Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/176

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Я.Эрдэн-Уянга,

Хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

Шүүгдэгч Ч.Н нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Ч. Н холбогдох эрүүгийн 1719000960076 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр  сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1955 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг Ган замын 75-5 тоотод оршин суух хаягтай, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд зааснаар 80,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, И. овогт Ч. Н, регистрийн дугаар ЕС55122718

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Яллагдагч Ч.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Их-Уул ХХК-ний амралтын газрын ширээн дээр байсан иргэн С.А Самсунг эйдч S7  маркийн гар утсыг хулгайлж 750,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр явдал болсноос хойш би машиндаа сууж байсан чинь урд хайрцганд гар утас байсан. Тэгэхээр нь гар утас засварчин дээр очоод кодыг нь тайлуулах гэхэд болохгүй байсан. Тэгээд дараа нь гар утас засварчин дээр очоод ах нь 200 000 төгрөгөөр худалдаж авсан юм, яаж кодыг нь тайлах уу, хэрэглэгдэхгүй юм чинь хаячихаар юм байна даа гэхэд тэр хүн та дэлгэцийг нь зарчих тэгээд хохиролгүй болно гэсэн... Буруу зүйл хийсэн дээ харамсаж байна...” гэв.

Хохирогч С.А мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэмцээний хаалт болоод жуулчны баазын гадна талбай дээр ширээний теннисний ширээ байхаар нь уг ширээн дээр өөрийнхөө шаргал өнгийн Самсунг эйдч Эс-7 маркийн гар утсаа тавьчихаад тэмцээний хаалтын үйл ажиллагааны зураг авах гэж яваад ойролцоогоор 5 минут орчим болчихоод ирэхэд миний гар утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 13-14 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ш.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...Наран гэх ах надад наад утсыг чинь хүнээс 200.000 төгрөгөөр худалдан авсан юм гэж хэлэхээр нь би энэ утсыг сэлбэгэнд ашиглаж болно дэлгэц нь 200,000 төгрөг хүрэх байх сэлбэгэнд энэ утсыг 200.000 төгрөгөөр худалдан авч болно гэж хэлтэл тэр ах утсыг тэгвэл 200.000 төгрөгөөр заръя гэж хэлээд надад сэлбэгэнд зарж бэлнээр 200.000 төгрөг авсан тухайн утсьг би сэлбэгэнд ашигласан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

              Хөрөнгө эстимэйт ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 163/01 дугаартай: "... Самсунг S7 ейдче маркийн гар утас 750,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

              Яллагдагч Ч.Н хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ойн баярт очоод нилээн их хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан орой жуулчны баазын гадна талын ширээн дээр шаргал өнгийн утас байхаар нь би аваад цамцныхаа энгэрийн халаасанд хийгээд өөрийн эзэмшлийн 91-59 ДГА улсын дугаартай аксент маркийн машины урд талын хайрцаганд хийсэн... 10 гаруй хоногийн дараа санаж байна Алтанговь худалдааны төвийн засварчин дээр очоод... тухайн залууд 200.000 төгрөгөөр гар утсыг зарж мөнгийг нь хувьдаа ашигласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33-36/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Их-Уул ХХК-ний амралтын газрын ширээн дээр байсан иргэн С.А Самсунг эйдч S7  маркийн гар утсыг хулгайлж 750,000 төгрөгний хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч И овогт Ч. Н бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй болно.

Шүүгдэгч Ч.Н нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “...  хохирогч С.А  дээр очиж хохирол мөнгийг бүрэн  төлж барагдуулсан... ” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй  гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Н нь мөрдөн байцалтын явцад өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрч, хохирол төлбөрөө бүрэн гүйцэт төлж барагдуулсан. Мөн зан байдлын хувьд төлөв даруу, өндөр настны тэтгэвэрт гарсан зэргийг харгалзан үзсэний үүднээс хүндрүүлэх нөхцөл байдал үгүй мөн албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Н холбогдсон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй,шүүгдэгчийн баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Ч. Н  бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнссүгэй.

 

           3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Н нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг тус шүүхэд ирээгүй  болохыг дурдсугай.

 

           4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н  урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                

ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА