Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 526

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар иргэн С.Нямдорж, С.Пүрэвсүрэн, С.Балчиндорж нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгч С.Нямдорж, гуравдагч этгээд Л.Гантуяа, П.Дэлгэрмаа, Э.Отгонтуяа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бадамханд, прокурор Д.Ууганцэцэг нар шүүх хуралдаанд оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн Л.Гантуяа, П.Дэлгэрмаа, Э.Отгонтуяа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.

2. Нэхэмжлэгч С.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2004 оны Сонгинохайрхан дүүргий Засаг даргын захирамжаар эзэмших эрх авсан. Тухайн газарт хашаа бариулж, ойролцоо байгаа айлаар харуулж, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарт хэлсэн. Манайхыг сайн мэддэг. Хэсэг хугацаанд эзэнгүй байсан үед хашааны нэг тал нь үлдэж, 3 тал байхгүй болсон бөгөөд улмаар эзэнгүй мэт байсан. Манай газарт бууя гэсэн айл байсан боловч буугаагүйгээс эзэнгүй газар гээд захирамж гаргуулчихсан юм шиг байсан. 

Газар дээр хууль бус гэрчилгээ гаргуулж буусан байна. Бид нар тус дүүргийн 22 дугаар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарт учир байдлаа хэлж явахаар өмч, газрын харилцааны албандаа ханд гэж хэлсэн. Өмч, газрын харилцааны алба нийслэлд хандаарай гэж хэлсэн. Нийслэл болохоор Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд хандаарай гэж хэлсэн. Тийм учраас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны  А/321 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агуулга: “Иргэн С.Нямдорж, С.Пүрэвсүрэн, С.Балчиндрж нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөерч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газруудыг 2003 оноос хойш эзэмшиж ирсэн гэх ба эзэмшил бүхий газруудыг бусдад газар эзэмшүүлэхдээ давхцуулж олгосон гэж тайлбарлажээ.

Маргаан бүхий газруудад дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжаар анх эрх зүйн харилцааг үүсгэхдээ хязгаарлагдмал хугацаатай газар эзэмших эрхийг олгосон бөгөөд нэхэмжлэгч нар 2003 оноос хойш газрын тухай хууль болон холбогдох тогтоомжуудын дагуу эзэмших эрхээ баталгаажуулж аваагүй болно.

Учир нь дээрх газруудыг 2003 оноос хойш огт эзэмшээгүй бөгөөд энэ нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтад заагдсан ноцтой зөрчлийг /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ гаргасан байдаг.

Мөн нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ, түүний холбогдох материалууд нь дүүргийн Өмч газрын харилцааны архив, болон мэдээллийн санд огт хадгалагдаагүй байна.

Маргаан бүхий газруудыг эзэмшихээр 2014 оны 06 сард П.Дэлгэрмаа, Л.Гантуяа, Э.Отгонтуяа нар нь Сонгинохайрхан дүүргийн Өмч газрын харилцааны албанд өргөдлөөр хандсан бөгөөд хүсэлтийг судлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/321 дүгэээр захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулж өгсөн болно.

Дүүргийн Засаг даргын гаргасан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр халдаагүй, газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор хууль зүйн сөрөг үр дагавар гарах юм.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэргсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрыг 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 89 тоот захирамжаар эзэмшүүлсэн байдаг. Тухайн газрыг эзэмшүүлэхдээ тодорхой хугацаатай эзэшүүлсэн байгаа. Гэтэл хугацаа зааж эзэмшүүлсэн байдал 2003 оноос хойш огт эзэмшээгүй, эзэнгүй байлгаж байсан асуудал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн бөгөөд зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулахаар хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нарын хувьд газраа өөрсдөө эзэмшээгүй мөртлөө, хүнд хандаж, харж байгаарай гэсэн байдлаар хандсан нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдож байна. Иймд хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5. Гуравдагч этгээд нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарын агуулга: “Л.Гантуяа надад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийн А/321 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 98-3 тоотод байршилтай газарт 700 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр шийдвэрлэсэн бөгөөд газар эзэмших эрхийн 000580138 тоот гэрчилгээтэй болно.

П.Дэлгэрмаа надад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийн А/321 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 98-1 тоотод байршилтай газарт 700 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр шийдвэрлэсэн бөгөөд газар эзэмших эрхийн 0005244169 тоот гэрчилгээтэй болно.

Э.Отгонтуяа надад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийн А/321 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 98-2 тоотод байршилтай газарт 700 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр шийдвэрлэсэн бөгөөд газар эзэмших эрхийн 000524148 тоот гэрчилгээтэй болно.

Гэтэл бидний эзэмшлийн газарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дээрх захирамж гарснаас хойш Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/299 дугаартай захирамжаар С.Балчиндорж, С.Пүрэвсүрэн, С.Нямдорж нарт бидэнд өмнө олгосон газрыг давхардуулан тэдний өмнөх газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан нь хууль бус, бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн захирамж гаргасан байна.

С.Балчиндорж, С.Нямдорж, С.Пүрэвсүрэн нарт өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 89 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын ам 56-1-д С.Балчиндорж, 56-8-д С.Нямдорж, 56-2-д С.Пүрэвсүрэн нарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэх боловч уг захирамж нь хавсралтгүй, захирамжид дээрх хүмүүсийн нэр, олгосон газрын байршил байхгүй юм. Мөн С.Балчиндорж, С.Нямдорж, С.Пүрэвсүрэн нарын дээр дурдсан захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг 1 жилийн хугацаатай олгосон, гэрчилгээний хугацаа 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дууссан байхад газрын тухай хуулийн олон заалтыг зөрчиж дүүргийн Засаг даргаас хууль бус захирамж гаргасан байна. 

С.Балчиндорж, С.Нямдорж, С.Пүрэвсүрэн нар 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 10 жилийн хугацаанд газраа ашиглаагүйгээс гадна газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг гаргаагүй байна. Дээр дурдсан хууль бус захирамжуудын дагуу газар эзэмших эрхийг олж авсан гэх С.Балчиндорж, С.Нямдорж, С.Пүрэвсүрэн нар бидэнд газар эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/132 дугаартай захирамжийн бидэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс бидний хууль, ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзээд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулснаар бид нар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн болно. 

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 тоот “Хорооны талаар авах арга хэмжээний тухай тогтоол”-ын 1 дүгээр заалтад “хороодын ачаалал, хүн амыг тэнцвэржүүлэх зорилгоор 1, 6, 7-9 дүгээр хороодыг хувааж 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр 4 хороо нэмж байгуулсугай” гэж заасан. Мөн тогтоолын 2 дугаар захирамжид шинээр байгуулагдсан хороонд 22-23, 24-25 гэсэн дугаар олгож, нутаг дэвсгэрийн зураг, зааг, гудамжийн нэрийг хавсралтаар баталгаажуулсугай гэж зааснаас үзвэл С.Балчиндорж, С.Нямдорж, С.Пүрэвсүрэн нарын бидний эзэмшлийн газар гэж зааж байгаа газар нь Сонгинохайрхан дүүргийн хуучнаар 1 дүгээр хороонд байсан дээрх тогтоолоор хороо нь хуваагдсан учир тэдний эзэмшлийн газар хуучнаар 1 дүгээр хорооны хуваагдсан газарт байх ёстой. Шинээр байгуулагдсан 22 дугаар хорооны нутагт огт хамааралгүй байна. 

Мөн Газрын тухай хууль болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулинд зааснаар иргэн С.Балчиндорж, С.Нямдорж, С.Пүрэвсүрэн нарт олгосон гэх газар нь тэдний нэр дээр нэгж талбар бүртгэгдээгүй 2003-215 онд Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байдаг юм байна. Харин гуравдагч этгээд бид нарын эзэмшлийн нэгж талбарын дугаар Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн болно. 

Иймд Л.Гантуяа, П.Дэлгэрмаа, Э.Отгонтуяа нарт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний гудамж 98-1, 98-2, 98-3 тоот газар эзэмших эрх олгосон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

6. Гуравдагч этгээд Л.Гантуяа, П.Дэлгэрмаа, Э.Отгонтуяа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа 3 үндэслэл байна. Үүнд:

2003 онд анх  нэхэмжлэгч нарт газар олгосон байдал нь хавсралтгүй, хэнд хэзээ, хаана хэдий хэмжээтэй газрыг олгосон гэдэг нь тодорхойгүй. 2003 онд  нэхэмжлэгч нарт олгосон газрыг 2014 онд гуравдагч этгээд Э.Отгонтуяа, П.Дэлгэрмаа, Л.Гантуяа нарт олгосон байдал нь 2003 онд олгосон нэхэмжлэгч нарын зааж байгаа газартай давхцаагүй. 

Нэхэмжлэгч нарын 2003 оноос хойш эзэмшиж байгаа газрыг тодорхой хугацаатай олгосон юм бол хугацаа өнгөрсөн тэр 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахдаа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2 удаа зөрчсөн. 

2015 онд нэхэмжлэгч нарт газар олгохдоо, хууль зөрчсөн учраас яг өмнө нь манай гуравдагч этгээдэд олгосон газартай давхцуулж олгосон буруутай, илт буруутай акт гаргасан.

С.Нямдорж, С.Пүрэвдорж, С.Балчиндорж нарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжаар газар олгосон гэдэг боловч захирамж нь хавсралтгүй, хэн, хаана ямар хэмжээтэй газар олгосон нь тодорхойгүй. Үүнийг шүүх зориуд анхаарч үзээсэй. С.Нямдорж, С.Пүрэвдорж, С.Балчиндорж нарын эзэмших эрхийн гэрчилгээ дээр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга н.Найдан гэж бичсэн боловч түүний гарын үсэг зурсан байна.  Гэхдээ Засаг дарга н.Найдангийн гарын үсэг биш бөгөөд эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч нарт үнэхээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар газар олгосон юм бол газар эзэмших эрхийн гэрчилгээг ерөөсөө тэр даруйд нь олгох ёстой байсан. Гэтэл нэг жилийн дараа буюу 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хүртэл 1 жилийн хугацаатай олгосон байдаг. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх 2005 оны 05 дугаар сарын 10, 11 өдөр дуусгавар болсон байна.

Гэтэл үүнээс хойш 12 жил шахам хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтийг гаргаж байгаагүй. Хавтаст хэрэгт энэ тухай нотлох баримт авагдаагүй. Энэ дээр хүсэлт гаргасан талаар нэхэмжлэгч нар маргадаггүй. 2015 онд гаргаж байсан хүсэлт байдаг. Энэ Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг зөрчсөн байдаг. С.Нямдорж нарын нэхэмжлэгч нар 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс бүтэн 13 жил газраа ашиглаагүй. Хуульд зааснаар эзэмшсэн газраа өөрийн мэдэлд байлгаагүй учраас тэднийг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар газар эзэмшигч гэж үздэг. Газар эзэмших эрхээ алдсан хүмүүс байгаа. Үүнээс үзэхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байгаа. 

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмших, эрх үүргийг заасан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д газрын тухай хууль тогтоомж газар эзэмших эрхийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлнэ эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар гэсэн эрхээ эдлээгүй. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30 доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах талаар үүргээ биелүүлээгүй. С.Нямдорж нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Үүнээс хойш 11 гаруй жилийн хугацаа өнгөрсөн. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргаагүй учраас энэ нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх дуусгавар болсон байна. 

С.Нямдорж нарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Г/299 дугаартай захирамжаар тус дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 98-1 тоот С.Пүрэвсүрэн, мөн захирамжаар С.Балчиндоржид тус дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 98-3 тоот, мөн дээрх захирамжаар С.Нямдоржид тус дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 98-2 тоотод газар эзэмшүүлсэн байгаа. Энэ нь бол давхацсан харагдаж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга илт хууль бус эрхийн акт гаргасан. Хэний эрхийг зөрчиж байгаа вэ гэхээр гуравдагч этгээд нарын эрхийг зөрчиж байна. Өмнө нь бол газар давхцаагүй бол одоо давхцуулчихаж байгаа. С.Нямдорж нарын газрын гэрчилгээг сунгасан газрын гэрчилгээний нэр нь газар эзэмших, ашиглах гэрээний хугацааг сунгах нэртэй, гэрээний хүчинтэй хугацаа дууссан. Мөн газар эзэмших эрх нь дуусгавар болсон. Хоёр зүйл харагдаж байна. 2015 онд гэрчилгээний хугацааг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчид сунгаж өгөхдөө 2 зөрчил гаргасан харагдаж байна. 

1. Гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон. 2. Газар эзэмших эрх нь дуусгавар болсон. 

Эдгээрийг анхаарч үзэлгүйгээр гэрчилгээний хугацааг сунгасан байгаа хууль бус гэж үзэж байна. Дээрх захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг үндэслэж удирдлага болгосон байдаг. Энэ хууль бус бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан бол газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах ёстой байсан.  

Гэтэл олон жилийн турш газраа өөрийн мэдэлд байлгаагүй, эзэмшиж ашиглаагүй,газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаад олон жил болсон. Газар эзэмших эрх нь дуусгавар болсон байхад Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хугацаанд хүсэлт гаргасан мэтээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан байдал нь хууль зөрчсөн бөгөөд илт хууль бус акт байна. С.Нямдоржийн эзэмшиж байгаа газрын кадастрын зургийг газрын албанаас баталгаажуулаагүй,  энэ зураг дээр гудамжны нэр болон хаалганы дугаар байдаггүй. Мөн нэгж талбарын дугаар байдаггүй. С.Отгонтуяагийн хувьд хуульд заасан бүх шаардлагыг хангасан.  С.Балчиндорж, С.Пүрэвсүрэн нарын газрын кадастрын зураг С.Нямдоржтой адилхан. Үүгээр юу харагдаж байгаа вэ гэхээр газар эзэмших эрх нь хууль бус байсан. 

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/150 тоотод Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. 2014 болон 2015 оны нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн архивт 18628311952263 нэгж талбарын дугаар бүхий 700 м2 газрыг Э.Отгонтуяагийн нэгж талбар 18628311969273 дугаар бүхий 700 м2 газрыг П.Дэлгэрмаагийн эзэмшил, 18628311938287 нэгж талбарын дугаар бүхий 700 м2  газар нь Л.Гантуяагийн болон тус тус өөрчлөгдсөн байна. Мөн дээр дурдсан онууд нь Нийслэлийн кадастрын мэдээллийн сангийн архивт иргэн С.Нямдорж, С.Балчиндорж, С.Пүрэвсүрэн нарын нэр дээр ямар нэгэн нэгж талбарууд бүртгэгдээгүй байна гэсэн албан бичгүүд ирсэн. 

Нийслэлийн өмчийн харилцааны газраас иргэн С.Нямдоржид өөрт 2015 оны 02 дугаар сарын 30-ны өдөр ирсэн Б/4945 тоотод таньд болон иргэн С.Балчиндорж, С.Пүрэвсүрэн нарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжийг үндэслэн 1 жилийн хугацаатай тус дүүргийн 1 дүгээр хороо, Баянголт газар эзэмшүүлэх нөхөн олговор олгожээ. 

Та нарын эзэмшил газартай давхацсан гэх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар П.Дэлгэрмаа, Э.Отгонтуяа, Л.Гантуяа нарт эзэмшүүлэх газар нь тус дүүргийн 22 дугаар хорооны Хилчний гудамжинд байршилтай байна. Та нарт анх гэрчилгээ олгосон байршил, хаяг нь тус дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 98 тоот байсныг тодруулах боломжгүй гэсэн хариу ирж байсан.  Анх 2003 оны 87 дугаар захирамжаар олгосон газар бол эргэлзээтэй. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хороодын талаар авах арга хэмжээний тухай тогтоол байгаа.  

Уг тогтоолд 1, 6, 7, 9 дүгээр хороодыг хувааж 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 4 хороо нэмж байгуулсан. Энэ хороонд 22 дугаар хороо шинээр байгуулагдаж орж ирж байгаа. Энэ тогтоолын хавсралтад Толгойтын гудамжны нэрийг Хилчдийн гэж нэрлэхээр болсон байна. Анх Баянголын гудамж гэдэг нэртэй байсан. Тэгэхээр Баянголын гудамжны нэрийг Хилчдийн гудамж гэж нэрлээгүй. Толгойтын гудамжны нэрийг Хилчдийн гудамж гэдэг нэртэй болсон гэж байгаа. Энэ дээр газрын байршилаа андуурсан эргэлзээ бүхий харагдаж байна. Сонгинохайрхан дүүргийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2003 оноос хойш нэхэмжлэгч нар газраа эзэмшиж байгаагүй гэж байна. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, түүнтэй холбоотой бичиг баримтууд дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архив болон мэдээллийн санд авагдаагүй байна. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/833 тоот албан бичиг байна. Үүгээр бол Нийслэлийн кадастрын мэдээллийн сангийн 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зурган мэдээллээс үзвэл С.Балчиндорж, С.Нямдорж, С.Пүрэвсүрэн нарын 2016 он “Тэнхлэг-Уул” ХХК –р үйлдвэрлэсэн кадастрын зураг нь солбицлоор нь хайлт хийж үзэхэд ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй байна.  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 04932 тоот  байгаа бөгөөд тус дүүргийн 1 дүгээр хорооны нутагт Баянгол нэртэй гудамж байгаагүй. 

Түүнчлэн одоогийн байдлаар байхгүй.  Харин Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд Баянгол нэртэй гудамж газарт байсан бөгөөд газарзүйн хувьд маргаан бүхий газартай хамааралгүй болно. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар нэхэмжлэгч нарын маргаж байгаа газар нь 2003 оны Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 87 дугаар захирамжаар авсан гэх Баянголын гудамж нь Хилчдийн гудамж бишээ. 2014 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар гуравдагч этгээдэд хууль ёсны дагуу олгосон. Харин 2015 онд нэхэмжлэгч нарт газар олгохдоо давхцуулж олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай байна. Нөгөө талаар буруутай байсан нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Мөн прокурорын дүгнэлтээр нотлогдож байна. С.Нямдорж нар маргаж байгаа газрынхаа талаар бүрэн нотолж чадахгүй байна” гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлага нь гуравдагч этгээд нар хуульд заасан үндэслэл, журмын дагуу баримтаа бүрдүүлж, газрыг эзэмшиж байгаа туйлын хүчинтөгөлдөр гэрчилгээ үйлчилж байхад өөрсдийх нь эрх, гэрчилгээний хугацаа дуусгавар болсон хойно, газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах гээд шүүхэд хандаж байгаа асуудал нь өөрөө хуулийн үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хариуцагчийн хариу тайлбар гаргасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн С.Нямдорж, С.Пүрэвсүрэн, С.Балчиндорж нар “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 тоот захирамжийн П.Дэлгэрмаа, Л.Гантуяа, Э.Отгонтуяа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч иргэдээс “Бид 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхтэй болсон бөгөөд 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгуулсан. Газар эзэмших эрхтэй болсноос хойш тухайн газар 4 талт хашаа барьж хүнээр харуулдаг байсан. Гэтэл хариуцагч бидний газрыг өөр этгээдүүдэд давхардуулж олгосон нь хууль бус” хэмээн маргасан байна. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам гэх газар 56-1 тоотод иргэн С.Балчиндорж, 56-2 тоотод иргэн С.Пүрэвсүрэн, 56-8 тоотод иргэн С.Нямдорж нарт тус тус 500 м.кв газар эзэмшүүлэх эрх олгожээ.  

С.Нямдоржид 04/75003 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ (хх 169, 190)-г,  С.Пүрэвсүрэнд 04/75004 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ (хх 169, 177)-г, С.Балчиндоржид 04/75006 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ (хх 169, 183)-г 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус тус 1 жилийн хугацаатайгаар олгосон байна. 

Нэхэмжлэгч иргэд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ (хх 107, 114, 121) Сонгинохайран дүүргийн Засаг даргад гаргажээ. Тус дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/299 дүгээр захирамжийн хавсралтын 11, 12, 13 дугаар хэсгээр анх нэхэмжлэгч иргэдэд газар эзэмшүүлсэн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний гудамж гэх газар 98-1, 98-2, 98-3 тоотод тус тус 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин гуравдагч этгээд П.Дэлгэрмаа, Л.Гантуяа, Э.Отгонтуяа нарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин гэх газар 98-1, 98-2, 98-3 тоотод тус тус 700 м.кв газрын эзэмшүүлжээ.

Маргаан бүхий газарт нэхэмжлэгч иргэд хашаа барьж, хүнээр харуулдаг байсан, бидний эзэмшлийн газрыг өөр этгээдэд давхцуулж олгосон гэж тайлбарладаг. Гэвч гуравдагч этгээд иргэдийг газар эзэмших хүсэлт гаргаж, гэрчилгээ авах үед нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон, маргаан бүхий газар хүн амьдардаггүй байсан нь дараах байдлаар тогтоодож байна.

1.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжаар нэхэмжлэгч иргэдэд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аманд 56-1, 56-2, 56-8 тоот газрыг 1 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь 04/75003, 04/75004, 04/75006 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана ...” 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж тус тус заажээ.

Гэтэл нэхэмжлэгч иргэд 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссанаас хойш 10 жилийн гаруй хугацаанд хуульд заасан шаардлагын дагуу гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг гаргаж байгаагүй бөгөөд С.Нямдорж ,С.Пүрэвсүрэн, С.Балчиндорж нар нь энэ талаар маргадаггүй (хх2-19).

Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч иргэд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ дүүргийн Засаг даргад гаргах ёстой байсан. Гэвч хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулаагүй энэ хугацаа даруй 10 гаруй хугацаа өнгөрсний дараа сунгуулжээ. Иймд гуравдагч этгээд иргэдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлэх үед иргэн С.Нямдорж, С.Пүрэвсүрэн, С.Балчиндорж нарын газар эзэмших эрх хуульд заасны дагуу дуусгавар болсон гэж үзэхээр байна.

2.Мөн нэхэмжлэгч иргэд маргаан бүхий газарт амьдардаггүй, гуравдагч этгээд иргэдийг газар эзэмших хүсэлт гаргах үед хашаа татаагүй байсан гэдэг нь гэрч Ц.Гантүшигийн “... 2013 оны намар очиход хашаагүй байсан газар тор татсан байсан” гэх, гэрч Ж.Тэрбишийн “...Э.Отгонтуяа, Л.Гантуяа, П.Дэлгэрмаа нарт газар олгохоос өмнө айл байгаагүй гэх”, гэрч Д.Алтангэрэлийн “...Пүрэвсүрэн гэдэг хүн ирээд манай хашааг эргэж тойрч байгаарай гэсэн, н.Батсайхан гэж хүнээр хашаагаа харуулдаг байсан. н.Батсайханы гэр нь Найрамдал зуслангийн ард байдаг, нааш цааш явахдаа хардаг байсан” гэх мэдүүлгээр нотлогдож байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газар давхцал байгаа эсэхийг тодруулахаар Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас нотлох баримт шаардахад “... 2003-2013 онуудын нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн архивт иргэн С.Нямдорж, С.Пүрэвсүрэн, С.Балчиндорж нарын нэр дээр яман нэгэн нэгж талбар дугаар бүхий газар бүртгэгдээгүй байна” гэсэн хариуг шүүхэд ирүүлжээ (хх-137).

Түүнчлэн дээрх онуудад маргаан бүхий газарт 18628311945285, 18628311945280, 18628311932311, 18628311953300 нэгж талбарын дугаар бүхий газар бүртгэгдсэн байх бөгөөд 2014, 2015 онуудад 18628311952263 дугаар бүхий 700 м.кв талбайтай иргэн Э.Отгонтуяагийн эзэмшлийн нэгж талбар, 18628311969279 дугаар бүхий 700 м.кв талбайтай иргэн П.Дэлгэрмаагийн эзэмшлийн нэгж талбар, 18628311938287 дугаар бүхий 700 м.кв талбайтай иргэн Л.Гантуяагийн эзэмшлийн нэгж талбарын газар болон тус тус өөрчлөгдсөн байна.

Шүүхээс 18628311945285, 18628311945280, 18628311932311, 18628311953300 нэгж талбарын дугаар бүхий газрууд нь хэдэн онд хэний нэр дээр бүртгэгдсэн талаарх лавлагааг холбогдох байгууллагаас шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд байгаа эсэхийг тодруулахад “...эдгээр нэгж талбарын дугаар бүхий газар Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэдээллийн сангаас устсан байна” гэх хариуг ирүүлсэн болно (хх-168).

Дээрх үйл баримтаар гуравдагч этгээд иргэдийг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, газар эзэмших эрхтэй болох үед нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа хуульд заасны дагуу дуусгавар болсон бөгөөд тухайн газартаа амьдардаггүй байсан нь тогтоогдож байна.

Иймд гуравдагч этгээд Э.Отгонтуяа, Л.Гантуяа, П.Дэлгэрмаа нар 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гаргасан 22 дугаар хорооны Хилчний 98-1, 98-2, 98-3 тоот газарт амины хашааны зориулалтаар газар эзэмших тухай хүсэлтдээ тухайн газрын байршлын кадастрын зураг, иргэний үнэмлэхний хуулбар болон оршин суугаа газрынхаа Засаг даргын тодорхойлолт зэргийг хавсаргаж өгсөн. Эдгээр баримт бичиг нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан шаардлагад нийцсэн, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тухайн үед зөрчсөн нөхцөл байгаагүй тул Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь үндэслэлтэй байна. 

Хариуцагч 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04/75003, 04/75004, 04/75006 тоот гэрчилгээгээр нэхэмжлэгч иргэдэд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын 56-1, 56-2, 56-8 тоотод газар эзэмшүүлсэн боловч 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/299 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа тус дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 98-1, 98-2, 98-3 тоотод газар олгожээ. 

Хэдийгээр нэхэмжлэгч хаягийн өөрчлөлт хийгдээд 1 дүгээр хорооны Баянгол 56-1, 56-2, 56-8 тоот нь 22 дугаар хорооны Хилчин 98-1, 98-2, 98-3 болсон хэмээн тайлбарлаж байнэ. Гэвч Баянгол гудамжны нэрийг Хилчдийн болгож өөрчлөөгүй, тус дүүргийн 1 дүгээр хороонд Баянгол нэртэй гудамж байгаагүй болох нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоол (хх 13-14), Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 04/932 тоот албан бичиг (хх2-1)-ээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч иргэд  газраа зориулалтын дагуу эзэмшсэн, өөрийн мэдэлдээ байлгасанаа нотлоогүй, нэхэмжлэгч иргэдийн мэдэлд маргаан бүхий газрыг байлгаагүй талаар хариуцагч, гуравдагч этгээд талуудаас удаа дараа шүүх хуралдааны явцад тайлбарлахад үүнийг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй, нотлоогүй байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, өөрийн мэдэлдээ байлгаагүй гэдэг нь тогтоогдож байна. 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахаар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор, цаашлаад хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүрэгтэй байхаар заажээ. 

Өөрөөр хэлбэл, газрын эзэмшил нь зөвхөн цаасан дээр бичигдсэн гэрчилгээ, баримтуудаар тодорхойлогдохгүй эзэмших, ашиглах замаар газар эзэмшигч өөрийн мэдэлдээ газрыг байлгах, түүнийг хамгаалах, арчлах зэрэг байдлаар газар эзэмших эрхийг бодит байдал дээр хэрэгжүүлэхээр байна. 

Гэтэл нэхэмжлэгч иргэд газар эзэмших эрх үүссэнээсээ хойш бодит байдал дээр газраа ашиглаагүй байгаа нь газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй, газар эзэмших эрхээ эдлээгүй байна. Нэхэмжлэгч газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй, газар эзэмших эрхээ эдлээгүй байдалд хариуцагчийн буруутай үйлдэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Эдгээрээс дүгнэхэд хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх авсан гуравдагч этгээдүүдийн субьектив эрхээс илүүтэйгээр хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь дуусгавар болсон нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж давуу байдлаар шүүхээс дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм. Ингэж дүгнэх нь Газрын тухай хуулийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй. Үүний учир маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн төрийн өмчийн газрыг эзэмших эрхийг шударга, тэгш байдлаар олж авах эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч иргэд маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшилдээ байлгаагүй, тэдний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болоод 9 гаруй жилийн дараа гуравдагч этгээдүүдийг газар эзэмших эрхтэй болсон. Иймээс хариуцагчийг Газрын тухай хуулийн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага болох 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрхийг хариуцагч зөрчсөн гэж үзэхээргүй байна. 

Харин хариуцагч маргаан бүхий газар 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар гуравдагч этгээд иргэдэд газар эзэмшүүлсэн байхад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа хуульд заасны дагуу дуусгавар болсон гэрчилгээ, захирамжийг үндэслэж нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан нь газрын давхцал бий болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.13 дах хэсгийг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй. 

Үүний учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д тус тус заасныг баримтлан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн Л.Гантуяа, П.Дэлгэрмаа, Э.Отгонтуяа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий иргэн С.Нямдорж, С.Пүрэвсүрэн, С.Балчиндорж нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.САРАНГЭРЭЛ