Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2016/0151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 13869А, 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15523А, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн МV-, 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн МV- дугаартай хайрга олборлохоор олгосон тусгай зөвшөөрлүүд болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн газар давхцуулан олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий М ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: "М" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 тоот захирамжаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, Түргэний голын нутаг дэвсгэрт 178041/0438 нэгж талбарын дугаар бүхий 50000 м.кв газрыг амины орон сууцны хотхоны зориулалтаар эзэмшиж байна. 2015 оны компанийн төлөвлөгөөгөөр тус газарт барилга барих ажил эхлэх гэтэл өөр бусад компаниуд манай газрыг тойруулж хашаа барин үйл ажиллагаа явуулж байна. Учрыг тодруулахад хайрга олборлох зориулалтаар Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд болох 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 13869А тоот "Б*******" ХХК-д, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн МҮ- тоот "М*******" ХХК-д, 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн МҮ- тоот "М*******" ХХК-д тус тус газарт давхцуулан дээрх тоот тусгай зөвшөөрлүүдийг олгожээ. Үүний давхцлыг арилган шийдвэрлэж өгнө үү хэмээн Ашигт малтмалын газарт 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 38/2015 тоот албан бичгээр хандахад Ашигт малтмалын газраас 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 6/2689 тоот албан бичгээр манай компанийн хүсэлтийг хүлээн авахгүй шүүхэд ханд гэсэн хариу өгснийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан юм.

Иймд манай компанид Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 тоот захирамжаар амины орон сууцны хотхон барих зориулалттай 5 га газар олгосонтой давхцуулан 2008 оноос эхлэн олгосон Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд болох 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 13869А, 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15523А, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн МҮ-, 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн МҮ- дугаартай хайрга олборлохоор олгосон тусгай зөвшөөрлүүд болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн газар давхцуулан олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргав гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "М" ХХК-аас тус шүүхэд гаргасан "Нийслэлийн засаг даргын 2004 оны 455 тоот захирамжаар тус компанийн эзэмшилд амины орон сууцны хотхон барих зориулалттай 5 га газартай давхцуулан олгосон ашигт малтмалын ашиглалтын 13869А, 15523А, 17002А, 16822А дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1044 дүгээр шийдвэрээр Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Бог уул нэртэй 284.75 га талбайд ашигт малтмалын хайгуулын 13209Х тусгай зөвшөөрлийг "Б*******" ХХК-нд олгосон бөгөөд тухай нь талбайн Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь хэсэгт "тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй", 17.2.3.хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй" гэж заасныг тус тус хангасан байсан.

Ашигт малтмалын хайгуулын 13209Х тусгай зөвшөөрлийн талбайд "Б*******" ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3 дахь хэсэгт зааснаар тус компанид ашигт малтмалын ашиглалтын 13869А дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 1044 дүгээр шийдвэрээр олгосон.

"Б*******" ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 13869А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас тодорхой хэсгийг Ашигт малтмалын тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу дараах 3 компанид шилжүүлсэн байна. Үүнд

1. 2010 оны 02 дугаар сарын 22-ний өдөр "Б*******" ХХК-нь ашиглалтын 13869А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас 29.97 га талбайг хэсэгчилэн "Марикоманхан" ХХК-нд шилжүүлэх өргөдөл гаргасныг хүлээн авч Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 288 дугаар шийдвэрээр хэсэгчилэн шилжүүлснийг бүртгэж, ашигт малтмалын ашиглалтын 15523А дугаартай тусгай зөвшөөрлийг "Марикоманхан" ХХК-нд олгосон бөгөөд уг 15523А тусгай зөвшөөрөл 2038 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр бүртгэлтэй.

2. 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр "Б*******" ХХК-нь ашиглалтын 13869А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас 31.52 га талбайг хэсэгчилэн "М*******" ХХК-нд шилжүулэх өргөдөл гаргасныг хүлээн авч Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 414 дүгээр шийдвэрээр хэсэгчилэн шилжүүлснийг бүртгэж, ашигт малталын ашиглалтын 16822А дугаартай тусгай зөвшөөрлийг "М*******" ХХК-нд олгосон бөгөөд уг 16822А тусгай зөвшөөрөл 2038 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хүчин төгөлдөр бүртгэлтэй.

3. 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр "Б*******" ХХК-нь ашиглалтын 13869А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас 20.0 га талбайг хэсэгчилэн "Марикоманхан" ХХК-нд шилжүүлэх өргөдөл гаргасныг хүлээн авч Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар 120 дугаар шийдвэрээр хэсэгчилэн шилжүүлснийг бүртгэж, ашигт малталын ашиглалтын 17002А дугаартай тусгай зөвшөөрлийг "Марикоманхан" ХХК-нд олгосон бөгөөд уг 17002А тусгай зөвшөөрөл 2038 оны 07 дугаар сарын 09-ны өдрийг дуустал хүчин төгөлдөр бүртгэлтэй.

4. 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр "Б*******" ХХК-нь ашиглалтын 13869А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас 40.07 га талбайг хэсэгчилэн "Н*******" ХХК-нд шилжүүлэх өргөдөл гаргасныг хүлээн авч Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 426 дугаар шийдвэрээр хэсэгчилэн шилжүүлснийг бүртгэж, ашигт малтмалын ашиглалтын 17066А дугаартай тусгай зөвшөөрлийг "Н*******" ХХК-нд олгосон бөгөөд уг 17066А тусгай зөвшөөрөл 2038 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр бүртгэлтэй.

"Б*******" ХХК-нд ашигт малтмалын хайгуулын 13208Х, ашиглалтын 13869А дугаартай тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2.3 дахь хэсэгт заасныг болон тус компанийн ашиглалтын 13869А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас дээрх компануудын эзэмшилд хэсэгчилэн шилжүүлж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

Гуравдагч этгээд М******* ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: Манай компани нь Улаанбаатар хотын Хан уул дүүрэг, 14 дүгээр хороонд Бог уул нэртэй Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй /15523А, МУ- дугаартай/ нийт 50 га газар эзэмшдэг.

Гэтэл 2015 оны 7 дугаар сарын 18-ны Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс "манай эзэмшиж байгаа талбайд М ХХК эзэмшил газар давхардсан гэсэн гомдол ирсэн" тухай мэдэгдэх хуудас, шүүгчийн 4641 дугаар захирамж тус тус ирүүлсэн тул дараах холбогдох тайлбарыг хүргүүлж, "манай 15523А, МV- дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн газар давхардуулан олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл" гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байгааг хүлээн авна уу. Үүнд:

1.Манай компани нь дээрх тусгай зөвшөөрлийг АМГ-ын зохих журмын хүрээнд Баттөр гэрэл ХХК-нд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 17.2.3 заалтын дагуу Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон 13869А тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас Ашигт малтмалын тухай хуулийи 50 дугаар зүйлд заасны дагуу лиценз шилжүүлэх шийдвэр гаргуулан:

-2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15523А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл,

-2011 оны 01 дүгээр сарын 31-ний МV- дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус хуулийн дагуу эзэмшиж байна.

2. Бид 2010 оны 2 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа эхэлж энэ хугацаанд Ашигт малтмалын тухай хууль болон АМГ-ын холбогдох журмын дагуу 2011 онд эзэмшил газартаа дахин хайгуул хийлгэж нөөц тогтоолгон баталгаажуулсан, дээжид лабораторын шинжилгээ хийлгэх, Геологийн уулын ажлын төлөвлөгөө хянуулах, тайланг хэлэлцүүлэх, ТЭЗҮндэслэлд шүүмж хийлгэх, шинжилгээ хийлгэх, 2012 онд БОАЖяамаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу байгаль орчны үнэлгээ хийлгэх, нөхөн сэргээлтийн барьцаа төлөх, АМГ-т ашигт малтмалын газар эзэмшсэний лицензийн төлбөр төлөх, НӨТ төлөх. Өндөр хүчдэлийн шугам татаж, дэд станц барих, орд газрыг тойруулан хашаа барих зэрэг ажил үйлчилгээг өөрсдийн хөрөнгө оруулалт, зардлаар хийж гүйцэтгэсэн.

Мөн 2013 оноос эхлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөхөн сэргээлт хийгээгүй гэдэг шалтгаанаар Хан уул дүүргийн Засаг даргын 04 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр үйл ажиллагааг маань түр зогсоосон. Гэтэл дээрх хугацаанд манай байгууллага олборлолтын үйл ажиллагаа эрхлээгүй байсан бөгөөд зөвхөн зохих зөвшөөрөл шийдвэрүүдээ албан бичгийн хүрээнд бүх зөвшөөрлөө авсан болно.

4. 2014 онд Хан уул дүүргийн Засаг даргын 2 дугаар сарьтн 05/72 албан бичгээр Монгол улсын Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт танай эзэмшил газар хамаарсан тул үйл ажиллагаагаа зогсоож нөхөн сэргээлт хийхийг мэдэгдсэнээр манайх үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа болно.

5. Мөн үйл ажиллагааг түр зогсоох талаар дүүргээс манайд хандаж эхэлсэнээс хойш хэд хэдэн байгууллага манай эзэмшлийн Ашигт малтмалын газартай өөрсдийнх эзэмшиж байгаа газар давхцаж байгаа талаар гомдол гаргаж эхэлсэн бөгөөд эдгээрийн нэг нь дээрх Монхаус ХХК болж байна.

Дүгнэвэл:

а.Манай компанийн эзэмшиж байгаа Улаанбаатар хотын Хан-Уүл дүүргийн нутаг дэвсгэр Өлзийт хороонд орших Бог-Уул нэртэй газарт МV- болон 15523А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Монгол Улсын холбогдох хууль, АМГ-ын зохих журмын хүрээнд хууль ёсоор олгогдсон болно.

б.Монхаус ХХК-ны Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлд хавсаргасан баримтад:

-Нийслэлийн засаг даргын 2004 оны 455 дугаар захирамжаар тус компанид эзэмшүүлэхээр олгосон 5 га газрын кадастр нь тодорхойгүй,

-тухайн үед олгосон газар эзэмших зөвшөөрлийн гэрчилгээгүй,

-тухайн үед зөвшөөрсөн 5 жилийн хугацаа нь дууссан,

-дээрх хугацаанд амины орон сууцны хотхон баригдаагүй,

-Газрын зөвшөөрөл авсанаас хойш 2 жилийн дотор үйл ажиллагаа явуулаагүй бол зөвшөөрлийг хүчингүйд тооцдог холбогдох хууль, журмын нөхцөл бүрдсэн,

-хугацаа сунгасан баримтгүй байгаа нь тухайн зөвшөөрөл хүчингүй болсон байсныг илтгэж байна.

в.Манай компанид:

-2012 оны 6 дугаар сарын 22-нд Усны кадастр хяналт шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн А.О*******ын ирүүлсэн" манай компанийн эзэмшиж байгаа газрын хэсэг нь Түргэний голын усны сав бүхий газрын хамгаалалтын бүсэн орсон" талаарх мэдээлэл,

-2013 оноос эхлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөхөн сэргээлт хийгээгүй гэдэг шалтгаанаар Хан уул дүүргийн ИТХ-ын 07 тоот тогтоолоор үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэр,

-2014 онд Хан уул дүүргийн Засаг даргыы 2 дугаар сарын 05/72 албан бичгээр Монгол улсын Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт танай эзэмшил газар хамаарсан тул үйл ажиллагаагаа зогсоож нөхөн сэргээлт хийхийг мэдэгдсэн албан бичиг нь хоорондоо холбоотой байх боломжтой бөгөөд дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар нэхэмжлэлд нэр дурьдагдсан 3 компани нь дээрх газрыг Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгааг мэдсээр байж 2012 оны 6 дугаар сарын 22-нд А/453 тоот захирамж гаргаж, хууль зөрчин Монхаус ХХК-ын 0293593 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг давхардуулан олгосон нь нотлогдож байна. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүухэд гаргаж өгсөн нэхэмжлэлдээ хавсаргасан баримтад кадастрын зураг хавсаргасан байх бөгөөд энэхүу кадасрын зурагт кадастрын цэгүүд тэмдэглэгдээгүй, кадастрын зөвшөөрлийн дугаар нь 0293593 гэж байгаа бөгөөд энэхүү дугаарын зөвшөөрлийг Б******* ХХК-ийн АМГ-аас зөвшөөрөл авсан 2008 оноос даруй 4 жил гаруйн дараа олгогдсон болох нь батлагдаж байна.

Гуравдагч этгээд Монголжодоо ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2004 онд анх байгуулагдаж барилгын материалын үйлдвэрлэл, хүнд машин механизмын түрээс, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Тус компанийн захирал Б.Б миний бие нийгмийн хариуцлагатай байж "Д*******" ТББ-ын тэргүүн, Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөл ТББ-д дэд тэргүүн, "Б*******" ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн гэх мэт албан тушаалтайгаар ажиллаж Байгаль Орчны эсрэг гэмт хэрэг хийж байгаа олон тооны компаниудын үйл ажиллагааг таслан зогсоож, Монгол улсынхаа газар шороо, уул ус, амьсгалах агаарын төлөө ард түмэнтэйгээ хамтран тэмцэж, амжилттай ажилласаар ирсэн. Үүний нэг жишээ нь өвөг дээдсийн минь булш бунхан хадгалагдсан түүх соёлын их нууцыг агуулж буй "Ноён" уулаа аврах хөдөлгөөнийг зохион байгуулж тэмцлийн хурц хэлбэр болох " өлсгөлөн"-г хүртэл зарлаж байж хамгаалсан юм.

Үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд 2011 оны 5 сард МV- дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын орд газрыг хуулийн дагуу, өөрийн эзэмшилд авсан байдаг ба өнөөдрийг хүртэл зохих төлбөрийг төлж ямар нэгэн зөрчилгүйгээр эзэмшиж байна.

Манай компани нь 2013 онд уулын дайрга үйлдвэрлэхээр тус лицензтэй талбайдаа 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тоног төхөөрөмж худалдаж аван угсраад зохих төрийн байгууллагуудын зөвшөөрөл болон бичиг баримтуудыг 100% бүрдүүлж, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хянуулан үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй, одоо дүүргийн Засаг даргатай гэрээ хийхэд болно гэсэн хариу авсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга өнөөдрийг хүртэл манай компанитай гэрээ хийхгүй саад хийж байгаа нь манай компанийн эзэмшлийн талбайг цуцлуулж, хэн нэгэнтэй үгсэн хуйвалдаж хувааж авах гэсэн шуналт санааг агуулж байна гэж хардах үндэстэй байгаа юм.

Манай компанийн эзэмшлийн талбайг цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан "М" ХХК-ийнхны шүүхэд өгсөн баримт бичгээс үзэхэд анх үүсгэн байгуулагдсан огноо, Улсын бүртгэлд бүртгүүлсэн огноо нь зөрүүтэй хуурамч, газар эзэмших гэрчилгээ нь хуурамч, хүчингүй байх ба 2004 оны 10 дугаар сарын 6-ний өдрийн 455-р захирамжинд нэр нь байхгүй, хуурамч материал бүрдүүлсэн байна.

"М" ХХК-ний энэхүү үйлдлийг бид төрийн зарим нэгэн албан тушаалтантай хуйвалдан хууль зөрчиж шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг булаан авахыг санаархаж байгаа Эрүүгийн гэмт хэрэг гэж дүгнэж байна.

Иймд "М" ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

М ХХК-ийн тус шүүхэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 13869А, 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15523А, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн МV-, 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн МV- дугаартай хайрга олборлохоор олгосон тусгай зөвшөөрлүүд болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн газар давхцуулан олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдаанаараа шийдвэр гаргалаа.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн болон тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчингүй болгохыг хүсэж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч болох Б******* ХХК, М******* ХХК, М******* ХХК нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тул гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан болно.

Нэхэмжлэгч М ХХК болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар нотлох баримт бүхий хүсэлтийг шүүхэд ирүүлээгүйгээс гадна М ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 161/2015 дугаар албан бичгээр ...нэхэмжлэлээ дэмжиж байна. Надгүйгээр шүүх хуралдаан явуулахад татгалзах зүйлгүй, шүүх хуралдааныг хойшлуулалгүй шийдвэрлэж өгнө үү гэж ирүүлсэн хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

Гуравдагч этгээдүүдийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй талбай нь 2014 оны Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлал бүхий газар байна. 2014 оноос өмнөх түгээмэл дархацтай ашигт малтмалын эрх зүйн харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж байсан тул шүүх шийдвэр гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийг баримтлалаа.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ Хариуцагч 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 13869А, 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15523А, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн МV-, 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн МV- дугаартай тусгай зөвшөөрлүүд олгохдоо М ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 тоот захирамжаар амины орон сууцны хотхон барих зориулалттай олгосонтой 5 га газартай давхцуулсан нь хууль бус гэсэн.

Анх Б******* ХХК-д 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 13209Х Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл[1] олгосон бөгөөд улмаар 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1044 дугаар шийдвэрээр[2] Хан-Уул дүүргийн Бог-Уул нэртэй 285 га эдэлбэр газарт ашигт малтмалын ашиглалтын 13869А дугаар[3] тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараахь шаардлагыг хангасан байна, 17.2.2 тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй, 19 дүгээр зүйлийн 19.3-т Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд  энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана, 19.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэж тус тус заасан шаардлагыг хариуцагч биелүүлжээ. Тодруулбал, хариуцагчаас 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 7-7557 дугаар албан бичгээр[4] Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн мэдэгдлийн хариуд Нийслэлийн Засаг дарга 2007 оны 12 дугаар сарын 27-ны 7/2131[5] дугаар албан бичгээр ...дэмжиж байгаа болохыг мэдэгдье гэжээ.

Харин хариуцагчийн 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр[6] Б******* ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 285 гектар талбайгаас 30 гектар талбайг Марикоманхан ХХК-д шилжүүлж 15523А дугаар тусгай зөвшөөрөл[7], 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 414 дүгээр шийдвэрээр[8] 31,52 гектар талбайг М******* ХХК-д шилжүүлж MV- дугаар тусгай зөвшөөрөл[9], 2012 оны 01 дүгээр сарын 31-ий өдрийн 120 дугаар шийдвэрээр[10] 20 гектар газрыг Марикоманхан ХХК-д шилжүүлж MV-[11] дугаар тусгай зөвшөөрөл тус тус олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэж заасны дагуу хариуцагч нь тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хэсэгчилэн шилжүүлэх хүсэлтийг болон шаардлагатай баримтуудыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн, М ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 455 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд 50 га газар олгосон байх боловч тухайн газар эзэмших эрхийг 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/453 дугаар захирамжаар сунгасны дараа Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба  тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу М ХХК нь газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгож, газрын байршлын кадастрын зураг үйлдсэн болох нь газар баталгаажилтын хувийн хэргээс[12] нотлогдож байна. Мөн 2012 оноос өмнө М ХХК нь газрын төлбөр төлж байгаагүй болох нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4/7806 дугаар албан бичгээр тодорхойлогдсон болно.

Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд, хариуцагч нь зохицуулалт бүхий хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан байх тул М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.3, 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг тус тус баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 13869А, 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15523А, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн МҮ-, 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн МҮ- дугаартай хайрга олборлохоор олгосон тусгай зөвшөөрлүүд болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн газар давхцуулан олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. 3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ

 

 

[1] Хавтаст хэрэг №1, 41-р тал

[2] Хавтаст хэрэг №1, 63-р тал

[3] Хавтаст хэрэг №1, 68-р тал

[4] Хавтаст хэрэг №2, 76-р тал

[5] Хавтаст хэрэг №2, 77-р тал

[6] Хавтаст хэрэг №1, 64-р тал

[7] Хавтаст хэрэг №1, 65-р тал

[8] Хавтаст хэрэг №1, 114-р тал

[9] Хавтаст хэрэг №1, 109-р тал

[10] Хавтаст хэрэг №1, 52-р тал

[11] Хавтаст хэрэг №1, 49-р тал

[12] Хавтаст хэрэг №1, 28-р тал