Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/20

 

   М.Тд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч  М.Тд холбогдох эрүүгийн 2213000000042 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлоор 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч М.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Тилеугавал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Даулетжан нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс **, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Баян-Өаймгийн Ө суманд төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ***** оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ** овогт М.Т  /РД: **********/ нь тус аймгийн Ө сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр үл таних хүнээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д оруулсан алтайн хойлог шувууны бүтэн махыг худалдан авч, хадгалж, амьтны аймагт 130000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар яллах дүгнэлтээр М.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгээр зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

3. Баян-Өаймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн  2022/ШЦТ/36 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Тг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэжээ.              

 

4. Шүүгдэгчийн давж заалдах гомдолд:   

4.1. Гадаад дотоодод мах болон ноолуурын чиглэлээр худалдаа эрхэлдэг "У” ХХК-ны захирлаар ажилладаг. Компанийн зүгээс 34 хүнийг ажлын байраар хангаж, улс болон аймагтаа улиралдаа 18.000.000 төгрөгийн татвар төлдөг жирийн бизнесмен юм.

4.2. Би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үл таних хүнээс хойлог шувууны махыг худалдан авч, хадгалсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан. Тухайн үед би хойлог шувуу нь ховор ан амьтны жагсаалтад орсон гэдгийг мэдээгүй өвчтэй хүний эмчилгээнд зориулж худалдан авсан ба хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн учруулсан хохирол Экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж 260.000 төгрөгийг төлсөн.

4.3. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрээр М.Т надыг нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Анх прокурорт хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх торгуулийн ялаар тохирох талаар санал гаргасан боловч авч хэлэлцсэнгүй. Шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял нь миний бизнесийн үйл ажиллагаа явуулах улиралтай давхцаж Улаанбаатар хот болон хөрш зэргэлдээ ОХУ-ын Кос-агаш, Барнауль мужуудад зорчиход саад болж, бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахаар байна. Зорчих эрхээ хязгаарлуулснаас болж хамтран ажилладаг түншүүдийн итгэлийг алдах, гэрээ кантракт хийхэд болон бизнесийн үйл ажиллагааны нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөр байна.

4.4. Иймд миний энэ аргагүй байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилсныг харгалзан шийдвэрлэж өгнө үү.   

 

5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

5.1. Шүүгдэгч М.Тн гэмт хэрэг үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах буюу өөрөөр хэлбэл хойлог шувууг бусдаас хууль бусаар худалдан авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож, түүнд анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, шүүгдэгчид нэг жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэсэн.

5.2. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоход шүүгдэгч М.Тд нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан. Анхан шатны шүүхээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагыг буюу хорих ялыг оногдуулах боломжгүй, учир нь шүүгдэгч Толганайн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаад нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан.

5.3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсан байдаг. Өнөөдрийн шүүгдэгч М.Тн гаргаж байгаа гомдол нь үндэслэлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд тодорхой хэмжээгээр нийгэмд эрх хязгаарлагдах нь тодорхой. Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулснаар миний үйл ажиллагаа явуулдаг компанийн үйл ажиллагаа зогслоо, гадаадад гарч чадахгүй нөхцөл байдал бий боллоо зэргээр гомдол гаргаж байна. Үүнийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.

5.4. Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Шүүхээс гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэрэг нь бүрэн нотлогдсон тохиолдолд компанийн үйл ажиллагаа байтугай гэмт этгээдийг баривчлах, хорих хүртэл арга хэмжээ буюу хүний эрхийг хязгаарлах тухай яригдана. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн цаашид амьдрах нөхцөл үйл ажиллагаа явуулах үүргийг хангаж өгөх үүргийг хуулийн байгууллага хүлээхгүй. Анхан шатны шүүхээс прокурорын санал болгосон хорих ялыг оногдуулахгүй хорихоос өөр ял буюу зорчих эрхийг нь нэг жил хүртэл хугацаагаар хориглох ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

5.5. Иймд шүүгдэгч М.Тн гомдлыг хүлээж авах боломжгүй учраас Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдэж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

6. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч М.Тн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

7. Шийтгэх тогтоол “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

8. Шүүгдэгч М.Т нь тус аймгийн Өсумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үл таних хүнээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д оруулсан алтайн хойлог шувууны бүтэн махыг худалдан авч, хадгалж, амьтны аймагт 130000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.  

 

9. М.Тн үл таних хүнээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д оруулсан алтайн хойлог шувууны бүтэн махыг худалдан авч, хадгалж, амьтны аймагт 130000 төгрөгийн хохирол учруулсан дээрх үйлдлийг прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчмуудад тус тус нийцсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх М.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэрэг, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа түүнийг хүсэж үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрт нь тохируулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг бүрэн хангажээ.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго орших бөгөөд мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна.

 

11. Шүүгдэгч М.Тн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хууль тогтоогч торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлан тогтоосон, харин шүүх уг эрүүгийн хариуцлагын төрлүүдээс сонгож М.Тд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тул шүүгдэгчид хуульд зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэсэн тул түүний ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс шүүгдэгч М.Тн “ял шийтгэлийг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Тн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК