Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/21

 

  Б.Г  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч  Б.Г холбогдох эрүүгийн 2213000000046 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлоор 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Б.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргааар Б.Даулетжан оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс **, ** оны **дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, **** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл ** хүнтэй, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, **** оршин суух, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн **дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ** овогт Б.Г  /РД: ********/ нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын ** дугаар багийн нутаг дэвсгэр, “Ширгийн гаталгаа” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын  нэгдүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д оруулсан 4 тооны зэрлэг гургуул шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэж амьтны аймагт 292,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар яллах дүгнэлтээр Б.Гы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгээр зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн  2022/ШЦТ/43 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Гы ** овогт Б.Гг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жил 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн агнагдсан гэх 4 тооны зэрэг гургуулыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газартай хамтран устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Б.Гы өмчлөлийн хар өнгийн Тоуоtа hiluх загварын ** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”. тогтоолыг хэвээр нь үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Гы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл болох гол төмрийн 6926, замагны 58660 дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсгийг (гэрчилгээний хамт) 1 ширхэг 5.6 мм-ийн сумны хамт улсын төсөвт шилжүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлж, мөн шүүгдэгч Б.Гы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох хар өнгийн Тоуоtа hiluх загварын 44-00 БӨА Улсын дугаартай тээврийн хэрэгслийг (гэрчилгээний хамт) улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.           

 

4. Шүүгдэгчийн давж заалдах гомдолд: 

4.1. Б.Г би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ бүрэн хүлээж анхнаасаа болон анхан шатны шүүхэд мэдүүлгээ өгсөн бөгөөд шүүхийн оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байгаа.

4.2. Би зэрлэг гургуул шувууны экологи эдийн засгийн үнэлгээг нь бүрэн төлж барагдуулж хохиролгүй болгосон ба буугаа хураалгасан. Би зориуд хүсэж үйлдээгүй бөгөөд ойд санамсаргүй таарахад нь уг шувуудыг буудчихсан минь үнэн ба нэг талаас хууль эрхийн мэдлэггүйн харгай юм. Үүнээс болж би ял шийтгэгдсэн. Нөхөн төлбөр хийсэн, буугаа, машинаа хураалгасан, цаг хугацаа, нэр төрөө алдсан.

4.3. Хамгийн гол нь машинаа алдсан маань гэр бүл, хүүхдүүдэд хүндээр тусаж байна. Учир нь машин хураалгасан гэхэд эхнэр хүүхдүүд маань уйлсан, их санаа зовсон. Мадад маш ихээр гомдсон, “өөр машин унахгүй, энэ машиныг дахин авъя” гэж өдөр болгон шахуу хэлдэг. Би техникийн болон машины наймааны талаар учир мэддэг хүмүүстэй уулзахад миний машиныг дэндүү ихээр үнэлсэн байна. “А Б” ХХК машины үнэлгээ гаргасан шинжээч нь миний Тоуоtа hiluх загварын суудлын машиныг 24000000 төгрөгөөр үнэлсэн байх ба ийм үнэлгээ хийсэн дүгнэлтийг нь зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ машиныг би 2018 онд 8000000 төгрөгөөр авсан ба түүнээс хойш хэдэн жил болж, машин маань ч хуучирч элэгдсэн. Гэтэл машиныг “А Б” гэгч үнэлгээч хувийн компани нь компьютерын сүлжээгээр авсан элдэв үнээр машины үнийг тодорхойлж, машиныг минь хараагүй байж авсан 8000000 үнээс илүү 24000000 төгрөгөөр үнэлж намайг эд хөрөнгийн төлбөрийн хохиролд оруулж эрхийг минь ноцтой зөрчин хохироосонд маш их гомдож байна.

4.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь юуны өмнө машиныг авахгүй. Шууд 24000000 төгрөгийг төл гэж шаардана. Миний өмч хөрөнгөнд халдан хураан авч, данс болон бусад эд зүйлийг битүүмжилдэг. Би үнийн буруу дүгнэлт гарснаас болж илүү мөнгө төлж хохирч эрх минь зөрчигдөх боллоо. Миний машиныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хурааж авсан тохиолдолд хуучирсан машиныг үнэ хаялцуулан дуудлага худалдаанд тавих болно....тэгсээр байгаад хураагдсан миний машиныг хуучирч тоногдсон гэж хэн нэгний үгсэн тохирсноор 3000000-5000000 орчим төгрөгөөр өөр хоорондоо худалдагдаж, шүүхийн шийдвэр үлдсэн 20000000 гаруй төгрөгийг надаар гаргуулан авч хохироох нь мэдээж юм. Тэгэхээр би машинаараа хохирохоос гадна 20000000 төгрөг төлж давхар хохирох нь гарцаагүй болоод байна. Би өөрийн машинаа өмнө нь үнэлгээ авсан үнэ болох 10000000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээ чинь энэ үнэлгээгээр үнэлсэн бол би дахин энэ хэмжээний мөнгөөр хохирч байж буцаан худалдаж авах байсан. Учир нь гэр бүл, хүүхдүүд маань дассан машинаа санан үгүйлж байхад би 8000000 төгрөгөөр хохироход харамсахгүй байсан.

Машиныг зүгээр л төлбөр торгуулийн асуудлаар барьцаалан битүүмжилж үнэлсэн байх гэж бодсон. Гэтэл хаана ч байхгүй бүхэл бүтэн 24000000 төгрөгөөр миний хуучин машиныг үнэлж худалдсан, худалдаж авсан хүмүүсийн хоорондоо тохирсон үнээс даруй 16000000 төгрөгөөр үлүү үнэлсэн дүгнэлтийг шүүх нотлох баримт болгон үнэлж нэг удаа алдаж буруутсан гэм буруутан намайг дахин асар их мөнгө төгрөгөөр хохироосонд гомдож байна.

4.6. Иймд үнэлгээг дахин шинээр үнэлүүлэн тогтоолгохыг хүсэж байгаа тул энэ ажиллагааг шүүхийн шатанд хийлгэх боломжгүй учир хэргийг прокурорт буцааж Тоуоtа hiluх маркийн машины үнэлгээг дахин нэмэлтээр шинээр гаргуулж өгнө үү. 

 

5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

5.1. Шүүгдэгч  Б.Г шүүхээс эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан байна. Гэмт хэрэг үйлдэх үед ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэн.

5.2. Улсын орлого болгож шийдвэрлэхдээ тухайн тээврийн хэрэгсэл 24 сая төгрөгөөр үнэлэгдсэн. Тухайн үнэлгээ одоогийн зах зээлийн ханшид нийцэхгүй гэдэг гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан. Шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл  дээр тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Гы зүгээс шинжээчийн дүгнэлт дээр маргаан гаргаагүй. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгсэл 24 сая төгрөгөөр үнэлэгдсэнийг шүүгдэгч Б.Г хүлээн зөвшөөрсөн. Unegui.mn гэж монголын албан ёсны үнэлгээний компани биш ч гэсэн хандалт өндөр хүмүүсийн тээврийн хэрэгслийн эд хөрөнгө худалдан борлуулах зарын групп дээр тухайн Toyota Hilux загварын тээврийн хэрэгсэл 30 саяас 80 сая төгрөгийн ханштай байгаа. Шүүгдэгч Б.Гы тээврийн хэрэгсэл 2006 онд үйлдвэрлэгдсэн 2015 онд Монгол улсад орж ирсэн. 2004 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн Toyota Hilux загварын тээврийн хэрэгсэл 33 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

5.3. Иймд шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй зах зээлийн бодит ханшид нийцээгүй үнэлгээ гаргасан гэж үзэх боломжгүй. 2015 онд Монгол улсад орж ирээд нийтдээ 7 жил эдэлж хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнийг 24 сая төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт ямар нэгэн эргэлзээгүй бөгөөд шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгч Б.Гы гомдол үндэслэлгүй.

5.4. Нэгэнт гэмт хэрэг үйлдэх үед ашигласан эд хөрөнгийг улсын орлогод оруулж шийдвэрлэх нь хуульд заасан зохих ёсны ажиллагаа. Шүүхээс шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан үүргээ эс биелүүлнэ гэсэн хувь хүний байр сууринаас хандаж өөрийн бодлоор шийдвэр гаргах нь үндэслэлгүй.

5.5. Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хэвээр үлдэж шүүгдэгч Б.Гы гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

6. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гы гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

7. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйл баримтын болон зүйлчлэлийн маргаангүй байна.  

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

9. Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Ширгийн гаталгаа” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын   нэгдүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д оруулсан 4 тооны зэрлэг гургуулыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэж амьтны аймагт 292,000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон болно.  

 

10. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Гы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн гэмт хэрэг”-ээр зүйлчилж, түүнийг гэм буруутайд тооцсон нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны болоод гэм буруугийн зарчмуудад, түүнд мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой нийтлэг зохицуулалтууд, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан, хуульд заасан төрөл, хэмжээний дотор 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох  ял шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас тус тус дүгнэв.

 

11. Шүүгдэгч “миний машиныг маш өндөр үнээр үнэлсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний машиныг авахгүй. Шууд 24000000 төгрөгийг төл гэж шаардана. Би илүү мөнгө төлж хохирч эрх минь зөрчигдөх боллоо. Иймд хэргийг прокурорт буцааж Тоуоtа hiluх маркийн машины үнэлгээг дахин нэмэлтээр шинээр гаргуулж өгнө үү” гэх давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь: Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг шүүх заавал хурааж, албадлагын арга хэмжээг хэрэглэх үүрэгтэй. Энэ нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэгдэнэ.

 

12. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг мөн зүйлийн бусад хэсгүүд, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй харьцуулан тайлбарлавал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гол төмрийн 6926, замагны 58660 дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсэг, 1 ширхэг 5,6 мм-ийн сум, мөн  Тоуоtа hiluх загварын 44-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Гы өмч болох нь тогтоогдож байх тул гол төмрийн 6926, замагны 58660 дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсэг, 1 ширхэг 5,6 мм-ийн сум зэргийг шүүгдэгч Б.Гаас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн болно. Түүнчлэн Тоуоtа hiluх загварын 44-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шинжээч “А Б” ХХК 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дүгнэлтээр 24.000.000 төгрөгөөр үнэлсэн нь шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохих хэсгийг хэрэглэх, улмаар шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэлээр албадан гүйцэтгэх ажиллагаанд нөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Б.Гы гомдолд дурдсанчлан машины үнэлгээг дахин тогтоох шаардлагагүй байна. Хуульд заасан үндэслэлээр шүүгдэгчийн өмчлөлийн Тоуоtа hiluх загварын 44-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлого болгосон учраас дахин үнэлгээ тогтоох, буцаан олгох хууль зүйн үндэслэлгүй.

 

13. Шүүгдэгч 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Ширгийн гаталгаа” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын   нэгдүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д оруулсан 4 тооны зэрлэг гургуулыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэж амьтны аймагт 292,000 төгрөгийн хохирол учруулсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дах заалтад “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан тул 584.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцжээ.  

 

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ