Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2024/03571

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 24 101/ШШ2024/03571

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Москва хороолол, 09 байр, 135 тоотод оршин суух, *******ын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 01-р хороо, Токиогийн гудамж, Чингисийн хаан зочид буудал 5 давхарт 265 тоотод байрлах, ******* /рд:*******/-д холбогдох,

 

10,672,409 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бадамханд, нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл оролцов.

 

Зохигчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Халзан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мижиддорж нарын эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Монгол Австрийн гүүр ТББ-ийн захирал гэх Б.Оюундэмбэрэлд хүүхдээ Австри сургуульд явуулах зорилгоор /5,500 евро/ мөнгөө алдаж одоог хүртэл авч чадахгүй 5 дахь жилийн нүүр үзэж байна. Өмнө нь Сүхбаатар дүүргийн цагдаа, прокурорын байгууллагуудад хандаж байсан боловч хэргээ шийдүүлж чадаагүй болно. Энэ хугацаанд Б.Оюундэмбэрэлтэй олон ч удаа ярилцаж үзсэн боловч мөнгийг чинь одоохон өгнө л гэдэг, хугацаатай хэлцэл ч байгуулж байсан авч чадсангүй. Энэ хүн тоож үзэж байгаа юм алга. Мессежээр хаяа нэг арай гэж холбогдохоор байнга л Бээжинд байгаа ирээгүй байна л гэдэг. Мөнгөө авч чаддаггүй хуурагдсаар арга буюу шүүхэд хандаж байна. Иймд сургалтын төлбөрт алдсан мөнгөө олж авахаар нэхэмжлэл гаргаж байна. Би тэтгэврийн хүн. Бага охиноо сургуульд сургах мөнгөгүй болж банкнаас /ХААН банк 15.6% өндөр хүүтэй тэтгэврийн зээл авч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөөр сууна. Иргэн Б.Оюундэмбэрэлд сургалтын төлбөрт 4,060 еврог /тэр үеийн ханшаар11833160 төгрөг/ бэлнээр Хаан банканд төлсөн. Хүүхдийг чинь Австри улсын Венийн их сургуулийн урилга олж өгнө гээд 1000 евро авсан/тэр үеийн еврогийн ханшаар тооцоход 2954290төгрөг/. Би эхнэртэйгээ ажил дээр нь очиж өгсөн. Энэ хүнтэй хамт менежер гээд охин хамт байсан. Баримт өгөөгүй. Австри улс явах онгоцны билет урьдчилан захиалж, тасалбарыг буцаахад 100 доллар Бээжин хот явж дахин визэнд ороход 1588 юань зарцуулсан. Эдгээрийг тэр үеийн Монгол банкны валютын ханшаар тооцвол 884959 төгрөг болж байна. Үүнийг тус сургалтын төв хариуцаж гаргаж өгнө гэдгээ тэр үед амласан байдаг. Харин сургалтын төвийн зуучлалын хөлсөнд өгсөн 500 еврог мөн бэлнээр авсан мөнгийг нэхэмжлэлийн тооцоонд оруулаагүй болно. Иймд миний хүүхдийн сургалтын зардалтай холбоотой төлбөр нь 15672409 төгрөг болж байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд ердөө 5 сая төгрөгийг буцааж төлсөн. Үлдсэн 10,672,409 төгрөгийг гаргуулахаар миний бие нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний нэхэмжлэлийг шийдэж өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Оюундэмбэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Оюундэмбэрэл нь ******* тэргүүн бөгөөд 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл тухайн байгууллагын үйл ажиллагааг удирдан явуулж байна. Манай байгууллага нь Герман хэлт оронд дээд боловсрол эзэмших хүсэлтэй залуучуудад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Герман хэлний төлбөргүй анхан шатны сургалт өгч үйл ажиллагаагаа эхэлж байсан бөгөөд цаашид Их сургууль болон Солилцооны хөтөлбөрт хамрагдахад шаардлагатай дагалдан үйлчилгээг зохих журам болон гарах зардлын зах зээлийн бодит ханшид тулгуурлан үзүүлсээр ирсэн. ТББ -ын .... заасан журмын дагуу үйл ажиллагаанд зарцуулагдах зардлыг гаргуулах эрхийн дагуу 2 тал хэлэлцэн тохиролцож сайн дураар үйлчилгээ авдаг. 2019 онд манай байгууллага Австри улсын Венийн их сургуул болон, Венийн хэлний Академи руу маш амжилтай бэлтгэн явуулж байсан. Үүний дагуу *******ын Тунгалагтуяа судалгааны үндсэн дээр манайд ирж сургалтад сууж цаашид хөтөлбөрт хамрагдахаар гэрээ хийсэн. Гэвч түүний шаардлага Венийн их сургуульд тохирохгүй байсан учир Венийн хэлний академийн 6 сарын түргэвчилсэн хөтөлбөрт хамрагдахаар сонгосон бөгөөд 4 сараар төлбөр төлсөн. Урилга болоод бусад үйлчилгээний үйл явц амжилттай болж богино хугацаанд 2019 оны 7 сарын 24 өдөр Бээжин дэх элчин сайдын яамнаас Визээ авч чадсан. Визний хуулбарыг материалд хавсаргалаа. Энэхүү 6 сарыг хугацаатай мульти төрлийн визтэй хөтөлбөрт манайхаас олон хүүхэд хамрагддаг ба жишээ нь 3 дахь удаагаа шавь Г.Энхсанаа маань явж Их сургуульд цааш амжилттай элсээд байна. Гэтэл 7 сард Визээ аваад 9 сарын 2 өдөр хичээл эхлэх учир дөхүүлээд нисэхээр тохироод явсан Тунгалагтуяа маань 8 сарын 27 өдөр Бээжин дэх австри улсын элчин сайдын яам түүний визийг татсан тухай мэдэгдэл өөрийн хувийн имэйлд нь илгээсэн тухай тэр залгаж мэдэгдсэн. Тухайн үед манай байгууллага яг амраад зуны амралт аваад хөдөө явж байж таарсан. Тиймээс энэ буцаан татах хүсэлттэй бид ямар нэгэн холбоотой байх үндэслэл бас шалтгаан байхгүй. Болсон үйл явдлын учир шалтгааныг тогтоох зорилгоор Австри улсын элчин сайдын яам руу хүсэлт өргөдөл өгсөн боловч албан ёсоор өргөдөл өгөөд 6 сарын хугацаанд шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн. Алдаатай зүйл болсон гэж үзэж байвал дахин виз өгүүлээд авч болно гэж амаараа мэдэгдсэн ба үүнийг Тунгалагтуяа өөрийн биеэр сонссон учраас өргөдөл өгөхийг зөвшөөрч Remonstration буюу давж заалдах өргөдөл цааш Вена хотын захиргаанд энэхүү эргэн татсан үйл явдал нь учир шалтгаан үндэслэлгүй мөн 5 хоногийн дараа буюу 9 сарын 2 өдөр Тунгалагтуяа хичээл эхлэхээр ийм ойрхон хугацаанд эргэн алсаас эргэн татах нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар өргөдөл өгсөн. Түүний хичээл Австри Веннад тухайн оныхоо 9 сарын 2 өдөр эхлэх байсан тул бид сургуульд мэдэгдэх үед журмын дагуу цуцлалт хийж мөнгөө эргүүлэн татах боломжгүй болсон байсан. Тиймээс учир шалтгаангүй виз цуцалсан гомдлын хариуг хүлээхээс өөр арга үлдээгүй. Визний журамд зааснаар виз мэдүүлэгчийг Элчин садын яамны зүгээс үндэслэлгүй санхүүгээр хохироосон тохиолдолд хохирлыг бүрэн төлж ирж очсон урсгал зардлыг төлнө гэсэн журамтай байдаг.  Нэлээд хугацааны дараа хариу ирсэн бөгөөд Монгол дахь Австри улсын Консул дээр тухайн хохирсон хүн өөрөө очиж гарын үсэг зурж баталгаажуул харин та түүний өмнөөс энэ удаад зарга үүсгэх эрхгүй гэж надад мэдэгдсэн. Энэ үед Тунгалагтуяа нь Солонгос улсад суралцахаар аль хэдийн оюутан болоод явсан байсан. Хэдий энэ болсон зүйл үнэхээр харамсалтай ч миний зүгээс санаатай тэднийг хохироосон үйлдэл байхгүй гэнэтийн учир шалтгаан нь үл мэдэгдэх зүйл болж би ч гэсэн сэтгэл санаа ажлын нэр хүндтэй холбоотой дахин хохирч байсан. Бүх зүйлийг Тунгалагтуяа өөрийн биеэр элчин сайдын яамнаас сонсож учир явдал надтай холбоогүйг мэдэж байсан учраас яг тур үедээ бид хамтран урыг олохоор ажилласан. Харин түүний аав *******ын хувьд бүх болсон зүйлийг ямар нэг аргаар миний буруу болгон өөрийн мөнгийг л бүтэн олж авахаар санаархаж цагдаад 2 удаа өгч танил прокуророо дуудуулж бараг л заналхийлж байсан. Энэ үе нь яг Ковидийн нөхцөл байдал таарсан. Бидний хувьд гэрээний дагуу бол визэнд нөлөөлөх боломжгүйгээр бүрэн тусгасан байдаг ба үйлчилгээ үзүүлсэн хөлсөө л тохирдог. Мөнгөтуяад бид бүрэн үйлчилгээг ердийн үеийн дагуу л үзүүлээд визээ хүртэл аваад гэрээ дуусаад явсан байсан учир зөвхөн сургуульд байршуулан алдсан 4000 еврогийн талаар бид хэлэлцэж ойролцоогоор 10 сая орчмоор ******* шатсан байсан учир би түүнд ойролцоогоор 50 хувь болох 5,5 сая төгрөгийг гаргаж өгсөн. Манай байгууллага нь Мэргэжлийн орчуулагч мэргэжилтэй 2 менежер - Олон жил герман хэлний шалгалтад амжилттай бэлдсэн үндсэн 1 багш, туслах цагийн багш нар - Санхүүгийн гэрээт компанид төлбөр төлж тайлангаа бэлдүүлэх - Компанийн үйл ажиллагааны урсгал зардал - Түрээсийн төлбөр - Бээжин хот дахь үйл ажиллагааны зардал Энэ бүх санхүүгийн төлбөр ачааллыг үүрч ажилладаг учир Элчин сайдын яам болон Үйлчлүүлэгчийн хооронд үүссэн ийм тохиолдлын эрсдэлийг бүрэн даах ямар ч боломжгүй юм. Бид Бээжин хотод бичиг материалын баталгаажуулалт, хөтөч үйлчилгээ , итгэмжлэгчээр очиж визний материалын бэлтгэл баталгаа зэрэг олон санхүүжилт авах шаардлагатай ажлыг Мэргэжлийн орчуулагч нартай ажиллах шаардлагатай байдаг учир үйлчилгээний хөлсөнд 1000 евро Материалын баталгаанд 500 евро авдаг. Ямар ч тохиолдолд энэ гарсан зардал манайх буцаах боломжгүйг тайлбарлан тусгадаг. Мөн нислэгийн тийзийг би тухайн өдөр аваад нис гэсэн заавар өгдөггүй, үйлчлүүлэгч өөрөө хичээлээ эхлэхийг дөхүүлээд авдаг. Нислэгийн тийзээ буцаалт хийж авсан байх ёстой нисээгүй учир тиймээс үүнийг ч мөн бид хариуцах боломжгүй юм. Би өөрийн хэрэглээгүй төлбөрийн хариуцлагаас 50 хувийг тухайн хүний зоолгүй тохиолдолд ярилцан тохиролцож төлсөн хангалттай гэж үзэж байна.... гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 4-11, 28-32, 43-44-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 22-26-р тал.

Шүүхийн журмаар нотлох баримт: хавтаст хэргийн 58-86-р тал.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Монгол Австрийн гүүр ТББ-д холбогдуулан төрсөн охин М.Тунгалагтуяаг Австри улс уруу явуулах зорилгоор өгсөн 9,787,450 төгрөг, билет буцаалтын мөнгө 263,130 төгрөг, Бээжин явахад зарцуулсан зардалд 621,829 төгрөг, нийт 10,672,409 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал виз нь гарсан, виз цуцлагдсанд буруугүй, 5 сая төгрөгийг буцаан өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Хариуцагч Монгол Австрийн гүүр ТББ оюутан залуусын боловсрол, нийгмийн идэвх оролцоог дэмжих, сурч амьдрах орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй, дэргэдээ Герман хэлний сургалтын үйл ажиллагаа явуулдаг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх-22-23/

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Амьдрах байр болон сургалтын нөхцөл хангалттай бус гэж виз цуцлагдсан, энэ асуудлыг хариуцагч хариуцах ёстой тул өгсөн мөнгөө буцаан авна... гэж тайлбарлав.

 

Нэхэмжлэгч Г.*******ын төрсөн охин М.Тунгалагтуяа болох нь талуудын тайлбар, М.Тунгалагтуяагийн мөрдөн байцаалтад гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Монгол Австрийн гүүр ТББ-ыг төлөөлж тэргүүн Б.Оюундэмбэрэл нар тохиролцон, үүрэг гүйцэтгэгч Монгол Австрийн гүүр ТББ Г.*******ын охин М.Тунгалагтуяаг Австри улсад суралцах виз авахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх, зөвлөгөө өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч Г.******* үйлчилгээний хөлс, сургалтын төлбөрийг төлөхөөр тохирсон болох нь зохигчийн тайлбар, зуучлах гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-29-30/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж заасны дагуу Г.******* өөрийн охиныг Австри улсад суралцахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхээр тохиролцсон гэрээний нөгөө тал Монгол Австрийн гүүр ТББ-аас үүргийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.******* нь Б.Оюундэмбэрэлд гэрээ байгуулсны дараа гэрээний төлбөрт 1,000 еврог бэлнээр, 2019 оны 07 сарын 15-ны өдөр хоол, байрны зардалд 11,833,160 төгрөгийг дансаар шилжүүлж тус тус өгсөн болох нь зохигчийн тайлбар, Голомт банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба хариуцагч мөнгө авсан талаар маргаагүй. /хх-10/

 

Монгол Австрийн гүүр ТББ-ын тэргүүн Б.Оюундэмбэрэл Австрийн Венийн их сургуульд суралцах урилгыг авах гэсэн боловч М.Тунгалагтуяа шаардлагад тэнцээгүй учир М.Тунгалагтуяатай тохиролцон Дойч гэх хэлний академид сурахаар тохиролцон Бээжин дэх Австри улсын элчин сайдын яаманд хандаж 2019 оны 7 дугаар сард 4 сарын хугацаатай виз авсан болох нь М.Тунгалагтуяа, Б.Оюундэмбэрэл нарын мөрдөн байцаалтад гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг, хэргийн үйл баримт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-59-84/

 

М.Тунгалагтуяа Австрийн их сургуульд суралцах шаардлага хангаагүйгээс Дойч академид суралцахаар бичиг баримтаа бүрдүүлж визэнд орсон, виз гарсан нь дээр дурдсанаар тогтоогдсон тул Монгол Австрийн гүүр ТББ-ыг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж, гэрээний төлбөрт төлсөн 1,000 евро буюу нэхэмжлэгчийн Монгол төгрөгт хөрвүүлж нэхэмжилсэн 2,954,290 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

2019 оны 08 сарын 23-нд Г.Тунгалагтуяагийн визийг Бээжин дэх Австри улсын Элчин сайдын яамнаас цуцалсан, Г.Тунгалагтуяа Австри улс уруу яваагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

 

Б.Оюундэмбэрэл нь байр, хоолны зардалд Г.*******аас авсан 11,833,160 төгрөгийг Дойч академийн дансанд шилжүүлснээ нотлоогүй, өөрөө захиран зарцуулсан нь мөрдөн байцаалтын шатанд дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх тул хариуцагч Монгол Австрийн гүүр ТББ буцаан төлөх үүрэгтэй. /хх-85/

 

Дээрх 11,833,160 төгрөгөөс хариуцагч 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөнтэй талууд маргаагүй учир хасаж, үлдэх 6,833,160 төгрөгийг хариуцагчид хариуцуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч тал .... Австри улсад очоод амьдрах байр болон сургалтын нөхцөл хангалттай бус гэх үндэслэлээр виз цуцлагдсан, энэ асуудлыг хариуцагч хариуцах ёстой... гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагч тал гэрээгээр байр, сургалтын нөхцөлийг хариуцсан гэж үзэх боломжгүй байна.

 

Монгол Австрийн гүүр ТББ нь виз олгох эрх бүхий этгээд биш байх бөгөөд М.Тунгалагтуяагийн виз цуцлагдсанд хариуцагчийг буруутгах боломжгүй, энэ талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй.

 

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдохгүй байх тул Бээжин явсан зардал 621,829 төгрөг, онгоцны тийз буцаалтын төлбөр 263,130 төгрөг, нийт 884,959 төгрөгийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Монгол Австрийн гүүр ТББ-аас М.Тунгалагтуяагийн байр, хоолны төлбөрийн үлдэгдэл болох 6,833,160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлээс 3,839,249 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,833,160 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 124,280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Австрийн гүүр ТББ-аас 6,833,160 /зургаан сая найман зуун гучин гурван мянга нэг зуун жар/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлээс 3,839,249 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124,280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ