Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/23

 

Д.Ат холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч  Д.Ат холбогдох эрүүгийн 21130001910009 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм, шүүгдэгч Д.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс **, ** оны ** дугаар сарын **ны өдөр Баян-Өлгий аймгийн С суманд төрсөн, ** настай, эмэгтэй, *****боловсролтой, **** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл **** хүнтэй, нөхөр, хүүхдүүдийн хамт ***** оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ** овгийн Д.А /РД: **********/ нь Баян-Өлгий аймгийн Төрийн сангаас 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн А.Ан харилцах данс руу татварын буцаан олголтын мөнгийг шилжүүлэхдээ андуурч түүний Төрийн банк дахь ***** тоот данс руу шилжүүлсэн 687.227 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дүгээр яллах дүгнэлтээр Д.Аийн дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгээр зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн  2022/ШЦТ/47 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч овогт Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.           

 

4. Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдолд: 

4.1. Анхан шатны шүүх нь шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ял оногдуулсанд гомдолтой байна. Татварын албаны ажилтан Ж нь гэм буруугийн эс үйлдлийг хийсэн байхад анхан шатны шүүх нь Д.Ат халдаан түүнийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

4.2. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг мөн хуулийн 1.2-т заасан хууль ёсны зарчмыг анхан шатны шүүх зөрчсөнд гомдолтой байна. Д.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих асуудал бүрэн дүүрэн нотлогдоогүй байхад Д.Аийг гэм буруутайд тооцсон нь анхан шатны шүүх үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан байна.

4.3.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Д.Аийг цагаатгаж өгнө үү.

 

5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

5.1. Прокурорын зүгээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй шиг хэргийг дутуу шалгасан, эсхүл зөвхөн яллах чиг үүргийг гүйцэтгэж ажиллаагүй бөгөөд хэргийг тал бүрээс, бодиттой тогтоох үүднээс хэрэгт шаардлагатай бүхий мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

5.2. Энэ хавтаст хэрэгт авагдсан гомдол мэдээллийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан тогтоол, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол зэргээс тодорхой харагдаж байна. Тухайн гомдол мэдээлэлд эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас хэргийг буцааж, гомдол мэдээллийг нэмэлтээр шалгаж байсан. Гомдол мэдээллийн шатанд татгалзах үндэслэл тогтоогдоогүй. Мөн хэрэг бүртгэлтийн шатанд хэргийг хаах үндэслэл тогтоогдоогүй. Мөрдөн байцаалтын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй учраас хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

5.3. Татварын буцаан олголт нь шүүгдэгч Д.Аийн дансанд 2 удаагийн гүйлгээгээр орсон нь, мөн түүнийг гаргаж авсан нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Ийнхүү мөнгө орсон, түүнийг гаргаж авсан асуудлуудад шүүгдэгчийн зүгээс маргадаггүй. Прокурорын зүгээс шүүгдэгчийн хувийн байдлыг харахад бусдын мөнгө өөрийнх нь дансанд орсон гэдгийг мэдэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дээд боловсролтой, сургуульд ажилладаг, мөн өмнөх жилийн татварын буцаан олголтыг авсан, буцаан олголттой холбоотой материалуудыг өөрийнх нь нэр дээр бүрдүүлж өгсөн зэрэг нөхцөл байдлуудаас харахад бусдын мөнгө төгрөгийг ороод ирсэн гэдгийг мэдэх боломжтой байсан гэж үзэж байна.

5.4. Мөн тус гүйлгээний нэг нь Ан буцаан олголтын мөнгө байсан гэдгийг шүүгдэгч мэдэх боломжтой байсан. 7 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгчийн дансанд 2 удаа буцаан олголтын мөнгө орж ирсэн. Нэгдүгээрт 854,000 төгрөг, дараа нь 627,000 төгрөг орж ирсэн. Шүүх хуралдааны явцад цалингийн тайланг шинжлэн судлуулсан шалтгаан энэ бөгөөд өмнөх жилийн цалинд эрс өөрчлөлт ороогүй буюу нугарах хэмжээний өөрчлөлт ороогүй. Өмнөх жил авсан 600,000 төгрөгөөс их өөрчлөлт орохгүйгээр дараа жилийн мөнгө орох байсан бөгөөд илүү орсон мөнгийг шүүгдэгч өөрийнхөө мөнгө биш гэдгийг мэдсээр байж гаргаж авсан байдаг. Цахимаар өөрийнхөө авах ёстой мөнгөний хэмжээг бүрэн мэдэх боломжтой. Энэ тухай гэрч Ж мөн адилхан хэлдэг бөгөөд etax.mn-ээс бүрэн харах боломжтой байсан тухай, мөн тус веб хуудас нь 2017 оноос хойш ажиллаж байгаа тухай мэдүүлдэг. Хоёрдугаар нөхцөл байдлын хувьд 9 дүгээр сард А өөрийнхөө мөнгө орохгүй байгаа тухай татварын байцаагчтай очиж уулздаг. Тухайн үед Д.Аийг дагуулж очдог бөгөөд өөрийнхөө мөнгийг Д.Аийн дансанд орсон байх магадлалтай тухай татварын байцаагчид хэлээд тус мөнгийг нь өөрт өгөх тухай Д.Ат хэлсэн. Гэтэл тухайн үед өгөхгүй байж байгаад цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл шалгагдаад эхлэхэд Аид мөнгийг нь өгсөн байдаг.

5.5. Ийнхүү дүгнэхэд тухайн үед Д.Аийн хувьд уг мөнгө Ан мөнгө гэдгийг мэдсэн. Мэдсэн атлаа өгөөгүй байж байгаад цагдаагийн байгууллагад хэрэг шалгагдаж эхлэхэд буцаад шилжүүлсэн нөхцөл байдлаас дүгнэхэд бусдын мөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэж үзэж байгаа. Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч нараас гаргасан тайлбар болох татварын байцаагчийн асуудлаар прокурорын зүгээс анхаарч үзэж, холбогдох шалтгалаа хийсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс шийдвэр гаргахад хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодиттой дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Иймд шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэвээр үлдэж өгөхийг хүсье.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

6. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг  үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

7. Шүүгдэгч Д.Аийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

8. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас  шүүгдэгч Д.Аийг  Баян-Өлгий аймгийн Төрийн сангаас 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн А.Ан харилцах данс руу татварын буцаан олголтын мөнгөн шилжүүлэг хийхдээ андуурч, түүний Төрийн банк дахь ******** тоот данс руу шилжүүлсэн 687.227 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь тогтоогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг  Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

 

9. Шүүх хэргийн бодит байдал, шүүгдэгчийн санаа зорилго, сэдэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг үнэлж дүгнэн, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох оролцогч нарын мэдүүлгийн шинж, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж сэргээн тогтоох учиртай.

Хохирогч А.Ад 2021 оны 7 дугаар сард аймгийн Татварын газраас татварын буцаан олголтын 687227 төгрөг орох байсан боловч С сум дахь Татварын улсын байцаагч нь татварын буцаан олголт авах байсан А.А, Д.А нарын дансыг аймгийн Төрийн сан руу шилжүүлэхдээ Д.Аийн дансыг 2 удаа бичсэнээс болж татварын буцаан олголтын мөнгө Д.Аийн данс руу 2 удаа орсон, харин  Д.А түүнийг данснаасаа гаргаж авсан үйл баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

 10. Хэргийн үйл баримтын талаар хохирогч А.А мөрдөн байцаалтын шатанд “...багш Д.Ат учир байдлаа хэлж, түүнийг дагуулан С сумын төрийн банканд очиход Д.Аийн дансанд 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хашааны буцаан олголтын мөнгө 2 удаа давхардаж орсон байсан. Тэгээд Д.А бид хоёр буцаж, татварын улсын байцаагч К.Жн өрөөнд очиж буцаан олголт Д.Ат 2 удаа орсон байсан талаар тайлбарлаж, тухайн мөнгийг хэнийх болохыг асуухад К.Ж 690.000 төгрөг нь надад олгох ёстой байсан хашааны буцаан олголтын мөнгө байна, чи буцаагаад А.Аид өгчих гэж хэлэхэд Д.А цалингаас 50.000 төгрөгөөр суутгаад авбал ав эсхүл дараа жил буюу 2022 онд буцаагаад авчих гэсэн /хавтаст хэргийн 73 дахь тал/,

 гэрч К.Ж мөрдөн байцаалтын шатанд: “...А.А нь 2021 оны 10 дугаар сард миний буцаан олголтын мөнгө яагаад орохгүй байгаа юм бол, бусад буцаан олголт авах ёстой иргэд мөнгөө авчихсан байна гэж ирсэн. Тэгэхээр нь Баян-Өлгий аймгийн Төрийн сан дээр ирээд иргэн А.Ан мөнгө яагаад орохгүй байгаа талаар шалгуулсан. Тэгэхэд төрийн сангаас ********** тоот данс руу иргэн А.Ан буцаан олголтын мөнгө орсон байна гэж хэлсэн. Тэгээд би А.Аид чиний буцаан олголтын мөнгө Төрийн банкны ******** дансаар орсон байна гэж хэлээд түүнийг банк руу явуулсан. Удалгүй А.А Төрийн банк дээр очиж ирээд дээрх данс миний данс биш байна. Харин Д.А гэх хүний данс байна. Миний буцаан олголт Д.Аийн дансанд орсон байна гэж хэлээд Д.Аийг дагуулж ирэхэд Д.А нь энэ миний буцаан олголтын мөнгө, 2021 оны 7 дугаар сард орж ирсэн. Тухайн мөнгийг би зарцуулчихсан одоо буцааж өгөх боломжгүй гэж хэлсэн. Харин дараагаар нь Д.Аийн нөхөр О нь аймгийн татварын хэлтэст гомдол гаргасан байсан. Тухайн гомдол нь буцаан олголтын давхардуулан авсан мөнгийг буцааж төлөхгүй, энэ мөнгийг хэн буруутай этгээд өөрөө хариуцах ёстой гэж өргөдөл өгсөн байсан. Тэгээд би Д.Аийн гэрт очиход нөхөр болох О нь У хот руу ажлаар явсан байсан ба харин Д.А нь 2021 оныг дуустал сар бүр хувааж төлж дуусгая гэж хэлсэн” гэх, /хэргийн 75 дахь тал/,

шүүгдэгч Д.А мөрдөн байцаалтын шатанд “...Миний төрийн банкны ******** дугаарын дансанд 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эхлээд 854.804 төгрөг орж ирсэн талаар гар утсанд мессеж ирсэн. Уг мөнгөний утга дээр буцаалт гэсэн байсан. Дараа нь удалгүй 687.227 төгрөг мөн адил буцаалт гэсэн утгаар орж ирсэн. Тэгээд тэр мөнгийг авч хэрэгцээндээ зарцуулсан. 3 сарын дараа манай сургуульд хамт багшилдаг А.А ирээд миний буцаан олголтын мөнгө чиний данс руу орсон байна, хоёулаа төрийн банк дээр очъё, сумын татварын байцаагч К.Жтай очиж уулзъя гэхээр нь би хамт гарч Төрийн банкны теллерээр шалгуулахад миний дансанд хоёр удаа буцаан олголтын мөнгө орсон байсан. Тэгээд би А.Аын авах ёстой буцаан олголтын мөнгийг авснаа мэдсэн” гэх,

шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт “Би тухайн үед хэдэн төгрөгийн татварын хөнгөлөлт авах ёстой гэдгээ мэдээгүй, миний тайланг татварын байцаагч К.Ж etax.mn-д оруулсан учраас би өөрийн авах ёстой татварын хөнгөлөлтийн мөнгөн дүнгээ мэдэх боломжгүй байсан. Би etax.mn сайтад хандаж үзээгүй, яаж хандахыг мэдэхгүй. 2 удаагийн гүйлгээгээр миний дансанд орж ирсэн буцаан олголтыг надад төрөөс өгч байгаа хөнгөлөлт гэж ойлгосон.” гэх,

 гэрч К.Ж шүүхийн хэлэлцүүлэгт ”Би Д.Аээс материал хүлээн авч, түүний хувь хүний орлогын албан татварын тайланг татварын etax.mn-д шивсэн нь үнэн. Гэхдээ тухайн үед Д.Аийн нэвтрэх нэр, нууц кодыг түүнээс авч etax.mn сайтад хандаж, мэдээллийг нь оруулсан.Түүнээс гадна Д.Аийн цалинд өөрчлөлт ороогүй тохиолдолд жил бүр авах татварын буцаан олголтын хэмжээ өөрчлөгдөхгүй, урьд жил нь авч байсан буцаан олголтоо дараа жил нь аваад явдаг” гэх,

иргэний нэхэмжлэгч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт:Татварын буцаан олголт жилд нэг л удаа ордог. Хоёр удаа орвол үүний нэг нь алдаатай гүйлгээ гэсэн үг. Иргэн өөрөө мэдээллээ etax.mn сайтад оруулах ёстой. Гэтэл сумуудад татварын байцаагч нь иргэдээс материал авч, мэдээллийг нь etax.mn сайтад шивж оруулж байгаа нь буруу. Гэхдээ тухайн сайтад нэвтрэх нэр, нууц үг нь иргэнд өөрт нь очдог учраас тайланг нь өөр хүн шивсэн ч дараа нь өөрөө мэдээллээ нягтлах бүрэн боломжтой. Иргэн etax.mn хаяг руу өөрийн нэр, кодоор нэвтрэхэд тухайн жилдээ хэдэн төгрөгийн буцаан олголт авах нь нээлттэй харагдаж байдаг” гэж  мэдүүлсэн мэдүүлгүүд, Д.Аийн Төрийн банк дахь ******** дугаартай харилцах дансны хуулга /хэргийн 06 дахь тал/, Д.А, А.А нарын 2020 оны хувь хүний орлогын албан татварын тайлан /хэргийн 16-19 дэх  тал/, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 185 дугаартай албан бичиг /хэргийн 48 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 217 дугаартай албан бичиг, хавсралтууд / хавтаст хэргийн 52-57 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй байна.

 

11. Шүүхээс гэм буруутай этгээдийн үйлдэл, санаа зорилгын талаар дүгнэлт хийхдээ уг үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн дамжсан, эсхүл шууд бус хэлбэр, сэдэлт, шалтгаан зэргийг ялган тогтоож, учруулсан хор уршигтай гэм буруутай ямар үйлдэл хэрхэн холбогдож байгааг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг тогтооно.

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд “завших сэдэлт” төрж, шамшигдуулсан, захиран зарцуулснаар тухайн гэмт хэргийн шинж бүрэн тогтоогддог. Өөрөөр хэлбэл уг алдаатай гүйлгээг бусдынх гэдгийг мэдсээр байж өөрийн өмч мэт захиран зарцуулахдаа бусдын өмчийг эзэнд нь буцааж өгөхгүй гэх туйлын санаа зорилгоор хөрөнгийг захиран зарцуулсан буюу завшсан байдаг.

 

12. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Д.А нь тухайн жил өөрөө татварын буцаан олголт авах байсан тул буцаан олголтын 2 удаагийн гүйлгээг өөрт нь орох татварын буцаан олголт гэж ойлгосон, улмаар 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өөрийн ******** дугаарын данснаас нэг удаагийн үйлдлээр 1540000 төгрөгийг бэлнээр зарлагадан авч, тухайн цаг мөчид буюу данснаасаа 1540000 төгрөгийг бэлэн мөнгөөр зарлагадах үед өөрт нь орж ирсэн 2 дахь удаагийн татварын буцаан олголтыг бусдынх буюу А.Аых байсан гэдгийг мэдээгүй, харин 2021 оны 10 дугаар сард А.А мэдэгдэж, банк болон татварын улсын байцаагчид хамт дагуулж очих үед мэдсэн тухай үйл баримт шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр бүрэн тогтоогдсон байна.

 

13. Прокурор болон анхан шатны шүүхээс шүүдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ “...шүүгдэгч Д.А нь etax.mn хаягт регистрийн дугаараа оруулан хандсан учраас түүнд нууц код ирсэн нь тодорхой байх ба уг кодоо татварын байцаагч К.Жт хэлж өгөн, тайлангаа татварын системд оруулсан, etax.mn хаягт өөрөө хандан мэдээллээ оруулаагүй ч дараа нь өөрийн нууц кодоороо нэвтэрч мэдээллээ шалган, тухайн жилдээ хэдэн төгрөгийн буцаан олголт авах талаар мэдэх боломжтой байсан, түүний цалинд өөрчлөлт ороогүй тохиолдолд өмнөх жил авсан 854.803 орчим төгрөгийн хөнгөлөлт дараа жилд нь өөрчлөгдөхгүй талаар гэрч К.Ж мэдүүлсэн, түүнчлэн интернет, цахим орчин, татварын байгууллагуудын вэб сайтуудаас татварын хууль тогтоомжтой холбоотой, өөрт хамаарах мэдээллийг хүссэн үедээ авах, татварын байцаагчтай холбогдож мэдээлэл авах зэргээр түүний дансанд орж ирсэн 2 удаагийн буцаан олголтын гүйлгээг алдаатай эсэхийг шалгах хангалттай хугацаа, бүрэн боломж түүнд байсан нь тогтоогдож байх тул Д.Аийн “би хэдэн төгрөгийн хөнгөлөлт авахаа мэдээгүй, etax.mn хаягт яаж хандахыг мэдэхгүй, тухайн буцаан олголтыг өөрийн авах ёстой хөнгөлөлт гэж ойлгосон” гэх тайлбар үндэслэлгүй, тэр тусмаа ижил утга бүхий 2 удаагийн гүйлгээний аль нэгийг алдаатай гүйлгээ гэдгийг мэдэх боломжтой, мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэхдээ “боломжтой байсан” гэсэн хийсвэр дүгнэлтэд үндэслэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцэхгүй гэж давж заалдах шатын шүүх хуралдаанаас дүгнэв.

 

14. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хууль тогтоогч (1) Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг (2) бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж (3) завшсаны улмаас (4) бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэж тогтоосныг шинжлэн үзвэл, Д.Аийн үйлдэл холбогдлын хувьд “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ”, “бага хэмжээнээс дээш хохирол” гэх шинжүүд эргэлзээгүйгээр, бодитой тогтоогдож байх боловч тэрээр тухайн жилд татварын буцаан олголт авах  байсан учир өөрийн дансанд орж ирсэн А.Ан татварын буцаан олголтын мөнгийг өөрийн мөнгөтэй хамтад нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр бэлэн мөнгөөр зарлагадаж, өөрийн данснаас гаргаж авах үед тухайн мөнгөн хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг лавтай сайн мэдэж байсан гэж үзэх үндэслэл хэргээс тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар шүүгдэгч Д.А нь өөрийн дансанд 2021 оны 7 дугаар сарын сүүлд орж ирсэн 687.227 төгрөгийг А.Ан мөнгө гэдгийг мэдсэн даруйд түүнийг өмчлөгчид нь буцааж өгөхгүй гэх санаа зорилго, сэдлээр завшсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдын өмчийн хөрөнгө мөнгө гэдгийг мэдээгүй байхад захиран зарцуулсан тул тухайн мэдсэн үедээ буцаан төлөх бололцоогүй, сар бүр тодорхой хэмжээгээр хуваарь гаргаж төлөх, эсхүл дараагийн жилийн татварын буцаан олголтод тооцуулах талаар хохирогч болон татварын улсын байцаагчид саналаа хэлж байсан нь:

- Д.Аийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн “2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ... байшингийн буцаан олголтын мөнгө орж ирсэн, тэгээд хэрэглээндээ хэрэглээд дуусгасан. Тэгээд 3 сарын дараа А над дээр ирээд манай хашааны буцаан олголтын мөнгө чиний дансанд орсон юм шиг байна гэхэд би татварын газар луу Ж гэдэг хүн дээр ороод асуухад Ж нь би андуураад төрийн сангийн руу данс явуулсан байна. Тэгэхээр нь би мөнгийг дараа жилийн байшингийн буцаан олголтын мөнгө юм уу сарын цалингаасаа боломжоороо 100.000-200.000 төгрөгөөр өгнө гэж ярилцсан, гэтэл А нь зөвшөөрөөгүй; Би Аийн мөнгө гэдгийг мэдээгүй. Харин А надтай уулзаад бид хоёр хамтдаа төрийн банканд очоод, дараа нь татварын байцаагч Жтай уулзаад тухайн мөнгө Аийн мөнгө болох талаар мэдсэн” гэх мэдүүлэг,

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “Ж гэх хүн бид хоёрт Агийн дансанд буцаан олголтын мөнгө орсон талаар хэлсэн. Харин түүнийг би Атай ярилцаад буцааж өгөхөөр болсон, надад тухайн үед мөнгөний боломж байгаагүй тул цалин буухаар бага багаар, 100.000-200.000 төгрөгөөр цувуулж төлж дуусгая, эсхүл дараа жилийн буцаан олголтын мөнгийг А чи авч болно гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

- Хохирогч А.Ан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн “Ж ах Ат энэ мөнгө Аийн мөнгө мөн байна, чи буцаагаад өгчих гэхэд цалингаас 50.000 төгрөгөөр суутгаад авбал ав гэж хэлсэн” гэх,

- Гэрч К.Жын 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “А надад 10 дугаар сард ирсэн. А Аийг дагуулж ирэхэд А нь энэ буцаан олголтын мөнгө миний дансанд 7 сард орж ирсэн, тухайн мөнгийг би зарцуулчихсан. Одоо буцааж өгөх боломжгүй, 4 сарын дараа энэ мөнгийг асууна гэж бодсонгүй. Хэн буруутай этгээд 50 хувийг нь төлнө, харин үлдсэн 50 хувийг нь би дараа жилийн татварын буцаан олголтын мөнгөнөөс өгнө” гэж хэлсэн зэрэг мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлахад, Д.Аийн холбогдсон үйлдэл, холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээг завших гэмт хэргийн “бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж”, “завшсан” гэх субьектив талын үндсэн шинжүүд үгүйсгэгдэж байна.

 

15. Иймээс дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Аийг цагаатгаж, Д.А болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын “Д.А нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/00047 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Аийг цагаатгаж, Д.А болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг баримтлан Д.А нь өөрт хохирол учирсан гэж үзвэл Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хугацаанд, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлүүлэхээр өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                        ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ