| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 184/2024/04613/И |
| Дугаар | 183/шш2024/02582 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 183/шш2024/02582
2024 оны 06 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2024/02582 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигин овогт Ө*******ын А******* -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н******* овогт Х*******ын Н******* -т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ө.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов..
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.А******* нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Ө.А******* миний бие 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Х.Н******* ажил дээр ирж, эгчтэй 2,000,000 төгрөгийн өртэй гээд найздаа туслаач гэж ирсэн. Тэгээд хоёул гарч ломбард орон би өөрийн бөгжөө 1,400,000 төгрөгөөр тавьж мөнгийг Х.Н*******ын дансанд шилжүүлж, бэлнээр 300,000 төгрөгийг өгсөн. 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Х.Н******* нь миний найз болох Т******* iphone 15 promax зарна гэхэд нь надад аваад өгчих би бэлэн 500,000 төгрөгийг одоо шууд бэлэн өгье гээд найзад маань худлаа яриулан тэр утсыг залилан надаас авхуулсан. 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Т******* найздаа утасны мөнгөө өгөх боломж байна уу гэж хэлэхэд би Х.Н******* руу залган мөнгөө 3 дугаар сарын 31-ний өдөр өгнө гэж хэлээд өгөхгүй байсан. Ингээд би Баянгол дүүргийн цагдаагийн 2 хэлтэст гомдол гаргаж өгөхөд прокурорын байгууллага гэмт хэргийн шинжгүй бол иргэний шүүхээр явдаг гэж хэлсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Х.Н*******аас утасны мөнгө, бөгжний мөнгө болох нийт 4,000,000 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагчаас хариу тайлбар гаргаж өгөөгүй байна.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2024.05.01-ний өдрийн 3740 дугаартай прокурорын тогтоол, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.
Хариуцагч талаас ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.А******* нь зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Энхсайханд холбогдуулан гаргаж байна.
Хариуцагч Х.Н*******т 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг түүний шүүхэд мэдүүлсэн хаягт баталгаат шуудангаар хүргүүлж, дугаарын утсанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, үүнтэй холбоотой холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Ө.А******* нь 1,400,000 төгрөгийг Х.Н*******ын Хаан банкин дахь дансанд шилжүүлж зээлийн гэрээг амаар байгуулжээ.
Хариуцагч Х.Н*******, нэхэмжлэгч Ө.А******* нар зээлийн гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нь хариуцагч Х.Н*******т 1,400,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Мөн хариуцагч Х.Н******* нь нэхэмжлэгч Ө.А*******аас iphone 15 promax загварын гар утасны үнэ болох 3,700,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг өөрөө төлж, үлдэх 3,200,000 төгрөгийг үлдэлтэй байгаа болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 3740 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон буцаан шаардах эрхтэй гэж заасан байх тул утасны үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Хэдий хариуцагч нийт 4,600,000 /3,700,000500,000=3,200,000+1,400,000/ төгрөгийн өр төлбөртэй байх боловч шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иймд шүүх 4,000,000 төгрөгийг хариуцагч Х.Н*******аас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Х.Н*******аас 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.А*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.А*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н*******аас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ