Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/22

 

 

А.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч  А.А нарт холбогдох эрүүгийн 2113000760095 дугаартай, 4 хавтастай хэргийг шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, А.Кадирбек, Х.Бакен нарын давж заалдах гомдлоор 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай, шүүгдэгч А.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, А.Кадирбек, Х.Бакен, шүүгдэгч К.Х-ын өмгөөлөгч А.Серикжан, Х.Жархынбек /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Еркегүл нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс **, **оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Д суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, ** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл ** хүнтэй, **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, **** овгийн А-ын А /РД: **********/;

2. Монгол Улсын иргэн, яс үндэс **, **оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Т суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой** мэргэжилтэй, **ажилтай, ам бүл **хүнтэй, ****оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй ** овгийн К-ийн Х- /РД:**********/.  

 

3. Шүүгдэгч А.А нь нийтийн албан тушаалтан буюу Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдал буюу эрх нөлөөгөө хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж 2018 онд Баян-Өлгий аймгийн Д суманд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр 40.000.000 төгрөгийн үнэ бүхий авто машин худалдаж авахаар тусгагдсаны дагуу 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэн Л.Г-ын эзэмшлийн **** УНС улсын дугаартай “Land cruiser 100” загварын тээврийн хэрэгслийг 28 сая төгрөгөөр худалдан авч, тухайн авто машиныг 2018 оны 3 сарын 15-ны өдөр тус аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газарт 40.000.000 төгрөгт нийлүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосны улмаас орон нутгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч К.Х- нь нийтийн албан тушаалтан А.А-ийг “...Баян-Өлгий аймгийн Д сумын засаг даргаар ажиллаж байх хугацаанд 2018 онд тус суманд Баян-Өлгий аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын сангийн санхүүжилтээр 40 сая төгрөгийн үнэ бүхий авто машин тусгагдсаны дагуу 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэн Л.Г-ын эзэмшлийн **** УНС улсын дугаартай “Land cruiser 100” загварын тээврийн хэрэгслийг 28 сая төгрөгөөр худалдан авч, тухайн авто машиныг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тус аймгийн Д сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлж, албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” санаатай гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, тус аймгийн Д сумын Засаг даргын тамгын газарт “А” ХХК-тай “автомашин нийлүүлэх” тухай гэрээ байгуулаагүй байхад яллагдагч А.Ат 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр урьдчилж 40.000.000 төгрөг гаргаж өгсөн, мөн иргэн Л.Г- эзэмшлийн **** УНС улсын дугаартай “Land cruiser 100” загварын тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “А” ХХК-иас тус аймгийн Д сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлсэн мэтээр гэрээг нөхөж байгуулан, дэмжлэг үзүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хамжигчаар оролцож, орон нутгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

5. Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 92/а дугаар яллах дүгнэлтээр А.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсгээр, К.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсгээр тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолоор:

6.1.М овогт А-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

6.2.Шүүгдэгч С овогт К-ын Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

6.3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 1(нэг) жил, 5 (тав)-н сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч К.Х-ад нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 12.000 (арван хоёр мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

6.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

6.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-ад оногдуулсан арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

6.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар нийтийн албан томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан  1 (нэг) жил, 5 (тав)-н сарын хорих ялыг эдэлж дууссан үеэс, шүүгдэгч К.Х-ад оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус тоолж,

6.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж,

6.8. Иргэний хуулийн 497 дугаар зүйл,  510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.А нь гэмт хэргийн хохирол, хор уршигт 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 12.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 14.000.000 төгрөг, нийт 26.000.000 (хорин зургаан сая) төгрөг, шүүгдэгч К.Х- нь гэмт хэргийн хохирол, хор уршигт 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 5.000.000 (таван сая) төгрөг төлснийг тус тус дурдаж, шүүгдэгч К.Х-аас гэмт хэргийн хор уршигт 9.000.000 (есөн сая) төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын тамгын газарт олгож,

6.9. Шүүгдэгч А.А-аас 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 100020052400 тоот дансанд төлсөн 12.000.000 (арван хоёр сая) төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Баян-Өлгий аймгийн Д сумын орон нутгийн ерөнхий орлогын 100020700910 тоот дансанд оруулж,

6.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар А.А, К.Х- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл болох, одоо Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын тамгын газрын эзэмшилд байгаа, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн, “Toyota land 100” маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулж,

6.11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч А.А-ийн өмчлөлийн, 20.000.000 (хорин сая) төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий “Toyota hiace” загварын, **** БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч К.Х-ын өмчлөлийн 20.500.000 (хорин сая таван зуун мянга)-н төгрөгийн үнэлгээ бүхий, **** БӨҮ улсын дугаартай “Toyota prius-30” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай тогтоолыг К.Х-ын төлөх 9.000.000 (есөн сая) төгрөгийн хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаагаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.           

 

7. Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдолд: 

7.1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийг зөрчсөн.

7.2. Анхан шатны шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1.”Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэх хуулийг зөрчсөн. Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2018 онд Баян-Өлгий аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд зориулж, 40.000.000 төгрөгийн өртгөөр автомашин худалдан авахаар төсөвт тусгасан. Улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч А.К-н 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 26 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Д суманд автомашин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, комиссын бүрэлдэхүүнд үнэлгээний хорооны даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Е, гишүүдээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Е.С, аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч С.А, Өлгий сумын Иргэдийн хурлын төлөөлөгч С.Б, нарийн бичгийн даргаар Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Х.Ж нарыг томилсон. Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын тамгын газраас “Ланд крузер 100, Лексус 470 түүнтэй дүйцэхүйц жолооны хүрд зүүн, хөдөлгүүрийн багтаамж 4500, моторын төрөл бензин, 2007 оноос хойш үйлдвэрлэсэн, 2010 оноос хойш Монгол Улсад орж ирсэн, хар, саарал, мөнгөлөг, цагаан өнгийн, 100000 км-ээс дээшгүй, автомат хурдны хайрцагтай, бүх дугуй нь шинэ, 4 ширхэг өвлийн дугуй дагалдуулж өгөх, гадна талд нь ямар нэгэн сэв зураас байхгүй, 6 сарын баталгаат хугацаатай автомашин худалдан авахаар техникийн тодорхойлолт боловсруулж, үнэлгээний хороонд хүргүүлсэн.

Үнэлгээний хороо Д сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн бичиг баримтыг боловсруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу худалдан авах ажиллагааны үнийн дүнгээс хамааран тендерийг харьцуулалтын аргаар, ажлын 5 хоногт зарлан, тендерийн урилга, холбогдох бичиг баримтуудыг tender.gov.mn сайтад байршуулж, ажлын 5 хоногийн дараа тендерийг нээхэд уг тендерт “П” ХХК-аас 67.5 сая төгрөгийн үнийн санал ирүүлснээс өөр компани үнийн санал ирүүлээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.2-д заасан шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн үндэслэлээр үнэлгээний хороо “П” ХХК-ийг сонгон шалгаруулахаас татгалзаж, мөн хуулийн 33.4-т заасны дагуу харьцуулалтын тендер амжилтгүй болсон гэж үзэж, шууд гэрээ байгуулах эрхийг захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг.

7.3. Энэ талаар гэрч Ш.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 198-204 дэх тал/, гэрч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 204-209 дэх тал/, гэрч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 102 дахь талын арын нүүр/ хавтаст хэрэгт авагджээ.

7.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан хуулийг шаардлагыг хангасан. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа нь шүүгдэгч А.А нь К.Х-с урьдчилж авсан 40.000.000 төгрөгөөр иргэн Л.Г- эзэмшлийн “Toyota land 100” маркийн автомашиныг хямд өртгөөр худалдан авч, Д сумын засаг даргын тамгын газарт 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нийлүүлснийг мэдэж байсан атлаа К.Х- нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны үед “А” ХХК-аас Д сумын Засаг даргын тамгын газарт автомашин нийлүүлсэн мэтээр гэрээнд нөхөж гарын үсэг зурсан”... гэж үнэн зөв эсэх нь эргэлзээтэй бодит байдалд нийцээгүй, өөрийн таамаглал, дотоод итгэлээр хийсвэр дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, Гарын үсгийн хэв тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй, нөхөж гарын үсэг зурагдаагүйг дээрх гэрч нар нотолсон байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т зааснаар ... нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөвхөн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурор Б.Баярмагнайн яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг хэтэрхий нэг талыг барьж хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” хуулийг зөрчсөнд гомдолтой.  

7.5. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбарт ”...хохирол бүрэн барагдсан, төсөвт учирсан хохиролгүй... “/хэргийн 3 дугаар хавтас 189-194 дэх тал/ гэж мэдүүлсэн. ...Шүүгдэгч А.А, К.Х- нарын гэм буруутай үйлдлийн улмаас Баян-Өлгий аймгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж анхан шатны шүүх нь Баян-Өлгий аймгийн төсөвт учирсан хохирлын 26.000.000 сая төгрөгийг шүүгдэгч А.Аээр, 14.000.000 төгрөгийг шүүгдэгч К.Х-аар төлүүлэхээр тус тус тогтоохдоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-ыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь гэмт хэрэгт хамтран оролцсон, хохирол хор уршгийг хувь тэнцүүлэн гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцэх байсан. Анхан шатны шүүх нь шүүгдэгч К.Х-ыг ...санаатай гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, ...гэмт хэргийн хамжигчаар оролцож, орон нутгийн төсөвт 40.000.0000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон. К.Х-ын үйлдэл оролцоогүйгээр Баян-Өлгий аймгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учрахгүй байсан гэдгийг анхан шатны шүүхээс анхаарсангүй.  УДШ-ийн 2019 оны 6 сарын 07-ны өдрийн 276 дугаартай тогтоолд “Хохирлыг хамтран гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх асуудал нь Иргэний хуулийн  гэрээний бус үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаагаар зохицуулагдаж гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцахаар зохицуулагдсан”. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг төлүүлэхдээ шүүгдэгч А.Аээс 26.000.000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч К.Х-аас 12.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг төсөөтэй хэрэглэж, шүүгдэгч А.Аийн эрх зүйн байдлыг илэрхий дордуулж хэргийг хэтэрхий нэг талыг барьж хянан шийдвэрлэсэнд гомдолтой. Гэвч шүүгдэгч А.А нь гэм буруугийн шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон 26.000.000 төгрөгийн хохирлыг төлөхөөр хуулийн дагуу завсарлага авч, хор уршиг, хохирлоо бүрэн төлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болсон.

7.6. Анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа нь хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хавтаст хэрэгт Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын тамгын газарт тээврийн хэрэгсэл хүлээлцсэн акт /хх-ийн 49 дүгээр хуудас /, мөн Д сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа орон нутгийн өмчид бүртгэлтэй, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн ****улсын дугаартай “Toyota land 100” загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл гэж улсын орлогод оруулан хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэглэсэн. Гэтэл Эрүүгийн 7.5 дугаар зүйлийн 1.”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэдэг.”

7.7.Анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа нь шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ял, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх ял оногдуулсан үндэслэлээ тайлбарлахдаа гэмт хэрэг үйлдсэн үйлдэл оролцоог нь харж, ялыг ялгамжтай оногдуулсан гэж тайлбарласан. Шүүгдэгч А.А нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Д сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тендерийн мэдээллийг мэдэж байсан. Харин шүүгдэгч К.Х-тай уулзах үедээ Засаг даргын ажил албан тушаалд ажиллахгүй байсан бөгөөд нийтийн албан тушаалтан байгаагүй. А.Аийн үйлдэл нь захирамж гаргах, санхүүжилт гаргах, үнэлгээний хороонд нөлөөлөх, гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд дээрх тендер нь Баян-Өлгий аймгийн төсвөөс гарсныг дурдах нь зүйтэй. Гэтэл анхан шатны шүүгч нь үйлдэл оролцоог нь харгалзаж ялыг ялгамжтай оногдуулсан гэж шийтгэх тогтоолоо тодруулж тайлбарласан нь шударга ёсны зарчимд нийцээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хорих ял оногдуулсанд гомдолтой.

7.8. Хавтаст хэрэгт шүүгдэгч А.Аийн өмчлөлийн 20.000.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий “Тоуоtа hiасе” загварын, 06-00 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай тогтоол байдаг бөгөөд шүүгдэгч А.Ат торгуулийн ял оногдуулах бүрэн боломжтой. Шүүгдэгч А.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаардаг. Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн хохирол хор уршигт 26.000.000 төгрөг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хувийн байдлын хувьд 43 настай, дээд боловсролтой эдийн засагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн ИТХ-төлөөлөгч, сонгуульт ажилтай, эхнэр 2 хүүхдийн хамт Д сумын 9 дүгээр багт оршин суудаг урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү.

8. Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч А.Кадирбек нарын давж заалдах гомдолд: 

8.1. Анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/35 тоот шийтгэх тогтоолыг ЭХХШтХ-н 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.”шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.”, 1.2. “шүүх...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3.”Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг прокурорт буцаах эсхүл ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна.

8.2. Гэрч З.Бн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр /хэргийн 3 дугаар хавтас 204-209 дэх тал/...шийтгэх тогтоолын 17 дугаар тал 6 дахь заалтын “Худалдан авах ажиллагаанд нийлүүлэгчээр "А" ХХК-ийг оролцуулж гэрээ байгуулах саналыг А.А нь хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Бд тавьж байсан байна” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

8.3. Шүүгдэгч К.Х-ын ... мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоолын 8-р талд бичигдсэн/, мөн гэрч З.Б болон Ш.Х нарын мэдүүлгээр Д сумын ЗДТГ-т автомашин нийлүүлэх гэрээ 2018.02.14-ний өдөр байгуулагдсан гэх үйл баримтын /гэрчийн мэдүүлэг/ талаар дээр дурдсан. Харин автомашин нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан аймгийн ЗДТГ-ын дарга Х.Т, СТСХ-н дарга Е нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Энэхүү хэрэгт авагдсан гэрч З.Б, Ш.Х, К.Х- нарын мэдүүлэг нотлох баримтуудаар анхан шатны шүүхийн Д сумын ЗДТГ-ын авто машин нийлүүлэх гэрээ 2018.03.16-ны өдөр байгуулагдсан байна гэх дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй.

            8.4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ... Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас Д сумын ЗДТГ-т автомашин нийлүүлэх нээлттэй тендер сонгон шалгаруулалт явуулж, уг тендерт “П” компани оролцож, төгрөгийн санал ирүүлсэн гэх үндэслэлээр харьцуулалтын аргаар сонгон шалгаруулалтаар явуулсан тендерийг амжилтгүй болсонд тооцож, улмаар Үнэлгээний хорооноос уг тендерт шууд худалдан авалтын гэрээ байгуулах эрхийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад олгож, үүний дагуу Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д сумын ЗДТГ-н автомашин нийлүүлэх тендерт "А” ХХК-тай шууд худалдан авалтаар, автомашин нийлүүлэх 40.000.000 төгрөгийн автомашин нийлүүлэх гэрээ байгуулжээ. Угтаа бол дээрх Баян-Өлгий аймгийн “ОНӨГ”-аас зарласан тендер болон тендерийн дагуу “А” ХХК-тай гэрээ байгуулсан үйл ажиллагаанд шүүгдэгч А.А, ямар нэгэн байдлаар оролцож байгаагүй, оролцох ч боломжгүй болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч А.А нь худалдан авах ажиллагаанд өөрийн биеэр идэвхтэй оролцож, Д сумын ЗДТГ-т автомашин нийлүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод очин нийлүүлэгч "А" ХХК-н захирал К.Х-аас 2018.03.06-ны өдөр урьдчилж 40.000.000 төгрөг бэлнээр гаргуулан авсан гэх дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй.   

Шүүгдэгч А.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төрсөн ахын хүүхэд Бн аав нь нас барсан учраас нүүлгэж авахаар ирсэн. Уг ажлаар Улаанбаатар хотод явж байх үед зарын группээс дээрх автомашиныг харж энэ талаар К.Х-ад хэлсэн. Тэгээд К.Х-тай хамт очиж үзээд машиныг авсан гэж мэдүүлдэг бол К.Х- нь 2021.03.27-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт “... өөрийн ******** дугаарын данснаас бэлэн 40.000.000 төгрөг аваад, Д сумын Засаг дарга А.Атэй соёл урлагийн их сургуулийн тэнд байдаг банк бус санхүүгийн байгууллага дээр очоод нэг залуутай уулзсан, надад хэлэхдээ би энэ залуугийн нэр дээрээс машин авч байгаа юм гэж хэлсэн би ойлгохдоо тэр залуугийн нэр дээр байгаа машиныг банк бусаас чөлөөлүүлээд Д сумын ЗДТГ-т автомашин авч байна гэж ойлгосон. Ингээд тоёота Ланд круизер-100 маркийн автомашиныг аваад явсан” гэх мэдүүлгээр анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дээрх дүгнэлт хэргийн бодит байдал нийцээгүй. Угтаа бол шүүгдэгч К.Х- нь Баян-Өлгий аймгийн Д сумын ЗДТГ-т автомашин нийлүүлэх гэрээ байгуулсан, автомашин нийлүүлэх үүргээ ч мэдэж байсан. Энэ утгаараа тэрээр 2018.03.06-ны өдөр А.А нь Д сумын ЗДТГ-т нийлүүлэх машины талаар /зар дээр байгаа машины талаар/ хэлэхэд К.Х- нь А.Атэй хамт явж, Д сумын ЗДТГ-т нийлүүлэх машиныг худалдан авах үйл ажиллагаанд биечлэн оролцож, машиныг худалдан авч, мөнгийг нь А.Ат өгсөн байдаг. Энэ нь К.Х- нь Д сумын ЗДТГ-т автомашин нийлүүлэх гэрээний үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хийсэн бодит үйлдэл гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх энэхүү хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийн хэргийн талаар мэдүүлж буй нөхцөл байдлын талаар дүгнэлт хийхдээ хэт нэг талыг барьж, нотлох баримтыг магадлах, гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь хэргийн бодит байдалд нийцэж байгаа эсэх энэ талаар ач холбогдолтой эсэхэд огт дүгнэлт өгөхгүйгээр, К.Х- нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ-т анхнаасаа гэрээ байгуулаагүй, К.Х- нь Д сумын ЗДТГ-т автомашин нийлүүлэх талаар ямар ч мэдээлэлгүй байсан, К.Х- нь А.Атэй хамт худалдаж авсан иргэн Л.Г- машины худалдан авах ажиллагаанд оролцоогүй, уг машиныг К.Х-аас Д сумын ЗДТГ-т нийлүүлсэн автомашин гэж үзэхгүй гэж дүгнэж буй нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй байна.

8.5. Хэрэгт авагдсан гэрч С.Сн 2021-06-23-ны өдөр гэрчээр өгсөн ... мэдүүлэг /ХХ-н 112 дугаар тал/, гэрч А.Мы ... мэдүүлэг /ХХ-н 110 дугаар тал/, гэрч З.Бн ... мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 204-209 дэх тал/, яллагдагч А.Аийн ...мэдүүлгүүдээс үзэхэд К.Х- нь Баян-Өлгий аймгийн Д сумын ЗДТГ-т автомашин нийлүүлэх гэрээний үүргийн дагуу А.Ат 2018.03.06-ны өдөр машин авах 40 сая төгрөгийг гарган өгсөн байна. Энэ нь хэрэгт авагдсан К.Х- ... мэдүүлгээр нотлогдож байна. Харин А.А нь тендерийн нийлүүлэгч “А'’ ХХК-н захирал К.Х-аас авсан 28.000.000 төгрөгөөр иргэн И.Гн эзэмшлийн ланд круйзер 100 маркийн автомашиныг худалдан авч, захиалагчид нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрч И.Г “...тухайн машиныг 28.000.000 төгрөгөөр тооцож өгсөн” гэх мэдүүлэг, шинжээчийн “2004 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монголд орж ирсэн Ланд курйзер 100 маркийн автомашины зах зээлийн 2018 оны ханш 30.000.000 төгрөг байна” гэх дүгнэлт, А.Аийн ... мэдүүлгээр А.А нь "А" ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Д сумын ЗДТГ-т нийлүүлэх автомашиныг "А" ХХК-ийн өмнөөс, К.Х-ын мөнгөөр нийлүүлж, 12.000.000 төгрөг завшсан үйлдэл тогтоогдож байна. Угтаа бол дээрх хэрэгт авагдсан гэрч С.С, А.М, А.А нарын Ланд круизер-100 загварын автомашиныг Д сумын ЗДТГ-т хүлээн авч ашиглаж байгаа талаарх мэдүүлэг мөн гэрч Л.Г- “Ланд Круизер-100 загварын машиныг ...ерөнхийдөө надаас 28.000.000 төгрөгөөр худалдан авсан” гэх мэдүүлэг, Д сумын ЗДТГ-т тээврийн хэрэгсэл хүлээлцсэн акт, Д сумын ЗДТГ-т автомашин нийлүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар анхан шатны шүүхийн ...А.А нь Баян-Өлгий аймгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй.

8.6. Анхан шатны шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Аийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэж, уншиж сонсгосон шийдвэрт “...шүүх Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон түүний тамгын газар, “А" ХХК-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, хуульд заасан нөхцөл журмын дагуу хийгдсэн учраас уг гэрээнд оролцогч нарыг энэ хэрэгт хамаатуулан шалгах шаардлагагүй гэж үзлээ гэх дүгнэлтийг хийж байсан.

Гэтэл бичгээр гарсан шүүхийн шийдвэрт “...Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон түүний тамгын газар нь "А" ХХК, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, түүний тамгын газар нарын хооронд "Д сумын ЗДТГ-т автомашин нийлүүлэх гэрээ хэзээ байгуулагдаж, хүчин төгөлдөр болсон эсэх асуудал энэ хэрэгт төдийлөн ач холбогдолгүй бөгөөд хэрэгт хамааралгүй гэх шүүхийн уншиж, сонсгосон шийдвэрээс өөр дүгнэлтийг шийтгэх тогтоолд бичсэн байна. /Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 19 дүгээр тал 6 дах заалт/

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо 1-т Тендерийн гэрээ хаана, хэзээ байгуулагдсан эсэх нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой гэж мэтгэлцсэн. Учир нь К.Х- анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө гэрээ 2018.03.16-ны өдөр байгуулагдсан гэж мэдүүлсэн бол шүүх хуралдааны явцад тэрээр мэдүүлэхдээ гэрээ хэзээ байгуулсныг санахгүй байна, 2018.03.16-ны өдөр надаар гарын үсэг зуруулсан нь гэрээ биш машин хүлээлцсэн акт байсан, ямартай ч гэрээ биш гэж мэдүүлсэн. Харин шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ш.Х болон З.Б нар бүгд гэрээ 2018.02.14-ний өдөр байгуулагдсан гэж мэдүүлсэн. Энэхүү Д сумын ЗДТГ-т автомашин нийлүүлэх гэрээ хэзээ, хаана байгуулсан асуудал нь тодорхойгүй байхад өмгөөлөгчийн зүгээс гэрээ байгуулсан цаг хугацааг тогтоолгох, гэрээнд гарын үсэг зурсан бүх хүмүүсээс энэ талаар гэрчийн мэдүүлэг авах, БӨА-ийн ЗДТГ-аас гэрээний бүртгэлийн талаарх нотлох баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх үл хэрэгсэж, зөвхөн К.Х-ын мэдүүлэгт үндэслэн гэрээ 2018.03.16-ны өдөр нөхөж байгуулагдсан гэх дүгнэлтийг хийсэн атлаа гэрээ байгуулагдсан цаг хугацаа энэ хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй гэх байдлаар өөрийнх нь эхний дүгнэлтийг үгүйсгэсэн дүгнэлт мөн хийжээ.

8.7. Өмгөөлөгчийн зүгээс Д сумын ЗДТГ-т автомашин нийлүүлэх гэрээ болон уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ байгуулагдсан нөхцөл байдлыг бодитой тогтоох нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн. Учир нь хэрэгт авагдсанчлан "Д сумын ЗДТГ''-т автомашин нийлүүлэх гэрээ 2018.02.14-ний өдөр байгуулагдсан бол уг гэрээ хүчин төгөлдөр хууль ёсны гэж үзнэ. Угтаа бол тендерийн харьцуулалтын арга амжилтгүй болсон учир тендерийн үнэлгээний хорооноос нэгэнт шууд худалдан авалт хийх эрхийг захиалагчид олгосон учир үүний дагуу захиалагч 2018.02.14-ний өдөр "А" ХХК-тай гэрээ байгуулсан бол уг гэрээ болон тендерийн үйл ажиллагааг хууль ёсны гэж үзнэ. Харин шүүгдэгч А.А нь энэхүү Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас "А'' ХХК-тай гэрээ байгуулснаас хойш, хожим ашиг хонжоо олох зорилгоор К.Х-тай үгсэн хуйвалдаж, машин нийлүүлэх үйл ажиллагаанд оролцсон бол шүүх А.А болон К.Х- нарын үйлдэл холбогдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх "Д сумын ЗДТГ"-т автомашин нийлүүлэх гэрээ хожим буюу автомашин нийлүүлсний дараа 2018.03.16-ны өдөр байгуулагдсан гэрээнд талууд нөхөж гарын үсэг зурсан, захиалагч эхлээд машиныг хүлээж авсны дараа "А" ХХК- тай гэрээ байгуулсан гэж дүгнэж байгаа тохиолдолд гэрээнд оролцож буй Баян-Өлгий аймгийн Засаг дарга, түүний тамгыг газрын албан тушаалтнууд энэ хэрэгт “Хамжигчаар оролцсон” гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Тухайлбал: ЭХХШтХ-н 16.2 дугаар зүйлийн 1.1-т шүүх ....гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тогтоох мөн зүйлийн 1.6-т гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг шүүх тогтоох үүргийг хүлээсэн байдаг.  Энэхүү анхан шатны шүүх шүүгдэгч А.А нь Д сумын ЗДТГ-т автомашин нийлүүлж, аймаг орон нутгийн төсөвт хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэхдээ...шүүгдэгч А.А нь дангаараа уг хэргийг үйлдэх боломжтой байсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэгэнт гэрээнд нөхөн зуруулсан гэж дүгнэж байгаа тохиолдолд уг гэрээг нөхөж хийх боломжийг бүрдүүлсэн, нөхөж гарын үсэг зурсан асуудал нь хэрэгт хамааралгүй гэж дүгнэж буй нь үндэслэлгүй. Угтаа бол Баян-Өлгий аймгийн ЗД болон түүний тамгын газар хэрвээ "Д сумын ЗДТГ“-т автомашин нийлүүлэх гэрээг нөхөж гарын үсэг зураагүй бол гэрээ байгуулаагүй байхад А.Аээс нийлүүлсэн гэх машиныг хүлээж аваагүй бол энэ гэмт хэрэг үйлдэх боломжгүй байсан. Иймээс анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж буй нь анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

8.8. Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар: ЭХТА-ийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэг нь Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдлээрээ төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Хууль тогтоогчоос уг гэмт хэргийн обьектив тал буюу албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт үйлдлийн талаар хуульчлахдаа... албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл байхаар хуульчилсан. Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд А.А нь Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын хувиар дээрх гэмт хэргийг үйлдээгүй, Баян-Өлгий аймгийн ОНӨГ-с Д сумын ЗДТГ-ын автомашин нийлүүлэх үйл ажиллагаанд Сумын Засаг дарга эрх мэдэл, албан тушаалаараа оролцох ямар ч боломжгүй. Энэ нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн ОНӨГ-с тендер зарласан үйл явц, хожим "А” ХХК-тай гэрээ байгуулсан үйл баримт зэргээр нотлогдож байна. Харин А.А нь "А" ХХК-аас мөнгийг нь авч “А" ХХК-ийн Д сумын ЗДТГ-т нийлүүлэх автомашиныг "А’" ХХК-ийн өмнөөс нийлүүлсэн үйлдлийг сумын Засаг дарга А.А нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль тогтоомжоор өөрт нь олгоогүй эрхийг хэрэгжүүлэн, ажил үүргийн хүрээнд хийх ёсгүй зүйлийг хийсэн гэж дүгнэх боломжгүй. Учир нь анхан шатны шүүхийн А.А нь албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль тогтоомжоор өөрт нь олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж дүгнэж байгаа тохиолдолд гэмт хэрэг үйлдэгдэж буй нөхцөл байдал, процесс үйл ажиллагаанд шүүгдэгч А.Аийн оролцоо Засаг даргын хувиар эсхүл иргэний үйлдэл оролцоо байгаа юу гэдэгт нарийн дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийн зүйлчлэлийг хийх нь зүйтэй. Угтаа бол албан тушаалтны үйлдсэн хэрэг болгоныг албан тушаалын гэмт хэрэг гэдгээр нь зүйлчлэхгүйг бид бүгд мэдэж байгаа...гэмт хэрэг болгон үйлдэгдэж буй арга барил, гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжээрээ ялгагддагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх А.Аийг ...өөрт нь олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж дүгнэж хэргийн зүйлчлэлийг 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилж буй нь ойлгомжгүй. Учир нь албан тушаалтан өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн бол энэ нь ЭХТА-н 22.11 дүгээр зүйлд заасан "Дураараа аашлах” гэмт хэрэг юм.

8.9. Харин шүүх А.А нь ажил үүргийн хувьд хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж дүгнэж байгаа тохиолдолд мөн л шүүгдэгч А.Аийн сумын Засаг даргын ажил, албан чиг үүрэгтэй холбоотой, хуулиар хориглосон үйлдлийг хийсэн байхыг шаарддаг. Авлигын эсрэг /албан тушаалтны/ гэмт хэрэг хийх ёсгүй үйлдлийг хийсэн, хийх ёсгүй үйлдлийг хийхгүй байх гэдэг нь албан тушаалтны ёс зүйн хувьд тавигдах шаардлага биш ажил чиг үүргийн хувьд хориглосон үйлдэл гэдэгт эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлсэн байдаг. Гэтэл анхан шатны шуух А.Аийн бусдын өмнөөс тендерийн бараа, материалыг нийлүүлж ашиг хонжоо олсон гэмт хэргийг Засаг даргын хувиар энэ хэргийг үйлдсэн гэж түүнийг албан тушаалаар нь ялгаварлан хэргийн зүйлчлэлийг хийж байгаа нь ЭХ-н шударга ёсны зарчимд ул нийцэж байна.

8.10. Иймд шүүгдэгч А.Ат холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг прокурорт буцаах эсхүл ялыг /зүйлчлэлийг/ хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна.

 

9. Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Х.Бакен нарын давж заалдах гомдолд: 

9.1. Би үйлдсэн хэргээ эхнээс нь хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлж ирсэн.Тухайлбал: 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, сонсгосон ял, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч тухайн хэргийг үйлдсэн тул богино хугацаанд хэргээ шийдүүлж авахыг хүсэж байгаа талаар мэдүүлж /хэргийн 1 хавтас 139-140 дэх тал/, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ /хэргийн 1 хавтас 149 дэх тал/ прокурорт гаргаж байсан. Мөн удаа дараа явагдсан шүүх хуралдаануудад энэ талаар мэдүүлж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд авагдсан. Түүнчлэн тухайн хэргийн улмаас учирсан хохирол болох 12,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төрийн сангийн орон нутгийн хөгжлийн сангийн 100020052400 тоот дансанд төлж, шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 26 сая төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулж, 2022  оны 3 дугаар сарын 21-ний өдөр үлдсэн хохирол 14,000,000 төгрөгийг зохих дансанд төлж учирсан хохирлыг бүрэн арилгасан. 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж надад 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтуудад заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэхгүйгээр өөр төрлийн ял оногдуулах боломжтой байхад шууд хорих ял оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг доордуулж ял хүндэдсэн гэж үзэж байна.

9.2. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд: Тухайн жилийн 7 дугаар сард миний Засаг даргаар нь ажиллаж байсан Д сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ой болох гэж байсан. Мөн тухайн сумын Засаг даргын Тамгын газар нь албаны автомашингүй, өмнөх автомашин нь актлагдсан учир автомашинтай болгох шаардлага гарч байсан. Миний бие сумын Засаг даргын хувьд дээрх шаардлагуудыг харгалзан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/20 дугаартай албан бичгээр /хэргийн 1 хавтаст хэргийн 186 дахь тал/ аймгийн Орон нутгийн өмчийн газарт гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах талаар хүсэлт тавьж байсан.

Үүний дараа Баян-Өлгий аймгийн Засаг дарга 20218 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр А/30 дугаартай захирамж /хэргийн 1 хавтаст хэргийн 185 дахь тал/ гаргаж үнэлгээний хороо байгуулсан. Тухайн захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж тухайн өдрийн тэмдэглэлээр /хэргийн 1 хавтас 213-214 дэх тал/ тендерийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс зарлаж, тендер хүлээн авах эцсийн хугацааг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагаар, тендерийн нээлтийн хугацааг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10:30 цагаар тогтоосон байдаг. Үүний дагуу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10:30 цагт тендерийг нээхэд ганцхан “П” ХХК 67,8 сая төгрөгийн тендер ирүүлсэн тул шалгаруулах боломжгүй гэж үзэж 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтээр /хэргийн 1 хавтаст хэргийн 211 дэх тал/ Баян-Өлгий аймгийн Засаг даргад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасны дагуу харьцуулалт амжилтгүй болсон учир шууд гэрээ байгуулахыг санал болгосон байдаг. Үүний дараа миний бие 2018 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод явж байхдаа боломжтой автомашин байвал авахаар судалгаа хийх явцад тухайн машиныг зараас харж дараа нь худалдаж авахаар тохиролцож, үүнээс болж энэ хэрэгт холбогдсон.Тухайн үед үнийн зөрүүгээс ашиг олох гэж тухайн гэмт хэргийг үйлдсэн нь миний буруу. Би үүнийг эхнээс нь хүлээн зөвшөөрч байсан.

9.3. Учирсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Баян-Өлгий аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний өөрчлөгдсөн жагсаалтаар /хэргийн 1 хавтаст хэргийн 72-73 дахь тал/ Д сумын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдаж авахад 40 сая төгрөг тусгагдсан.Үүнийг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцох бөгөөд миний бие өөрт ногдох 26 сая төгрөгийг хэрхэн төлж барагдуулснаа дээр тодорхой дурдсан. Нөгөө талаар **** УНС улсын дугаартай, Ланд круйзер 100 загварын тээврийн хэрэгсэл Д сумын Засаг даргын Тамгын газарт нийлүүлэгдсэн бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орлогод авагдаж одоо хүртэл албаны хэрэгцээнд ашиглагдаж байна./Орлогын баримт 1 хавтаст хэргийн 43 дахь тал/ Миний үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад эрүүгийн хуульд заасан “Ноцтой хохирол, хор уршиг” учраагүй.

9.4. Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал”-ын хувьд: Миний бие 1977 онд төрсөн, 45 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр Д сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд багшаар ажилладаг, том хүү оюутан, бага хүү дунд сургуульд суралцдаг, 2002 оны 1 дүгээр сараас Д сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдож 10 жил ажилласан, сумын иргэдийн дунд нэр хүндтэй, сумын ИТХ-д 2 удаа, аймгийн ИТХ-д 1 удаа төлөөлөгчөөр сонгогдсон, 2012-2020 онуудад тус сумын Засаг даргаар ажиллаж байсан, ажиллах хугацаанд өөрийн үүрэгт ажлаа шаардлагын хэмжээнд гүйцэтгэж ирсэн, сум, орон нутагт 20 гаруй жил Засаг даргын Тамгын газрын дарга, сумын Засаг даргаар ажилласан хугацаанд сумын хөгжилд өөрийн бодитой хувь нэмрээ оруулж, аймгийн тэргүүний сумаар 3 удаа шалгарч байсан, өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, биеийн эрүүл мэндийн хувьд сайн биш. 2018 оноос ходоод өвдөж эхэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Интермед эмнэлэгт очиж иж бүрэн шинжилгээ хийлгэхэд ходоодны шархтай гэсэн онош тавьсан.Тэрнээс хойш байнга дэглэм сахиж, эмийн эмчилгээ хийлгэж ирсэн. Мөн олон жил суугаа ажил хийсэн учир шамбарам өвчтэй болсон. Хорих ял шийтгүүлж цагдан хоригдсоноос хойш өвчин сэдэрч шөнө унтаж чадахгүй байдалтай байна.

9.5. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал”-ын хувьд: Миний бие гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо бүрэн төлсөн.Үүнийг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор шийтгэх тогтоолдоо тодорхой дурдсан /шийтгэх тогтоолын 25 дахь тал/ атлаа ял оногдуулахдаа харгалзан үзээгүй. Мөн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дурдсан мөрдлөө ялын хүнд төрөл болох хорих ял оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг доордуулсан гэж үзэхээр байгаа. Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой байхад хорих ял оногдуулсан явдалд гомдолтой байна.

9.6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар хуульчилсан бөгөөд 6.7 дугаар зүйлийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр зохицуулсан. Миний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт хамаарч байна. Би нэгэнт учирсан хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугийн талаар маргаагүй учир хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэхэд ч харшлахгүй байсан.

9.7. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын А.А надад холбогдох хэсэгт хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр өөрчлөлт оруулж ялыг хөнгөрүүлж өгнө үү.

 

10. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

10.1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, учруулсан хохирол зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь авч үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

10.2. Үйл баримтын хувьд А.Кадирбек өмгөөлөгчөөс бусад өмгөөлөгч нар маргахгүй байна. А.Кадирбек өмгөөлөгчийн гомдолтой холбогдуулан ярихад, А.Кадирбек өмгөөлөгч анхан шатны шүүхэд мөн адил Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Ат холбогдох хэргийг зүйлчилж өгнө үү гэдэг саналыг гаргаж байсан. А.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар зүйлчиллээ гэхээр албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж одоо байгаа зүйл ангиас хүндрэхээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байсан. Энэ үндэслэлийг анхан шатны шүүхэд прокурорын зүгээс няцааж байсан. К.Х-ын зүгээс А.Ат ямар нэгэн эд хөрөнгө хариуцуулж өгсөн нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй гэдгээ ярьж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг хянаж өгөөч, дураараа аашлах гэмт хэрэг байгаа эсэхийг давхар харж хянаад өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан хөрөнгө завших гэмт хэрэг энэ хэргээс харагддаггүй, тогтоогдохгүй байна. Дураараа аашлах гэмт хэргийн хувьд энэ гэмт хэргийн улмаас бусдад ноцтой хохирол учирсан байхыг шаарддаг. А.Аийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл байдлыг авч үзэхэд, өөртөө ашиг олох, эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор тээврийн хэрэгслийг 28 сая төгрөгөөр худалдан авч, тухайн авто машиныг Д сумын Засаг даргын Тамгын газарт нийлүүлж, албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон.

Д сумын Засаг даргын Тамгын газар автомашин нийлүүлэх тухай гэрээ байгуулаагүй байхад яллагдагч А.Ат урьдчилж 40.000.000 төгрөг гаргаж өгсөн. А.Аийн гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

10.3. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орох, хүчингүй болох үндэслэлүүд нь өөрөө хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг 3 үндэслэл байх ёстой. А.Кадирбек өмгөөлөгч тайлбар гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлүүдээ ярьсангүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эд хөрөнгө завших гэмт хэрэг байж болзошгүй, дураараа аашлах гэмт хэрэг байж болзошгүй гэдэг байдлаар санал гаргаж байна. Энэ талаар А.Кадирбек өмгөөлөгчийн гаргасан санал үндэслэлгүй байна. Хэргийн нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдон тогтоогдсон. Хэргийн бүрдэл хангагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

10.4. Иймд А.Кадирбек өмгөөлөгч болон Х.Бакен, Ж.Энхжаргал өмгөөлөгч нарын гаргасан саналыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.

10.5. Харин А.Серикжан өмгөөлөгчийн гаргасан саналд тайлбар хэлэхэд, анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч К.Х- 9 сая төгрөгийн хохирол төлөх ёстой байсан. Энэ талаар шүүхийн шийдвэрт тусгагдсан. Давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд 9 сая төгрөгөө төлж барагдуулсан учраас анхан шатны шийтгэх тогтоолд хохирлыг нөхөн төлж барагдуулснаар өөрчлөлт оруулах үндэслэлтэй. Прокурорын тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгө байгаа учраас шийтгэх тогтоолын 11 дэх заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

                              

ТОДОРХОЙЛОХ нь:

11. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, А.Кадирбек, Х.Бакен нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгч А.Аийн эцгийн нэрийг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулж, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

12. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

13. Шүүгдэгч А.А нь нийтийн албан тушаалтан буюу Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдал буюу эрх нөлөөгөө хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, ашиг олох зорилгоор урвуулан ашиглаж 2018 онд Баян-Өлгий аймгийн Д суманд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр 40.000.000 төгрөгийн үнэ бүхий авто машин худалдаж авахаар тусгагдсаны дагуу 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэн Л.Г- эзэмшлийн **** УНС улсын дугаартай “Land cruiser 100” загварын тээврийн хэрэгслийг 28.000.000 төгрөгөөр худалдан авч, улмаар тухайн авто машиныг 2018 оны 3 сарын 15-ны өдөр тус аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газарт 40.000.000 төгрөгт нийлүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосны улмаас орон нутгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч К.Х- нь нийтийн албан тушаалтан А.Аийг дээрх санаатай гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, тус аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газартай “А” ХХК нь автомашин нийлүүлэх гэрээ байгуулаагүй байхад буюу 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр А.Ат урьдчилж 40.000.000 төгрөг гаргаж өгч, улмаар иргэн Л.Г- эзэмшлийн **** УНС улсын дугаартай “Land cruiser 100” загварын тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “А” ХХК-аас тус аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газарт нийлүүлсэн мэтээр дүр эсгэсэн гэрээг нөхөж байгуулан дэмжлэг үзүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хамжигчаар оролцож, орон нутгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь:

-****БӨТ улсын дугаартай, Ланд крузер 100 автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал/

-Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын актын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/,

-2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Д сумын ЗДТГ-т автомашин нийлүүлэх тухай гэрээний хуулбар, /1 дүгээр хавтаст хэргийн 41, 219-221 дэх тал/

-Д сумын Засаг даргын Тамгын газарт тээврийн хэрэгсэл хүлээлцэх акт /1 дүгээр хавтаст хэргийн 40 дэх тал/

-Д сумын ЗДТГ-аас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “А” ХХК-ийн ХААН банкны ******** дугаартай дансанд 40.000.000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /1 дүгээр хавтаст хэргийн 245-246 дахь тал/

-шүүгдэгч К.Х-ын Хаан банкны ******** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /1 дүгээр хавтаст хэргийн  9-10, 256, 246 дахь тал/

-Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/151 дугаартай “Хөрөнгө зарцуулах” тухай захирамж, /1 дүгээр хавтаст хэргийн  38 дахь тал/

- Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай “****БӨТ улсын дугаартай Toyota land cruiser 100 маркийн тээврийн хэрэгсэл нь 2018 оны 3 сарын 15-ны өдрийн “Нэт капитал” ХХК-аас /РД52836631/ Баян-Өлгий аймгийн Д сумын засаг даргын тамгын газрын /РД:9003932/ нэр дээр шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна”гэх  албан бичиг, /1 дэх хавтаст хэргийн 142 дахь тал/

-шүүгдэгч К.Х-ын ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал/,

-”А” ХХК-ийн ХААН банк дахь ******** тоот дансанд 2018 оны 3 сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн орон нутгийн данснаас 40.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн дансны дэлгэрэнгүй хуулга, /1 дэх хавтаст хэргийн 245 дахь тал/

- шүүгдэгч К.Х-ын “...Би Д суманд машин нийлүүлээгүй. Би ямар материал дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй, надад тухайн үед цаас гаргаж ирээд үүн дээр гарын үсэг зурчих гэхээр нь би зураад тамгаа дараад өгчихсөн өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 246 дахь тал/

 -гэрч А.Мы “Манайх 2018 оны 03 дугаар сард сумын Засаг даргын тамгын газарт “Land cruizer 100” загварын авто машин авсан. Тухайн авто машины санхүүжилтийг аймгаас баталж өгсөн. Тухайн үед “А” гэж компани манай суманд машин нийлүүлэхээр болсон гэж сонссон. Ингээд машин манай суманд ирэхэд Засаг дарга байсан А авч ирж хүлээлцсэн тэмдэглэлийг өөрөө үйлдээд би болон хүлээн авсан комиссын гишүүдээр гарын үсэг зуруулсан. Би “А” ХХК-ийн захирал Х- гэх хүнийг хараагүй. Тэр хүн өөрөө болон тэр компаниас хүн ирж тухайн машиныг хүлээлгэж өгөөгүй юм” гэх мэдүүлэг, /1 дүгээр  хавтаст хэргийн  110 дахь тал/

-гэрч С.Сн “2018 оны 3 сард Д сумын засаг даргын тамгын газарт ”Ланд крузер 100” загварын автомашин авсан. Тухайн автомашины санхүүжилтийг аймгаас баталж өгсөн. Автомашиныг “А” ХХК нийлүүлж байгаа гэж засаг дарга А.А хэлээд машиныг хүлээж ав гэж хэлсэн. Түүний дагуу манай сумын Засаг дарга тамгын газрын дарга М, нягтлан А бид нар хүлээж авсан. Засаг дарга А.А хэлэхдээ “А” ХХК нийлүүлж байгаа машин гэж өөрөө авч ирсэн. Тэгээд энэ машиныг хүлээж ав гэхээр нь хүлээгээд авчихсан. Хүлээн авахад нийлүүлсэн компаниас ямар нэгэн хүн байгаагүй.” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал/

-гэрч А.А-ийн ”...2018 оны 3 сард манай Д сумын засаг даргын тамгын газарт Ланд крузер 100 маркийн автомашин авсан. Тухайн үед засаг даргын тамгын газрын дарга М надад машин ирсэн байна, чи комисс байгаа юм байна, хүлээж авъя гэхээр нь хүлээлцсэн актанд гарын үсэг зурж, Д сумын засаг даргын тамгын газрын данс бүртгэлд 40.000.000 (дөчин сая) төгрөгийн өртгөөр тусгаж авсан. Сүүлд орлого, зарлагын баримт үйлдэх үед автомашиныг “А” ХХК нийлүүлсэн гэж байсан боловч, хүлээлгэж өгөх үед “А” ХХК-аас ямар нэгэн хүн байгаагүй” гэх мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 114 дэх тал/

-гэрч Л.Г-  мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дэх тал/, шүүгдэгч А.Аийн яллагдагчаар  өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 139-140, 22-23 дэх тал/  зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

 

14. Шүүгдэгч А.А  нь тендер сонгон шалгаруулалт амжилтгүй болж, “А” ХХК-ийг худалдан авах ажиллагаанд нийлүүлэгчээр оролцуулахаар сонгосон үеэс тус сумын Засаг даргаар ажиллаж байсан, нийтийн албан тушаалтан А.А нь өөрийн албан тушаалын эрх нөлөөг ашиглаж худалдан авах ажиллагаанд өөрийн биеэр идэвхтэй оролцож, Д сумын Засаг даргын Тамгын газарт автомашин нийлүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод очин нийлүүлэгч “А” ХХК-ийн захирал К.Х-аас 2018 оны 3 сарын 06-ны өдөр урьдчилж 40.000.000  төгрөг бэлнээр гаргуулан авч, зарын дагуу автомашины ченж Л.Г уулзан түүний өмчлөлийн, “Неткапитал” банк бус санхүүгийн байгууллагад 20.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн, **** УНС улсын дугаартай, шаргал өнгийн “land cruiser 100” маркийн тээврийн хэрэгслийг 28.000.000 төгрөгөөр худалдан авахаар Л.Г харилцан тохиролцож, банк бус санхүүгийн байгууллагад 20.000.000 төгрөг төлөн машиныг барьцаанаас чөлөөлүүлж, дээр нь өөрийн авга дүү болох А.Бн эзэмшлийн, цагаан өнгийн 00-56 БӨТ улсын дугаартай “Toyota prius 20” маркийн автомашиныг А.Бс 8.000.000 төгрөгөөр тооцон, бэлэн мөнгөөр худалдан авч, Л.Гантулгад машины үнэ болгон нэмж өгч, 28.000.000 төгрөгөөр худалдаж авсан “Land cruiser 100” маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 3 сарын 15-ны өдөр өөрийн биеэр Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газарт 40.000.000 төгрөгийн өртгөөр нийлүүлж, хувьдаа 12.000.000 төгрөгийн ашиг олж, өөртөө давуу байдал бий болгосон,

шүүгдэгч К.Х- нь Д сумын Засаг даргын Тамгын газарт автомашин нийлүүлэх гэрээг албан ёсоор байгуулаагүй байхдаа  Д сумын Засаг дарга А.Ат  2018 оны 3 сарын 06-ны өдөр урьдчилж 40.000.000 төгрөг өгч, Д сумын Засаг даргын Тамгын газарт нийлүүлэх автомашин худалдан авах А.Аийн хууль бус үйлдлийг дэмжиж, 2018 оны 3 дугаар сарын 16-ны үед “А” ХХК-аас Д сумын Засаг даргын Тамгын газарт автомашин нийлүүлсэн мэтээр гэрээнд нөхөж гарын үсэг зурснаар,  2018 оны 3 сарын 20-ны өдөр түүний “А” ХХК-ийн дансанд 40.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдэж, Баян-Өлгий аймгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэг нь тус тус хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                15. Шүүгдэгч А.А, К.Х- нарт холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, Д сумын Засаг даргын Тамгын газарт автомашин нийлүүлэх тухай гэрээ, тээврийн хэрэгсэл хүлээлцэх акт, “А” ХХК-ийн дансанд Баян-Өлгий аймгийн орон нутгийн данснаас 40.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтууд нь А.Аийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч К.Х-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцох хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял эдлүүлэх дэглэмийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.

 

16. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч А.А, К.Х- нар нь бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон  гэмт хэрэг үйлдэн, орон нутгийн төсөвт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Иймд шүүгдэгч А.Ат шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, нэг  жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсэн, шүүгдэгч К.Х-ын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, шүүгдэгч А.Ат  шүүхээс оногдуулсан хорих ял мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

17. Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолд, тухайлбал шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч А.Аийн эцгийн нэрийг “Айл” гэж буруу ташаа бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг хэрэгт авагдсан түүний хувийн байдлыг тодорхойлох баримт бичгүүдийг үндэслэж “Айп” гэж өөрчлөн зөвтгөх нь зүйтэй. Шүүгдэгч А.Аийн эцгийн нэр “Айл” биш “Айп” мөн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдов. /1 дэх хавтаст хэргийн 224 дэх тал/

 

18. Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын “...А.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаардаг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн хохирол 26.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, урьд нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол, шүүгдэгч А.А  болон түүний өмгөөлөгч Х.Бакен нарын “...анхан шатны шүүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж торгох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой байхад хорих ял оногдуулсан явдалд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар хуульчилсан. Би нэгэнт учирсан хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугийн талаар маргаагүй учир хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэхэд ч харшлахгүй байсан. Шийтгэх тогтоолын А.А надад холбогдох хэсэгт хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр өөрчлөлт оруулж ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх гомдлуудыг хянан үзэхэд: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч А.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан нэг жил таван сарын хугацаагаар хорих ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, торгох ялаар шийтгэх тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Х.Бакен нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

19. Шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч А.Кадирбек нарын “...анхан шатны шүүх А.Аийг өөрт нь олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж дүгнэж хэргийн зүйлчлэлийг 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилж буй нь ойлгомжгүй байна. Учир нь албан тушаалтан өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэмт  хэргийн шинжтэй үйлдэл хийсэн бол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлд заасан Дураараа аашлах гэмт хэрэг юм. Харин шүүх А.А нь ажил үүргийн хувьд хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж дүгнэж байгаа тохиолдолд мөн л шүүгдэгч А.Аийн сумын Засаг даргын ажил, албан чиг үүрэгтэй холбоотой, хуулиар хориглосон үйлдлийг хийсэн байхыг шарддаг. Гэтэл анхан шатны шүүх А.Аийн бусдын өмнөөс тендерийн бараа, материалыг нийлүүлж ашиг хонжоо олсон гэмт үйлдэлд Засаг даргын хувиар энэ хэргийг үйлдсэн гэж түүнийг албан тушаалаар нь ялгаварлан хэргийн зүйлчлэлийг хийж байгаа нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг прокурорт буцаах эсхүл ялыг /зүйлчлэлийг/ хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна” гэх гомдлыг хянан үзэхэд:  Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч А.Аийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилж, дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэм буруугийн болон хууль ёсны байх зарчимд нийцжээ. Өмгөөлөгч А.Кадирбек анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Аийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргээр зүйлчилнэ гэсэн байр сууринаас оролцсон боловч давж заалдах гомдолдоо түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлд заасан дураараа аашлах гэмт хэрэг гэж үзэж, тайлбар гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй тул хэргийг прокурорт буцаах, эсхүл ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гаргасан шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч А.Кадирбек нарын хууль зүйн үндэслэлгүй давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

20. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 8 дахь заалтаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл,  510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч К.Х-аас гэмт хэргийн хор уршигт 9.000.000 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газарт олгож шийдвэрлэснийг шүүгдэгч К.Х- нь сайн дураараа хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хурал болох өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулсан нь шүүх хуралдааны үед түүний өмгөөлөгч А.Серикжаны нотлох баримтаар гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул магадлалд  шүүгдэгч К.Х- нь шийтгэх тогтоолд заасан хохирол 9.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, тэрээр энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг, мөн түүний өмчлөлийн 20.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий, 40-05 БӨҮ улсын дугаартай “Toyota prius-30” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “М  овогт Айлын овогтой Аийг” гэснийг “М овогт Айпын Аийг” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А болон түүний  өмгөөлөгч Ж.Энхжаргал, А.Кадирбек, Х.Бакен нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүгдэгч К.Х- нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолоор төлүүлэхээр шийдвэрлэсэн 9.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулсан, тэрээр энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-ын өмчлөлийн 20.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий, 40-05 БӨҮ улсын дугаартай “Toyota prius-30” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

     ШҮҮГЧ                                                           Д.КӨБЕШ