Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 362

 

“М.т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                   Б.Мөнхтуяа 

Шүүгчид:                      Л.Атарцэцэг

                                     Г.Банзрагч

                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагчийн 2014 оны 210003887 дугаар актаас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 139 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0298 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 233 дугаар тогтоолоор захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээсэн 450151311,2 төгрөгийн татварыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамааруулан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, чөлөөлөхийг Татварын ерөнхий газарт даалгах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0156 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0337 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар,

Нэхэмжлэгч “М.т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0156 дугаар шийдвэрээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2014 оны 210003887 дугаар актаас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 139 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0298 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 233 дугаар тогтоолоор захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээсэн 450151311,2 төгрөгийн татварыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамааруулан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, чөлөөлөхийг даалгах” шаардлага бүхий “М.т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0337 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

       Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “М.т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй тухай үндэслэлтэй дүгнэлт хийсэн хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д заасан “анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэдэг үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй” гэж дүгнэжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны амин сүнс нь мэтгэлцэх, нотлох зарчим байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцүүлэх ёстой. Тэгтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны талаар асуулт тавих, мэтгэлцэх боломжийг нэхэмжлэгч талд олгоогүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй нь уг ажиллагаа хууль бус байсныг илтгэн харуулж байна.

4. Шүүх “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5-д заасныг үндэслэл болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй” гэж дүгнэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасан үндэслэлээр гомдлыг хүлээн аваагүй нь хууль бус байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг биечлэн байлцуулах шаардлагатай гэж хэлсэн байхад түүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг зөрчиж байна.

5. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээгүй гэж гаргасан гомдлыг үгүйсгэхдээ “эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдан шалгагдах явцад гарсан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг татварын улсын байцаагчийн акттай адилтгах боломжгүй” гэжээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд татварын хяналт шалгалтанд хамрагдсан эсэхээс үл хамаарч хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөгдөхөөр зохицуулагдсан. Мөн хуулийн байгууллагаас томилогдсон шинжээчийн дүгнэлт, эсхүл татварын улсын байцаагчийн актыг адилтгах бус харин хэргийн “нотлох баримт”-аар үндэслэлээр хэргийг шийдвэрлэхэд авч үзэх ёстой. Тэгээд ч хяналт шалгалтад орсон татвар төлөгч дээрх хуулийн үйлчлэлд хамрагдахгүй гэсэн зохицуулалт байхгүй юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулах эсэхийг хэлэлцэхдээ захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны, хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг үл тоож 2017 оны 53 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2014 оны 210003887 дугаар актыг бүхэлд нь хэвээр баталж хууль зөрчсөнийг анхан болон давж заалдах шатны шүүх хянаж хэлэлцээгүй хууль зөрчсөн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээж авч шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

7. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “...2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд ... холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол ... хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөх”-өөр заасан, 6 дугаар зүйлийн 6.4-т “энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална” гэсний дагуу Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор хууль хэрэгжүүлэх журмыг баталж, мөрдүүлжээ.

8. Уг журмын 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэх нэр томьёог “хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” хэмээн тайлбарлажээ.

9. Үүнээс үзвэл, “М.т” ХХК-ийн 2010-2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч нар 2014 онд хяналт шалгалт хийсний үндсэн дээр илрүүлсэн зөрчил, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актаар төлүүлэхээр тогтоосон төлбөрт хамааруулан нэхэмжлэгч нь холбогдох орлого, түүнд ногдуулах татварыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу гаргасан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, Нэмэгдсэн өртгийн албан татварын, Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын, Суутгагчийн хувь хүнд болон аж ахуйн нэгжид олгосон орлогоос суутгасан албан татварын шинээр гаргасан тайлангуудад тусгаж, татварын албанд мэдүүлснийг хуульд зааснаар “нуун дарагдуулсан” орлогыг тайлагнасан гэж үзэхгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

10. Түүнчлэн, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах урдчилсан нөхцөл нь иргэн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ шинээр бүртгүүлэх, тайлагнах, мэдүүлэх үйл ажиллагааг өөрийн сайн дурын үндсэн дээр хийсэн тохиолдолд хангагдах бөгөөд, нэхэмжлэгчийн шинэчилсэн татварын тайлангаар мэдүүлсэн 450,151,311.2 төгрөгийн албан татварт холбогдох орлого нь татварын улсын байцаагчийн 2014 оны 210003887 дугаар актад нэгэнт тусгагдсан “татвар ногдуулаагүй орлого”-д хамааралтай байхад үүнийг ил тод болгон “сайн дурын үндсэн дээр” шинээр тайлагнасан гэж үзэх үндэслэлгүй.

11. Шүүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хэлэлцэж, уг хүсэлтийг хангахаас татгалзсан ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасныг зөрчөөгүй, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэх байдал тогтоогоогүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

12. Түүнчлэн, захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол нэхэмжлэлийн шаардлага хангахдах учиртай, тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн шинэчлэн гаргасан татварын тайланг үндэслэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулахаас татгалзсан Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдоогүй тул татварын улсын байцагчийн актаар төлүүлэхээр тогтоосон 450,151,311.2 төгрөгийн нөхөн татвараас “чөлөөлөх” захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн үндэслэлдээ дурдсан үйл баримт нь тухайн маргаанд хамааралгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

13. Иймд, нэхэмжлэгчийн “...анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулж мэтгэлцэх боломжийг нэхэмжлэгчид олгоогүй, мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй, ...хуулийн үйлчлэлд татварын хяналт шалгалтад хамрагдсан эсэхээс үл хамаарч хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөгдөхөөр зохицуулагдсан байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нотлох баримт үнэлээгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0156 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны  өдрийн 221/МА2018/0337 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М.т” ХХК-ийн захирал Т.Түвшинжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.МӨНХТУЯА

               ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ