| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2213000000059 |
| Дугаар | 2022/ДШМ/24 |
| Огноо | 2022-06-21 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2022/ДШМ/24
Х.Тд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолтой,
Шүүгдэгч Х.Тд холбогдох эрүүгийн 2213000000059 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Х.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек, Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл, орчуулагч А.Ахмерей нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, **настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл **хүнтэй, ээж, эхнэр, хүүхдийн хамт **** оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ** овогт Х.Т /**********/ нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн У сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч Ж.Тын 2 тооны сарлаг үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 1.880.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
2. Прокурорын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар яллах дүгнэлтээр Х.Тий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолоор:
1. Шүүгдэгч **овогт Х.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Тд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тий гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.350.000 төгрөгийн үнэтэй, хээр зүсмийн, соёолон насны, зөв гуяндаа “п” үсэг хэлбэрийн тамгатай, имгүй 1 тооны морийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлого болох 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг тус тус хурааж, улсын орлого болгож,
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,8-т зааснаар шүүгдэгч Х.Тий эзэмшлийн хээр зүсмийн, соёолон насны, зөв гуяндаа “п” үсэг хэлбэрийн тамгатай, имгүй 1 тооны морийг битүүмжпэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж,
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тээс 1000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан хохирогч Ж.Тт олгохоор шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Надад холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж шүүгдэгч Х.Т намайг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялыг биеэрээ эдлүүлэхээр шийтгэсэн. Би тухайн үед гэм буруугийн талаар маргаагүй. Хулгайн гэм хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн.
4.2. Харин би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэнээ хэлээгүй, хамт бүлэглэж малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хэлээгүй, нуусан хүмүүс нь учруулсан хохирол хор уршгийг бид төлж барагдуулна, чамайг хэргээс мултруулна, авч үлдэнэ, та би ганцаараа хулгайлсан гэж хэлээрэй гэж хэлснээр 2 тооны сарлагийг би хулгайлсан гэж хэлсэн.
4.3. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр У сумын Хүрэн-Уул хэмээх газраас 2 тооны сарлаг үхрийг анх Аын С гэгч хулгайлан авч ирсэн. А.Сийн хулгайлж ирсэн 2 тооны сарлаг үхрийг би туугаад тус сумын иргэн Х.Х гэгчид хүлээлгэж өгсөн. Х.Х нь 2 тооны сарлаг үхрийг Портер маркийн машинд ачиж авч явсан байсан. Хаана очиж борлуулсныг мэдэхгүй. Би Х.Хын худалдан борлуулсан 2 тооны сарлаг үхрийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Тханы 2 тооны сарлаг үхрийг бүлэглэж хулгайлсныг мөрдөн байцаалтын шатанд хэлээгүй байсандаа маш их гэмшиж байгаа.
4.4. Надтай хамт 2 тооны үхрийг бүлэглэж хулгайлсан А.С, Х.Х, портерын жолооч гэх гурван хүнийг шалгах шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:
5.1. Энэ хэрэгт 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Т яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө би тухайн 2 тооны сарлаг үхрийг өөрөө хулгайлсан гэсэн мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мөн адил би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байна. Хохирогч Тын 2 тооны сарлаг үхрийг хулгайлсан гэсэн тайлбар мэдүүлгийг гаргаж, өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
5.2. Хавтаст хэрэгт авагдсан гэрч А, С, Х нарын мэдүүлгээр тухайн хулгайлах гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас хойш эдгээр хүмүүс У суманд очоод тухайн 2 тооны сарлаг үхрийг ачиж ирсэн нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг төгссөн. Тухайн гэмт хэргийн хувьд шүүгдэгч Х.Т бэлчээрт бэлчиж байсан 2 тооны сарлаг үхрийг хулгайлж ирээд өөрийнхөө малын хашаанд байлгасан. Хын мэдүүлгээр 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Х.Т Х руу залгаад би өөрийнхөө 2 тооны үхрийг зарах гэж байна. Үхэр авах хүн байна уу гэсний дагуу Х үхэр авдаг. Малын ченж хийдэг хүмүүсийг олж, үхрийг очиж авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нарын бүгдэд нь хууль сануулж, эрх үүргийг тайлбарласны үндсэн дээр мэдүүлэг авсан.
5.3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Тын 2 тооны сарлаг үхрийг Х.Т хулгайлж бусдад зарж борлуулсан болох нь тогтоогдож байна. Д.Айбек өмгөөлөгч тайлбарлахдаа энэ нөхцөл байдлыг шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа надад танилцуулсан гэсэн. Хэдийгээр давж заалдах шатны шүүхэд Х.Т тайлбар мэдүүлэг гаргахдаа би тухайн малыг хулгайлаагүй, тэдгээрийг тууж тийшээ хүргэж өг гэсний дагуу хүргэж өгсөн гэсэн тайлбар гаргаж байна.
5.4. Мэдүүлэг гаргагч өөрийнхөө мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадахгүй. Тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэсэн хуулийн заалт байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Х.Тээс бусад хүмүүсийн оролцоо тухайн хэрэгт байна гэж үзэх боломжгүй. Иймд Х.Тий гомдол үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэг шалгагдсан. Прокурор миний бие энэ хэрэгт хяналт тавихдаа Х.Т өөрөө би хохирлоо төлнө гэж явж байсан. Өнөөдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчид олгохоор шийдвэрлэсэн хохирлыг төлж барагдуулсан. Хэрэв тухайн гэмт хэргийг өөрөө үйлдээгүй бол хохирогчийн хохирол гомдлыг барагдуулж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэхэд, өмгөөлөгч нарын тайлбар, Х.Тий гомдлын үндэслэл болгосон С, Х, А нарын оролцоо энэ хэрэгт хангалттай нотлогдохгүй байна. Ийм учраас Х.Тий гомдол үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж байна.
5.5. Энэ хэргийн хохирлыг төлөхдөө бусад оролцсон гэж байгаа хүмүүс төлж өгсөн, энэ хүмүүс хохирол төлж өгсөнтэй холбоотой энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байна гэж тайлбарлаж байна. Энэ хэрэг прокурорын шатанд ирэхдээ 1200000 төгрөгийн хохирол төлөгдсөн байсан. Тухайн үед Х.Т би ахынхаа данснаас 1200000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлж байсан. Тухайн хохирлыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэсэн хүмүүс төлж өгсөн бол тухайн нөхцөл байдалтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Амаар хэлж байгаа болохоос шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс энэ хүмүүс холбогдсон, ийм учир шалтгаантай, энэ нотлох баримтаар энэ хүмүүсийн оролцоо байж магадгүй гэсэн нотлох баримтыг шүүхийн шатанд гаргаж өгөөгүй.
5.6. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдсэн. Тухайн гэмт хэргийг Х.Т үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байгаа учраас өмгөөлөгч нар болон шүүгдэгч Х.Тий хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.
5.7. Х.Т өөрөө анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулчхаад, өнөөдөр би гэмт хэрэг үйлдээгүй, бусад хүмүүсийн оролцоо байгаа, би мэдэхгүй гэж тайлбар мэдүүлэг гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлттэй байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
6. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тий гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
7. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэжээ.
9. Шүүгдэгч Х.Т нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн У сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч Ж.Тын 2 тооны сарлаг үхэр буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 1.880.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.
10. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Х.Тий дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар “бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг”-ээр зүйлчилж, түүнийг гэм буруутайд тооцсон нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны болоод гэм буруугийн зарчмуудад; түүнд мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой нийтлэг зохицуулалтуудыг хэрэглэж, хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас тус тус дүгнэв.
11. Шүүгдэгч Х.Тий давж заалдсан гомдолд “мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэнээ хэлээгүй, бүлэглэж малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хэлээгүй, нуусан хүмүүс нь учруулсан хохирол хор уршгийг бид төлж барагдуулна, чамайг хэргээс мултруулна, авч үлдэнэ, ганцаараа хулгайлсан гэж хэлээрэй гэж хэлснээр 2 тооны сарлагийг би хулгайлсан гэж хэргээ хүлээсэн. Надтай хамт 2 тооны үхрийг бүлэглэж хулгайлсан А.С, Х.Х, портерын жолооч гэх гурван хүнийг шалгах шаардлагатай байна” гэжээ.
12. Шүүгдэгч Х.Т нь давж заалдах шатны шүүх хуралдаанд давж заалдах гомдолдоо дурдсан дээрх агуулга бүхий мэдүүлэг өгсөн боловч гомдолд дурдсан нөхцөл байдлууд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Шүүгдэгч Х.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн, шүүхийн шатанд ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, тогтвортой мэдүүлэг өгч байсан нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг /хэргийн 23-24 дэх тал/, яллагдагчаар 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг /хэргийн 78-79 дэх тал/, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хэргийн 126 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүйгээс гадна мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Харин давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянах үүрэгтэй байна.
14. Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх эрхтэй боловч шүүгдэгч Х.Т нь тухайн хэрэгт улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх болон анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хугацаанд хохирогчид төлөх хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй тул уг зохицуулалтыг хэрэглээгүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Тиймээс дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Тий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК