Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 315

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Б овогт Ц-ын З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х овогт Х-ын П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 0100 0135 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Энхболд, шүүгдэгч Х.П, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 36 настай, халх, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 59 дүгээр дунд сургуульд англи хэлний багш ажилтай, ам бүл 5, нөхөр, 7-13 насны 3 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ************* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, элэгний В, Д вирустэй, элэгний хатуурал церроз өвчтэй гэх, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ын З,

 

2. Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Хэв журмын эргүүлийн офицер ажилтай, ам бүл 4, эхнэр 1-10 насны 2 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Х-ын П,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Шүүгдэгч Ц.З нь 2017 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хонда пит маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, хэв журмын эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэж байсан Х.П-д саатуулагдахдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Х.П-д 75.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,  

 

2. Шүүгдэгч Х.П нь 2017 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороололд хэв журмын эргүүлийн офицероор албан үүргээ гүйцэтгэж байхдаа зөрчил гаргагч Ц.З-ын ашиг сонирхлын үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.2.4-д заасан, Цагдаагийн албан тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Ц.З-аас 75.000 төгрөгийг хээл хахуульд авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Талуудын хүсэлтээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Шүүгдэгч Ц.З-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...2017 оны 05 сарын 11-ны өдөр манай ажлынхан мод тарьсан. Тэгээд тараад манай ажлын Ү.Н, О.О, Д.Б нар машин унаа байхгүй болохоор намайг машинаараа хүргээд өгөөч гэсэн. Би өөрөө элэгний өвчтэй, байнга эм ууж эмчилгээ хийлгэдэг болохоор архи дарс хэрэглэдэггүй. Тухайн өдөр Ү.Н багшийнд сууцгааж байгаад гарч, О.О-г хүргэж өгөх гэж явж байгаад цагдаагийн эргүүлийн машинтай таарсан. Цагдаа зогсоогоод шалгахад манай машинаас архи үнэртсэн.    Ү.Н, О.О, Д.Б нар архи уусан байсан. Намайг “чамаас архи үнэртээд байна” гэхэд нь би “надаас юу үнэртэх вэ, би архи уугаагүй” гэхэд цагдаа согтуурлын зэрэг шалгах багаж үлээлгэсэн. Тэгээд надад юу ч хэлээгүй, юм яриагүй байж байгаад “та бичиг баримтаа шалгуул” гэхээр нь би бичиг баримтаа өгөхөд “та 250.000 төгрөгөөр торгууль төлнө” гэсэн. Эхлээд 500.000 төгрөг гэж байгаад, дараа нь 240.000 төгрөг торгуульд төл гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа 2016 оны 05 сарын 16-ны өдөр ажил дээр хичээл ороод байж байтал над руу Скайтелийн дугаараас залгаад “Х.П гэдэг хүн байна, бичиг баримтаа ирж авдаггүй юм уу” гэхээр нь “авъя” гэхэд “Биогийн пост дээр байна, 14:00 цагийн үед ирж аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за” гэж хэлчихээд дахиад 13:00 цаг өнгөрч байхад залгаад “чи ирж байна уу” гэхээр нь би “би очиж байна” гэж хэлсэн. Тэгээд очоод “баримт бичгээ авъя” гэхэд “чи торгуулиа авчирсан уу” гэхээр нь “надад мөнгө байдаггүй ээ, цалин буухаар банкны дансаар шилжүүлчихье, дансаа өгчих” гэхэд “тэгдэггүй юм аа” гэсэн. Тэгэхээр нь би “цалин мөнгө буухаар гүйцээж өгье, мөнгө алга, цалингийн зээлэнд авчихдаг, эм тариагаа аваад таардаг” гэж хэлээд гарах гэтэл “чи тэгвэл байгаа мөнгөө өг” гэхээр 75.000 төгрөгөө өгсөн.

Тэгээд машины бичиг баримт буцааж өгөөд, жолооны үнэмлэх авч үлдээд өнөөдөртөө 240.000 төгрөгөө гүйцээж өгөөд үнэмлэхээ аваарай гэж хэлсэн. Тухайн үед  Т.Б, Х.П нар хоёулаа байсан. Х.П-т 75.000 төгрөг өгснийг Т.Б хараагүй байж магадгүй, гэхдээ мэдэж байгаа шүү дээ. Би Т.Б-д мөнгө өгөөгүй, Т.Б “тамхи ундаа аваад ир” гэхээр нь тамхи, ундаа авч өгсөн. Энэ нь 12.000 орчим төгрөг болж байсан. Надад “75.000 төгрөг байна гэхэд 75.000 төгрөгийг ямар мөнгө гэх юм” гээд Т.Б, Х.П нар хоёр бие лүүгээ хараад инээгээд, “юу вэ, 75.000 төгрөгийн торгууль төлдөг болчихсон юм уу” гэхээр нь би “240.000 төгрөгийг гүйцээж өгч чадахгүй байна, цалин буухаар өгье” гэж хэлсэн. Тэгэхэд Т.Б намайг “кола, тамхи 2 аваад ир” гэсэн юм. Миний хувьд урьд нь Т.Б-ээр шалгуулж байсан зүйл байхгүй, манай нэг дүү машин барьж яваад торгуульсан гэж байсан. Энэ асуудал болоод өнгөрсөн, өмнө нь дууссан байсан.

Тэгээд постноос гараад явж байхдаа нарийн бичгийн дарга Г.Э-т “намайг торгуулийн мөнгөө гүйцээж өг гээд байна, надад мөнгө байдаггүй, байгаа 75.000 төгрөгөө өгсөн, дансанд хийдэггүй, бэлнээр авдаг юм шиг байна” гэхэд Г.Э “за, би нэг таньдаг ахаасаа асуугаад үзье” гэж хэлсэн. Тэгээд Г.Э Л.Б гэх хүн лүү ярьсан байсан. Хоёр хоногийн дараа Г.Э, бид хоёр Л.Б гэх хүнээс очиж жолооны үнэмлэхээ авсан. Би өөрийгөө торгуулийн мөнгө өгч байна гэж ойлгоод, дутуу үлдэгдэл мөнгийг нь цалингаа буухаар өгнө гэж бодож байсан юм.

Түүнээс биш би Х.П-д хээл хахууль гэж 75.000 төгрөг өгөөгүй. Би тухайн өдөр архи уугаагүй, айлд байхад архи өгөхөд нь ёсолж амсаад тавьсан. Тэгээд ч манай ажлын хүмүүс намайг элэг муутай, вирустэй гээд согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй гэдгийг бүгд мэднэ. Хэрвээ тухайн үед тандагч багажаар үлээлгэхэд улаан гэрэл асч, дохио өгдөг юм бол би мэдэх ёстой байсан. Цагдаа зогсоогоод бичиг баримтаа өгчих гээд аваад үлдэх үед манай машин бас оношлогоонд ороогүй зөрчилтэй байсан.

Х.П нь дуудлагын дэвтэр завсар мөнгө орхисон гэж худлаа ярьж байна. Өгсөн 75.000 төгрөгийн тал мөнгө нь надад байсан, үлдсэнийг нь би ажлынхаа Д.Д-гаас зээлж авч байсан. Мөн Х.П нь намайг 75.000 төгрөгийг баярласандаа өгсөн гээд бичээд өгөөч, тэгвэл намайг гайгүй гээд байна, намайг бодооч, би 8 хувийн зээлтэй, Цагдаагийн ерөнхий газарт хэрэгтэй байна, тайлбар бичээд өгөөч гэж гуйгаад надаар тайлбар бичүүлж авч байсан. Намайг гүтгээд байна. Ийм хэрэгт холбогдох болсондоо гэмшиж байна. Би бусдад хээл хахууль өгөөгүй, цагдаагийн байранд, цагдаагийн хувцастай, цагдаа хүн надаас хууль дүрмийнхээ дагуу торгуулийн мөнгө авч байна л гэж бодсон....” гэсэн мэдүүлэг,

 

2.  Шүүгдэгч Х.П-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2017 оны 05 сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж, ахлах ахлагч Ч.Г-тай хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 01:00 цагийн үед байх иргэн Ц.З согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байсныг саатуулан шалгаад “согтуугаар машин жолоодож болохгүй, 480.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээтэй, эрхийг чинь хасна, машиныг чинь ачуулна, хуулийн дагуу арга хэмжээ авна” гэж хууль журмыг Ц.З-д тайлбарлан өгсөн. Тэгэхэд Ц.З нь хувийн журмаар маш хэцүү байдалтай бичиг баримтаа гуйж уйлсан. Ц.З нь “би согтуугаар машин жолоодож яваад эрхээ хасуулах юм уу, ар гэрийнхэндээ мэдэгдэх юм бол надад ар гэр салах асуудал гарна, хэрвээ та надад одоо арга хэмжээ авах юм бол би одоо энэ жалга руу ороод амиа хорлосон ч яадаг юм” гээд байсан. Ц.З-тай хамт явж байсан хүмүүстэй нь уулзахад нөгөө хүмүүс нь надад Ц.З-ын гэр бүлийн хүн маш ширүүн ааш зантай хүн байдаг юм, хэрвээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад эрхээ хасуулах юм бол амьдрал нь маш ээдрээтэй болно гэж хэлж ойлгуулсан. Тэгэхээр нь би өөрөө дүгнэлт гаргаж, үнэхээр Ц.З гэх хүнд арга хэмжээ авбал амиа хорлочих юм бол нөхөр, хүүхэд, ард нь гарах үр дагаврыг нь бодоод тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагаас асуугаад явуулсан. Машиныг нь МТ колонкийн буудалд үлдээгээд, бичиг баримтыг авч үлдээд явуулсан. Уг нь бид хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой.

Тэгээд бичиг баримтыг нь авч үлдээд “маргааш нь арга хэмжээ авъя” гээд байж байтал манай Хэв журмын ахлах офицер, хошууч Л.Б “манай хамаатны хүн байгаа юм, согтуугаар машин жолоодож байгаад чамд баригдсан байна, Ц.З-ын бичиг баримтыг надад өгчих” гэж гуйсан. Би тухайн үед жолооны үнэмлэхийг нь Л.Б хошуучид өгсөн. Л.Б нь хэв журмын байцаагч нарын дээд албан тушаалтан, бид нарт үүрэг даалгавар өгдөг, ажлын хуваарь хийдэг хүн.

Ц.З нь надтай ярихдаа “манай нөхөр өнөөдөр Налайх билүү Багануур явах гэж байна, би машины бичиг баримтыг өгөөч” гэж хэлсэн Ингээд ирэхдээ Ц.З нь 2 багштай хамт ирсэн. Тухайн үед надтай хамт гарч байсан дэслэгч Т.Б гэх цагдаа “наад Ц.З-ыг чинь би танина, өмнө над дээр асуудалтай байгаад аргалаад явсан, багш хийдэг гэж байна уу” гэж асуухад нь би “багш хийдэг” гэсэн гэж хэлж байсан. Тэгээд Т.Б өөрийнхөө Скайтелын дугаараас яриад, Ц.З-ыг дуудаж, “Ц.З-аа чи дандаа ийм асуудал гаргаж байх юм аа” гээд 12.000 төгрөгөөр юм авхуулсан байсан. Тухайн үед газар дээр нь арга хэмжээ аваагүй миний буруу. Дараа нь холбогдох газарт асуудлыг шийдвэрлэж, бичиг баримтыг нь өгье гэж бодож байсан боловч Л.Б хошууч бичиг баримтыг нь өгөөч гэж гуйсан болохоор бичиг баримтыг нь өгч, хуулийн дагуу арга хэмжээ авалгүй, албаны үүргээ гүйцэтгээгүй явуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Анх саатуулан шалгах үед Ц.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг Цагдаагийн байгууллагад хэрэглэж байгаа тандагч багажаар шалгасан. Тандагч багажаар шалгахад  улаан гэрэл асч, дохио өгдөг. Би Ц.З-д бичиг баримтыг нь өгөхдөө “За өнөөдөр би чамайг амиа хорлоно гээд байхаар чинь явуулъя, хуулийн дагуу арга хэмжээ аваад чи амиа холочих юм бол надад хэцүү, чиний ард нөхөр, хүүхэд чинь байна, багш нар чинь гуйж байна, дараа нь арга хэмжээ авъя” гэж хэлээд явуулсан. Тэр үед арга хэмжээ авахад хүндрэлтэй, айсан, гуйсан байсан.

Ямар арга хэмжээ авах талаархи хуулийн санкцийг танилцуулаад 240.000 төгрөг, 480.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авдаг гэдгийг Ц.З-д хэлж сануулсан юм. Ц.З ирж тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авахдаа надад 75.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн байсан. Би энийг нь тэр үедээ мэдээгүй байсан, манай албаны ширээн дээрх байсан дуудлагын дэвтрийн завсраар хийсэн байсныг анзаараагүй, торгуулийн хуудасны мөнгийг дэвтрийн засваар хийчихсэн болохоор аваад явсан. Торгуулын тасалбарын тооцоог сарын сүүлээр хийдэг. Ц.З-ыг саатуулж шалгасан өдөр нь 2017 оны 05 сарын 13-ны өдрийн шөнө байсан санагдаж байна.

Би дараа нь Скайтелын дугаараас Ц.З руу яриагүй, надтай хамт ажиллаж байсан Т.Б гэх залуу 9199... дугаартай утсаараа “би Ц.З-ыг танина” гээд утсаар ярьж дуудсан. Намайг Ерөнхий газраас байцааж байхад “Ц.З-тай уулз, өөрөөр нь хүсэлтийг нь бичүүлж авчир” гэсэн. Тэгээд Ц.З-тай уулзаж, 75.000 төгрөгийг нь төлөөд хүсэлтийг нь бичүүлж авсан. Мөнгө өгсөн, авсан баримт байхгүй. Ц.З-ын бичиж өгсөн хүсэлт нь хэрэгт байгаа. Миний хувьд зөрчил гаргагчийг тандагч багажаар үлээлгэж шалгаад, сэжиг бүхий үндэслэл байвал Замын цагдаад мэдэгдэх, ачигч машин дуудаж машиныг нь ачуулах, хүнийг нь /жолоочийг/ эрүүлжүүлэх ёстой. Албаны энэ үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүнийг торгох шийтгэл хүлээлгэх эрх хэв журмын эргүүлийн цагдаад байхгүй, зөрчил илэрвэл холбогдох бичиг баримтыг нь материалжуулаад дээд шатны албан тушаалтанд хүлээлгэж өгдөг журамтай. Гэм буруугаа ойлгож байна. ” гэсэн мэдүүлэг,  

 

Эрүүгийн 2017 0100 0135  дугаартай хэргээс:

 

1. Х.П-т холбогдох мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 4/9890 дугаартай албан бичгээр Авилгатай тэмцэх газарт шилжүүлсэн материалууд /хэргийн 2-18х/,

2. ЦЕГ-ын мэдээллийн сан дахь Ц.З-ын зөрчил гаргаж, захиргааны арга хэмжээ тооцогдож байсан талаархи захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, лавлагаа /хэргийн 20-21х/,

3. Мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 06 сарын 23-ны өдөр Ч.Г-ын гэрчээр өгсөн:

“...2013 оны 12 дугаар сараас Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эргүүлийн цагдаа жолоочоор томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Цагдаа жолооч нь дуудлага мэдээлэл хүлээн авах, тухайн хариуцсан нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх, тээврийн хэрэслийг шалгах үүргийг холбогдох хууль журмын дагуу хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Сэжиг бүхий тээврийн хэрэгслийг шалгах, ингэхдээ тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг хийх, бичиг баримтын бүрэн бүтэн байдал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй эсэх зэрэг бүхий л асуудлыг шалгах үүрэгтэй.

2017 оны 05 сарын 13-ны өдөр хуваарийн дагуу Эрхэс-113 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн ******** улсын дугаартай автомашинаар, эргүүлийн офицер дэслэгч Х.П-ын хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. Манай хариуцсан нутаг дэвсгэр нь Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр хамаарах ба Өлзийт хороо нь Хан-Уул дүүргийн 14-р хороонд ордог. Тухайн өдөр хичнээн дуудлага хүлээн авч ажилласанаа санахгүй байна. Дуудлага, мэдээлэл хүлээн авсан бүртгэлийн дэвтрээс харагдана. Ажил хэрэг гүйцэтгэх үед согтуурлыг шалгах багаж, автомашины номер дугаар шалгагч багаж, 1 ширхэг хийн гар буу, нэг бүрийн тусгай хэрэгсэл бороохой, гав, утаанаас хамгаалах бээлий зэрэг шаардлагатай багаж хэрэгслийн тавьж өгдөг.

2017 оны 05 сарын 13-ны шөнө дэслэгч Х.П-ын хамт Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг Өлзийт хороонд ажил үүргийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Өлзийт хорооны гудамаар эргүүл хийж байхад саарал өнгийн  жижиг суудлын тэрэг гудамжаар гарч ирснийг зогсоож дэслэгч Х.П бууж шалгалт хийхэд жолооч нь 30-40 орчим насны эмэгтэй байсан. Дэслэгч Х.П уг тээврийн хэрэгслийн жолоочийг согтуурлыг тандагч багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэсэн дохио өгч дуугарсан. Х.П дэслэгч нь уг жолоочийг “та согтуу байна, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй” гээд уг машиныг жолоодоод “МТ” шатахуун түгээх колонкийн баруун талд байрлах замын хажуугийн автомашины зогсоол дээр аваачсан.

Дэслэгч Х.П машинаас буугаад цагдаагийн машинд орж ирж суутал нөгөө согтуу жолооч эмэгтэй хүрч ирэхэд нь тэр эмэгтэй Х.П “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 480.000 төгрөгөөр торгуулна, 6 сараас 2 жилийн эрх хасна, тээврийн хэрэгслийг журмын хашаанд байршуулна” гэсэн заалтыг тайлбарлаж  хэлээд, танд ийм арга хэмжээ авна гэж хэлсэн.

 Гэтэл тэр эмэгтэй “уучлаарай, би 59 дүгээр сургуулийн багш байгаа юм аа, энэ миний машин биш ээ, манай нөхрийн машин, журмын хашаанд ачуулах, ийм тийм болговол нөхөр мэдээд алуулна, манай нөхөр намайг их дарамтанд байлгадаг, би их хэцүү амьдралтай, 3 хүүхэдтэй гээд амьдралаа яриад, үхнэ, хатна, амиа хорлоно” гээд байхаар нь би “та яагаад хороо хариуцсан хэсгийн байцаагчид нь өргөдөл өгөөд шалгуулаач, та гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна.” гэж зөвлөхөд дэслэгч Х.П “яахав” гэж надаас асуухаар нь би “явуул, явуул” гэж хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэйг явуулсан.

Тухайн үед гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага ирээд, дэслэгч Х.П бид 2 явсан. Гэхдээ нөгөө согтуу эмэгтэйг “хүлээж бай” гэж хэлээд явсан. Тухайн жолоочийг согтуурлыг тандагч багажаар шалгахад хэдэн хувьтай гарсныг би анзаарч хараагүй.  Ямартаа ч тэр эмэгтэйгээс тодорхой хэмжээний архи үнэртэж байсан. Тэр эмэгтэй өөрийгөө “3 хундага архи уусан” гэж ярьж байсан. Х.П-ыг тэр эмэгтэйн бичиг баримтыг авсан эсэхийг анзаараагүй. Би хажууд нь утсаар яриад явж байсан. Эхлээд машины түлхүүрийг аюулгүй байдлыг хангах үүднээс авсан байсан, дараа нь түлхүүрийг нь буцаагаад өгч байсан.

Тэр эмэгтэй амьдралаа яриад уйлаад гуйгаад байхаар нь хүн чанар гаргаад өрөвдөөд явуулсан, ингэж болохгүй гэдгийг ойлгож байгаа. Миний хувьд Ц.З-ыг танихгүй, хэн нэгэн дэслэгч Х.П бид, хоёрт нөлөөлөөд явуулсан зүйл байхгүй. Дэслэгч Х.П мөнгө төгрөг авч уг асуудлыг шийдвэрлэсэн гэх талаар мэдэх зүйл алга. ЦЕГ-ын дотоод аюулгүй байдлын хэлтсийн дэд хурандаа Даваасүрэн  дуудаж тайлбар асуухад мэдсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,

 

4. Мөрдөн байцаалтын шатанд Ү.Н-гийн гэрчээр өгсөн:

“...Би 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуульд бага ангийн багшаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Ц.З нь манай Өлзийт хороонд байрлах 59 дүгээр сургуулийн гадаад хэлний багш юм. ...2017 оны 05 сарын 13-ны өдөр /тэмдэглэлд залруулга хийгдсэн/ Нийслэлийн хэмжээнд мод тарих өдөр буюу бямба гариг байсан. 59 дүгээр сургуулийн хашаанд мод тарьсан. Тэгээд ажил дуусахаар нь Ц.З-ын машинд суугаад манай гэрт очсон. Ц.З багш замаасаа дэлгүүрээс 0.5-ын хэмжээтэй 1 шил архи худалдаж авсан. Манай гэрт очоод эхлээд авсан 1 шил архийг багш О.О, үйлчлэгч Д.Б, Ц.З багш бид нар хувааж уугаад, дууссаны дараа Д.Б нь “бид нарт архи авч өгье” гээд дахиад 0.5-ын хэмжэтэй 1 шил архи худалдаж авч ууцгаасан. Ц.З багш 2-3 хундагыг уусан. Ц.З нь элэгний өвчтэй гээд их уухгүй байсан. Манайхаас гараад эхлээд Д.Б-ийг гэрт нь хүргэж өгөөд, дараа нь О.О багшийг гэрт нь дөхүүлж өгье гээд 2 гудамж өнгөртөл тасархай уулзвар дээр цагдаагийн машин зогсож байсан бөгөөд цагдаа гарч ирээд Ц.З-ын зогсоосон.

Цагдаа нь Ц.З-ын машины цонхыг онгойлгуулахад цагдаа “таниас архи үнэртээд байгаа юм уу, наад хүмүүсээс чинь үнэртээд байгаа юм уу” гэж асуухад Ц.З багш “энэ хүмүүсээс үнэртэж байгаа юм аа, би уугаагүй” гэж хэлсэн чинь цагдаа согтуурлыг хэмждэг багажийг Ц.З-д үлээлгэсэн. Тэгсэн цагдаа “та ч гэсэн уусан байна, цаашаа суу” гээд Ц.З-ын машиныг баримд “МТ” шатахууны колонкийн ард зогсоож, “дуудлага дуудна, ачуулна” гээд машины түлхүүрийг аваад цагдаагийнхаа машинд суусан.

Тэгэхээр нь Ц.З, О.О, бид 3 араас нь очоод Ц.З үнэн байдлаа хэлээд, “эгч нь уугаагүй ээ, 2,3 татсан, дахиж ийм алдаа гаргахгүй” гээд гуйтал цагдаа “тийм зүйл байхгүй, дуудлага дуудаж, ачуулна” гэхлээр нь дахиад үргэлжлүүлээд гуйсан. Тэгсэн цагдаа “дуудлага ирлээ, эндээ байж бай” гээд бид 3-ыг орхиод явсан. Цагийн дараа цагдаа ирэхээр нь О.О, Ц.З хоёр дахиад гуйтал “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгөөр торгоно гэж байна” гээд бичиг баримтыг нь авч үлдээд, машины түлхүүрийг нь өгсөн байсан. О.О багш гэр лүүгээ алхаж яваад, Ц.З намайг хүргэж өгчихөөд гэр лүүгээ явсан. 

Бүтэн сайн өдөр над руу Ц.З багш утсаар яриад “нөхөр мэдвэл бөөн юм болно, яаж мөнгө олж бичиг баримтаа авах вэ” гэж ярихаар нь би “учрыг нь олоод авахыг бодъё” гэтэл “өнөөдөр цагдаа над руу залгах байх гэж бодоод утсаа салгачихсан байгаа”  гэж ярьсан. Нэг дэх өдөр нь Ц.З багш над руу 3 удаа залгасан байсан. Тухайн үед надад мөнгө төгрөг байхгүй, мөн манай нөхөр, хүүхэд хамт байсан учраас Ц.З-аас ирсэн дуудлагыг би хүлээж аваагүй юм. 2017 оны 05 сарын 28-нд манай сургуулийн 2 багшийн хурим дээр Ц.З-тай тааралдахад “чи яасан хүн муутай юм бэ, утсаа авахгүй алга болчих юм” гэхлээр нь би “мөнгө төгрөг байхгүй болохоор санаа зовоод” гээд “чи юу болсон бэ” гэж асуутал Ц.З багш “байсан хэдэн төгрөгөө өгөөд авлаа” гэж хэлсэн. Ц.З багш байсан хэдэн төгрөгөө өгөөд бичиг баримтаа авсан гэж хэлснээс өөр юм яриагүй.

Хэд хоногийн дараа О.О багш манай ангид орж ирээд “нөгөөх чинь яасан бол, хэдэн төгрөг өгөх юмсан” гэхлээр нь би “надад өгье гэсэн ч мөнгө алгаа” гэж хэлж байснаас өөрөөр дахиж ярилцаагүй. О.О багш бас мэдсэн зүйл байхгүй байсан. Гол нь 59 дүгээр сургуулийн бага сургууль нь тусдаа, ахлах сургуулиасаа 2 км орчим зайтай байрладаг.  Г.Э, Д.Д нарыг танина. 59 дүгээр сургуульд Д.Д биеийн тамирын багшаар, Г.Э нь нарийн бичгээр ажилладаг. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34х/,

 

5. Мөрдөн байцаалтын шатанд  Д.Б-ийн гэрчээр өгсөн:

“...Хан-Уул дүүргийн 59-р сургуульд үйлчлэгчээр 2016 оны 9 сараас эхлэн ажиллаж байна. Өдрийг нь сайн санахгүй байна. Бямба гариг байсан. Манай сургуулийн хамт олон мод тарьсан. Ажил дуусаад багш О.О, Ц.З, Ү.Н-нартай хамт Ц.З-ын машинд суугаад Ү.Н багшийнд очсон. Замаараа хүнсний дэлгүүр ороод бид 4, архи 2 шилийг, ундаа авсан. Би нэг шил архийг нь багш нартай зориулж худалдаж авсан. Ү.Н багшийнд очиж ярьж сууцгаахдаа 2 шил архийг уусан.  Эхдээд Ц.З багш элэг муутай гээд уухгүй байсан. Хэн нь хэдэн хундага уусан эсэхийг би анзаарч хараагүй. Тэгээд архи дууссан. Ц.З багшийн машинд бүгд суугаад, намайг хол гэртээ гээд эхэлж хүргэж өгсөн. Дараа нь хэд хоногийн дараа Ц.З багштай тааралдахад “цагдаад баригдаад, бичиг баримтаа хураалгаад, цагдаад 75.000 төгрөг өгсөн, талыг нь өгч Л.Б-ог юм байна” гэж хэлж байсан. Өөр бусад асуудлын талаар мэдэх зүйл алга. Эхлээд Ц.З багш уухгүй л гэж байсан, Бид нар анх удаа Ү.Н багшийнд уулзсан.  Ц.З багшийг хэдэн хундага архи уусныг санахгүй байна. Намайг хүргэж өгчихөөд цагдаатай тааралдаад, бичиг баримтаа хураалгаад, торгуулийн мөнгийг 2 хувааж өгч Л.Б-ог юм байна. Ц.З багш 75.000 өгөөд бичиг баримтаа авсан гэж хэлсэн.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 35х/,

 

6. Мөрдөн байцаалтын шатанд О.О-гийн гэрчээр өгсөн:

“...Би 2007 оноос эхлэн одоог хүртэл Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаа. Цогбадрах овогтой Ц.З-ыг танина. Ц.З-тай нэг сургуульд 7 жил хамт ажиллаж байна. 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хагас сайн өдөр буюу амралтын өдөр манай 14-р хорооноос Хан-Уул дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвшсэн төлөөлөгч Дорждулам нь “хэдэн мод суулгаж сургуулийн хашаан дотор тарьж байгаа юм” гээд сургуулийн нийт багш ажилчдыг хамруулсан. Мод тарьж дуусаад Ц.З-ын машинд бага ангийн багш Цэрэннадмид, үйлчлэгч Д.Б, бид нар суугаад замдаа явж байгаад “ганц нэг юм зохицуулах уу” гээд Цэрэннадмид, Д.Б, Ц.З гурав хамт дэлгүүр орсон. Дэлгүүрээс гараад Цэрэннадмид багшийнд очсон. Ц.З-ын хүүхэд нь Цэрэннамдид багшийн ангид суралцдаг, үсэглэлийн баяр хийсэн гээд нэг шил 0,5 литрийн хэмжээтэй архи задалсан. Хэн хичнээн хундага уусныг санахгүй байна. Цэрэннадмид багшийнхаас гараад Буянхишигийг гэрт нь хүргэж өгөөд, намайг гэрт хүргэж өгөх гээд 23:00 цагийн үед явах замд цагдаа тааралдаж зогсоосон. Цагдаа “цонхоо нээ” гээд нээлгэснээ “юм үнэртээд байна уу, үгүй юу” гэхэд Ц.З “машинд сууж яваа хүмүүс жаахан юм уусан” гэж хэлсэн, тэгсэн цагдаа Ц.З-д багаж үлээлгэсэн.

Тэгээд цагдаа Ц.З-ыг “та суудлаа чөлөөлж өгөөд цаашаа суучих” гээд машиныг нь жолоодоод “МТ” шатахуун колонк дээр ирсэн. Цагдаа Ц.З-ын бичиг баримт, машины түлхүүрийг нь аваад буугаад явсан. Бид машин дотроо “яах вэ” гэж ярилцаад “очоод цагдаагаас гуйя” гээд Ц.З-ыг дагуулаад очоод гуйсан. Цагдаа “үлээлгэчихсэн шүү дээ” гэснээ “дуудлага ирлээ, хүлээж байгаарай, явж болохгүй шүү” гээд явсан.

Цаг гаруй болсны дараа цагдаа ирэхээр нь дахиад цагдаагаас гуйсан чинь цагдаа “хэцүү л юм даа, бичиг баримтыг өгөхгүй, одоо 240.000 төгрөгөөр торгоно, мөнгө байна уу” гэхээр нь “бид нарт юу ч алгаа” гэтэл “бичиг баримтыг чинь өгөхгүй, төлбөрөө төлөөд бичиг баримтаа аваарай, түлхүүрийг чинь өгөөд явуулъя” гээд Ц.З, бид хоёрыг явуулсан. Манай гэр ойрхон байсан учраас би гэр лүүгээ шууд алхаад явсан, Ц.З, Цэрэннадмид хоёр машинаа унаад явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/,

 

7. Мөрдөн байцаалтын шатанд Г.Э-ийн гэрчээр өгсөн:

“...Би 2011 оноос эхлэн одоог хүртэл Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуулийн номын санч, захирлын нарийн бичгээр ажиллаж байна. Ц.З-тай хамт ажилладаг, найз нөхдийн холбоотой. 2017 оны 05 сарын дундуур Ц.З нь “уузлварын цагдаагийн пост орчихоод ирье” гэхээр нь Д.Д-гийн машинаар бид гурав хамт явсан. Замдаа “яасан юм бэ” гэж асуутал Ц.З “очоод хэлье” гэсэн. Тэгээд цагдаагийн пост ороход хар нүдний шилтэй цагдаагийн хувцастай залуу сууж байсан. Бид гурвыг хамт ороход тэр цагдаа юу ч дуугарахгүй болохоор нь Д.Д, бид хоёр гараад явсан. Ц.З үлдсэн. Ц.З-ыг гараад ирэхээр нь бид хөдөлсөн. Тухайн өдөр Ц.З “бичиг баримтаа хураалгасан” гэснээс өөр зүйл ярихгүй байсан. Харин маргааш нь Ц.З надтай ажил дээр уулзаад “таньдаг хүн байна уу, бичиг баримтаа авч чаддаггүй” гэхээр нь би “миний нэг хуурай ах байдаг юм яриад үзье” гээд Л.Б ахтай ярьтал Л.Б ах “Х.П саяхан ирсэн би сайн танихгүй” гэсэн.

Л.Б ах өөрөө 2, 3 хоногийн дараа над руу залгаад “Ц.З-ын жолооны үнэмлэх байна аа, ирээд авчих” гэхээр нь Ц.З-тай хамт Л.Б ахаас жолооны үнэмлэхийг авсан. Бичиг баримтаа авахдаа мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38х/,

 

8.  Мөрдөн байцаалтын шатанд Л.Б-ын гэрчээр өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст Хүүхэд, гэр бүл хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ахлах байцаагч ажилтай. Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дэд хурандаа Даваасүрэн намайг 2017 оны 06 сарын 09-ний өдөр дуудаад “танай байцаагч Х.П нь хүнээс мөнгө төгрөг авсан асуудал гаргасан байна, энэ талаар та тайлбар бичиж өгнө үү” гэсэн. Тэгээд би тайлбар бичиж өгсөн. Болсон асуудлын хувьд миний таньдаг дүү Чимгээ нь 2017 оны 05 сарын 14-ний өдөр над руу залгаад “манай цуг ажилладаг багш жаахан дарс уучихаад, Өлзийт хороололд Х.П гэдэг цагдаад баригдчихлаа, та таних уу” гэсэн. Тэгэхэд нь би “Х.П сая шинэ ирсэн, ямар ч байсан яриад өгье, танихгүй болохоор би мэдэхгүй байна” гээд утсаа салгасан. Би Х.П руу залгаад “манай таньдаг дүү яриад байна, чам дээр согтуу эмэгтэй хүн баригдсан байна, гайгүй шийдвэрлүүлэх боломж байна уу” гэж асуухад Х.П юу ч хэлэлгүй утсаа салгасан. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь Чимгээ над руу залгахад “чи шийдвэрлэсэн юм уу” гэхэд Х.П нь “шийдвэрлэсэн” гэсэн. Би “яагаад жолооны үнэмлэхийг нь өгөөгүй юм бэ, жолооны үнэмлэхийг нь надад авчраад өгөхгүй юу, би өгье” гэтэл Х.П надад тэр эмэгтэйн жолооны үнэмлэхийг авчирч өгсөн. Маргааш нь би жолооны үнэмлэхийг Чимгээ, мөн жолооны үнэмлэхний эзэнд нь өгч явуулсан. Чимгээ тэр эмэгтэйтэй хамт ирсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39х/,

 

9. Мөрдөн байцаалтын шатанд Д.Д-гийн гэрчээр өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуульд биеийн тамирын багшаар 2007 оноос одоог хүртэл ажиллаж байна. Цогбадрах овогтой Ц.З бид хоёр хамт 59 дүгээр сургуульд ажилладаг. Би Ц.З-тай хамт Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс дээр очоогүй. Харин Ц.З нь “цагдаагаас бичиг баримтаа авна, хүнтэй уулзана” гээд миний машинд дайгдаад Биокомбинат, Туул тосгон, Өлзийт хорооллын уулзвар дээр байдаг цагдаагийн пост дээр буусан. Ц.З, бид хоёртой хамт манай сургуулийн нарийн бичиг, бичиг хэргийн ажилтан Г.Э хамт явсан. Тэгээд Ц.З “цагдаатай уулзчихлаа” гээд гарч ирээд буцаад сургууль руугаа явсан. Ц.З нь “маргааш цагдаагаас бичиг баримтаа авна” гэж байсан. Тэнд Г.Э-ийн таньдаг цагдаатай уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40х/,

 

10. Мөрдөн байцаалтын шатанд Т.Б-ий гэрчээр өгсөн:

“...2014 онд Хууль сахиулах их сургуулийг Цагдаагийн ажил, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2014 оны 06 сараас 09 сар хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн тусгай хамгаалалтын 2-р хэлтэст хэв журмын офицер, 2016 оны 09 сарын 15-ны өдрөөс эхлэн одоог хүртэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст хэв журмын офицероор ажиллаж байна.

2017 оны 05 сард жолооч цагдаа Ч.Г, ахлах ахлагч Г.Эрхэмбаяр нар нь сургууль төгсөх шалгалттай, орой нь ахлагч нарын баяртай гээд чөлөөлөгдсөн учраас эргүүлийн офицер Х.П-тай хамт тухайн өдөр эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна. Тухайн өдөр өдрийн цагаар Хан-Уул дүүргийн 13-р хороо Шувуун фабрикаас Өлзийт хороолол руу салдаг уулзвар дээр Таван толгойн пост буюу Эрхэс 45 дээр Х.П-ын хамт эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн.

Шөнийн цагаар дуудлагын дагуу авто эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр офицер Х.П дээр ногоон өнгийн приус маркийн машинаар нэг эмэгтэй ирж уулзсан. Энэ уулзсан эмэгтэй нь Өлзийт хороонд амьдардаг, миний зүс мэдэх эмэгтэй байсан. Тухайн өдөр Х.П-тай өөр хүн ирж уулзаагүй. Тэр эмэгтэй постонд орж ирэхээр нь “том тэрэгнүүд орж ирж байна” гэж хэлээд би гарсан. Х.П тэр эмэгтэйтэй хамт үлдсэн. Х.П-ыг тэр эмэгтэйтэй ямар асуудлын талаар ярьсныг би мэдэхгүй. Дотоод хяналтаас тайлбар авах үед тэр эмэгтэйг Ц.З гэж нэрийг нь мэдсэн. Би Ц.З-аар тамхи, ундаа авхуулаагүй. Намайг гадаа машин шалгаад постонд орж ирэхэд ширээн дээр том савтай кола ундаа байсан. Би Кола ундаа уудаггүй болохоор тоолгүй өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42х/,

 

11. Мөрдөн байцаалтын шатанд Г.Г гэрчээр өгсөн:

“...2014 оноос одоог хүртэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн нийтийн хэв журмын тасгийн даргаар ажиллаж байна. Миний хариуцдаг тасагт 2017 оны 03 сарын үед Х.П нь хэв журмын эргүүлийн офицероор томилогдон ирсэн. Одоо ажиллаж байгаа. Х.П-ыг Эрхэс-113 авто эргүүлийн машин дээр үүрэг гүйцэтгэүүлэхээр хуваарилан ажиллуулж байгаа. ...Согтуурлыг хэмжигч тандагч багажийг эргүүлийн офицер нь ажиллуулах ёстой. Эхлээд багажийг асаахад цэнхэр өнгийн гэрэл  асна, хажуу талын хошуу хийгч хэсэг рүү хошууг хийж үлээлгэнэ. Хэрвээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд спиртийн хувийг заасан тоо гарч ирнэ. Энэ багаж нь согтуурлыг шалгах анхан шатны багаж юм. Эргүүлийн офицер нь тухайн шалгасан иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол Эрхэс-10 буюу жижүүрт мэдэгдэн бататгаж драйгерээр үлээлгээд, батлагдвал Дүүргийн Замын Цагдаагийн газарт мэдэгдэж, хүлээлгэн өгөх ёстой.

Согтууруулах ундааны зүйл хэрэглээд тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэнийг хэв журмын эргүүлийн офицер торгох эрх байхгүй. Харин гэрэл дохио, хамгаалах бүс зүүгээгүй иргэний нийтгэх үүргийн дагуу бэлэн бусаар торгох эрхтэй. Зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдээс бэлэн мөнгөөр торгуулийн мөнгө авах хориотой. Эргүүлийн офицер нь иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах эрхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44х/,

 

12. Х.П-ыг ЦЕГ-н даргын 2017 оны 03 сарын 16-ны өдрийн Б/126 дугаар тушаалаар 03 сарын 16-ны өдрөөс Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицероор томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь болон Х.П-ын ажил байдлын тодорхойлолт /хэргийн 91-92х, 58-60х/,

 

13. Согтуурлыг тандагч багажид үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 137-138х/,

 

14. Шүүгдэгч Х.П, Ц.З нарын, энэ хэргийн гэрч Т.Б, Ү.Н, О.О, Ч.Г нарын ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст бичгээр гаргасан тайлбарууд /хэргийн 3-5х, 6-7х, 8-9, 11х, 15х, 17-18х/,

 

15. 2017 оны 05 дугаар сарын Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн кобан, машинт эргүүлийн томилгоо, хуваарь /хэргийн 19х, 71х/,

 

16. Мобикомын 99764183 дугаарын 2017 оны 05 сарын 1-нээс 2017 оны 06 сарын 23-ны хооронд гадагш ярьсан болон илгээсэн  мессежний жагсаалт /хэргийн 23-30х/,

 

17. Цагдаагийн үйл ажиллагааны журам /хэргийн 93-95х/, шүүхэд гаргасан өмгөөлөгчийн хүсэлт

 

19. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татагалзсан мөрдөн байцаагчийн 2017 оны 06 сарын 30-ны өдрийн тогтоол /хэргийн 113х/, 

 

20. Ц.З-ын хувийн байдалтай холбоотой өвчтөний гар карт баримт /хэргийн 117-122х/ /шүүх хуралдаанд гаргасан 4х баримт /,

 

21.  Шүүгдэгч Ц.З-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 05 сарын 12, 13-ны аль нэг өдөр буюу хагас сайн өдөр мод тарьсан. Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуульд модоо тарьчихаад, багш Ү.Н-гийнд очиж сууя гэсэн. Намайг машинтай болохоор цуг явъя гэсэн. Замаасаа Ү.Н нь 2 шил 0,5 литрийн хэмжээтэй архи авсан. Тухайн үед багш Ү.Н, үйлчлэгч Д.Б, багш О.О нар байсан. Надммидцэрэнгийнд очоод хоол хийж, бид юм яриад, архи задалсан. Хоол идчихээд “нөхөр байхгүй байгаа хүүхдүүддээ очиж хоол хийж өгөх ёстой” гэтэл тэд нар “жаахан юм ярьж сууж байгаад яваач, чамаар хүргүүлнэ” гэсэн. Тэгээд оройн 22:00 цаг өнгөрөөд бид явсан. Үйлчлэгч Д.Б-ийг гэрт нь буулгачихаад, буцаад О.О, Ү.Н 2-ыг хүргэж өгөх замдаа цагдаатай таарсан.

Цагдаа бичиг баримт аваад, шалгах багажийг үнэрлүүлсэн. Гэтэл минийх гараагүй. Цагдаа “та нараас архи үнэртээд байгаа юм биш үү” гэтэл О.О, Ү.Н 2 “бид нар жаахан уусан юм” гэж хэлсэн. Тэгсэн миний бичиг баримтыг цагдаа аваад явсан. “МТ” шатахууны станцын хавьд цагдаа зогсохоор нь цагдаагийн араас очоод “бичиг баримтаа авъяа” гэтэл “240.000 төгрөгийг шөнийн 04 цагаас өмнө авчирч өг” гэсэн. Тэгэхээр нь “надад мөнгө байхгүй, 240.000 төгрөг шөнө яаж олдох вэ, торгуулийн хуудсаа уншуулаад өгчих” гэтэл цагдаа “дансанд хийхгүй, бэлнээр авчир” гээд байсан. Бид нар хүмүүс рүү утасдаад мөнгө олдохгүй болохоор нь жаахан зогсож байтал цагдаа гар утасныхаа дугаарыг өгсөн. Тэгээд намайг “дугаараа өгчих гэхээр нь би өөрийнхөө дугаарыг өгсөн. Тэгээд О.О-г буулгаад, Ү.Н-г буулгаад гэртээ ирсэн.

Маргааш нь амралтын өдөр байсан тул холбогдож чадаагүй, ямар ч байсан дэслэгч Х.П гэдэг хүн байсан. Тэгсэн дараагийн өдөр нь буюу Мягмар гаригт өдрийн 12:00 цагийн үед Х.П цагдаа над руу залгаад “хүүе Ц.З-аа, би байна, бичиг баримтаа авахгүй юм уу” гэхээр нь би “ашгүйдээ, өөрийн чинь дугаарыг алга болгочихоод, хаана очиж уулзахаа мэдэхгүй байсан юм”  гэтэл “14-15 цагийн хооронд Биогийн цагдаагийн постонд хүрээд ирээ” гэж хэлсэн. Мөнгөө авчраарай гэсэн. Би “за” гээд бас мөнгө хайгаад олдохгүй байсан учраас багш Д.Д-гаас 80.000 төгрөг зээлж авсан.

Мягмар гаригт нь Г.Э, Д.Д хоёртой хамт цагдаа дээр очсон. Бид гурав буугаад цагдаагийн байранд ороход 2 цагдаа байсан. Тэр 2 цагдаагийн аль нь ч үг дуугараагүй. Бид гурав нилээн сууж байтал Х.П цагдаа “торгуулийн мөнгө авчирсан уу” гэснээ “500.000 төгрөг болно шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь би “240.000 төгрөг гэсэн шүү дээ” гэтэл “тэгвэл 240.000 төгрөгөө авчирсан юм уу” гэж асуухаар нь би “надад мөнгө олдохгүй байна, манай цалин буугаагүй” гэтэл Х.П цагдаа “яг хэд байгаа юм” гэхээр нь “байгаа нь 75.000 төгрөг байна” гэтэл, наад “75.000 төгрөг чинь ямар мөнгө байдаг юм бэ, юун 75.000 төгрөг вэ” гэхээр нь би “надад торгуулийн дансаа өгчихөө, би цалин буухаар гүйцээгээд хийчихье” гэсэн.

Нилээн байж байгаад цагдаа Х.П “байгаа мөнгөө өгчих, үлдсэнийг нь өнөө оройны дотор надад бэлнээр авчирч өгөөрэй” гэсэн. Тэгээд би “торгуулийн 240.000 төгрөгөөс хасагдаж байгаа юу, үлдсэнийг нь дансаар хийе” гэтэл “өнөө шөнийн дотор бэлнээр авчир гээд байна шүү дээ” гэсэн. Тэгээд би “цалингаа буухаар үлдсэнийг өгнө” гэсэн. Тэгэхэд миний машины бичиг баримтыг өгөөд, жолооны үнэмлэх өгөхгүй болохоор нь “үнэмлэх яах вэ” гэж асуутал “үлдсэн мөнгөө гүйцээж авчираад ав аа” гэсэн. Тэгээд би явсан. Гарч ирээд нөгөө хоёртоо хэлээд “торгуулийн мөнгөө талыг нь өгөөд болчихлоо” гэж хэлсэн. Тэгсэн Г.Э, манай найз хүүхэн “үнэмлэхээ түрдээ байж бай, манай хуурай ах байдаг юм” гэж хэлэхээр нь орхисон. 1, 2 хоногийн дараа Г.Э “манай хуурай ах үнэмлэхээ авчих” гэнэ гэхээр нь очиж үнэмлэхээ авсан.

Би Цагдаагийн хурандаа дээр ороод “ямар хэргээр намайг дуудсан юм бол, манай ангийн хүүхдүүд янз бүр болсон юм уу” гэтэл “дэслэгч Х.П-т та 500.000 төгрөг өгөөд бичиг баримт авсан хэрэг байна” гэхээр нь “хэн тэгээд байна, гэтэл ийм өргөдлийн дагуу шалгаж байна, таныг 500.000 төгрөг өгөөд бичиг баримтаа авсан хэргээс болж энэ хүн ажилгүй болох нь ээ”, гэхээр нь “би юу гэж 500.000 төгрөг өгөх вэ, торгуулийн 240.000 төгрөгөөс 75.000 төгрөг өгсөн шүү дээ” гэтэл “таны тайлбар мэднэ шүү дээ” гэсэн. Тэгээд би цагдааг өрөвдөөд бүх тайлбараа бичиж өгсөн. Би бол “архи уугаагүй байсан, амсаад өгсөн” гэж хэлтэл нөгөө цагдаагийн хурандаа “амссан уусан хоёр ялгаа байхгүй” гэсэн. Цагдаа Х.П нь дараа нь надаас “та өгсөн тайлбараа буцаагаад өгөөч, мөнгө өгөөгүй гэж хэлээд өгөөч” гэж гуйсан. Х.П нь утсаар хэд, хэдэн удаа залгаад надаар тайлбар бичүүлж авсан. Би торгуулийн мөнгө гэж 75.000 төгрөг өгсөн, хээл хахуульд гэж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-48х, 143-145х/,

 

22. Шүүгдэгч Х.П-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: 

“...Би 2004 онд Их Засаг их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөөд, 2005-2007 онд Төмөр замын Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, 2011-2014 он хүртэл Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, 2014-2017 он хүртэл Цагдаагийн Ерөнхий газарт төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст мэргэжилтэн, 2017 оны 03 сарын 26-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст хэв журмын офицероор одоог хүртэл ажиллаж байна.

2017 оны 05 сарын 13-ны өдөр Эрхэс-113 чиглэлд албаны ******** дугаарын автомашинтай цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Г-ын хамт жижүүрийн 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд сэжиг бүхий Хонда-Пит загварын автомашиныг зогсоож шалгахад тус автомашины жолооч Ц.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг тогтоосон. Ц.З-ыг согтуурлыг тандагч багажаар шалгахад, согтууруулах ундааны зүйл илэрсэн бөгөөд автомашинаас нь үнэртэж байсан. Тус автомашины жолооч Ц.З-д МУ-д мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг тайлбарлан ойлгуулж, холбогдох Замын Цагдаагийн газарт мэдэгдэх гэсэн боловч жолооч Ц.З нь, хамт явсан багш нарын хамт гуйсан. Ц.З нь улмаар уйлан “амиа хорлоно, нөхөрт битгий мэдэгдээч, манай гэр бүлийн хүн хурц ааштай хүн байдаг юм, бичиг баримтыг минь өгчихөөч” гэж гуйж байсан. Тухайн үед Эрхэс-10-аас дуудлага ирээд, Ц.З-ыг машинтай нь орхиж дуудлагад явсан. Дуудлагаас ирээд Ц.З-ын бичиг баримтыг авч үлдээд, Ц.З-ыг машинтай нь явуулсан.

2 өдөр амраад 1 дэх өдөр цагдаагийн дэслэгч Т.Б-тэй албан үүргээ Эрхэс-113-д ******** улсын дугаартай автомашинаар үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр ахлагч нарын баяр болсон тул цагдаа жолооч Ч.Г баярын арга хэмжээнд явсан байсан. Нэг дэх өдрийн өдөр хэв журмын ахлах байцаагч Л.Б утсаар холбогдон Ц.З-ын бичиг баримтыг гуйсан. Тэгээд Ц.З-ыг дуудаж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь өгч явуулсан.

Ц.З-ын тээврийн хэрэгслийн гэрчилгээ өгөх үед Ц.З нь 2 хайрцаг парламент тамхи, 2 литрийн кола ундааны хамт авчирч өгсөн. Ширээн дээр байсан Эрхэс-113 дуудлагын дэвтрийн завсар Ц.З нь мөнгө хийсэн байсан. Тухайн үед хийсэн мөнгөний хэмжээг мэдээгүй. 5.000 төгрөгийн дэвсгэртээр, 1.000 төгрөгийн дэвсгэртээр мөнгө хийсэн байсан бөгөөд дуудлага бичих үед Ц.З-ыг мөнгө хийсэн байна гэдгийг мэдээд, тухайн мөнгийг авсан. Нийтдээ 75.000 төгрөг байсан. Маргааш нь Ц.З-ын жолооны үнэмлэхийг Л.Б ахмадад өгч явуулсан. Би мөнгийг авсан нь үнэн. Би Ц.З-д заавал бэлнээр мөнгө төгрөг авчир гэж дарамт үзүүлсэн зүйл байхгүй. Өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.

Би Ц.З-аас хээл, хахуульд мөнгө гардаж аваагүй. Ц.З-ын дэвтрийн завсар хавчуулсан байсан мөнгийг торгуулынх гэж ойлгоод, торгуулийн тасалбартай хамт авч энгэрийн кармандаа хийсэн. Л.Б ахмад утсаар яриад “иргэн Ц.З-ын бичиг баримтыг байгаа эсэхийг лавлаж асуухад” байгаа гэхэд “манай таньдаг хүн байгаа юм, бичиг баримтыг нь өгчих, бараг 500.000-600.000 төгрөгөөр торгуулах асуудал юм байна, би чам руу хоолны мөнгөтэй явуулъя” гэж хэлэхэд нь би, ахлах офицер гуйж байхад “тийм юм яриад яах юм, бэ хэрэггүй” гэж хэлээд “бичиг баримтаа авах хүнээ пост руу явуулчих” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ц.З, хоёр эмэгтэйтэй ирж бичиг баримтаа авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51х, 140-141х/, зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.З, Х.П нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч Ц.З нь 2017 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хонда пит маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, хэв журмын эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэж байсан Х.П-д саатуулагдахдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Х.П-д 75.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэх байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн: 

- гэрч  Ч.Г-ын: “...2017 оны 05 сарын 13-ны өдөр хуваарийн дагуу Эрхэс 113 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн ******** улсын дугаартай автомашинаар эргүлийн офицер дэслэгч Х.П-ын хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. Манай хариуцсан нутаг дэвсгэр нь Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр хамаарах ба Өлзийт хороо нь Хан-Уул дүүргийн 14-р хороонд ордог. 2017 оны 05 сарын 13-ны шөнө дэслэгч Х.П-ын хамт Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг Өлзийт хороонд ажил үүргийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Өлзийт хорооны гудамжаар эргүүл хийж байхад саарал өнгийн жижиг суудлын тэрэг гудамжаар гарч ирснийг зогсоож, дэслэгч Х.П бууж шалгалт хийхэд жолооч нь 30-40 орчим насны эмэгтэй байсан. Дэслэгч Х.П уг тээврийн хэрэгслийн жолоочийг согтуурлыг тандагч багажаар шалгахад “согтууруулах ундаа хэрэглэсэн байна” гэсэн дохио өгч дуугарсан. Х.П дэслэгч нь уг жолоочийг “та согтуу байна, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй” гээд уг машиныг жолоодоод “МТ” шатахуун түгээх колонкийн баруун талд байрлах замын хажуугийн автомашины зогсоол дээр аваачсан.

Дэслэгч Х.П машинаас буугаад цагдаагийн машинд орж ирж суутал нөгөө согтуу жолооч эмэгтэй хүрч ирэхэд нь тэр эмэгтэйд Х.П “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 480.000 төгрөгөөр торгуулна, 6 сараас 2 жилийн эрх хасна, тээврийн хэрэгслийг журмын хашаанд байршуулна” гэсэн заалтыг тайлбарлаж хэлээд, танд ийм арга хэмжээ авна” гэж хэлсэн. ...Дэслэгч Х.П “яахав” гэж надаас асуухаар нь би “явуул, явуул” гээд хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэйг явуулсан... Дэслэгч Х.П мөнгө төгрөг авч уг асуудлыг шийдвэрлэсэн гэх талаар мэдэх зүйл алга.” гэсэн мэдүүлэг,

-  гэрч Ү.Н-гийн: “...2017 оны 05 сарын 13-ны өдөр Нийслэлийн хэмжээнд мод тарих өдөр буюу бямба гариг байсан. 59 дүгээр сургуулийн хашаанд мод тарьсан. Тэгээд ажил дуусахаар нь Ц.З-ын машинд суугаад манай гэрт очсон. Ц.З багш замаасаа дэлгүүрээс 0.5-ын хэмжээтэй 1 шил архи худалдаж авсан. Манай гэрт очоод эхлээд авсан 1 шил архийг багш О.О, үйлчлэгч Д.Б, Ц.З багш бид нар хувааж уугаад дууссаны дараа Д.Б нь “бид нарт архи авч өгье” гээд дахиад 0.5-ын хэмжэтэй 1 шил архи худалдаж авч ууцгаасан. Ц.З багш 2-3 хундагыг уусан. Ц.З нь элэгний өвчтэй гээд их уухгүй байсан. Манайхаас гараад эхлээд Д.Б-ийг гэрт нь хүргэж өгөөд, дараа нь О.О багшийг гэрт нь дөхүүлж өгье гээд 2 гудамж өнгөртөл тасархай уулзвар дээр цагдаагийн машин зогсож байсан бөгөөд цагдаа гарч ирээд Ц.З-ыг зогсоосон.

Цагдаа нь Ц.З-ын машины цонхыг онгойлгуулахад цагдаа “таниас архи үнэртээд байгаа юм уу, наад хүмүүсээс чинь үнэртээд байгаа юм уу”  гэж асуухад Ц.З багш “энэ хүмүүсээс үнэртэж байгаа юм аа, би уугаагүй” гэж хэлсэн чинь цагдаа согтуурлыг хэмждэг багажийг Ц.З-д үлээлгэсэн. Тэгсэн цагдаа “та ч гэсэн уусан байна, цаашаа суу” гээд Ц.З-ын машиныг бариад “МТ” шатахууны колонкийн ард зогсоож, “дуудлага дуудна, ачуулна” гээд машины түлхүүрийг аваад цагдаагийн машинд суусан.

Тэгэхээр нь Ц.З, О.О, бид 3 араас нь очоод, Ц.З үнэн байдлаа хэлээд, “эгч нь уугаагүй ээ, 2,3 татсан, дахиж ийм алдаа гаргахгүй” гээд гуйтал цагдаа “тийм зүйл байхгүй, дуудлага дуудаж, ачуулна” гэхээр нь дахиад үргэлжлүүлээд гуйсан. Тэгсэн цагдаа “дуудлага ирлээ, эндээ байж бай” гээд бид 3-ыг орхиод явсан. Цагийн дараа цагдаа ирэхээр нь О.О, Ц.З хоёр дахиад гуйтал “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгөөр торгоно гэж байна” гээд бичиг баримтыг нь авч үлдээд, машины түлхүүрийг нь өгсөн. О.О багш гэр лүүгээ алхаж яваад, Ц.З намайг хүргэж өгчихөөд гэр лүүгээ явсан. 

...2017 оны 05 сарын 28-нд манай сургуулийн 2 багшийн хурим дээр Ц.З-тай тааралдахад “чи яасан хүн муутай юм бэ, утсаа авахгүй алга болчих юм” гэхлээр нь би “мөнгө төгрөг байхгүй болохоор санаа зовоод” гээд “чи юу болсон бэ” гэж асуутал Ц.З багш “байсан хэдэн төгрөгөө өгөөд авлаа” гэж хэлсэн. Ц.З багш байсан хэдэн төгрөгөө өгөөд бичиг баримтаа авсан гэж хэлснээс өөр юм яриагүй.” гэсэн мэдүүлэг,

- гэрч Д.Б-ийн: “...Өдрийг нь сайн санахгүй байна. Бямба гариг байсан. Манай сургуулийн хамт олон мод тарьсан. Ажил дуусаад багш О.О, Ц.З, Ү.Н-нартай хамт Ц.З-ын машинд суугаад Ү.Н багшийнд очсон. Замаараа хүнсний дэлгүүр ороод ...архи 2 шилийг, ундаа авсан. Би нэг шил архийг нь багш нартай зориулж худалдаж авсан. Ү.Н багшийнд очиж ярьж сууцгаахдаа 2 шил архийг уусан. Эхлээд Ц.З багш элэг муутай гээд уухгүй байсан. Хэн хэдэн хундага уусан эсэхийг би анзаарч хараагүй. Тэгээд архи дууссан. Ц.З багшийн машинд бүгд суугаад намайг хол гэртээ гээд эхэлж хүргэж өгсөн. Дараа нь хэд хоногийн дараа Ц.З багштай тааралдахад “Намайг хүргэж өгчихөөд цагдаатай тааралдаад, бичиг баримтаа хураалгаад, торгуулийн мөнгийг 2 хувааж өгч Л.Б-ог юм байна. Ц.З багш 75.000 өгөөд бичиг баримтаа авсан гэж хэлж байсан.” мэдүүлэг,

- гэрч О.О-гийн: “... 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хагас сайн өдөр буюу амралтын өдөр манай 14-р хорооноос Хан-Уул дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвшсэн төлөөлөгч Дорждулам нь “хэдэн мод суулгаж сургуулийн хашаан дотор тарьж байгаа юм” гээд сургуулийн нийт багш ажилчдыг хамруулсан. Мод тарьж дуусаад Ц.З-ын машинд бага ангийн багш Цэрэннадмид, үйлчлэгч Д.Б, бид нар суугаад замдаа явж багйаад “ганц нэг юм зохицуулах уу” гээд Цэрэннадмид, Д.Б, Ц.З гурав хамт дэлгүүр орсон. Дэлгүүрээс гараад Цэрэннадмид багшийнд очсон. Ц.З-ын хүүхэд нь Цэрэннамдид багшийн ангид суралцдаг, үсэглэлийн баяр хийсэн гээд нэг шил 0,5 литрийн хэмжээтэй архи задалсан. Хэн хичнээн хундага уусныг санахгүй байна. Цэрэннадмид багшийнхаас гараад Буянхишигийг гэрт нь хүргэж өгөөд, намайг гэрт хүргэж өгөх гээд явах замд цагдаа тааралдаж зогсоосон.

Цагдаа “цонхоо нээ” гээд нээлгэснээ “юм үнэртээд байна уу, үгүй юу” гэхэд Ц.З “машинд сууж яваа хүмүүс жаахан юм уусан юм” гэж хэлсэн, тэгсэн цагдаа Ц.З-д багаж үлээлгэсэн. Тэгээд цагдаа Ц.З-ыг “та суудлаа чөлөөлж өгөөд цаашаа суучих” гээд машиныг нь жолоодоод “МТ” шатахуун колонк дээр ирсэн. Цагдаа Ц.З-ын бичиг баримт, машины түлхүүрийг нь аваад буугаад явсан. Бид машин дотроо “яах вэ” гэж ярилцаад “очоод цагдаагаас гуйя” гээд Ц.З-ыг дагуулаад очоод гуйсан. Цагдаа “үлээлгэчихсэн шүү дээ” гэснээ “дуудлага ирлээ, хүлээж байгаарай, явж болохгүй шүү” гээд явсан.

Цаг гаруй болсны дараа цагдаа ирэхээр нь дахиад цагдаагаас гуйсан чинь цагдаа “хэцүү л юм даа, бичиг баримтыг өгөхгүй, одоо 240.000 төгрөгөөр торгоно, мөнгө байна уу” гэхээр нь “бид нарт юу ч алга аа” гэтэл “бичиг баримтыг чинь өгөхгүй, төлбөрөө төлөөд бичиг баримтаа аваарай, түлхүүрийг чинь өгөөд явуулъя” гээд Ц.З бид хоёрыг явуулсан. Манай гэр ойрхон байсан учраас гэр лүүгээ шууд алхаад явсан, Ц.З, Цэрэннадмид хоёр машинаа унаад явсан...” гэсэн мэдүүлэг,

- гэрч Г.Э-ийн: “...2017 оны 05 сарын дундуур Ц.З нь “уузлварын цагдаагийн пост орчихоод ирье” гэхээр нь Д.Д-гийн машинаар бид гурав хамт явсан. Замдаа “яасан юм бэ” гэж асуутал Ц.З “очоод хэлье” гэсэн. Тэгээд цагдаагийн пост ороход хар нүдний шилтэй цагдаагийн хувцастай залуу сууж байсан. Бид гурвыг хамт ороход тэр цагдаа юу ч дуугарахгүй болохоор нь Д.Д, бид хоёр гараад, Ц.З үлдсэн. Ц.З-ыг гараад ирэхээр нь бид хөдөлсөн. Тухайн өдөр Ц.З “бичиг баримтаа хураалгасан” гэснээс өөр зүйл ярихгүй байсан. Харин маргааш нь Ц.З надтай ажил дээр уулзаад “таньдаг хүн байна уу, бичиг баримтаа авч чаддаггүй ээ” гэхээр нь би “миний нэг хуурай ах байдаг юм яриад үзье” гээд Л.Б ахтай ярьтал Л.Б ах “Х.П саяхан ирсэн би сайн танихгүй” гэсэн. Л.Б ах өөрөө 2, 3 хоногийн дараа над руу залгаад “Ц.З-ын жолооны үнэмлэх байна аа, ирээд авчих” гэхээр нь Ц.З-тай хамт Л.Б ахаас жолооны үнэмлэхийг авсан. Бичиг баримтаа авахдаа мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, 

- гэрч Д.Д-гийн: “...Ц.З нь “цагдаагаас бичиг баримтаа авна, хүнтэй уулзана” гээд миний машинд дайгдаад Биокомбинат, Туул тосгон, Өлзийт хорооллын уулзвар дээр байдаг цагдаагийн пост дээр буусан. Ц.З, бид хоёртой хамт манай сургуулийн нарийн бичиг, бичиг хэргийн ажилтан Г.Э хамт явсан. Тэгээд Ц.З “цагдаатай уулзчихлаа” гээд гарч ирээд буцаад сургууль руугаа явсан. Ц.З нь “маргааш цагдаагаас бичиг баримтаа авна” гэж байсан. Тэнд Г.Э-ийн таньдаг цагдаатай уулзаагүй...” гэсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Ц.З-ын сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 05 сарын 12, 13-ны аль нэг өдөр буюу хагас сайн өдөр мод тарьсан. Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуульд модоо тарьчихаад, багш Ү.Н-гийнд очиж сууя гэсэн. Намайг машинтай болохоор цуг явъя гэсэн. Замаасаа Ү.Н нь 2 шил 0,5 литрийн хэмжээтэй архи авсан. Тухайн үед багш Ү.Н, үйлчлэгч Д.Б, багш О.О нар байсан. Ү.Н-гийнд очоод хоол хийж, бид юм яриад, архи задалсан. Хоол идчихээд “нөхөр байхгүй байгаа, хүүхдүүддээ очиж хоол хийж өгөх ёстой” гэтэл тэд нар “жаахан юм ярьж сууж байгаад яваач, чамаар хүргүүлнэ” гэсэн. Тэгээд оройн 22:00 цаг өнгөрөөд бид явсан. Үйлчлэгч Д.Б-ийг гэрт нь  буулгачихаад, буцаад О.О, Ү.Н 2-ыг хүргэж өгөх замдаа цагдаатай таарсан. Цагдаа бичиг баримт аваад, шалгах багажийг үнэрлүүлсэн. Гэтэл минийх гараагүй.

Цагдаа “та нараас архи үнэртээд байгаа юм биш үү” гэтэл О.О, Ү.Н нар “бид нар жаахан уусан юм” гэж хэлсэн. Тэгсэн миний бичиг баримтыг цагдаа аваад явсан. “МТ” шатахууны станцын хавьд цагдаа зогсохоор нь цагдаагийн араас очоод “бичиг баримтаа авъяа” гэтэл “240.000 төгрөгийг шөнийн 04:00 цагаас өмнө авчирч өг” гэсэн. Тэгэхээр нь “надад мөнгө байхгүй, 240.000 төгрөг шөнө яаж олдох вэ, торгуулийн хуудсаа уншуулаад өгчих” гэтэл цагдаа “дансанд хийхгүй, бэлнээр авчир” гээд байсан. Бид нар хүмүүс рүү утасдаад мөнгө олдохгүй болохоор нь жаахан зогсож байтал цагдаа гар утасныхаа дугаарыг өгсөн. Тэгээд намайг “дугаараа өгчих гэхээр нь би өөрийнхөө дугаарыг өгсөн. Тэгээд О.О-г буулгаад, Ү.Н-г буулгаад гэртээ ирсэн. Маргааш нь амралтын өдөр байсан тул холбогдож чадаагүй, ямар ч байсан дэслэгч Х.П гэдэг хүн байсан.

Тэгсэн дараагийн өдөр нь буюу Мягмар гаригт өдрийн 12:00 цагийн үед Х.П цагдаа над руу залгаад “хүүе Ц.З-аа, би байна, бичиг баримтаа авахгүй юм уу” гэхээр нь би “ашгүйдээ, өөрийн чинь дугаарыг алга болгочихоод, хаана очиж уулзахаа мэдэхгүй байсан юм” гэтэл “14-15 цагийн хооронд Биогийн цагдаагийн пост дээр хүрээд ирээ, мөнгөө авчраарай” гэж хэлсэн. ...Мягмар гаригт нь Г.Э, Д.Д хоёртой хамт цагдаа дээр очсон. Бид гурав буугаад цагдаагийн байранд ороход 2 цагдаа байсан. Тэр 2 цагдаагийн аль нь ч үг дуугараагүй. ...Х.П цагдаа “торгуулийн мөнгө авчирсан уу” гэснээ “500.000 төгрөг болно шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь би “240.000 төгрөг гэсэн шүү дээ” гэтэл “тэгвэл 240.000 төгрөгөө авчирсан юм уу” гэж асуухаар нь би “надад мөнгө олдохгүй байна, манай цалин буугаагүй” гэтэл Х.П цагдаа “яг хэд байгаа юм” гэхээр нь “байгаа нь 75.000 төгрөг байна” гэтэл, наад “75.000 төгрөг чинь ямар мөнгө байдаг юм бэ, юун 75.000 төгрөг вэ” гэхээр нь би “надад торгуулийн дансаа өгчихөө, би цалин буухаар гүйцээгээд хийчихье” гэсэн. Нилээн байж байгаад цагдаа Х.П “байгаа мөнгөө өгчих, үлдсэнийг нь өнөө оройны дотор надад бэлнээр авчирч өгөөрэй” гэсэн.

Тэгээд би “торгуулийн 240.000 төгрөгөөс хасагдаж байгаа юу, үлдсэнийг нь дансаар хийе” гэтэл “өнөө шөнийн дотор бэлнээр авчир гээд байна шүү дээ” гэсэн. Тэгээд би “цалингаа буухаар үлдсэнийг өгнө” гэсэн. Тэгэхэд миний машины бичиг баримтыг өгөөд, жолооны үнэмлэх өгөхгүй болохоор нь “үнэмлэх яах вэ” гэж асуутал “үлдсэн мөнгөө гүйцээж авчираад ав аа” гэсэн. Тэгээд би явсан. Гарч ирээд нөгөө хоёртоо хэлээд “торгуулийн мөнгөө талыг нь өгөөд болчихлоо” гэж хэлсэн. Тэгсэн Г.Э, манай найз хүүхэн “үнэмлэхээ түрдээ байж бай, манай хуурай ах байдаг юм” гэж хэлэхээр нь орхисон. 1, 2 хоногийн дараа Г.Э “манай хуурай ах үнэмлэхээ авчих гэнэ” гэхээр нь очиж үнэмлэхээ авсан.

Би Цагдаагийн хурандаа дээр ороод “ямар хэргээр намайг дуудсан юм бол, манай ангийн хүүхдүүд янз бүр болсон юм уу” гэтэл “дэслэгч Х.П-т та 500.000 төгрөг өгөөд, бичиг баримт авсан хэрэг байна” гэхээр нь “хэн тэгээд байна, гэтэл ийм өргөдлийн дагуу шалгаж байна, таныг 500.000 төгрөг өгөөд бичиг баримтаа авсан хэргээс болж энэ хүн ажилгүй болох нь ээ”, гэхээр нь “би юу гэж 500.000 төгрөг өгөх вэ, торгуулийн 240.000 төгрөгөөс 75.000 төгрөг өгсөн шүү дээ” гэтэл “таны тайлбар мэднэ шүү дээ” гэсэн. Тэгээд би цагдааг өрөвдөөд бүх тайлбараа бичиж өгсөн. Би бол “архи уугаагүй байсан, амсаад өгсөн” гэж хэлтэл нөгөө цагдаагийн хурандаа “амссан, уусан хоёрын ялгаа байхгүй” гэсэн. Цагдаа Х.П нь дараа нь надаас “та өгсөн тайлбараа буцаагаад өгөөч, мөнгө өгөөгүй гэж хэлээд өгөөч” гэж гуйсан. Х.П нь утсаар хэд, хэдэн удаа залгаад надаар тайлбар бичүүлж авсан. Би торгуулийн мөнгө гэж 75.000 төгрөг өгсөн, хээл хахуульд гэж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.З нь өөртөө давуу байдал бий зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Х.П-т 75.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн үйл баримт тогтоогдоогүй,   

- 2017 оны 05 сарын 13-нд 14-нд шилжих шөнө ******* улсын дугаартай Хонда-Пит маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хан-Уул дүүрэг, Өлзийт хорооны нутагт дэвсгэрт хөдөлгөөнт эрүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хэв журмын эргүүлийн офицер Х.П-т саатуулагдаж шалгагдах үед “түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна” гэх үндэслэлээр согтуурлыг шалгах танадагч багаж үлээлгэхэд хэрэглэсэн гэсэн дохио өгсөн үндэслэлээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийг хураан авч, улмаар “торгуулийн арга хэмжээ авна, торгуулийн мөнгөө төл” гэсэн шаардлага тавьсан цагдаагийн ажилтны шаардлагагыг тухайн саатуулагдсан цаг хугацаанд /шөнийн цаг/ мөнгөгүй шалтгаанаар биелүүлэх боломжгүй тухайгаа тайлбарлан хэлэхэд нь машины бичиг баримтыг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хамт авч үлдэн, Х.П нь хамт үүрэг гүйцэтгэж байсан Ч.Г-тай зөвлөлдөн Ц.З-ын тээврийн хэрэгслийн түлхүүрийг нь буцаан өгч явуулсан, улмаар 2017 оны 05 сарын 16-ны өдөр нь утсаар ярьсны дагуу Х.П-ын үүрэг гүйцэтгэж байсан Биогийн пост дээр очиж “торгуулийн мөнгөнөөс 75.000 төгрөг авчирлаа, үлдсэн мөнгийг дансаар шилжүүлье, цалин буугаагүй байна” гэх зэрэг тайлбар хэлж 75.000 төгрөгийг Х.П-т өгөхөд тэрээр Ц,Ц.З-ын машины бичиг баримтыг нь буцаан өгч, торгуулийн мөнгөө гүйцээж төлөөд жолооны үнэмлэхээ авах талаар хэлж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх баримтыг түүнд өгөөгүй үйл баримт тогтоогдсон байна.   

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.З нь цагдаагийн ажилтанд саатуулагдан шалгагдах үедээ “тэврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох боломжгүй хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан” гэх нөхцөл байдал хэрэгт гэрчээр асуугдсан Ү.Н-гийн: “...Цагийн дараа цагдаа ирэхээр нь О.О, Ц.З хоёр дахиад гуйтал “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгөөр торгоно гэж байна” гээд бичиг баримтыг нь авч үлдээд, машины түлхүүрийг нь өгсөн байсан. О.О багш гэр лүүгээ алхаж яваад, Ц.З намайг хүргэж өгчихөөд гэр лүүгээ явсан...” гэсэн, гэрч О.О-гийн  “...Цаг гаруй болсны дараа цагдаа ирэхээр нь дахиад цагдаагаас гуйсан чинь цагдаа “хэцүү л юм даа, бичиг баримтыг өгөхгүй, одоо 240.000 төгрөгөөр торгоно, мөнгө байна уу” гэхээр нь “бид нарт юу ч алга аа” гэтэл “бичиг баримтыг чинь өгөхгүй, төлбөрөө төлөөд бичиг баримтаа аваарай, түлхүүрийг чинь өгөөд явуулъя” гээд Ц.З бид хоёрыг явуулсан. Манай гэр ойрхон байсан учраас гэр лүүгээ шууд алхаад явсан, Ц.З, Цэрэннадмид хоёр машинаа унаад явсан...” гэсэн,  гэрч Г.Г-ийн “...Согтуурлыг хэмжигч тандагч багажийг эргүүлийн офицер нь ажиллуулах ёстой. Эхлээд багажийг асаахад цэнхэр өнгийн гэрэл асна, хажуу талын хошуу хийгч хэсэг рүү хошууг хийж үлээлгэнэ. Хэрвээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд спиртийн хувийг заасан тоо гарч ирнэ. Энэ багаж нь согтуурлыг шалгах анхан шатны багаж юм.” гэсэн мэдүүлэг, хэргийн бусад баримтаар бүрэн хангалттай нотлогдоогүй, эргэлзээ бүхий байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр асуугдсан Ч.Г-ын мэдүүлэгт “...Дэслэгч Х.П машинаас буугаад цагдаагийн машинд орж ирж суутал нөгөө согтуу жолооч эмэгтэй хүрч ирэхэд нь тэр эмэгтэйд Х.П “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 480.000 төгрөгөөр торгуулна, 6 сараас 2 жилийн эрх хасна, тээврийн хэрэгслийг журмын хашаанд байршуулна” гэсэн заалтыг тайлбарлаж хэлээд, танд ийм арга хэмжээ авна гэж хэлсэн” гэж, мөн шүүгдэгч Х.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт  “...согтуугаар машин жолоодож болохгүй, 480.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээтэй, эрхийг чинь хасна, машиныг чинь ачуулна, хуулийн дагуу арга хэмжээ авна” гэж хууль журам, санкцийг Ц.З-д тайлбарлан өгсөн...” гэснээс үзэхэд хэрэг зөрчил гарсан гэх тухайн цаг хугацаанд  /2017 оны 05 сарын 13-наас 14-ны өдөр шилжих шөнө/ хуулийн хариуцлагыг зөрчил гаргасан гэх иргэнд тайлбарлаж, улмаар торгуулийн 480.000 төгрөг, эсхүл 240.000 төгрөг торгуулийн арга хэмжээнд төлөх шаардлагатай гэсэн ойлголтыг төрүүлсэн гэж дүгнэхээр байна.

 

Хээл хахууль гэдэгт хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээ зэргийг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.З өөрийн хууль бус ямар зорилгыг гүйцэтгүүлэх, эсхүл өөртөө ямар давуу байдал олох зорилгоор бусдад хээл хахууль өгсөн болохыг хөдөлбөргүй тогтоож, нотолсон үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй байна.

 

Мөн прокуророос Ц.З-ыг  “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж” хэв журмын эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэж байсан Х.П-д саатуулагдахдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Х.П-д 75.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэсэн үндэслэлээр шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь зөрчил, гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар шийдвэрлэх хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон зохицуулалтыг зөрчсөн /2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн  1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, яллах дүгнэлтийн эх сурвалж болж буй Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ тус тус 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж дагаж мөрдсөнтэй холбоотойгоор прокуророос хууль буцаан хэрэглэж буй үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийн зүйлчлэлийг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зарчим зөрчсөн зөрчилтэй.   

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан гэм буруугүйд тооцох зарчимд үндэслэн шүүгдэгч Ц.З-ыг “2017 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хонда пит маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, хэв журмын эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэж байсан Х.П-д саатуулагдахдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Х.П-д 75.000 төгрөгийн хээл хахууль өгсөн” хэмээн Нийслэлийн прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгайн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар хэрэгсэхгүй болгож, Ц.З-ыг гэм буруугүйд тооцон цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х.П-ыг 2017 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороололд хэв журамын эргүүлийн офицероор албан үүргээ гүйцэтгэж байхдаа зөрчил гаргагч Б.Ц.З-ын ашиг сонирхлын үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.2.4-д заасан, Цагдаагийн албан тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Ц.З-аас 75.000 төгрөг хээл хахуульд авсан хэмээн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар түүнийг Ц.З-ын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэгт буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

- Авилгын эсрэг хуулийн 3 зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт тус тус тодорхойлсноор нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг “авлига” гэж, мөн тухайн этгээд /нийтийн албан тушаалтан/ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг “ашиг хонжоо” гэж ойлгоно.

 

Мөн хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн дагуу өөрт олгогдсон албаны болон бусад бүрэн эрхийг санаатайгаар харш ашигласан явдал нь албан тушаалын байдлаа урвуулж /албан тушаалын эрх мэдлээ/ ашигласан гэх үйлдлийн шинж болно. 

 

Шүүгдэгч Х.П нь хэрэг зөрчил гарсан гэх 2017 оны 05 сарын 13-наас 14-нд шилжих өдрийн байдлаар цагдаагийн дэслэгч цолтой, Хан-Уул дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст хэв журмын эргүүлийн офицерын ажлын байранд, Цагдаагийн албаны тухай хуульд заасан тусгай чиг үүрэг бүхий төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Авлигын гэмт хэргийн субъект мөн юм.  

 

Энэ хэргийн шүүгдэгч Х.П нь 2017 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хорооны нутагт албаны чиг үүрэг, батлагдсан хуваарийн дагуу Эрхэс-113 чиглэлд албаны ******** улсын дугаартай тээврийн хэрэгслээр, цагдаа жолооч Ч.Г-ын хамт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Хонда Пит маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулан шалгаж, уг машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан иргэн Ц.З-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үндэслэлээр түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэргслийн гэрчилгээ баримтыг хураан авч, улмаар 240.000 төгрөгөөр торгоно гэсэн анхааруулга сануулга өгч, тээврийн хэрэгслийн түлхүүрийг нь өөрт нь буцаан өгсөн, жолооч Ц.З нь хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явсан үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- гэрч Ү.Н-гийн “...Тэгсэн цагдаа “дуудлага ирлээ, эндээ байж бай” гээд бид 3-ыг орхиод явсан. Цагийн дараа цагдаа ирэхээр нь О.О, Ц.З хоёр дахиад гуйтал “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгөөр торгоно гэж байна” гээд бичиг баримтыг нь авч үлдээд, машины түлхүүрийг нь өгсөн. О.О багш гэр лүүгээ алхаж яваад, Ц.З намайг хүргэж өгчихөөд гэр лүүгээ явсан...” гэсэн,

- гэрч О.О-гийн “...Цагдаа Ц.З-ын бичиг баримт, машины түлхүүрийг нь аваад буугаад явсан. Бид машин дотроо “яах вэ” гэж ярилцаад “очоод цагдаагаас гуйя” гээд Ц.З-ыг дагуулаад очоод гуйсан. Цагдаа “үлээлгэчихсэн шүү дээ” гэснээ “дуудлага ирлээ, хүлээж байгаарай, явж болохгүй шүү” гээд явсан. Цаг гаруй болсны дараа цагдаа ирэхээр нь дахиад цагдаагаас гуйсан чинь цагдаа “хэцүү л юм даа, бичиг баримтыг өгөхгүй, одоо 240.000 төгрөгөөр торгоно, мөнгө байна уу” гэхээр нь “бид нарт юу ч алга аа” гэтэл “бичиг баримтыг чинь өгөхгүй, төлбөрөө төлөөд бичиг баримтаа аваарай, түлхүүрийг чинь өгөөд явуулъя” гээд Ц.З бид хоёрыг явуулсан. Манай гэр ойрхон байсан учраас гэр лүүгээ шууд алхаад явсан, Ц.З, Цэрэннадмид /Ү.Н-/ хоёр машинаа унаад явсан...” гэсэн,

- гэрч Ч.Г-ын “..“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 480.000 төгрөгөөр торгуулна, 6 сараас 2 жилийн эрх хасна, тээврийн хэрэгслийг журмын хашаанд байршуулна” гэсэн заалтыг тайлбарлаж хэлээд, танд ийм арга хэмжээ авна” гэж хэлсэн. ...Дэслэгч Х.П “яахав” гэж надаас асуухаар нь би “явуул, явуул” гэж хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэйг явуулсан... Дэслэгч Х.П мөнгө төгрөг авч уг асуудлыг шийдвэрлэсэн гэх талаар мэдэх зүйл алга.” гэсэн мэдүүлэг болон нэр бүхий шүүгдэгч нарын мэдүүлэг баримтаар тус тус тогтоогдсон байна.

 

Улмаар 2017 оны 05 сарын 16-ны өдөр буюу Мягмар гаригт нь Х.П нь Ц.З-тай утсаар холбогдож түүнийг өөрийн үүрэг гүйцэтгэж байсан “Биогийн пост дээр ирэх, ирэхдээ торгуулийн мөнгөө авч ирэх”-ийг мэдэгдсэний дагуу Ц.З нь Х.П, Т.Б нарын үүрэг гүйцэтгэж байсан Биогийн пост дахь ажлын байранд очиж, “өөрт байгаа 75.000 төгрөгийг авчирсан, мөнгө байхгүй, цалин буугаагүй байна, үлдэх торгуулийг цалин буухаар өгье” гэж учирлан 75.000 төгрөгийг өгч, Х.П нь түүнд тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтыг нь буцаан өгсөн, жолооны үнэмлэх баримтыг “торгуулийн мөнгөө гүйцээж төлөөд аваарай” гэж өөртөө авч үлдсэн гэсэн шүүгдэгч  Ц.З-ын мэдүүлгийг үгүйсгэх тодорхой баримтгүй, мөн шүүгдэгч Х.П-ын “...Ц.З-аас хээл хахуульд мөнгө гардан аваагүй, мөнгийг албаны дэвтрийн засвар хавчуулсан байсан, Л.Б ахмад утсаар яриад “манай таньдаг хүн байгаа юм, бичиг баримтыг нь өгчих”  гэж гуйхад нь ахмад офицер хүн гуйж байхад гээд жолооны үнэмлэхийг нь Л.Б ахмадад өгсөн, 75.000 төгрөгийг өөртөө хэрэглэсэн” гэсэн мэдүүлэг,

- гэрч Л.Б-ын “...Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст Хүүхэд, гэр бүл хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ахлах байцаагч ажилтай. ...Би “яагаад жолооны үнэмлэхийг нь өгөөгүй юм бэ, жолооны үнэмлэхийг нь надад авчраад өгөхгүй юу, би өгье” гэхэл Х.П надад тэр эмэгтэйн жолооны үнэмлэхийг авчирч өгсөн. Маргааш нь би жолооны үнэмлэхийг Чимгээ, мөн жолооны үнэмлэхийн эзэнд нь өгч явуулсан. Чимгээ тэр эмэгтэйтэй хамт ирсэн...” гэсэн мэдүүлэг,

- гэрч Г.Г-ийн  “...2014 оноос одоог хүртэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн нийтийн хэв журмын тасгийн даргаар ажиллаж байна. Миний хариуцдаг тасагт 2017 оны 03 сарын үед Х.П нь хэв журмын эргүүлийн офицероор томилогдон ирсэн. Одоо ажиллаж байгаа. Х.П-ыг Эрхэс-113 авто эргүүлийн машин дээр үүрэг гүйцэтгүүлэхээр хуваарилан ажиллуулж байгаа. ...Согтуурлыг хэмжигч тандагч багажийг эргүүлийн офицер нь ажиллуулах ёстой. Эхлээд багажийг асаахад цэнхэр өнгийн гэрэл асна, хажуу талын хошуу хийгч хэсэг рүү хошууг хийж үлээлгэнэ. Хэрвээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд спиртийн хувийг заасан тоо гарч ирнэ. Энэ багаж нь согтуурлыг шалгах анхан шатны багаж юм. Эргүүлийн офицер нь тухайн шалгасан иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол Эрхэс-10 буюу жижүүрт мэдэгдэн бататгаж драйгерээр үлээлгээд, батлагдвал Дүүргийн Замын цагдаагийн газарт мэдэгдэж, хүлээлгэн өгөх ёстой. Согтууруулах ундааны зүйл хэрэглээд тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэнийг хэв журмын эргүүлийн офицер торгох эрх байхгүй. Харин гэрэл дохио, хамгаалах бүс зүүгээгүй иргэний нийтлэг  үүргийн дагуу бэлэн бусаар торгох эрхтэй. Зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдээс бэлэн мөнгөөр торгуулийн мөнгө авах хориотой. Эргүүлийн офицер нь иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах эрхгүй...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан Цагдаагийн албаны үйл ажиллагааны дүрэм зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.П нь өөрт нь буюу Хэв журмын эргүүлийн офицерт олгогдоогүй эрхийг эдэлж, саатуулан шалгагдсан иргэнээс торгууль нэрээр мөнгө авч өөртөө ашигласан, дээд албан тушаалтан гуйсан гэх шалтгаанаар бичиг баримтыг нь дамжуулан өгсөн зэрэг үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан шинжтэй, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэрэг мөн эсэх, аль эсхүл Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1.7 дахь хэсэгт заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах гэх мэт авлигын зөрчилд хамаарах үйлдэл эсэхийг тус тус шалган тогтоох нь зүйтэй байна. 

 

Мөн шүүгдэгчийн дээрх үйлдэлд хамт ажилладаг гэх ахлах офицер Л.Б, шүүгдэгч Ц.З-ын мэдүүлэгт дурьдагдсан “12.000 төгрөгөөр ундаа, тамхи авхуулсан гэх Т.Б нарын үйлдэл холбогдол байгаа эсэхийг нэг мөр шалгах шаардлагатай юм.

 

Нөгөө талаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х.П-ыг 2017 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороололд хэв журамын эргүүлийн офицероор албан үүргээ гүйцэтгэж байхдаа зөрчил гаргагч Б.Ц.З-ын ашиг сонирхлын үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.2.4-д заасан, Цагдаагийн албан тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Ц.З-аас 75.000 төгрөгний хээл хахууль авсан гэж Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ “Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэх” талаарх журам зөрчиж, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийг /шинэчилсэн найруулга/ буцаан хэрэглэж буй үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлтээ улсын яллагчаас тайлбарлаагүй, энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолд /хэргийн 135-136/ огт тусгаагүй хэргийн зүйлчлэлийг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зарчим зөрчсөн болохыг мөн тэмдэглэх нь зүйтэй.  

 

Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х.П-т Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгайн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар хэрэгсэхгүй болгож, Х.П-ыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.П-т холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт Ц.З, Х.П нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөртэй холбоотой нэхэмжлэх баримтгүй, нэр бүхий шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг,  36.6, 36.9,  36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

 

                                                        ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Прокурорын газраас Б овогт Ц-ын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож, Ц.З-ыг гэм буруугүйд тооцон цагаатгасугай.

 

2. Мөн Прокурорын газраас Х овогт Х-ын П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Х.П цагаатгасугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.П-т холбогдох хэрэгсэхгүй болгосон эрүүгийн 2017 0100 0135 дугаартай хэргийг Нийслэлийн Прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

4. Ц.З, Х.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

5. Энэ хэрэгт Ц.З, Х.П нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөртэй холбоотой нэхэмжлэх баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шүүхийн цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

7. Эрх бүхий этгээд цагаатгах тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын хэрэгжилтийг түдгэлзэж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.З, Х.П нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтсугай.  

 

 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД