Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 277

 

Ч.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар магадлалтай, Ч.М-д холбогдох 173600110046 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ц, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 сар баривчлах ял шийтгүүлж байсан Б овогт Ч-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ч.М-аас 16,981,000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ц-т олгож шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ц, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ц, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар хамтран гаргасан гомдолдоо “Шүүгдэгч Ч.М нь “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн байхад “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн нь нас барсан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг ноцтой хохироосон. Хохирогч Х.Э нь энгийн нүдээр харахад биедээ гэмтэлтэй, гадны нөлөө орсны улмаас нас барсан байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа осгож нас барсан гэдэг үндэслэлээр хандаж мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан. Хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн, хохирогч хэдийд ямар шалтгаанаар нас барсан, зориуд гадаа орхисныг нарийвчлан шалгаж тогтоогоогүй, хохирогчийн цогцос ямар байдалтай байсан нь эргэлзээтэй. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шинжээч томилох, шинжилгээ хийх журмыг зөрчсөн. Талийгаач Х.Э-ын цогцос олдох үед хамар, амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай байсан ба гэмтэл авах үедээ цус алдсаны улмаас амь насаа алдсан байх нөхцөл байдал тогтоогддог. Шинжээчийн 62 дугаартай дүгнэлтэд “Х.Э-ын цогцост хийгдсэн бүтцийн болон гистологи шинжилгээгээр ходоодны салстад цөөн тооны цус харвалт, уушиг-бронхийн авчилт, дистелетаз, зүрх-булчингийн ширхгийн нягтрал, фибрилляци /хэт агших/ венийн цус дүүрэлт, бөөр-артерийн судасны авчилт, вений цус дүүрэлт, цусны эргэлтийн алдагдал нь осголтын улмаас нас барсан шинжүүд” гэж дүгнэсэн атлаа хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоолгүй орхигдуулж байгаа нь шинжээч эмчийн хэтэрхий хайнга алдаа, мэдлэг мэргэжлийн ур чадвар, дадлага дутуугаас хохирогчийн үхлийн шалтгааныг бодит байдлаар тогтоож чадаагүй.

Шинжээч эмчийн хохирогчийн цогцсонд задлан шинжилгээ хийгээд гаргасан дүгнэлт, шинжээчээр байцаах үед өгсөн хариултууд нь хоорондоо эрс зөрүүтэй, хэргийн бодит байдалд нийцэхгүй байгаа ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоогоогүй. Талийгаач Х.Э нь Ч М-д итгэдэг, дотны найзууд тул түүнийг дагаж гэрт очиж хамт архи уусан байдаг. Ч.М- нь итгэсэн найзаа согтуу байхад нь зодож, гэрээсээ гаргаж хаясан нь хохирогчийг үхэлд хүргэсэн. Хохирогчийг зодож, улмаар чирээд гадаа гаргаад хаясан болохыг Д, Ц нарын мэдүүлгээр нотлогддог. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 62 дугаар шинжээчийн дүгнэлтээр Х.Э-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн бүтцийн шинжилгээгээр амь хохирогчийн зүүн хөмсөг 1.5x1 см, зүүн шанаанд 2x1 см, хамрын нуруунд 2x1 см, 1x1 см, дээд уруулд 6x15 см, баруун шанаанд 0.5х0.3см, баруун зовхинд 1x1.5 см, баруун мөрөнд 5x2.5 см, баруун тохойнд 2x1 см, 1.5х1см, 1x1 см, зүүн мөрөнд 3x3 см, зүүн тохойнд 0.5x0.1см, 0.1x0.2 см, зүүн гарын шуунд 2.5x0.5см, 2.5х0.5см, сарвуунд 0.5х0.5см, 1.5х0.5см, баруун хөлийн тавхайнд 0.3x0,5 см тус бүр зулгаралтууд, баруун хөлийн шилбэнд 0.2x0.5см, 0.2x0.1см /хуучин/, зүүн цавинд 1.3x0.5 см /хуучин/ зулгаралтууд учирсан болохыг тогтоосон бөгөөд энэ нь шүүгдэгчид чирэгдсэний улмаас үүссэн байгаа юм. Хэргийн газрын үзлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ч.М нь талийгаачийг зодож амь насыг нь хохироочихоод гадаа гаргаж хөнжлөөр бүтээж орхисон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоор байхад хэргийн газарт очсон цагдаагийн бүрэлдэхүүн хохирогчийн цогцосны байрлал, цогцосыг хөнжлөөр бүтээсэн байдалд ач холбогдол өгч шалгалгүй орхигдуулсан нь гэмт этгээдэд ял завших боломж олгож байна. Хохирогчийг амьд байхад нь гэрээс гаргаж хаясны улмаас осгосон бол биеийн байрлал эмх замбараагүй, хохирогчийн гар атирч гараа цээжиндээ наалдуулсан, хөлөө хэвлий рүүгээ татаж эвхэрсэн “Умай дахь ургийн байрлал”-тай байх эмгэг зүйн шинж илэрсэн байх ёстой. Гэтэл хохирогчийн цогцсонд дээрх эмгэг зүйн шинж илрээгүй. Хохирогчийн цогцосны байдалд дүгнэлт хийхэд осгож нас барсан гэх үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Задлан шинжилгээгээр хохирогчийн 2 нүдний доод зовхины дотор салстуудад улаан ягаан өнгийн цэгчилсэн толботой, хүзүү хоолойд улаан ягаан өнгийн цус хуралтууд үүссэн болох нь тогтоогдсон ба энэ гэмтлийг шинжээч эмч тайлбарлахдаа хүзүү хоолойд хүрэлцэх шахах, базах үед үүснэ гэж хариулсан. Шинжээч эмчийн өгч байгаа хариултад дүгнэлт хийхэд хохирогч гадны нөлөө орсны улмаас амь насаа алдсан гэж үзэх үндэслэл тогтоогддог. Цаг хугацааны хувьд Ч.М-д зодуулсан тухайн шөнөдөө нас барсан. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн хохирогч Х.Э- нь гадны нөлөөллөөр нас барсан ба гэмт хэргийн улмаас ноцтой хохирол, хор уршиг учирсан гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ч.М-аас 16,981,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ц-т олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, хуульд нийцэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хамтран гаргасан гомдолдоо “Шүүгдэгч Ч.М- нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Ч.М нь хохирогч Х.Э-ын амь насыг шууд хохироогүй боловч түүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл боловч хохирогчийг гэрээс гарахыг мэдээгүй түүнийг зориуд гадаа орхисон нь тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хаалга үүдээ цоожлоогүй хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас хохирогч гадаа гарч осгож амь хохирсон гэх үндэслэлээр Ч.М-аас хохиролд 16,981,000 төгрөгийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн гаргуулж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Ч.М нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн 62, 226 дугаартай дүгнэлт дүгнэлтээр тогтоогдсон. Мөн шинжээчийн 139 дугаартай дүгнэлтээр Х.Э-ын цогцосноос авсан гэх шингэн цусанд 2.8 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт, мөн 140 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ч.М-ын биенээс авсан гэх шингэн цусанд 0.5 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт тус тус хамаардаг болохыг тогтоосноос гадна гэрч Х.О, Э.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон.

Хөнгөн гэмтэл учирснаар хөдөлмөрийн чадварын 5-15 хувь тогтонги алдагдсан байна. Гэмтлийн зэргийг мөрдөгчийн тогтоолын дагуу шүүхийн дүгнэлтээр эрх бүхий байгууллагын шинжээч тогтоох бөгөөд тухайн хүнд учирсан гэмтлийн онцлог шинж, клиникийн үйл явц, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг харгалзан Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу үнэн зөв бодит байдалд тулгуурлан дүгнэлт гаргадаг. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг хуульчилжээ. Объектив тал бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан үйлдэл эс үйлдэхүй, гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын бие махбодид хор уршиг /хөнгөн гэмтэл/ бодитой учирсан байна. Субъектив тал гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ.

Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Учир нь шүүгдэгч Ч.М- нь хүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хохирогч Х.Э-ын нас барсан шалтгаантай шалтгаант холбоогүй нь гэрч Э.О, Х.О нарын мэдүүлэг, шинжээч нарын удаа дараа гаргасан дүгнэлтээр тогтоогдсон байтал Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг заалтыг баримтлан шүүгдэгч Ч.М-аас 16,981,000 төгрөг гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хорын хохирол учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэснийг зөрчсөнд гомдолтой байна. Улсын дээд шүүхийн 2009 оны 15 дугаартай тогтоолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно. Харин гэмт хэргээс улбаатай боловч тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй. Харин сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруугийн үйлдэл, эс үйлдэхүйгээс шууд шалтгаалаагүй бусад хохирлын асуудлыг шийдвэрлэхэд дээрх зохицуулалт хамаарахгүй гэжээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1-т “Монгол Улсын Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд Үндсэн хуулиас бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрхтэй” гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн дүгнэлтийг зөвтгөхдөө хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Ч.М нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 заасан хохирол болох 16,981,000 төгрөг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Мөн хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.М нь амь хохирогч Х.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Мөн дангаар болон бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр хөнгөн хохирол учирсныг тогтоосон болно. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ц, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн Ч.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд энэ зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай билээ.

Харин Ч.М-д холбогдох хэргийн хувьд мөрдөгч, прокурор хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай баримтуудыг хангалттай хэмжээнд цуглуулан бэхжүүлж чадаагүй, одоогийн байдлаар хэрэгт цугларсан баримт сэлт нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, түүнд хууль зүйн дүгнэлт хийх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.

Мэдүүлгийн нотлох баримт нь хувь хүний гадаад мэдрэхүйгээр дамжин биежиж, дотоод ухамсраар илэрхийлэгддэг учир хэргийн ул мөр, эд мөрийн баримт, дуу дүрсний зураглал, баримт бичиг, бичлэг зэрэг баримтат мэдээллээс хүний хүсэл зоригтой шууд холбоотой байдгаараа онцлог ялгаатай  тул түүнийг үнэлэхдээ эх сурвалжийн баталгаа, агуулгын үнэн зөв байдлыг бодитойгоор шалган тооцож үзэх учиртай юм. Энэ баталгааг хохирогч, гэрчид хууль сануулснаар бүрэн бий болно гэж үзэж бусад нөхцөл байдлыг эс харгалзан үзвээс мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаа ноцтой төөрөгдөлд орох ба саад учруулах сонирхол бүхий этгээдүүдэд хөтлөгдөх аюултай билээ. Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл илэрвэл тухайн хэргийн талаар бусад баримт сэлт хүрэлцээгүй, хомс байсан ч түүнийг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгож болохгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.М- болон амь хохирогч Х.Э нар хоорондоо маргалдаж, улмаар гадаа гарч зодолдсоны дараа тэд гэртээ эргэж орж амь хохирогч унтсанаар Ч.М-ын үйлдэл,  хохирогчийн осгож нас барсан үйл баримттай шалтгаант холбоо тасарсан хэмээн дүгнэсэн боловч амь хохирогч гэрт орж ирснийг зөвхөн шүүгдэгч, түүний эхнэр болон ашиг сонирхлын зөрчил бүхий тэдгээрийн төрөл садангийн хүмүүсийн мэдүүлэгт тулгуурлан тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцэж буй эсэхэд эргэлзэхээр болгожээ.

Амь хохирогч Х.Э-ыг гэрт орж ирсэн гэдгийг гэрч Э.О, Х.О нар мэдүүлсэн байх боловч тэдгээрийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байна. Хэдийгээр нэг үйл баримтыг гэрч нар тус тусын оюун санаанд хэрхэн тусган авснаа мэдүүлснээр бага зэргийн зөрүү үүсч болох боловч гол үйл явдлын талаар тухайлбал, хохирогч гэрт өөрөө буцаж орсон, эсвэл өөр хэн нэгэн оруулсан, тийм бол хэн оруулсан талаар ердөө гурвуулаа байсан атлаа зөрүүтэй мэдүүлэг өгөх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан нөхцөл байдлыг тогтоохоор мөрдөгч шинжээч томилохдоо түүний хариулбал зохих  асуултуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий байдлыг тодруулахад чиглэсэн, оновчтой байдлаар тавих ёстой билээ. Гэтэл амь хохирогч Х.Э-ын үхлийн шалтгааныг тогтоохоор шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолд дурдсан асуултууд хэт ерөнхий агуулгатайгаас гадна явцуу хүрээнд тухайлбал, хохирогч гадны нөлөөтэй нас барсан эсэхэд анхаарал хандуулснаас хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, тал бүрээс нь тогтооход хангалттай бус хариултуудыг авсан байна.

Тухайлбал амь хохирогч Х.Э-ын нас барсан цаг хугацааг шүүгдэгч Ч.М-тай зодолдсон үетэй харьцуулан үзэж осголт явагдах хугацааг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан тооцон хохирогч гэртээ буцаж орж унтаж байгаад эргэн гарч осгосон байх хугацаа үлдэж буйг шахаж тооцох, хохирогчийн давсганд шээс үүсэх хугацаагаар (хохирогч гэрт шээсний дараа зодуулсан, задлан шинжилгээгээр давсаг шээсгүй байгаа) тооцох боломж бий эсэхийг шинжээчээс зайлшгүй тодруулах шаардлагатай байжээ.

Түүнчлэн хэрэг учралын газрыг дүрсэлсэн хангалттай баримт сэлт, үзүүлбэр авагдсан байх тул хохирогч буцаж гарч явахдаа өмнө зодуулсан байрлалд хэрхэн ирсэн, энэ нь боломжтой эсэхийг ул мөрийн шинжээчдээр тодруулах нь зүйтэй болно.

Мөн гэрч Э.О нь нөхөр Ч.М-ын нүүрийг зодолдоод орж ирэхэд нь угааж өгсөн,  амь хохирогчийн нүүр ам цустай байсныг угаагаагүй гэж мэдүүлсэн, хэрэгт буй зургаас харахад нүүрэн хэсэг цусаар будагдсан байгааг үзэж хохирогч хэсэг хугацаанд унтсан гэх орны хөнжил, даавуунд цусан толбо үлдсэн эсэхийг шалгаж бүлгийг тогтоох нь зодооны дараа хохирогч гэрт орж ирсэн эсэхийг нотлон батлахад  ач холбогдолтой юм.

Хохирогч хэзээ цээж нүцгэлсэн, зодооны явцад нүцгэн байсан эсэх, хувцаслалтад гарсан өөрчлөлтийг тогтоон гэрч нарын мэдүүлгийг шалгах шаардлагатайн гадна хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс  хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгсөн, гэрчийг заах байдлаар хэрэгт бэхжүүлж тусгуулсан баримт сэлтийг прокурор, хоёр шатны шүүх няцаан үгүйсгэж чадаагүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Ч.М-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ч.М-д холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

2. Шүүгдэгч Ч.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР