Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2016/0150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: СБД, 1-р хороо, Олимпийн гудамж-6, Ньюхоризонс-401 тоотод байрлах Кеналхап ХХК,

Хариуцагч: Сангийн яам

Хариуцагч: Зам, тээврийн яам,

Хариуцагч: Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 270 дугаар тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: БӨА-051/2014 дугаар тендерийг хүчингүй болгосон Сангийн яамны 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/1449 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээг Кеналхап ХХК-тай байгуулахыг Зам, тээврийн яаманд даалгуулах, Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БӨА-051/2014 тоот тендерт Жол ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонтуяа, хариуцагч Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батсүх, Б.Минжбадам, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд, иргэдийн төлөөлөгч Я.Төгссайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Кеналхап ХХК-ийн захирал Х.Ганибат болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 82 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БӨА-051/2014 дугаартай тендерийг зарласан.

Уг тендерийн сонгон шалгаруулалтад Кеналхап ХХК, Жол ХХК, Хотгор зам ХХК-иуд оролцсон бөгөөд Жол ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасныг хангаагүй, татварын өртэй байсан учраас тендерт шалгарахгүй нь тодорхой болж, тендерийн үнэлгээний явцад буюу 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Манкейгийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай 82 дугаар тушаал болон Үнэлгээний хороо хууль зөрчсөн гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргаж, улмаар тус шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар БӨА-051/2014 дугаартай тендерийг түдгэлзүүлсэн.

Жол ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг тогтоолыг БӨА-051/2014 дугаартай тендерийн Үнэлгээний хороо 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гардуулж, тендер хүчинтэй байх хугацаанд эцсийн шийдвэрээ гаргаж, манай компани уг тендерт шалгарч, Жол ХХК-д шалгараагүй талаар мэдэгдэхэд Жол ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яам гомдлыг нь хянан үзээд уг тендерийн үнэлгээний хороонд тендерийг дахин үнэлэх чиглэл өгсөн. Үнэлгээний хороо тендерийг дахин үнэлэхэд манай компани дахин шалгарсан ба дахин үнэлгээний материалыг Сангийн яаманд хүргүүлэхэд, Сангийн яам тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэсэн албан бичгийг уг тендерийн Үнэлгээний хороонд хүргүүлсэн байна.

Тендер хүчинтэй байх хугацаа 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж байгаа ба анхан шатны шүүхээс тендерийг түдгэлзүүлсэн 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 18 хоног, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолыг Баян-Өлгий аймгийн Худалдан авах ажиллагааны алба 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гардан авсан өдрөөс эхлэн тоолоход 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дуусах ёстой. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан 45 хоногийн хугацаа дуусаагүй байхад Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/1449 тоот албан бичгээр тендер хүчинтэй хугацааг буруу тооцож, бүхэл бүтэн нэг сараар урагшлуулж тендерийг хүчингүй болгохыг мэдэгдсэн нь үндэслэлгүй бөгөөд тендерт 2 удаа шалгарч, Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээ хийх эрх авсан боловч гэрээ байгуулах эрхийг олгохгүй байгаа нь Кеналхап ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын зөрчсөн.

Мөн Засаг дарга тендерт шалгарсан Кеналхап ХХК-тай гэрээ хийж, Зам, тээврийн яаманд баталгаажуулахаар хүргүүлсэн боловч Зам, тээврийн яамнаас гэрээ зурагдаж ирэлгүй байсаар 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3/1419 тоот албан бичгээр тогтоосон хугацаанд зам хариуцагч компани шалгараагүй, уг тендерийг Сангийн яам хүчингүй болгосон шийдвэр гарсан үндэслэлээр Улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцан ажиллах тендерийг Авто замын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т заасны дагуу тендерийг Зам, тээврийн яаман дээр зохион байгуулахаар болсон талаар мэдэгдэж, улмаар тендер зарлаж, сонгон шалгаруулалт явуулж, зам хариуцагчаар Жол ХХК-ийг шалгаруулсан байна.

Тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхийн шатанд явж байхад Зам, тээврийн яам дахин тендер зарласан нь буруу бөгөөд удаа дараа тендерт шалгарч чадахгүй байсан Жол ХХК-г шалгаруулсан нь хууль бус юм.

Иймд дээрх нөхцөл байдлуудтай холбогдуулж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/1449 тоот албан бичиг болон Баян-Өлгийн аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БӨА-051/2014 дугаар тендерт Жол ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээ-г Кеналхап ХХК-тай байгуулахыг Зам, тээврийн яаманд даалгах нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонтуяа шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтыг хариуцан ажиллах БӨА-051/2015 дугаартай тендер шалгаруулалтад оролцсон Жол ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 тоотоор тус яаманд гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу захиалагчаас ирүүлсэн баримт материалуудыг хянан үзсэн.

Захиалагчийн зүгээс хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгосон Кеналхап ХХК-ийн бэлтгэж ирүүлсэн замын мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудын мэдээллийг хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй тул холбогдох байгууллагаас тодруулж, хариуг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхийг, мөн Баян-Өлгий аймгийн татварын хэлтсийн 214000219 тоот тодорхойлолтоор Жол ХХК нь татварын өргүй боловч захиалагчийн мэдэгдэлд 2014 оны эхний улирлын санхүүгийн тайлангаас харахад татварт төлөх өрийн үлдэгдэлтэй байгаа ба Татварын хэлтсийн 2014 оны эхний улирлын тодорхойлолтод тусгаагүй гэж дурдсан нь нотлогдохгүй байх тул тендер шалгаруулалтад дахин үнэлгээ хийхийг захиалагчид мэдэгдсэн.

Захиалагчийн зүгээс тендер шалгаруулалтад дахин үнэлгээ хийж, тендерт оролцогч нарт мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд Жол ХХК гомдол гаргасантай холбогдуулан тендер шалгаруулалтыг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 6/1209 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн боловч тендерийн хүчинтэй байх хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон байсан. Энэ нөхцөл байдал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасантай нийцэхгүй байгаагаас гадна тендерт оролцогчдод тендер шалгараагүй талаарх мэдэгдлийг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг зөрчсөн. Сангийн яамны зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болгож байсан тул хүчинтэй байх хугацаа дууссан дээрх тендер шалгаруулалтыг мөн хуулийн 55.3.1-д заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/1449 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Тендер хүчинтэй байх хуулийн хугацаа 45 хоног бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж байгаа ба анхан шатны шүүхээс тендерийг түдгэлзүүлсэн. 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 18 хоног, Улсын Дээд Шүүхийн тогтоолыг Баян-Өлгий аймгийн Худалдан авах ажиллагааны алба 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр авснаар тооцоход 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тендерийн хүчинтэй байх 45 хоногийн хугацаа дуусах ёстой байсан. Сангийн яамны 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/1449 тоот албан бичигт тендер хүчинтэй байх хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэж зөрүүтэй тодорхойлсон. Хүчингүй болгуулахыг хүссэн албан бичиг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гарсан бөгөөд тендер хүчинтэй байх хугацаа дууссан байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, Зам, тээврийн яам, тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батсүх, Б.Минжбадам нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Баян-Өлгий аймгууд болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд авто замын засвар, арчлалт хийх компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасан. Үүний дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар сонгон шалгаруулалтыг 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нээлттэй зарлаж, тендерт Кеналхап ХХК, Хотгор зам ХХК, Жол ХХК-иуд оролцсон.

Үнэлгээний хороо үнэлгээ хийх явцад Жол ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай 82 дугаар тушаал, Үнэлгээний хорооны 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нээлттэй тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд Жол ХХК-ийн нэхэмжлэлийг 3 шатны шүүх хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3-02/199, мөн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3-02/571 тоот албан бичгээр Үнэлгээний хорооноос гарсан шийдвэр, гэрээ байгуулах мэдэгдэл болон 3 шатны шүүхийн шийдвэрийг ирүүлсэн боловч уг Үнэлгээний хорооны шийдвэртэй холбогдуулан Сангийн яаманд тендерт оролцогч компани гомдол гаргасан байсан тул гэрээ байгуулагдаагүй, хүлээгдэж байсан.

Түүнчлэн Сангийн яамны зүгээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын зарласан тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан талаар 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/1449 тоот албан бичгээр мэдэгдсэн тул Зам, тээврийн яамны зүгээс Кеналхап ХХК-тай гэрээ байгуулаагүй.

Зам, засвар арчлалтыг хариуцсан компани байхгүй байх нь аваар осол гарах, зам харгуй хаагдах, хор нөлөөтэй бөгөөд байнгын арчилгаа шаардаж байсан ажил учир тендер шалгаруулалт зогссон тул тендер сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуулж, зам хариуцагчийг яаралтай тогтоох талаар Баян-Өлгийн аймгийн Засаг даргын Тамгын газарт хандаж 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 031419 тоот албан бичиг хүргүүлсэн боловч тендер яаралтай зохион байгуулах ажлыг хийгээгүй тул Авто замын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу зам эзэмшигчийн хувьд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т заасны дагуу тендер сонгон шалгаруулалтыг явуулж, Жол ХХК-г шалгаруулсан.

Зам тээврийн яам Кеналхап ХХК-г тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг мэдээгүй, тендер зарлахад уг захиргааны хэрэгт оролцоогүй байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг тендертэй холбоотой асуудлаар дахин тендер зарласан талаар тухайн үед гомдол гаргасан бол асуудал шийдвэрлэгдэх боломжтой байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд Жол ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Менгельс болон өмгөөлөгч Я.Сьезд нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Жол ХХК нь Авто замын газартай 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгийн аймгийн нутаг дэвсгэрт Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийг хариуцан ажиллах тухай 47 тоот гэрээг 4 жилийн хугацаатай байгуулсан.

Энэ хугацаанд тоног төхөөрөмж, машин механизмыг шинэчлэн парк ашиглалтыг сайжруулан, авто зам, замын байгууламж, засвар арчлалтыг график төлөвлөгөөнд заасан хугацаанд хийж гүйцэтгэн, зорчигч тээврийн хэрэгслийг саадгүй өнгөрүүлэн ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажилласан ба жил бүр гэрээг дүгнүүлэхэд 3 жил дараалан хангалттай үнэлгээ авсан.

Гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дуусах бөгөөд гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллах бүрэн боломжтой байхад Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Манкейтийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 82 дугаар тушаалаар Үнэлгээний хороог байгуулан 2014 онд тендер зарласан нь тус компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж үзэж, Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 82 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зарласан бөгөөд Жол ХХК нь тендерийн бичиг баримтыг худалдан авч, холбогдох материалыг хугацаанд нь бүрдүүлж, тендерт оролцсон.

Үнэлгээний хороо тендерт оролцох саналаа ирүүлсэн Кеналхап ХХК-ийг дээрх тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон ба энэ тухай 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3-02/194 тоот албан бичгээр манай компанид мэдэгдсэнийг эс зөвшөөрч, хуульд заасан хугацаанд Сангийн яаманд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 тоот албан бичгээр Кеналхап ХХК нь зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгуурыг хангаж байгаа эсэхийг газар дээр нь шалган дүгнэлт гаргаж, тендер шалгаруулалтыг бодитойгоор дүгнэж өгөхийг хүсч гомдол гаргасан.

Сангийн яам тендерийн материалыг татаж, хянаад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 6/823 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтыг дахин явуулж, үнэлгээ хийж, 2015 оны 03 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг мэдэгдсэн. Гэвч тендерийн Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийхгүйгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3-02/572 тоот албан бичгээр манай компанийг татварын өртэй тул шалгаруулаагүй гэх хариуг ирүүлсэн.

Манай компани тендерийн материал бүрдүүлж байх үед Татварын хэлтсээс 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 214000219 тоот тодорхойлолтоор ямар нэгэн татварын өргүй байсан. Тендер шалгаруулалтыг 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нээхэд мөн ямар ч татварын өргүй байсан. Үнэлгээний хороо тухайн үед татварын хэлтсээс лавлагаа аваагүй атлаа санхүүгийн тайланд өртэй гэж буруу дүгнэлт хийсэн.

Жол ХХК нь 2008, 2010 онд Татварын ерөнхий газрын Найдвартай татвар төлөгч гэрчилгээ, 2014 онд Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр, 2015 онд Сангийн яам, Татварын ерөнхий газрын Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр тус тус шалгарч Хөх дэвтэр цом, батламжаар шагнагдаж байсан.

Тендерийн шаардлагад тендерт оролцогчид нь тухайн ажил үйлчилгээ явуулах нутаг дэвсгэрт бүртгэлтэй, үйл ажиллагаагаа явуулдаг, аж ахуйн нэгж бол давуу тал болно гэсэн атлаа Улаанбаатар хотод байрлалтай, орон нутагт өөрийн гэсэн машин механизм, тоног төхөөрөмж, орон байр, парк, гарааш зэрэг материаллаг бааз, техник хэрэгсэл, инженер техникийн ажилтангүй Кеналхап ХХК-ийг хамгийн сайн гэж үнэлэгдсэн гэж шалгаруулж, манай компанийг шалгаруулаагүй.

Мөн Тендерийн баримт бичгийн 3.3-ын 2-т Санал болгож байгаа голлох мэргэжилтнүүд нь тухайн компанийн үндсэн ажилтан байна гэж заасан. Гэтэл Кеналхап ХХК-ийн ерөнхий инженерээр ажилладаг гэж оруулсан Аманкелдийн Берденбек нь 2011 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс Авто зам, гүүрийн барилга байгууламжийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Мөнхөд ашдын зам ХХК-д хяналтын багийн ахлагчаар ажилладаг. Мөн механик инженерээр ажилладаг гэж нэрийг нь оруулсан Сояны Зейнел нь манай Жол ХХК-д 40 гаруй жил механик инженерээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, одоо 68 настай, тус компанийн ахмадын хорооны даргаар ажилладаг. Эдгээр 2 баримтаас үзэхэд Кеналхап ХХК-ийн санал болгож буй мэргэжилтнүүд нь тухайн компанийн үндсэн ажилтан биш болох нь нотлогдож байна.

Түүнчлэн тендерийн баримт бичгийн 3.3-ын 1-т Түрээсээр болон лизингээр тоног төхөөрөмж авахаар гэрээ байгуулж болно гэж заасан боловч Кеналхап ХХК нь Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг Зам барилгын компанийн асфальт, бетон заводыг ашиглахаар гэрээ байгуулсан мэтээр баримт бүрдүүлсэн нь тендерийн шаардлага хангахгүй гэж үздэг.

Мөн ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлагад тухайн хариуцах багууд байнгын болон шуурхай хэсэг байгуулах тоног төхөөрөмж, мэргэжлийн ажилчдын нөөц чадвартай байна гэж заасан. Кеналхап ХХК нь өөрийн гэсэн асфальт, бетон заводгүй, зуурмаг зуурагч, чулуу бутлагч, тоног төхөөрөмжгүй, хүн хүч, техник хэрэгсэлгүйгээр улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг тасралтгүй явуулах, хариуцан ажиллах ямар ч боломжгүй атлаа тендерт шалгарсан, гэрээ байгуулах эрхийг зөрчсөн мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь зохимжгүй юм.

Баян-Өлгий аймгийн Худалдан авах ажиллагааны алба 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот албан бичгээр Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүлээн авч, тендерийн үнэлгээ хийх хугацаа сунгуулах хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлсэн боловч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 5/310 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн бөгөөд тендер хүчинтэй байх хугацаа 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхад Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Манкей нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 3-02/572 тоот албан бичгээр уг тендерт манай компанийг шалгараагүй талаар мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хүргэн нь Кеналхап ХХК-д ажилладаг, төрөл садангийн холбоотой учраас шалгарсан.

Мөн Кеналхап ХХК-ийн авто замын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 03 дугаар сарын 12-нд дууссан. Замын ажил нь тусгай зөвшөөрөл шаарддаг, хүний амь амьдрал, амь настай холбоотой учраас тусгай зөвшөөрөлгүй компани зам засна гэсэн ойлголт байхгүй.

Нөгөөтээгүүр Зам, тээврийн яам нь улсын хэмжээнд зам тээврийн бодлогыг хариуцан ажилладаг учраас өвлийн улирал эхэлж, цаг агаар хүндрэх төлөвтэй байсан учир холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерийг нээлттэй зарлаж, вэб сайт болон сонинд хэвлэн нийтэд хүргэж, тендерт компаниуд оролцож, хуульд заасны дагуу тендер сонгон шалгаруулалт явагдан, Жол ХХК шалгарч, гэрээ байгуулан, ажил үүргээ 70-80 хувийг гүйцэтгээд 6 сар болж байна.

Жол ХХК нь 1960 онд анх Зам анги болж байгуулагдсан цагаас авто зам гүүр барих, зам засвар арчлалтын ажлыг тасралтгүй 55 жил найдвартай гүйцэтгэж байгаа туршлагатай компани бөгөөд аймагтаа бэлэн материаллаг баазтай, зам засвар арчлалт, замын байгууламж барих, засварлах арчлан хамгаалахад зориулагдсан машин механизм, тоног төхөөрөмж багаж хэрэгслээр бүрэн хангагдсан компани юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Кеналхап ХХК нь тус шүүхэд Сангийн яам, Зам, тээврийн яам, Зам, тээврийн яамны Үнэлгээний хороонд холбогдуулан БӨА-051/2014 дугаар тендерийг хүчингүй болгосон Сангийн яамны 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/1449 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээг Кеналхап ХХК-тай байгуулахыг Зам тээврийн яаманд даалгуулах, Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БӨА-051/2014 тоот тендерт Жол ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Кеналхап ХХК нь Тус компани нь тендер шалгаруулалтад оролцож шалгарсан ..., Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т заасан 45 хоногийн хугацаа хэтрээгүй сонгон шалгаруулалттай холбоотой хэрэг, маргаан шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад дахин тендер зарлаж, Жол ХХК-ийг дахин шалгаруулсан нь хууль зөрчсөн гэж маргажээ.

Нэг: БӨА-051/2014 дугаар тендерийг хүчингүй болгосон Сангийн яамны 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/1449 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Маргаан бүхий Сангийн яамны 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/1449 дүгээр албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон тул БӨА-051/2014 дугаартай Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтыг хариуцан ажиллах тендер шалгаруулалтыг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Анх Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зарласан Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хийх, үйлчилгээ үзүүлэх БӨА-051/2014 дугаар тендерт Кеналхап ХХК, Хотгор зам ХХК, Жол ХХК-иуд материалаа ирүүлж оролцсон байх бөгөөд тендерийн Үнэлгээний хороо оролцогчдоос ирүүлсэн тендерийн материалд үнэлгээ хийж, Үнэлгээний хорооны 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжөөр хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор Кеналхап ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон, улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3-02/195 дугаар албан бичгээр Кеналхап ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно гэж, 24 дүгээр зүйлийн 24.5-т Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж, дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж, 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж, гэрээ байгуулна гэж тус тус заажээ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, захиалагч нь тендер шалгаруулалтыг тендер нээснээс хойш 45 хоногийн дотор багтаан зохион явуулах ба захиалагч нь тендер хүчинтэй байх хугацаанд багтааж, гэрээ байгуулах үүрэгтэй байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зарласан Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам. замын байгууламжийн засвар, арчлалтыг хийх, үйлчилгээ үзүүлэх БӨА-051/2014 дугаар тендерийг 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагт нээсэн, уг тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерийн урилга, тендерийн баримт бичигт тусгагджээ.

Үүний зэрэгцээ уг тендерийг нээсэн өдрөөс хойш буюу 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Жол ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын гарын дарга, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай 82 дугаар тушаал болон Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам. замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай БӨА-051/2014 дугаартай нээлттэй тендер зарласан тендерийн Үнэлгээний хорооны 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 71 дүгээр захирамжаар уг тендер шалгаруулалтыг шүүхээс эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүх уг захиргааны хэргийг хянан хэлэлцээд 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Жол ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 435 дугаар магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Жол ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 32 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 435 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шийдвэрлэснээр уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлэх ёстой. Эндээс үзэхэд Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 71 дүгээр захирамж гарснаар тендерийн хүчинтэй байх хугацаа тасалдсан гэж үзэх бөгөөд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоол гарснаар тендерийн хүчинтэй байх хугацаа тоологдож эхлэх учиртай. Ийнхүү дээрх тендерийн хүчинтэй хугацааг тоолоход тендерийн хүчинтэй хугацаа нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болжээ. Иймд нэхэмжлэгчийн тендер хүчинтэй байх 45 хоногийн хугацаа өнгөрөөгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Баян-Өлгий аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар албан бичгээр[1] тендерийн хүчинтэй хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаж байсан байх бөгөөд Сангийн яам нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 5/310 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг сунгах боломжгүй гэсэн хариуг хүргүүлж байжээ.

Түүнчлэн хариуцагч Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4.2, 55 дугаар зүйлийн 55.3.1-д зааснаар энэ хуулийг зөрчсөн захиалагчийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргах эрхтэй байх тул маргаан бүхий албан бичгээр дээрх тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэснийг шүүх буруутгах үндэслэлгүй.

Дээрх маргааны үйл баримтуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

Хоёр: Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээг Кеналхап ХХК-тай байгуулахыг Зам тээврийн яаманд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зарласан Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хийх, үйлчилгээ үзүүлэх БӨА-051/2014 дугаар тендерт Кеналхап ХХК, Хотгор зам ХХК, Жол ХХК-иуд материалаа ирүүлж оролцсон байх бөгөөд тендерийн Үнэлгээний хороо оролцогчдоос ирүүлсэн тендерийн материалд үнэлгээ хийж, Үнэлгээний хорооны 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжөөр хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор Кеналхап ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон, улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3-02/195 дугаар албан бичгээр Кеналхап ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж, гэрээ байгуулна гэж заажээ.

Энэхүү хуулийн агуулгаас дүгнэн үзэхэд гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа гэрээ байгуулах ёстой боловч энэхүү захиалагчийн үйл ажиллагаа нь тендер хүчинтэй байх хугацаанд багтаж явагдах хуулийн зохицуулалттай байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд захиалагч нь тендер хүчинтэй байх хугацаанд Кеналхап ХХК-тай Олон улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээ-г байгуулаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Кеналхап ХХК-ийг уг тендерт шалгарсан гэж үзэхгүй.

Учир нь захиалагч нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжөөр нэхэмжлэгч Кеналхап ХХК-д Олон улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгосон атлаа дээрх шийдвэрийн дагуу тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулаагүй байх тул тендер шалгаруулалт хуульд заасан журмаар явагдаж дууссан гэж үзэхгүй. Үүний зэрэгцээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.18-д зааснаар гэрээ байгуулах эрх олгох гэдэг нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг хэлэх бөгөөд гэрээ байгуулах эрх олгосноор тендерт шалгарсан гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д зааснаар тендер хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон гэж үзэж, тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон, Зам,тээврийн яамнаас уг тендерийн шалгаруулалтыг дахин зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулсан байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Гурав: Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БӨА-051/2014 тоот тендерт Жол ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Зам, тээврийн яамнаас 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зарласан Говь-Сүмбэр, Дундговь, Баян-Өлгий аймгийн улсын чанартай авто зам, замын байгууламжийн бэлэн байдлыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЗАЗХ-2015/15 дугаар тендерт Баян-Өлгий аймагт Жол ХХК, Алтайн зам ХК-иуд материалаа ирүүлж оролцсон байх бөгөөд тендерийн Үнэлгээний хороо ирүүлсэн тендерийн материалд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үнэлгээ хийж, Үнэлгээний хорооны 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн зөвлөмжөөр[2] захиалагчаас тавьсан техникийн болон бусад шалгуур үзүүлэлтийг хангаж, хамгийн өндөр оноо авсан Жол ХХК-ийг шалгаруулж, Улсын чанартай авто зам, замын байгууламжийг хариуцан ажиллах гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Улмаар Зам, тээврийн яамны 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/4286 дугаар албан бичгээр[3] Жол ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлж, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 206 дугаартай Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээ[4]-г байгуулж, гэрээний дагуу гүйцэтгэгч нь олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн арчлалт, хамгаалалтыг эрхлэн хэрэгжүүлж байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Зам, тээрийн яамны дэргэдэх Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу тендерт оролцогч Жол ХХК, Алтайн зам ХК-иудын ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж, тендерт үнэлгээ хийж, захиалагчийн тавьсан техникийн болон бусад шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж, хамгийн өндөр оноо авч, хамгийн сайн гэж үнэлэгдсэн Жол ХХК-ийг шалгаруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь Үнэлгээний хорооноос дээрх компаний ирүүлсэн тендерийг хуульд заасан захиалагчаас тогтоосон чадавхийн шаардлага, мөн техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад шаардлагыг хангасан гэж үзэж, чанарын үнэлгээний аргыг сонгож, тендер шалгаруулалтыг явуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.7.1-д заасантай нийцсэн, захиалагчаас тендерт оролцогчдоос тендертэй холбоотой ямар нэгэн гомдол ирүүлээгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд Зам, тээврийн яамнаас зарласан Баян-Өлгий аймгийн улсын чанартай авто зам, замын байгууламжийн бэлэн байдлыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЗАЗХ-2015/15 дугаар тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байх тул энэхүү тендер шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Үнэлгээний хорооны шийдвэр болон түүнийг үндэслэн гаргасан захиалагчийн Жол ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Кеналхап ХХК нь Зам, тээврийн яамнаас зарласан ЗАЗХ-2015/15 дугаар тендер шалгаруулалтад оролцоогүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь нээлттэйгээр зохион байгуулагдсан энэхүү тендер шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй байсныг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Сангийн яам нь тендер хүчинтэй байх хугацаа дуусгавар болсны дараа 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 6/823 дугаар албан бичгээр[5] тендер шалгаруулалтад дахин үнэлгээ хийхээр шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж, аль болох богино хугацаанд хийнэ гэснийг зөрчсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.3, 55 дугаар зүйлийн 55.3.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Кеналхап ХХК-ийн БӨА-051/2014 дугаар тендерийг хүчингүй болгосон Сангийн яамны 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6/1449 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээг Кеналхап ХХК-тай байгуулахыг Зам тээврийн яаманд даалгуулах, Баян-Өлгий аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БӨА-051/2014 тоот тендерт Жол ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

ШҮҮГЧИД А.НАСАНДЭЛГЭР

А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 196 дугаар хуудсанд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 146 дугаар хуудсанд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 156 дугаар хуудсанд

[4] 1 дгээр хавтаст хэргийн 182-187 дугаар хуудсанд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд