| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/00384/И |
| Дугаар | 183/шш2024/02240 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 183/шш2024/02240
2024 оны 05 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2024/02240 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 47б байр, 85 тоотод оршин суух, Шарав овогт Эын А/РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Кинг таур хотхон, 128-р байр, 164 тоот хаягт байрлах, МЁХХК /РД:0000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалгын гэрээний үүрэгт 44,172,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Отгонтуяа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Жавхлантөгс,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Лхамбаасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч МЁХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүрэгт 44 172 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Э.А нь МЁХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тухайн орон сууц захиалгын гэрээний байршил нь Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Баганат хороолол, 38-р байр, Б блокийн 5 давхарт 49,08 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг нийт 88 340 000 төгрөгийн үнэлгээтэй байрыг захиалсан. Урьдчилгаанд 30%-ийг төлсөн байдаг. Мөн үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөн байршилд автомашин зогсоол захиалгын гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгөөр захиалсан. Авто зогсоолын гараашны урьдчилгаанд 5 000 000 төгрөг өгсөн. Ийм 2 гэрээг МЁХХК-тай байгуулсан. Тус 2 гэрээний дагуу орон сууц болон автомашины зогсоолын төлбөрөө хуваарийн дагуу төлж ирсэн. Гэтэл МЁХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.4, 5.1-д заасны дагуу 2022 оны 2 дугаар улиралд багтаан тухайн орон сууц болон гараашийг оруулна гэсэн гэрээнийхээ үүргийг хэрэгжүүлээгүй. Гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй учраас талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээнд 0,5%-ийн алданги тооцно гэсэн. Нийт 1 жил 5 сар буюу 515 хоногийн хугацаа хэтрэлттэй явж байсан. Гэхдээ алдангийг Иргэний хуулийн 302 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4-д заасны дагуу 50 хувьд нь дүйцүүлж шаардсан. Ингээд тооцоход алданги 44 172 000 төгрөг болсон. Орон сууц 88 344 000 төгрөгийн үнэлгээтэй. Үүний 50 хувиар тооцсон. Авто зогсоолын хувьд талуудад хариуцлага тооцох гэрээний хариуцлагын заалт байгаагүй учраас алданги нэхээгүй. Үндсэн орон сууцын гэрээнд алданги тооцно гэсэн байгаа. Өнөөдрийн байдлаар хуваарийн дагуу 73 003 068 төгрөгийг хариуцагч талд төлсөн. Хариуцагч Тийм учраас 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 21/01/59 дугаартай гэрээний дагуу алданги 44 172 000 төгрөгийг МЁХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан...гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МЁХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан гэж үзэж байгаа юм байна. Төлбөр 88 540 000 төгрөгийг төлсөн гэж байна. Э.А МЁХХК-ийн захирал Т.Билгүүн гэсэн гэрээ хэрэгт авагдчихсан байгаа. Энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа. Т.Билгүүн энэ гэрээг байгуулаагүй. Авто зогсоолын урьдчилгаа 5 000 000 төгрөг хаашаа орсон нь тодорхойгүй. 88 540 000 төгрөг, авто зогсоолын 5 000 000 төгрөг нийт 93 540 000 төгрөгийг МЁХХК огт аваагүй. Тийм учраас Э.Аийн нэхэмжлээд байгаа 50 хувийн алдангийг компани хүлээн зөвшөөрөхгүй. Э.А, Т.Билгүүн нарын байгуулсан гэрээ нь Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр бус. Т.Билгүүний гарын үсэг биш. н.Болормаа гэж захиалгын гэрээ байгуулсан менежерийн хийсэн үйлдэл. Энэ асуудал Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгагдаад явж байгаа...гэв.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, хавсралтын хамт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21/10/01 дугаартай Автомашины зогсоол захиалгын гэрээ, Э.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэр, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн 5-р хорооны шилжин ирсэн тухай тодорхойлолтын хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Эын Аийн Голомт банкны 2409273794 дугаартай дансны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дансны хуулга, Эын Аийн Хаан банкны 5021190046 тоот харилцах дансны 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Санал хүргүүлэх тухай баримт, фото зураг, итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгөв.
Хариуцагч талаас МЁХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн МЁХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг гаргаж өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүйгээс үүдэлтэй хугацаа хэтрүүлсний алдангид 44,172,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
2. Хариуцагч нь Орон сууц захиалгын гэрээнд төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан учир хүчин төгөлдөр бус, хариуцагч хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд 93 540 000 төгрөгийг аваагүй, цар тахал барилгын ажил хойшлоход нөлөөлсөн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрөв.
3. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагч МЁХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Т.Билгүүн болон нэхэмжлэгч Э.А нар 2021 оны 08 сарын 30-ны өдөр 21/01/59 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, талууд гарын үсэг зуран, тамга дарсан байх ба тус гэрээний 1, 2-р зүйл, 3.1.4-т Баянзүрх дүүргийн 8-р хороо, Баганат хороолол, 38-р блокын Е тоот, 49.08 м2 2 өрөө орон сууцыг 88,344,000 төгрөгөөр худалдахаар, урьдчилгаанд 26,503,200 төгрөг, үлдэгдэл 61,841,000 төгрөгийг гэрээний хавсралт №1-т заасан хуваарийн дагуу 36 сарын хугацаанд хувааж МЁХХК-ийн Голомт банк дахь 3405128569 дугаартай дансанд төлөхөөр, төлбөр 100 хувь төлөгдөх хүртэл байрны өмчлөгч нь хариуцагч байхаар харилцан тохиролцжээ (хэргийн 6, 7, 12 дахь тал).
Уг гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч тал нь орон сууцыг барьж дуусган нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр (бэлтгэн нийлүүлж), нэхэмжлэгч тал нь төлбөрийг хэсэгчлэн төлж, төлбөр дууссаны дараа хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байгаагаас талуудын хооронд Иргэний хуулийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
5. Хариуцагч талаас Орон сууц захиалгын гэрээнд гүйцэтгэх захирал Т.Билгүүн гарын үсэг зураагүй учир гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байх боловч тухайн гарын үсэг нь хариуцагчийн төлөөлөгчийнх биш гэдгээ шүүхэд нотлоогүй, түүнчлэн хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч нь Орон сууц захиалгын гэрээнд нэрлэн заасан төлбөр хүлээн авах данс болох Голомт банкны 3405128569 дугаартай дансанд 38-р блок 5 давхар Е тоот гэх утгаар 2,159,000 төгрөгийг 2023 оны 02 сарын 27-ны өдөр /хуулгын 3-р хуудас/, 2023 оны 07 сарын 05-ны өдөр /хуулгын 19-р хуудас/, Голомт банкны дансны хуулгаар 2023 оны 03 сарын 28-ны өдөр /хуулгын 68-р хуудас/, 2022 оны 11 сарын 03-ны өдөр /хуулгын 45-р хуудас/, 2021 оны 10 сарын 28-ны өдөр 1,700,000 төгрөг /хуулгын 6-р хуудас/, 2021 оны 08 сарын 30, 31-ний өдөр 20,000,000 төгрөг /хуулгын 1-р хуудас/-ийг шилжүүлсэн нь тогтоогдоно. Уг үйл баримтаар хариуцагч нь 2021 оноос 2023 оны хооронд орон сууцны төлбөрийг ямар нэгэн татгалзалгүйгээр хүлээн авч байсан атлаа тус гэрээг байгуулаагүй, хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 196.1.2-т талууд гэрээний саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн хуулийн 42.2-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байх ба талууд Орон сууц захиалгын гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Иймд шүүхээс Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр гэж шүүхээс дүгнэсэн болно.
6. Талуудын хэн аль нь Орон сууц захиалгын гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй, гэрээ дуусгавар болоогүй.
7. Хэрэг авагдсан Орон сууц захиалгын гэрээний 3.1.4, 5.1-т гүйцэтгэгч тал болох МЁХХК нь 2022 оны 2-р улиралд барилгын ажлыг бүрэн дуусгаж, Захиалагчид орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөхөөр, мөн уг гэрээний 8.12-т орон сууц хүлээлгэн өгөх хугацаа ... 5.1-д заасан хугацаа 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар тооцож гүйцэтгэгч тал нь захиалагч талд төлнө гэж тохиролцсон байна (хэргийн 7, 9, 11 дэхь тал).
8. Иргэний хуулийн 232.1-т хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, мөн хуулийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
9. Зохигчдын хэн аль нь Орон сууц захиалгын гэрээгээр тохиролцсон хугацаанд буюу 2022 оны 02 дугаар улиралд орон сууц ашиглалтад ороогүй, нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгөөгүй эсэх дээр маргаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Орон сууц захиалгын гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн байна.
10. Хариуцагч нь нийтэд илэрхий үйл баримт болох Ковид-19 цар тахлын улмаас барилгыг хугацаанд ашиглалтад оруулж чадаагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч үүргийн гүйцэтгэлд цар тахал нөлөөлсөн эсэх талаарх баримт, хугацаа хэтрүүлсэнд шууд шалтгаант холбоотой байсан эсэх талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан хариуцагч өөрийн татгалзаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд хугацаа хэтэрсэнд цар тахал нөлөөлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
11. Иргэний хуулийн 232.1-т заасан гүйцэтгэгээгүй үүргийг Орон сууц захиалгын гэрээний дагуу ашиглалтад оруулж, хүлээлгэн өгвөл зохих Баянзүрх дүүргийн 8-р хороо, Баганат хороолол, 38-р блокын Е тоот, 49.08 м2 орон сууцны үнэ болох 88,344,000 төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй байна.
12. Шүүхээс алданги тооцох хугацааг Иргэний хуулийн 72.1-т заасан хугацаа тоолох журмын дагуу тоолоход Орон сууц захиалгын гэрээний дагуу 2022 оны 02 улирал (2022 оны 06 сарын 01-ний өдөр)-өөс хойш 60 хоног буюу 2022 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл тооцоход нийт 520 хоног гарна. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлохдоо 515 хоног хугацаа хэтэрсэн гэж үзэн нийт 227,485,000 төгрөг гэж дурдсан байх тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 515 хоногоор алдангийг тооцов. Ийнхүү Орон сууц захиалгын гэрээнд дурдсан орон сууц үнэ буюу гүйцэтгээгүй үүрэг 88,344,000 төгрөгөөс 515 хоногт алдангийг тооцоход 227,485,800 төгрөг болох боловч Иргэний хуулийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцүүлэн гүйцэтгээгүй үүрэг 88,344,000 төгрөгийн 50 хувиар тооцож 44,172,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
13. Нэгтгэвэл, Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу нэхэмжлэгч нь Орон сууц захиалгын гэрээний дагуу хугацаа хэтрүүлсний алдангид 44,172,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
14. Нэхэмжлэл хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 378,810 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан Орон сууц захиалгын гэрээний хугацаа хэтрүүлсний алдангид 44,172,000 төгрөгийг хариуцагч МЁХХК /РД:0000/-аас гаргуулж, нэхэмжлэгч Э.А (РД:0000)-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 378,810 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ