Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/19

 

Б.Т-т холбогдох эрүүгийн хэргийн тухай 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч  Б.Тт холбогдох эрүүгийн 2113001610161 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлоор 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Б.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл, орчуулагч А.Ахмерей нар оролцов.  

 

1. Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн, яс үндэс **, **  оны ** дүгээр сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Д суманд төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** хүнтэй, эгч, ах нарын хамт амьдардаг, **** оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ** овогт  / T, ********/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дүгээр багийн задгайд байрлах өөрийнхөө гэрт 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө, мөн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 6 цагийн үед тус тус ах болох Б.Мг /Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн, B M / зодож амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алах” гэж заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаар яллах дүгнэлтээр Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт “Хүнийг алах” гэж зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн  2022/ШЦТ/33 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч ** овогт Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 9 /ес/ ижлийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.           

 

4. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: 

4.1. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Тийг анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, гэмт хэргийн улмаас хохирол тодорхойлогдоогүй байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал, мөн ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид 8 жилийн хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгөх талаар санал дүгнэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон. Гэтэл шүүхээс шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...талийгаачийн хувьд согтуурсан үедээ болж бүтэхгүй үгнүүд хэлээд байдаг хүн байсан. Тэрнээс болоод ах дүү нараа согтуурсан үедээ байнга хэл амаар доромжилж байсан ...талийгаач Б.М ч гэсэн түргэн ууртай хүн байсан ...надад санал хүсэлт байхгүй, талийгаач болон Б.Тийн хувьд байнга архи уудаг, архинаас болж ийм зүйл болсон гэж бодож байна. Нэгэнт тэр хоёр надад адилхан хүн тул ах эгч нарын зүгээс ямар нэгэн гомдол саналгүй ...надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Талийгаач болон Б.Т хоёулаа миний цус, ясны тасархай, миний дүү нар тул ах дүү төрөл садангуудын зүгээс Б.Тээс ямар ч мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, гэрч А.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б.М, Б.Т ах дүү хоёр хоёулаа Казахстан улсын иргэд юм ...Талийгаач Б.М болон Б.Т нар нь манай багийн архины хамааралтай иргэдийн судалгаанд байдаг бөгөөд миний бие тус иргэдэд хувь хүмүүсээс ирсэн хандивын хүнсийг жилд 3-4 удаа өгөх үеэр гэрт нь орж гардаг. ...манай багийн архины хамааралтай хүмүүсийн бөөгнөрөл үүсгэдэг иргэдийн судалгаанд Б.Т нар байдаггүй. Тэд нарын бөөгнөрөл үүсгэх цэгүүдэд архи ууж согтуу явж байгааг нь хараагүй” гэх мэдүүлэг, шүүх сэтгэц гэм судлалын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №30 дугаар магадалгааны 4-т “...нийгэмд аюулгүй..." гэснээр, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Б.Т урьд ял шийтгүүлж байгаагүй гэснээр, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан “амь хохирогч Б.М, шүүгдэгч Б.Т хоёулаа миний төрсөн дүү нар болно. Шүүгдэгч Б.Тээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй. Шүүгдэгч Б.Тт хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү” гэсэн тайлбар, шүүгдэгч Б.Тээс "гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү" гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаас үзвэл амь хохирогч төрсөн дүү нь болох Б.Тийг архинд оруулсан, мөн талийгаачийн хувьд согтуурсан үедээ Б.Тт болж бүтэхгүй үгнүүд хэлдэг, үүнээс болж ах дүү нараа согтуурсан үедээ байнга хэл амаар доромжилдог гэх зэрэг зан байдалтай хүн байжээ. Харин шүүгдэгч Б.Тийн хувьд хэдийгээр ахтайгаа нийлж архи уудаг боловч нийгэмд аюулгүй болох нь шүүх сэтгэц гэм судлалын магадалгаагаар нотлогдон тогтоогдсон байна.

Үүнээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгч Б.Тт оногдуулсан 9 жилийн хорих ялын хэмжээг 8 жил болгож багасгах, мөн уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэж байна.

4.3. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдолд:

5.1.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдлыг гаргаж байна.

5.2. Шүүхээс шүүгдэгч Б.Тийг хүнийг алсан гэмт хэрэг үлдсэн гэм буруутайд тооцож, 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь: Мөрдөн байцаагчаас намайг талийгаач дүү Б.Мийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Миний бие талийгаач дүү маань дүү Б.Тт үлгэр дуурайлал үзүүлэхийн оронд түүнийг архинд оруулсан, архи уух үер Б.Тийг байнга доромжилдог, болж бүтэхгүй үгнүүд хэлдэг талаар тайлбарлаж хэлсэн. Мөн талийгаач Б.М ч гэсэн түргэн ууртай хүн байсан, архинаас болж ийм зүйл болсон гэж бодож байгаагаа хэлсэн. Тэр хоёр надад адилхан хүн тул Б.Тт ямар нэгэн гомдол саналгүй. Б.Т гэмт хэрэгт холбогдохдоо түүнд өмгөөлөгч авч өгөх мөнгөний бололцоо байхгүй байсан тул улсын өмгөөлөгч авч өгсөн. Улсын өмгөөлөгч К.Алтангүл гэдэг хүн Ховд аймаг руу явснаар өмгөөлөгч А.Серикжантай уулзаж учир байдлаа хэлснээр биднээс төлбөр авахгүйгээр Б.Тт туслахаар болсон. Өмгөөлөгч А.Серикжанаас шүүхэд дүү Б.Тт хөнгөн ял өгөх, мөн уг ялыг нээлттэй хорих шоронд эдлүүлж өгөхийг хүссэн. Гэтэл шүүхээс Б.Тийг шийтгэхдээ хэтэрхий хатуу хандсан төдийгүй, уг 9 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй шоронд эдлүүлэхээр болсонд гомдолтой байна.

5.3. Ийм дэглэмд хоригдох хүнийг манай аймгийн төвөөс хол газарт буюу Сэлэнгэ, Дархан зэрэг аймгийн шоронд аваачиж хорьдог юм байна. Б.Тт хөгжлийн бэрхшээлтэй эгч бид хоёроос өөр төрөл садангийи хүмүүс гэж бараг байхгүй тул дүү Б.Ттэй 9 жилийн турш уулзаж чадахгүй гэдэгт маш их харамсаж байна. Иймд Б.Тийг харж үзэж, 9 жилийн хорих ялын хугацааг бууруулж, дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

6.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тт ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан тухайн ялыг оногдуулсан. Шүүгдэгч Б.Т хулгайлах гэмт хэрэг үйлдээд түүнд хаалттай хорих ангид эдлүүлэхээр анхан шатны шүүхээс шийдээгүй. Өнөөдөр хүний амь насыг хохироосон. Өөрийнх нь төрсөн ахын амь насыг хохироосон гэдэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд эдлүүлсэн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

6.2. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3, 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  заасан гэмт хэрэгт холбогдсон  Б.Тт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна.

6.3. Шүүгдэгч Б.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, үүний дагуу анхан шатны шүүхээс түүний холбогдсон гэмт хэрэгт 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолоор 9 жилийн хорих ял оногдуулж, түүнийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

6.4. Анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага болон хорих ангийн дэглэмтэй холбоотой хэргийн оролцогчдоос гаргасан гомдлын дагуу өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан явагдаж байна. Анхан шатны шүүхээс Б.Тийн үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, хохирол, нөхцөл байдлыг харгалзан зохих ялыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөх саналтай байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

7. Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

            9. Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Ө сумын 9 дүгээр багийн задгайд байрлах өөрийнхөө гэрт 2021 оны 10 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө, мөн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06 цагийн үед ах Б.Мг зодож алсан гэмт хэрэг үйлдсэн нь:

-хэргийн газарт 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 11-19 дүгээр тал/, амь хохирогч Б.Мийн цогцост 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 20-24 дүгээр тал/ цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1 дэх хавтаст хэргийн 18-22 дахь тал/,

 -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “...Тэнд очоод бүгдээрээ гэрт ороход дүү М орон дээрээ ухаангүй хэвтэж байсан ба нүүрийг нь үзэхэд цус болчихсон байсан ба судсыг нь барьж үзэхэд цохилохгүй байсан. ...дүү Б.Т, Б.М хоёр 2012 онд Казахстан Улсаас ирснээс хойш нэг гэрт амьдарч байгаа. Б.Т, Б.М нар урьд нь хаяа нэг зодолдож байсан үе байсан. ...тэд нарын хувьд өдрийн цагаар энэ тэнд архи уугаад орой нь гэртээ очиж амардаг, хэцүү амьдралтай байсан. ...хөрш нь гэх нэг эмэгтэй хүн бид нарт талийгаачийг үүрээр дүү нь өшиглөж байсныг харсан гэж хэлсэн. ...Надад санал хүсэлт байхгүй, талийгаач болон Б.Тийн хувьд байнга архи уудаг, архинаас болж ийм зүйл болсон гэж бодож байна. Тэр хоёр надад адилхан тул ах эгч нарын зүгээс ямар нэгэн гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Дүү Б.Тт хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг  /1 дэх хавтаст хэргийн 83-85, 88 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- гэрч Т.Жн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 100-101 дүгээр тал/,  гэрч М.Еы мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 108-109 дүгээр тал/, гэрч С.Нн мэдүүлэг /1 дэх хавтаст 115-117 дахь тал/, гэрч Р.О-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 135 дахь тал/,

 - шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай “...1.2. Талийгаач Б.Мийн биед дээрх задлан шинжилгээний оношинд тавигдсан гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.5. Талийгаач Б.М нь гавал тархины битүү хавсарсан гэмтэл, их тархины хоёр талд, бага тархинд, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. 6. Талийгаач Б.Мийн биед элэгний хатууралтай архаг хууч өвчтэй. 7. Талийгаач Б.М нь шүүх химийн шинжилгээгээр цусанд этилийн 4.1% промилль этилийн спирт илрэв. Тухайн үед хүнд зэргийн согтолттой байжээ. 8. Цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад ойролцоогоор 10-15 цаг болсон байна. 9. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 164-170 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч Б.Гантуяагийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5054 дугаартай  дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 220-223 дахь тал/,  2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5055 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст 231-234 дэх тал/, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5056 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 240-245 дахь тал/,  

-шүүгдэгч Б.Тийн сэжигтнээр болон яллагдагчаар  өгсөн мэдүүлгүүд /2 дахь хавтаст хэргийн 9-10, 22-23 дэх тал/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

10. Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах болох хохирогч Б.Мтэй хэрүүл маргаан үүсгэж, түүний толгойн тус газар өшиглөсний улмаас   хохирогчийн эрүүл мэндэд гавал тархины битүү хавсарсан гэмтэл, их тархины хоёр талд, бага тархинд, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                11. Шүүгдэгч Б.Тт холбогдох  хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Б.Тийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял эдлүүлэх дэглэмийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.

 

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдэн, хохирогч Б.Мийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан амьд явах үндсэн эрхийг хохироосон  нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Иймд шүүгдэгч Б.Тийг шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар есөн  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй шүүхээс оногдуулсан хорих ял мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аы “...Шүүхээс Б.Тийг шийтгэхдээ хэтэрхий хатуу хандсан төдийгүй 9 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй  шоронд эдлүүлэхээр болсонд гомдолтой байна. Хорих ялын хугацааг бууруулж, дэглэмийг  хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны “...шүүгдэгч Б.Тт оногдуулсан 9 жилийн хорих ялын хэмжээг 8 жил болгож багасгах, мөн уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой байна. Энэ нь Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэж байна...” гэх гомдлуудыг хянан үзэхэд: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан есөн жилийн хугацаагаар хорих ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, дэглэмийг өөрчлөх тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн  өмгөөлөгч А.Серикжан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ