Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2024/02844

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** тоот, К******* м******* ХХК-ийн /РД: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* оршин суух, Б*******ийн А**** /РД: *******/ холбогдох 5,333,118 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.А***ын 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 02 тоот сургалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, үлдэгдэл цалин 951,326 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ГД*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н*******,

Хариуцагч Б.А***ын өмгөөлөгч Г.Ө*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ч нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч К******* м******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.А*** нь нэхэмжлэгч "К**** М*******" ХХК-тай 2023 оны 03 сарын 22-ны өдөр тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан мэс заслын эмч ажлын байранд үндсэн ажилтны хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан билээ.

Б.А*** нь хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа нэхэмжлэгч "К М*******" ХХК-д хандан тус эмнэлэгт хийгддэг мэс ажилбар болох "1470 Velas laser" буюу суганы хэт хөлрөлтийг зогсоох мэс ажилбарыг сурах хүсэлтэйгээ илэрхийлсэн.

Иймээс хариуцагч Б.А***ын хүсэлтээр нийт 11 ажлын өдөр, 44 цагийн сургалтаар шинэ мэс ажилбарын ур чадварт суралцаж, сургалтын үнэлгээ төлбөрийг 7,070,000 байхаар харилцан тохиролцож, ажлын байрны дагалдан болон чадавхижуулах сургалтын хөтөлбөр батлаж, нэхэмжлэгч "К М*******" ХХК-ийн эмнэлгийн мэс заслын тасагт суганы мэс засал, суганы хэт хөлрөлтийг зогсоох мэс ажилбарыг сургах 4 цагийн онолын хичээл, 40 цагийн дадлагаар тус мэс заслын ур чадварыг сургахаар болсон.

Ингээд Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээний дагалдах гэрээ болох 02 дугаартай сургалтын гэрээг хариуцагч тал болох тус компанид эмч ажлын байранд ажиллаж байсан Б.А***тай 2023 оны 03 сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн хуулийн 73.3 дугаар зүйлийг баримтлан 3 жилийн хугацаагаар байгуулан сургалтаа эхлэсэн.

Тус сургалтын гэрээнд талууд харилцан тохирч сургалтын зардлыг даракх байдлаар тохиролцож сургалтын гэрээний хавсралт 1-ээр баталгаажуулсан. Нэршил сургах ур чадвар онол, хугацаа 4 цаг, үнэлгээ 1,050,000 төгрөг,

Нэршил сургалтанд ашиглах аппарат тоног төхөөрөмжийн 1 цагийн үнэлгээ, хугацаа сургах ур чадвар цагийн үнэлгээ, хугацаа нэг удаад 1 цаг 30 минут, үнэлгээ 1 цагийн 48,000 төгрөг, нийт 40 цагийн 1,920,000 төгрөг,

Нэршил сургалтын хугацаа цаг, өдрөөр, хугацаа дадлага 40 цаг, 10 өдөр, үнэлгээ 11,666 төгрөг, нийт 466,666 төгрөг,

Нэршил сургалтанд ашиглах бүтээгдэхүүний нэршил, хэмжээ, хугацаа 1 удаад хэрэглэгдэх материалын үнэ, үнэлгээ бүх зардал, нийт дүн 224,325 төгрөг,

Нэршил ур чадварын сургалтын багшийн 1 цагийн төлбөрийн үнэлгээ, хугацаа 40 цаг, үнэлгээ 1 удаад 11,666 төгрөг, нийт 40 удаа, нийт дүн 466,666 төгрөг,

Суралцах хугацаандаа үндсэн цалинг тооцон олгоно, үнэлгээ 10 хоног, нийт 500,000 төгрөг,

Нэршил төхөөрөмж болон утаслаг үнэ хагалгаанд, хугацаа 2 утаслаг, үнэлгээ нийт 40 хагалгаа, нийт 1,050,000 төгрөг, нийт зардал 7,070,000 төгрөг.

Хариуцагч Б.А***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.6 дугаар зүйлд заасны дагуу гэрээгээр тохиролцсон үндсэн цалин сарын 1,000,000 төгрөг бөгөөд тус сургалтын гэрээний дагуу шинээр суралцсан суганы хөлрөлтийг арилгах мэс заслыг сурч эзэмшсэний дараа Б.А*** тус мэс заслыг хийж эхэлснээр дараах цалин урамшууллыг сар тутамд авч эхэлсэн билээ.

Цалин авсан огноо 2023 оны 03 сар, үндсэн цалин 363,636 төгрөг, тухайн сард авсан нийт цалин хөлс 363,636 төгрөг,

2023 оны 04 сар, үндсэн цалин 1,000,000 төгрөг, суганы хэт хөлрөлт багасгах ажилбар хийсэн тоо 46, мэс ажилбар тутамд ноогдох гүйцэтгэлийн урамшуулал 2,530,000 төгрөг, тухайн сард авсан нийт цалин хөлс 3,530,000 төгрөг,

2023 оны 05 сар, үндсэн цалин 1,000,000 төгрөг, суганы хэт хөлрөлт багасгах ажилбар хийсэн тоо 60, мэс ажилбар тутамд ноогдох гүйцэтгэлийн урамшуулал 3,670,000 төгрөг, тухайн сард авсан нийт цалин хөлс 4,670,000 төгрөг,

2023 оны 06 сар, үндсэн цалин 1,000,000 төгрөг, суганы хэт хөлрөлт багасгах ажилбар хийсэн тоо 56, мэс ажилбар тутамд ноогдох гүйцэтгэлийн урамшуулал 2,505,000 төгрөг, тухайн сард авсан нийт цалин хөлс 3,505,000 төгрөг,

2023 оны 07 сар, үндсэн цалин 1,000,000 төгрөг, суганы хэт хөлрөлт багасгах ажилбар хийсэн тоо 55, мэс ажилбар тутамд ноогдох гүйцэтгэлийн урамшуулал 2,765,000 төгрөг, тухайн сард авсан нийт цалин хөлс 3,765,000 төгрөг.

Нийт тус эмнэлэгт 5 сарын хугацаанд ажиллахдаа үндсэн цалин 4,363,636 төгрөг, сургалтаар сурсан суганы хэт хөлрөлтийг арилгах шинэ мэс заслыг гүйцэтгэсэн ажилбар бүрд ноогдох урамшуулал цалин 11,470,000 төгрөг, нийт 15,883,636 төгрөгийг цалин болгон авч байсан нь сургалтын хөтөлбөрийн дагуу бүрэн ур чадвар эзэмшиж, сургалтын гэрээ бүрэн үр дүнтэй гүйцэтгэгдэн дуусгавар болсныг баталгаажуулж байгаа болно.

Нэхэмжлэгч байгууллага нь Хөдөлмөрийн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дүгээр зүйлийг баримтлан Б.А***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сургалтын гэрээ байгуулах талаар тусгасан, мөн сургалтын гэрээг байгуулахдаа Хөдөлмөрийн хуулийн 73.2-т заасан ажил олгогчийн зардлаар суралцах дагалдах гэрээнд сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг бүрэн тусгасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан.

Мөн Хөдөлмөрийн хуулийн 73.3 дугаар зүйлд зааснаар сургалтын гэрээг 3 жилээр байгуулан хуульд бүрэн нийцсэн үйл ажиллагааг явуулсан.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хуулийн 73.4-т заасны дагуу нийт сургалтын гэрээний зардал болох 7,070,000 төгрөгөөс хариуцагч Б.А***ын ажилласан 4 сард хувь тэнцүүлэн тооцож сургалтын гэрээнээс хасч, дараах тооцооллыг гаргаж, нэхэмжлэлийн дүнг 5,333,118 төгрөгөөр тооцсон.

Сургалтын үнэ 7,070,000 төгрөг, сургалтын гэрээний баталсан хугацаа 36 сар буюу 3 жил,

1 сард оногдох сургалтын төлбөрийн хэмжээ 196,388 төгрөг,

ажилласан 4 cap, ажилласан сард ногдох сургалтын төлбөрийн хасалт 785,555 төгрөг,

үлдэгдэл сургалтын төлбөр 6,284,444 төгрөг, ажлаас гарсан сүүлийн цалингийн үлдэгдэл 951,326 төгрөг,

Нийт дээрх зардлыг сургалтын гэрээнээс хасаад үлдэх төлбөр 5,333,118 төгрөг.

Хариуцагч Б.А*** нь сургалтыг бүрэн дуусгаж, шинэ ур чадвар буюу шинэ мэс ажилбарт суралцаж, зөвхөн тус мэс ажилбарыг гүйцэтгэсэн урамшуулал цалин болох 11,470,000 төгрөгийг үндсэн цалингийн хамт авсны дараа тус сургалтын гэрээний 2.6-д заасан 3 жил ажиллах нөхцөлийг зөрчиж, 2023 оны 07 сарын 21-ний өдөр өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлийг бичгээр өгснөөс хойш 2023 оны 07 сарын 22-ны өдрөөс ажилдаа ирэхгүй, дур мэдэн ажлаа тасалсан.

Мөн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалаа ирж аваагүй тул манай байгууллага Хөдөлмөрийн хуульд заасны дагуу Б.А***ын иргэний үнэмлэхний хаягаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тушаалыг шуудангаар илгээж, хуульд заасан үүргээ бүрэн биелүүлсэн болно

Иймд хариуцагч Б.А***аас сургалтын гэрээний үлдэгдэл 5,333,118 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.

Хөдөлмөрийн хуулийн 73.4-р зүйлд "Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө" гэж заасны дагуу хариуцагч Б.А*** нь сургалтын гэрээ байгуулан суралцаж дууссаны дараа, өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлөө бичгээр өгсний маргаашаас үүрэгт ажлаа хаяж дахин ирээгүй тул, төлбөрийг сургалтын гэрээнд зааснаар хариуцагч Б.А***аас ажилласан хугацаанд хувь тэнцүүлэн тогтоосон сургалтын төлбөрийн үлдэгдэл 5,333,118 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.А*** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

К**** м******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.А*** надад холбогдох 5,333,118 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

Б.А*** миний бие 2012-2018 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн хүний их эмч мэргэжил эзэмшсэн, 2019-2021 онд үндсэн мэргэшлийн мэс засал судлалыг дүүргэж ерөнхий мэргэжлийн мэс заслын эмч мэргэжлийг эзэмшсэн.

Мэс засал судлалын мэргэшлийн хугацаанд буюу сургалтын 2 жилийн хугацаанд ёс зүй, хууль эрх зүй, мэс заслын арга барил, ерөнхий мэс засал, яаралтай мэс засал, элэг цөс, хэвлийн эрхтэн, үе мөчний мэс засал, цээжний мэс засал, эрчимт эмчилгээ, гэмтэл согог судлал, хавдрын мэс засал, хүүхдийн мэс засал, проктологи, урологи, эмэгтэйчүүдийн мэс засал, мэдрэлийн мэс засал, зүрх судасны мэс засал, сүрьеэгийн мэс засал зэрэг хичээлүүдийг үзэж судалж, хичээлтэй холбоотой мэс засал, мэс ажилбарт оролцож, даан мэс засал болон ажилбаруудад суралцаж төгссөн.

Цээжний мэс заслын тойролтыг хийсэнээр суганы анатоми, физилоги, өвчин эмгэгийн талаар судалж мэс ажилбар болон мэс засал хийж эрхтэй болж төгссөн. К м******* ХХК-иас ямар нэгэн байдлаар сургалт аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А*** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2023 оны 03 сарын 23-ны өдөр юу ч юм мэдэхгүй нэг юман дээр гарын үсэг зуруулсан. Энэ сургалтын гэрээ болохыг нэхэмжлэл аваад мэдсэн. Сургалтаар гээд байгаа зүйлийг миний ажиллах 1470 velas laser анхан шатны зааварчилгаа өгсөн, ямар нэгэн сургалт болоогүй.

Б.А*** миний бие 2012-2018 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн хүний их эмч мэргэжил эзэмшсэн, 2019-2021 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг үндсэн мэргэжлийн Мэс засал судлал-ыг дүүргэж ерөнхий мэргэжлийн мэс заслын эмч мэргэжлийг эзэмшсэн.

Мэс засал судлалын мэргэшлийн хугацаанд буюу сургалтын 2 жилийн хугацаанд ёс зүй, хууль эрх зүй, мэс заслын арга барил, ерөнхий мэс засал, яаралтай мэс засал, элэг цөс, хэвлийн эрхтэн, үе мөчний мэс засал, цээжний мэс засал, эрчимт эмчилгээ, гэмтэл согог судлал, хавдрын мэс засал, хүүхдийн мэс засал, проктологи, урологи, эмэгтэйчүүдийн мэс засал, мэдрэлийн мэс засал, зүрх судасны мэс засал, сүрьеэгийн мэс засал зэрэг хичээлүүдийг үзэж судалж хичээлтэй холбоотой мэс засал, мэс ажилбарт оролцож бие даан мэс засал болон ажилбар хийдэг.

Цээжний мэс засалын тойролтын хугацаанд хүзүүнээс цээж хүртэлх анатоми, физиологи, өвчин эмгэгийн талаар онол болон дадлагыг эзэмшдэг. Энэхү тойролтын хугацаанд суга нь цээжний анатомийн хэсэгт ордог тул суганы анатоми, физиологи, өвчин эмгэгийн талаар үзэж судалж, суганы хагалгаа хийж анатоми, физиологи, өвчин эмгэгийн талаар үзэж судалж суганы хагалгаа хийж байсан тул ерөнхий мэргэжлийн мэс заслын эмчийн энгийн хийдэг мэс засал юм.

Суганы хагалгааг янз бүрийн багажаар хийдэг ба 1470 velas laser нь хагалгаа хийх багажийн нэг хэсэг тул үүнийг сургалт гэж үзэхгүй. 2019-2021 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулагддаг үндсэн мэргэшлийн мэс засал судлаар 18 цагийн кр*******ит хичээлээр суралцаж төгссөн.

К******* м******* ХХК-ийн нэхэмжлэлд 1470 velas laser буюу суганы хэт хөлрөлтийг зогсоох мэс ажилбарыг сурах хүсэлтэйгээ илэрхийлсэн гэсэн нь худал болно. Миний бие албан ёсоор энэхүү мэс ажилбарыг сурах хүсэлт гаргаагүй.

Өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлөө бичгээр өгсний маргаашаас үүрэгт ажлаа хаяж дахин ирээгүй гэж бичсэн нь худал болно.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар К******* м******* ХХК-ийн захирал Г.Уээс надад 2-3 удаа дараа хэлсэн. Арга буюу 2023 оны 07 сарын 20-ны өдөр өргөдлөө өг гэж өрөөндөө дуудаж өргөдлийг өгүүлсэн.

2023 оны 07 сарын 27-ны өдөр өөрийн компанийн хуульчийг надтай уулзуулж 1 сар ажиллах ажлын хөлсийг өгөхгүй гэсэн. 2023 оны 07 сарын 15-ны өдөр урьдчилгаа цалингаа авсан. 07 сарын 15-27-ны цалин, мэс ажилбар хийсэн 5 хувийн урамшуулал цалин нийт 951,326 төгрөг.

Сургалтын гэрээний төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлаас гарах өргөдлийг захирлын дарамт шахалт дор бичиж өгсөн болно. Иймд К******* м******* ХХК-тай байгуулсан 2023 оны 03 сарын 23-ны өдрийн сургалтын 02 тоот гэрээг хүчингүй болгож, үлдэгдэл цалин болох 951,326 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2023 оны 03 сарын 23-ны өдрийн 02 тоот сургалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн үндэслэлээр тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К м******* ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

К м*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А***т холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.А***ын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар, татгалзалыг гаргаж байна.

1. Хариуцагч Б.А*** нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ 2023 оны 03 сарын 23-ны өдөр юу нь мэдэгдэхгүй нэг юман дээрээ гарын үсэг зуруулсан гэж тайлбар өгсөн байна. Б.А*** 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 73 дугаар зүйл заалтын дагуу хөдөлмөрийн гэрээний дагалдах гэрээ болох 02 дугаартай сургалтын гэрээг 2023 оны 03 сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн хуулийн 73.3 дугаар зүйлийг баримтлан 3 жилийн хугацаагаар байгуулан, сургалтаа эхлэсэн.

Б.А*** тус гэрээг сайтар уншиж судласны дараа гарын үсэг зурсан. Сургалтын гэрээгээ маш сайн уншиж судалсан нь энэ сөрөг нэхэмжлэлийн 2 дугаар хуудсанд мэс ажилбар хийсний 5 хувийн урамшуулал цалингаа нэхэмжлэн бичсэнээс тодорхой батлагдаж байна.

Мөн сургалтыг анхан шатны зааварчилга өгсөн гэж илт гүтгэж бичсэн байна, тус ур чадвар сургах сургалтын явцад нийт 40 цаг, тус эмнэлгийн эмч Т.О нь хагалгаа хийх явцад Б.А*** нь дагалдан ажиглагчаар зогсож суралцсан ба мэс засал хийгээгүй явцын цалинг тухайн сардаа ажилласнаар тооцон бүрэн тооцож олгосон болно.

2. Хариуцагч Б.А*** нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийг 2012-2018 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн, мөн 2019-2021 онд эрүүл мэндийн хөгжлийн төвийг ерөнхий мэргэжлийн мэс заслын эмч мэргэжлээр сурч төгссөн тул суганы анатоми, физиологи, өвчин эмгэгийн талаар судалж мэс ажилбар болон мэс засал хийх эрхтэй болж төгссөн гэж сөрөг нэхэмжлэлд бичжээ.

Б.А*** нь Цэргийн төв эмнэлэгт цээжний мэс засал хичээлийн хөтөлбөрт суралцан цээжний мэс засал хөтөлбөрийн хүрээнд суганы хэт хөлрөлтийг арилгах хагалгаа хийж байсан, энгийн мэс засал хэмээн сөрөг нэхэмжлэлд дурьдсан ч 2019-2021 оны ерөнхий мэс заслын эмч резидент эмчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага Цэргийн төв эмнэлэг нь 2024 оны 03 сарын 27-ны 193 тоот албан бичигтээ тус 2 жилийн сургалтанд суганы хэт хөлрөлт арилгах мэс засал багтаагүй, тус эмнэлэгт хийгддэггүй талаар албан тодорхойлолт гаргаж өгснийг эх хувиар хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.

3. Мөн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2024 оны 03 сарын 27-ны өдөр гаргаж өгсөн Б.А***ын 2 жилийн ерөнхий мэс засал резидент эмчийн 35 хуудас хөтөлбөр гаргаж өгөхдөө тус хөтөлбөрт суганы хэт хөлрөлт арилгах хөтөлбөр байхгүй, хөтөлбөр нь аль 2010 оны хөтөлбөр хэрэгжиж байгаа хэмээн 286 тоот албан бичиг, 35 хуудас хөтөлбөр гаргаж өгснийг хэрэгт нотлох баримтаар эх хувиар хавсаргасан.

4. Түүнчлэн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулиас тус сургуулийн хүний эмчийн хөтөлбөрт суганы хэт хөлрөлт арилгах талаар хичээл ороогүй, сургалтын хөтөлбөрт огт байдаггүй талаар 2024 оны 03 сарын 26-ны өдөр 41 тоот албан бичгээр баталгаажуулж, мөн 47 хуудас хөтөлбөрийг хавсарган өгснийг хэрэгт хавсаргасан болно.

Эдгээр хөтөлбөр боловсруулагч 1 байгууллага, хэрэгжүүлэгч 2 байгууллагаас тус тус ирүүлсэн албан бичигт зааснаар дээрх сургалт хөтөлбөрүүдэд суганы хэт хөлрөлт арилгах мэс заслыг огт заадаггүй гэсэн бөгөөд тус хэрэгт хавсаргасан 2 хөтөлбөрийн алинд ч тус мэс засал онол болон мэс заслын түвшинд огт заадаггүй нь батлагдаж байна.

5. Хөдөлмөрийн гэрээ цуцлахад К М******* ХХК-ийн захирал Г.У өргөдлөө өг гэж дуудаж ирүүлсэн хэмээн мөн худал мэдүүлсэн байна. Учир нь энэ өдөр Б.А***ыг үргэлжлүүлэн ажиллах талаар өмгөөлөгч Ц.Н******* миний бие 2 цаг уулзалт хийхэд ийм газар ажиллахгүй гэж өргөдлөө өөрөө бичээд, ихэд уурлан хашгирч өрөөнд орхиод явсан бөгөөд тэр өрөөнд захирал Г.У огт байгаагүй бөгөөд зөвхөн тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д******* болон өмгөөлөгч Ц.Н******* болон Б.А*** нарын 3 хүн байсан болно.

Мөн тухайн өдрөөс хойш утсаа авахгүй, өргөдөл өгснөөс хойш 30 хоног ажиллах хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ ч биелүүлэлгүй, өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлийг бичгээр өгснөөс хойш дур мэдэн ажлаа тасалж, дахин ажилдаа ирээгүй мөн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалаа ирж аваагүй.

Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн хуульд заасны дагуу Б.А***ын иргэний үнэмлэхийн хаягаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тушаалыг шуудангаар илгээж, хуульд заасан үүргээ бүрэн биелүүлсэн болно.

6. Мөн 2023 оны 07 сарын 15-27-ны өдрийн цалин, мэс ажилбар хийсэн 5 хувийн урамшуулал 951,326 төгрөгийг нэхэмжилсэн боловч үндсэн цалин хэдэн төгрөг, мэс ажилбар гэдэгт ямар мэс ажилбарын урамшуулал, хэдэн төгрөг нь тодорхойгүй байна.

Б.А*** нь тус эмнэлэгт 5 сарын хугацаанд ажиллахдаа 2024 оны 03 сарын 22-ны өдөр сарын 1,000,000 төгрөгийн үндсэн цалинтай хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш нийт үндсэн цалин 4,363,636 төгрөг, сургалтаар сурсан суганы хэт хөлрөлтийг арилгах шинэ мэс заслыг гүйцэтгэсэн ажилбар бүрд ноогдох урамшуулал цалин 11,470,000 төгрөг, нийт 5 сарын хугацаанд 15,883,636 төгрөгийг цалин болгон авч байсан нь Б.А***ын дансанд орсон цалингийн хуулгаар баталгаажиж байгаа.

Эдгээр цалингийн үлдэгдэл ямар үндэслэлээр хэмээн нэхэмжилж байгаа нь нотлох баримтаар нотлогдоогүй, сөрөг нэхэмжлэл дагалдуулан өгсөн цалин хөлсний хуулга байхгүй, цалинг тооцсон тооцоол байхгүй, ор үндэслэлгүй нэхэмжлэл тул хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Нэхэмжлэгч тал ажилласан хугацаанд тооцох цалинг бүрэн олгосон.

7. Сургалтын гэрээний төлбөрийн зардлыг ч мөн Хөдөлмөрийн хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т заасныг баримтлан хариуцагч Б.А***ын ажиллах хугацаанд ноогдох сургалтын зардлыг ажилласан хугацаанд хувь тэнцүүлэн хасаж, 7,070,000 төгрөгийн гэрээний дүнгээс ажилласан хугацаанд хувь тэнцүүлэн хасаж, дараах тооцооллыг гаргаж, нэхэмжлэлийн дүнг 5,333,118 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан.

Сургалтын үнэ 7,070,000 төгрөr, сургалтын гэрээний баталсан хугацаа 36 сар буюу 3 жил, 1 сард оногдох сургалтын төлбөрийн хэмжээ 196,388 төгрөг, ажилласан 4 cap, ажилласан сард ногдох сургалтын төлбөрийн хасалт 785,555 төгрөг,үлдэгдэл сургалтын төлбөр 6,284,444 төгрөг, ажлаас гарсан сүүлийн цалингийн үлдэгдэл 951,326 төгрөг.

8. Сургалтын гэрээг хүчингүй болгохоор нэхэмжлэлд дурдсан байна. Талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээнд дараах нөхцлийг харилцан тохирсон. Үүнд: байгууллагын хувьд сургалтыг зохион байгуулах техник, тоног төхөөрөмжийг бэлтгэж, тогтоосон цагт, оновчтой, үр дүнтэй арга барилаар хичээл заах үүрэгтэй гэж заасан.

Харин суралцагчийн хувьд сургалтын дараа 3 жил ажиллахгүй бол хувь тэнцүүлсэн байдлаар сургалтын зардлыг нөхөн төлнө гэж тохирсон. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан ажлаас өөрийн санаачилгаар гарсан бол ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор хамруулсан сургалтын зардлыг үл маргах журмаар төлүүлэх гэж заасан тул сургалтын зардлыг төлүүлэхгүй байх үндэслэл байхгүй байна.

Өөрөөр хэлбэл бүхий л сургалт нь ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгыг агуулдаг. Тооцооллыг гаргахдаа ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлэн тооцоолсон. Талуудын байгуулсан сургалтын гэрээ, хөдөлмөр гэрээ нь үндэслэл бүхий хүчин төгөлдөр гэрээ хэлцэл гэж үзэж байна. Иймд хариуцагч Б.А***ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч К м******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Монгол шуудангийн баримт,

Б.А***тай байгуулсан 2023 оны 03 сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 03 сарын 23-ны өдрийн сургалтын гэрээ, сургалтын гэрээний хавсралт 1, ажлын байрны дагалдан болон чадавхижуулах сургалтын хөтөлбөр, бичиг баримтын хуулбар хүлээлгэн өгсөн тухай,

2023 оны 07 сарын 21-ний өдөр Б.А***ын бичсэн ажлаас гарах өргөдөл, К м******* ХХК-ийн захирлын 2023 оны 07 сарын 28-ны өдрийн 20/23 тоот Б.А***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, мөн өдрийн 21/23 тоот сургалтын гэрээний төлбөрийн тооцоог дуусгах тухай тушаал, 2023 оны 09 сарын 04-ний өдрийн 01/13 тоот Б.А***ын цалингийн тодорхойлолт,

Хүний их эмч бэлтгэх сургалтын 2017 онд батлагдсан мэс заслын өвчин судлал хичээлийн хөтөлбөр, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 286 тоот хариу албан бичиг, Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 2019 оны 06 сарын 03-ны өдрийн Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт тавигдах дэлгэрэнгүй шаардлага батлах тухай тогтоол,

Мэс заслын эмчийн резиденсийн сургалтын хөтөлбөр, мэс заслын мэргэжлээр резиденсийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд гарсан өөрчлөлт, мэс заслын резиденсийн сургалтын төлөвлөгөө, Цэргийн төв эмнэлгийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 193 тоот албан бичиг, 1470 velas laser аппаратын танилцуулга, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2025 оны 04 сарын 26-ны өдрийн *** тоот хариу албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Хариуцагч Б.А*** нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, Б.А***ын үндсэн мэргэжлийн үнэмлэхний хуулбар, үзсэн хичээлийн нэрс, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 04 сарын 01-ний өдөр гаргасан өргөдөл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 6753 дугаар захирамжаар хариуцагч Б.А***ын дугаарын утсан дахь К м******* ХХК-ийн захирал Г.Утэй ярилцсан гэх ярианы бичлэгт үзлэг хийлгэх тухай хариуцагч Б.А***ын хүсэлтийг хангаж мөн өдөр нь үзлэгийг хийсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч К******* м******* ХХК нь хариуцагч Б.А***т холбогдуулан 5,333,118 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч Б.А*** нь 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 02 тоот сургалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн үндэслэлээр тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, үлдэгдэл цалин 951,326 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч К******* м******* ХХК нь хариуцагч Б.А*** нь сургалтын гэрээний дагуу 3 жил ажиллах үүргээ биелүүлэлгүй, сургалтанд хамрагдсанаас 4 сарын дараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гарган ажлын байраа орхин явсан тул сургалтын зардлын үлдэгдэл төлбөр 5,333,118 төгрөгийг нэхэмжилнэ,

хариуцагч Б.А*** нь К******* м******* ХХК-иас сургалт аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Үлдэгдэл цалин 951,326 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тус тус тайлбарлаж байна.

К******* м******* ХХК нь эмчилгээний гоо засал, гоо сайхны нөхөн сэргээх мэс засал чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ба тус компанийн гүйцэтгэх захирал Г.У нь Б.А***тай 2023 оны 03 сарын 22-ны өдөр тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан Б.А*** нь уг өдрөөс нь тус эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж эхэлсэн нь зохигчийн тайлбар, гэрээний хуулбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргахгүй байна. /ХХ-ийн 7-8, 12-19 дүгээр тал/

Ийнхүү Б.А*** нь К******* м******* ХХК-д 2023 оны 03 сарын 22-ны өдрөөс мэс заслын эмчээр ажиллах болсноор ажил олгогч нь ажилтан Б.А***тай 2023 оны 03 сарын 23-ны өдөр ** тоот сургалтын гэрээ байгуулан Б.А*** нарийн мэргэшүүлэх ур чадварыг шинээр авах, эзэмшүүлэх сургалтанд буюу 1470nm Velas Laser-р ажиллах мэс ажилбар сургалтанд 11 ажлын өдөр 44 цаг суралцахаар, онол 4 цаг, дадлага 40 цаг байхаар, мөн гэрээний 2.6-д зааснаар сургалтанд хамрагдсаны дараа компанид үргэлжлүүлэн тогтвортой ажиллуулах хугацаа 3 жил байхаар тус тус харилцан тохиролцсон гэжээ.

Уг сургалтын гэрээнд талууд хэн аль нь гарын үсгээ зуран байгууллагын тамгаа даран баталгаажуулжээ. /ХХ-ийн 20-28 дугаар тал/

Дээрхи гэрээг хариуцагч Б.А*** нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус тооцох үндэслэлтэй гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлдэг.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбрийг зөрчсөн гэдэг нь уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэ хэлбрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэр хамаарна.

Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно.

Дээрх байдлаас дүгнэж үзэхэд талуудын хооронд 2023 оны 03 сарын 23-ны өдөр байгуулсан сургалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч К******* м******* ХХК нь суганы мэс засал, хэт хөлрөлтийг зогсоох мэс ажилбарт 4 цагийн онолын сургалт 1,050,000 төгрөг, сургалтанд ашиглах аппарат тоног төхөөрөмж 1 цаг 48,000 төгрөг, 1 удаад 1 цаг 30 минут, нийт 40 цагийн 1,920,000 төгрөг,

Дадлага 40 цаг, 10 өдөр, үнэлгээ 1 цагийн 11,666 төгрөг, нийт 466,666 төгрөг, сургалтанд ашиглах 1 удаа хэрэглэгдэх материалын үнэ, бүх зардал, нийт 224,325 төгрөг, ур чадварын сургалт багшийн 1 цагийн төлбөрийн үнэлгээ 1 цагийн 11,666 төгрөг, 40 удаагийн нийт дүн 466,666 төгрөг,

Суралцах 10 хоногийн үндсэн цалин 500,000 төгрөг, сургалтанд хэрэглэсэн утаслаг 2, нийт 40 хагалгаанд утаслагын үнэ 1,050,000 төгрөг, нийт зардал 7,070,000 төгрөг болсон гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй байна.

Тухайлбал: онолын сургалтыг хэдийгээс хэдий хугацаанд хэрхэн заасан, тоног төхөөрөмжийн үнэлгээг хэрхэн тооцсон, 40 цагийн дадлагын сургалтыг хэзээ, хэрхэн зохион байгуулсан, суганы хөлрөлт арилгах мэс ажилбарт 1 удаа хэрэглэгдэх ямар материалууд байсан, үүний 1 бүрийн үнэ тодорхойгүй, сургалтанд ашигласан утаслагын 1 бүрийн үнэ хэдэн төгрөг болох, хэзээ хэрхэн хийгдсэн хагалгаанд ашигласан, мөн сургалтыг заасан Г.У, Т.О гэх эмч нарт цалинг нь олгосон гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдохгүй байна.

Ажлын байрны дагалдан чадавхижуулах сургалтын хөтөлбөр гэх баримтад 2023 оны 03 сарын 22-ны өдрөөс суганы мэс засал, суганы хэт хөлрөлт зогсоох мэс ажилбарт сургах онолын 4, 40 цагийн дадлагын сургалтанд сургаж дагалдуулна гэсэн байх боловч уг өдрөөс хойш сургалтыг хэрхэн зохион байгуулан явуулсан талаарх өдөр нэг бүрийн талаар тусгагдаагүй. /ХХ-ийн 33 дугаар тал/

Б.А*** нь 2023 оны 07 сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч 2023 оны 07 сарын 22-ны өдрөөс ажилдаа ирээгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 6753 дугаар захирамжаар хариуцагч Б.А***ын дугаарын утсан дахь К м******* ХХК-ийн захирал Г.Утэй ярилцсан гэх ярианы бичлэгт мөн өдөр нь үзлэгийг хийсэн ба уг үзлэгийн баримтаас үзэхэд хариуцагч Б.А***ыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл К******* м******* ХХК-ийн захирал Г.У нь Б.А***ыг ажлаа хүлээлгэн өгөх талаар шаардсан байна. /ХХ-ийн 35, 76-83 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т Ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно,

73.2-т Хөдөлмөрийн гэрээнд, эсхүл ажил олгогчийн зардлаар суралцах дагалдах гэрээнд сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана,

73.3-т Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна,

73.4-т Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө гэж тус тус заажээ.

Ажил олгогч буюу нэхэмжлэгч К******* м******* ХХК нь ажилтан буюу хариуцагч Б.А***ыг сургалтын гэрээгээр тохирсон хугацаанд ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түүний ажилласан хугацаанд ногдох сургалтын зардлыг хасч ажиллаагүй хугацааны зардлыг нэхэмжилж байх боловч сургалтыг хэрхэн явуулсан, мөн сургалтанд зарцуулагдсан зардал нэг бүртэй холбоотой баримтаа ирүүлээгүй, ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй байх тул уг сургалтын зардлын үлдэгдэл төлбөр гэх 5,333,118 төгрөгийг хариуцагч Б.А*** хариуцан төлөхгүй.

Хариуцагч Б.А*** нь нэхэмжлэгч К******* м******* ХХК-д 4 сар ажиллахдаа үндсэн цалин 4,363,636 төгрөг, сургалтаар сурсан суганы хэт хөлрөлтийг арилгах шинэ мэс заслыг гүйцэтгэсэн ажилбар бүрд ноогдох урамшуулал цалин 11,470,000 төгрөг, нийт 15,883,636 төгрөгийг цалин болгон авсан тухайд хариуцагч эсэргүүцээгүй бөгөөд энэ нь тэрээр тухайн сургалтанд хамрагдсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,

154.2.1хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор,

154.2.2энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж тус тус заасан байна.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 08 сарын 17-ны өдрийн ** тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулсан ба энэ тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны www.mlsp.gov.mn сайтад байршиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

Б.А*** нь дутуу олгосон цалин 951,326 төгрөг гаргуулах тухай өргөдлийг Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 04 сарын 01-ний өдөр гаргасан ба тус хорооны 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 17 тоот тэмдэглэлээр түүний өргөдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2-т заасан энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гаргана гэж заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзсан ба Б.А*** нь 2024 оны 04 сарын 03-ны өдөр хариуг хүлээн авсан байна. /ХХ-ийн 247 дугаар тал/

Б.А*** 2022 оны 07 сарын 22-ны өдрөөс ажлаа эрхлээгүй ба тэрээр 2022 оны 07 сарын 15-ны өдрөөс 27-ны өдрүүдийн цалин 951,326 төгрөгийг нэхэмжилж байх боловч тэрээр ажил үүргээ гүйцэтгэхээ больсон гэх 2022 оны 07 сарын 22-ны өдрөөс хойш дээр дурдсан 90 хоногийн дотор гомдлоо гаргаагүй, 2024 оны 04 сарын 01-ний өдөр гаргасан нь ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдсонгүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4, 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.5, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.А***т холбогдох 5,333,118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч К******* м******* ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч Б.А***ын К******* м******* ХХК-тай 2023 оны 03 сарын 23-ны өдөр байгуулсан 02 тоот сургалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үлдэгдэл цалин 951,326 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Б.А*** нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул зохигчдын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.А***т холбогдох 5,333,118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч К******* м******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.5-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.А***ын К******* м******* ХХК-тай 2023 оны 03 сарын 23-ны өдөр байгуулсан 02 тоот сургалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үлдэгдэл цалин 951,326 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч К******* м******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 121,079 төгрөг, хариуцагч Б.А***ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 155,452 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН