| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2022/0065/Э |
| Дугаар | 0058 |
| Огноо | 2022-06-22 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 0058
Э.Өод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Л.Э
Шүүгдэгч Э.Ө
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадасын даргалж хийсэн шүүх хуралдааны шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 280 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч М.М-н давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Э.Өод холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Э-н Ө,
Э.Ө нь 2021 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.5а,б,г, 12.1, 12.2, 12.3, 12.4, 16.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас аймгийн сумын нутаг дэвсгэр Уурхайчин соёлын ордны урд талын зам дээр явган зорчигч Ц.Д-г мөргөж амь насыг нь хохироосон, авто тээврийн гэмт хэргийн газрыг жолооч зориуд орхиж зугтаасан хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Э.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Э.Өод холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Өод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичигтэй 1 ширхэг CD, туузан амсартай 10х6 см хэмжээтэй 3 ширхэг, 12х18.5 см хэмжээтэй 3 ширхэг, 17х35.5 см 2 ширхэг тунгалаг өнгийн гялгар ууттай эд зүйл болон 1 ширхэг хар өнгийн хуванцар, авто машины шил арчигчийн хэсэг 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М давж заалдах гомдолдоо:
“Хэргийн 7 дахь талд “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” авагдсан. Энэхүү тэмдэглэл нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн болох нь түүний огноогоор нотлогддог. Харин хэргийн 8 дахь талд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 цаг 49 минутад хэвлэсэн драгерын баримт авагдсан энэхүү баримт нь хэргийн 7 дахь баримттай цаг хугацааны хувьд 1 өдрийн зөрүүтэй. Мөн энэхүү хоёр баримтыг хэргийн 91-92 дахь талд авагдсан шинжээчийн 182 дугаартай дүгнэлт үгүйсгэсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулсан. Дээрх байдлаар хэрэгт Э.Өыг согтуурсан байсан эсэх асуудлыг тодруулах ажиллагааг бүгдийг хийсэн боловч согтуурсан байсан эсэх нөхцөл байдалд эргэлзээ бий болсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан ба Э.Өод холбогдох хэргийн зүйлчлэлийг дээрх байдлаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/280 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хянаж өгөхийг хүсье” гэжээ.
Прокурор Л.Э эсэргүүцэлдээ:
“... Анхан шатны шүүх шүүгдэгчийг согтуурсан эсэх асуудлыг дахин шалгах ямар мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх талаар захирамжид тусгаагүй, тодорхойгүй байна. Хэрэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг хангалттай цуглуулсан, хэрэгт хамаарал бүхий гэрч нараас мэдүүлэг авсан, шүүгдэгчийн согтуурлыг шалгаж тандагч багаж ашигласан, цуснаас дээж авч шинжээчийн дүгнэлт гаргуулсан, дүгнэлт гаргасан шинжээч эмчээс мэдүүлэг авч, шинжээч эмч, зарим гэрч нар шүүх хуралд оролцсон зэргээр хэрэгт Э.Ө согтуурсан байсан эсэхийг тогтоох хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд одоо Э.Ө тухайн үед согтуурсан байсан эсэхийг тогтоох ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь хэрэгт төдийлөн ач холбогдолгүй, шаардлага байхгүй байна гэж үзэж байна.
Харин Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Мөн Шүүгчийн захирамжид шүүгдэгчийн овог нэрийг буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, тус хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 280 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Ө тайлбартаа: “... Тайлбар байхгүй ...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ц.Э тайлбартаа “...Прокурорын саналыг дэмжиж байна. Тусгайлан гаргах саналгүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна ... Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч М.М-н давж заалдах гомдол болон прокурор Л.Э-ны эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өод холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Өыг аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах Уурхайчин соёлын ордны урд талын хатуу хучилттай зам дээр 2021 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө согтуугаар улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин явган зорчигч Ц.Д-г мөргөж амь насыг нь хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар зүйлчилж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...гэрчүүд болон шүүгдэгчийн мэдүүлгээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь бүрэн тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгчийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан эсэх асуудлыг дахин шалгаж тогтоох шаардлагатай ...” гэсэн дүгнэлт хийж хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримтуудтай харьцуулах байдлаар үнэлж хэргийг шийдвэрлэх ёстой.
Мөн шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан байна.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Э.Өын согтуурлын зэргийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 цаг 49 минут 13 секундэд драйгер багажаар шалгахад 1.02 хувийн согтолттой гарсан /1 дүгээр хх 8/ байх бөгөөд мөн өдрийн 04 цаг 10 минутанд буюу драйгер багажаар шалгуулснаас хойш 1 цаг 21 минутын дараа түүний биенээс цусны дээж авч дүгнэлт гаргуулахад “ ... цусанд этилийн спирт илрээгүй ... ” гэсэн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 182 дугаартай дүгнэлт гарсан байна.
Түүнээс гадна шинжээч Ч.Б-н “ ... этилийн спирт нь хүний биеийн онцлог, хоол унд, нас, хүйс, согтууруулах ундаа уусан хэмжээ зэргээс хамаарч янз бүрийн цаг хугацаанд шимэгдэж биеэс гадагшилдаг ... ямар ч хугацааны дараа этилийн спирт нь шимэгдэж гадагшилж дууссан байж болно...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 63/ хэрэгт авагджээ.
Иргэний нэхэмжлэгч Г.Н-н “ ... Ө, Б, А, А-н эхнэр З, Б, нар намайг очихын өмнө хэр хэмжээний архи уусанг мэдэхгүй байна, ямар ч байсан архи, пиво уучихсан байсан...Ө өөрөө дур мэдэн надаас зөвшөөрөл авалгүйгээр жолооны ард суун тээврийн хэрэгслийг жолоодсон ... ” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх 56/,
мөн түүний гэрчээр өгсөн “... Би Ө нарыг Номин агуулах худалдааны төвийн урд талд байхад нь 22 цагийн орчим очсон. Намайг очих үед эдгээр хүмүүс пиво уугаад сууж байсан. Намайг очсоноос хойш 2.5 литрийн савтай Сэнгүр нэртэй пиво 3 савыг хувааж уусан ... явахаар болоод боссон чинь Ө түрүүлээд жолооны ард суугаад машин асаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 67/
гэрч Б.А-н “...бид нар уулзаад 2.5 литрийн хэмжээтэй 2 сав пиво тэнцүү хувааж уусан. Ө уг нь их согтоогүй байсан...Ө пиво уусан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 64/,
гэрч А.Д-ний “...бид 2 очиход тэр хүмүүс 2 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво авчихсан байсан бөгөөд бид хоёр машинд нь суугаад бид 7 уг хоёр пивыг Номин агуулахын урд тал руу гарч газарт очиж хувааж ууцгаасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 73/,
гэрч П.Б-ны “...Анх Өтой уулзах үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид нар уулзаад 2.5 литрийн савтай Сэнгүр нэртэй пиво 2 савыг хувааж уусан...Ө пиво уусан. Намайг утсаар ярьж байхад суугаарай гэхээр нь суусан чинь Ө машиныг нь барьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 78/,
гэрч Б.Б-н “...очсон чинь Ө, А, Б, А-н найз охин мөн Н гэж танихгүй залуу тавуулаа пиво уугаад сууж байсан ...дахин нэг сав 2.5 литрийн пиво ууж дуусгасан...Ө бид нарыг пиво уухад адил тэнцүү ууж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 80/,
шүүгдэгч Э.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн өмгөөлөгч М.М-г байлцуулан сэжигтнээр өгсөн “ ... А, Б, З, Б, Д нарын хамт Сэнгүр нэртэй 2 литрийн хэмжээтэй пиво 2 савыг хувааж уусан ... хоёр найзтайгаа хамт цагдаагийн газар дээр ирж хүн мөргөсөн талаараа хэлсэн. Цагдаа нар миний согтуурлын зэргийг тогтоохоор үлээлгэж үзсэн ... Тэгээд эмнэлэг орж цусны шинжилгээ авсан ... энэ хэрэг болох үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ... гайгүй байсан. Өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан...” мэдүүлэг /1 дүгээр хх 204/,
анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Өын өгсөн “...бусдаасаа арай бага уусан болохоор өөрийгөө согтолтын хэмжээ сэтгэцэд нөлөөлөхөөр биш гэж үзсэн...” гэж мэдүүлсэн /3 дугаар хх 22/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Дээрхээс гадна шүүгчийн захирамжийн удиртгал хэсгийн шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт “Б овгийн Б-н Г“ гэж шүүгдэгчийн ургийн овог, эцгийн нэр, нэрийг буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч М.М-н давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 280 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М-н давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хүлээн авсугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Өод урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР