Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/шш2024/02581

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр  Дугаар 183/ШШ2024/02581  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц*******ийн Ж******* -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О******* овогт Л*******гийн Ц******* -т холбогдох,

 

Гангар шаазан аяганы үнэ 77,604,530 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Ж*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б*******, Ц.Х*******,

Хариуцагч Л.Ц*******,

Хариуцагчийн өмгөөлөгч О.О*******,

Гэрч М.Б*******, Л.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Жамбалцэрэн нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Л.Ц******* бид хоёр морь мал уяж сайхан танилцаж хамтран ажиллаж байсан хүмүүс билээ. Би үе уламжлагдан ирсэн гангар шаазан аяга 2 ширхэгийг түүнд өгч түр хугацаанд хадаглуулсан боловч буцаан авах болоход хаглаад хогийн саванд хийчихсэн гээд өгөхгүй намайг хохироосон тул аягыг соёлын өвийн үндэсний төвд бүртгүүлэн шинжлүүлж шинжилгээ хийлгэн үнэлгээ тогтоолгоход ховор нандин өв учир 77,604,539 төгрөгөөр үнэлэгдсэн юм. Надад яг тэр аяганы адилхан аяга үлдсэн байсан тул үнэлүүлсэн болно. Иймд Л.Ц*******ээс аяганы үнэ 77,604,539 төгрөг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагчаас Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Жамбалцэрэн нь гангар шаазан аяганы үнэ 77,604,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Ц*******т холбогдуулан гаргаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ц.Жамбалцэрэн ..Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай шийдвэр, Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай магадлалд зааснаар хариуцагч Л.Ц*******т 60,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд уг шийдвэрийг биелүүлээгүй. Ингэхдээ дээрх 60,000,000 төгрөгийн төлбөрт гангар шаазан аягыг хариуцагчид шилжүүлсэн. Гэвч хариуцагч 60,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр шаардсан тул шилжүүлсэн аягыг буцаан шаардаж байна. Уг аягыг хариуцагчид бэлэглээгүй. Хариуцагчид тухайн аяга байгаа бол аягаа гаргуулна байхгүй бол аяганы үнэ болох 77,604,530 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч Л.Ц******* ...нэхэмжлэгч нь манай малыг маллаж байсан малчин. Миний бие Тод манлай уяач болсон бөгөөд цолны баярт би өөрийн ахын надад бэлэглэсэн 0 улсын дугаартай автомашиныг тэр дор нь нэхэмжлэгчид бэлэглэсэн. Уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч авсантай маргадаггүй. Тод манлай уяач болсонд болон тээврийн хэрэгсэл өгсний хариуд нэхэмжлэгч хятад бичигтэй аягыг надад бэлэглэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч надад 60,000,000 төгрөг төлөх өртэй, энэ өрнийхөө оронд өгсөн гэж байгаа бол аягын өгөөд мөнгөө авахад татгалзах зүйлгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид шүүхийн шийдвэрийн дагуу 60,000,000 төгрөгийн төлбөр төлбөх үүрэгтэй болох нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай шийдвэр, Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай магадлалаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх тайлбараас дүгнэхэд Л.Ц******* нь өөрийн адуугаа Ц.Жамбалцэрэнгээр маллуулж байсан үндэслэлээр түүнд 8882 ХХО улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид бэлэглэсэн байна.

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад гэрч М.Б******* мэдүүлэг өгөхдөө ...маргаан бүхий шаазан аягыг бэлэглэсэн эсэхийг сайн санахгүй байна гэх, гэрч Л.Г нар нь ...уг шаазан аягыг бэлэглэсэн гэх тайлбарыг тус тус өгчээ. Гэрч М.Б******* ямар аяга бэлгэнд өгсөн болохыг сайн санахгүй байна гэх мэдүүлэг өгсөн тул хоёр өөр мэдүүлэг өгсөн гэрчүүдийг нүүрэлдүүлэх шаардлагагүй. Үүнтэй холбоотойгоор гэрчийн мэдүүлгийг шүүх үнэн зөв талаас нь үнэлэх боломжгүй тул үнэлээгүй. Иймээс талуудын хооронд бэлэглэлийн гэрээ хийгдсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ, 186 дугаар зүйлийн 186.1-т Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

 

Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу 60,000,000 төгрөгийг Л.Ц*******т төлөх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргийн оронд аягаа шилжүүлсэн гэж тайлбарлаж, аягаа шаардаж байгаа боловч шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Л.Ц*******т 60,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул аягыг шаардах эрхгүй байна.

 

Харин нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу 60,000,000 төгрөгийг хариуцагч Л.Ц*******т төлж барагдуулсан тохиолдолд аягаа биет байдлаар Л.Ц*******ээс шаардахад уг шийдвэр саад болохгүй болохыг тайлбарлавал зохино.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Л.Ц*******т холбогдох Ц.Жамбалцэрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Ц*******т холбогдох гангар шаазан аяганы үнэ 77,604,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Ж*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545,973 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ