнээс хэргийн газар тухайн үед 4-ыг нь ачсан байна. Мал хулгайлах гэмт хэргийн тухайд 2 ба түүнээс дээш тооны мал хулгайлсан бол олон тооны мал хулгайлсан гэж үзэж ял оногдуулдаг. Гэрч, хохирогчийн мэдүүлгээс харахад 6 тооны үхэр алдагдсан, тус үхрүүдийг ачиж явсан нөхцөл байдал тогтоогддог. Тэгэхээр д зарсан үхрээс бусад үхрүүдийг өөр хүнд зарсан эсэх нь тогтоогдоогүй. Тогтоосон нөхцөл байдлыг авч үзвэл 4 үхэр байсан. 3-ыг нь гаргаж туусан. Сүүлд олдсон үхрүүдийг өөр газраас туугдсан, хөөгдсөн байдалтай байхад нь олж авсан гэж мэдүүлдэг. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэлт хийж үзвэл олон тооны үхэр хулгайлсан, тухайн үхрүүдийг Г.******* авсан нь хангалттай тогтоогдож байгаа.

Иймд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж ял оногдуулсан байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ

Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн алаг зүсмийн соёолон насны  морийг унаж ******* аймгийн ******* сум Алдар багийн нутаг дэвсгэр “Мараат” гэх газраас Л.*******ийн  үхэр сүргээс 6 тооны үхрийг  хулгайлж, бусдад 5.900.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь

хохирогч Л.*******ийн “...Манай үхэр 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн орчимд ******* сумын Алдар багийн нутаг “Алаг уулын шоронгийн барцан” гэдэг газар байж байгаад доошоо уруудаад “Мараат” гэх газарт оччихсон байсан юм. ...үхэр дотроос 6 тооны үхэр алга болчихсон байсан. Зөв чих урдаасаа ухам, буруу чих онь имтэй урагшаа хөмрүү эвэртэй улаан ягаан үнээ 1 ширхэг, улаан ягаан зүсмийн хязаалан насны эр үхэр 1 ширхэг, судалтай хүрэн үнээ 1 ширхэг, сартай хар үнээ 1 ширхэг, тарман нүүртэй гэдсээрээ цагаантай гунжин үхэр 1 ширхэг, тарман нүүртэй улаан ягаан шүдлэн эр үхэр 1 ширхэг, нийт 6 үхэр алга болсон...” гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.ийн “... 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ...манай үхэр “Мараат”-д байсан. Тэгээд үхрээ тоолж бүртгэсэн чинь 6 тооны үхэр дутсан. ...би аав руу залгаж “6 тооны үхэр дутсан байна наагуураа хай” гэж хэлээд үхрээ цааш нь тууж “Тасархайн шил” гэх газар хүргээд адуундаа явсан. Орой болохоор нь аймаг орсон. Тэгээд хоноод байж байтал аав утсаар яриад нөгөө 6 тооны үхрийг чинь хүн авсан байна. Аймгаас 3 тооны үхрийг нь гаргаж явуулсан байна. Агьт, Худаг гэх газраар яваад ир гэсэн. Тэгээд би хайж яваад үхрээ “Тасархайн араад” цуваад явж байхад олж авсан. Тэгээд би 3 тооны үхрээ үхэртээ нийлүүлж аваад гэртээ ирсэн. Бүгдээрээ буруу талын чих онь, зөв талын чих урдаасаа ухам имтэй сартай цавь цагаан хар үнээ, судалтай хүрэн үнээ, улаан үнээ, улаан хязаалан шар, сартай цавь цагаан ягаан гунж, барлан халзан шүдлэн эр үхэр 6 тооны монголын үхэр байсан.  ...Аймгийн төвөөс гаргаж хөлөөр нь явуулсан гэх сартай хар үнээ, судалтай хүрэн үнээ, улаан хязаалан шараа “Тасархай” гэх газраас гэр рүүгээ цувж явахад нь олж авсан. Энэ 3 үхэр нилээн хөөгдсөн бололтой таваг нь улдсан байсан. Барлан нүүртэй цавь цагаан улаан ягаан гунж, барлан нүүртэй улаан зүсмийн эр үхэр хоёроо олж авч чадаагүй...” гэсэн мэдүүлэг,

гэрч Б., гэрч С., гэрч Б. нарын мэдүүлэг, “” ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлсан гэсэн зүйл хэсгээр зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.*******гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан хуульд зааснаас хөнгөрүүлж 1 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон ял хүндэдээгүй байна.    

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Г.******* нь 6 тооны үхэр хулгайлсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдохгүй эргэлзээтэй байхад 6 тооны буюу олон тооны мал хулгайлсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г.******* нь хохирогч Л.*******ийн 6 тооны адууг байнга бэлчээрлэж байсан газраас нь холдуулан тууж явсан нь тогтоогддог бөгөөд энэ нь үхрийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгс үйлдэгдсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.******* нь 6 тооны үхэр тууж явахад хоёр нь үлдэж хоцорсон, 3 тооны үхрийг хашаанаас гаргаж явуулсан, 1 тооны үхрийг алж бусдад худалдсан гэх боловч энэ нь шүүгдэгчийг 1 тооны үхэр хулгайлсан гэж үзэх боломжгүй байна.

Энэ талаар гаргасан өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.*******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

         Ж.БАТТОГТОХ