Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 0059

 

 

 

 

 

 

 

 

 

Д.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Г.Э

Шүүгдэгч                                           Д.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Ц, Ц.Э

Хохирогчийн төлөөлөгч                М.Б

Хохирогчийн өмгөөлөгч               Р.Н

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадасын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.О түүний өмгөөлөгч Р.Ц, Ц.Э, хохирогчийн өмгөөлөгч Р.Н нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.От холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д овогт Д-ын О,

Д.О нь      аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны нягтлан бодогчоор 2013 оноос 2019 онд ажиллаж байх хугацаандаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж 92.382.266.2 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Д.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овгийн Д-н Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оаас 98.092.266.20 төгрөг гаргуулан хохирогч       аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд 92.382.266.20 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газарт 5.710.000 төгрөгийг тус тус олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн Р.Ц болон Ц.Э нар давж заалдах гомдолдоо:

“ ... Шүүгдэгч Д.О нь гэм буруугаа анхнаасаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бага насны 2 хүүхэдтэй бага хүүхэд нь хөхнөөсөө гараагүй, учруулсан хохирлоо төлж барагдуулна гэдгээ илэрхийлдэг, хохирлоос 1.500.000 төгрөг төлж барагдуулсан байгаа. Хорих ялыг биечлэн эдлэх нь шүүгдэгчийн хувьд мөн бага насны хүүхдүүдийнх нь хувьд ч хүнд тусаж байна. Шүүгдэгч Д.От хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, болон хохирол төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг хуульд заасан доод хэмжээгээр ногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Р.Н давж заалдах гомдолдоо:

 

“ ... Д.О нь тухайн хэргийн Эрүүгийн хуулийн 71.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, хохирол төлбөрөө төлөөгүй байхад түүнд 3 жилийн хорих ял оноосон нь хэргийн бодит байдалд тохироогүй, Эрүүгийн хуульд заасан оногдуулах ялыг хөнгөрүүлэн авч үзэх үндэслэл байхгүй байхад хэт хөнгөн ял оноож байгаа нь хохирогч талын эрх ашигт харшилж байна гэж үзнэ.

Д.От тохирсон хэмжээний хорих ял оноосон бол хорих ялыг бага хугацаагаар эдэлж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл боломжийг олж авахын тулд хохирлоо төлөх эрмэлзэлтэй байх, цөөн жилийн ялыг эдэлчихээд "Надаас юу авдаг юм" гэсэн байдалтай байх магадлалтай нь түүний ашиглал нь илэрсэн үеэс эхлэн шүүх хуралдаан хүртэл учруулсан хохиролдоо хандсан хандлагаас харагдаж байна. Түүнчлэн түүний үйлдсэн хэргийн гэм буруу, сэдэл арга зэргийг авч үзвэл:

а. Д.О нь       аймгийн Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд хөдөлмөрийн гэрээт ажилтан зохион байгуулагч, нягтлан бодогчоор 2014 оны 01 дүгээр сард ороод 2014 оны 09 дүгээр сарын 30-нд өөрийн хувийн данс руу 300.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-нд хамаарал бүхий этгээд Ч.Э-н хувийн данс руу 500.000 төгрөгийг байгууллагын данснаас шилжүүлж ашиглалаа эхлээд ажлаа хүлээлгэж өгч жирэмсний ба амаржсаны амралтаа авахаас хэдхэн хоногийн өмнө 2019 оны 12 дугаар сарын 05-нд сүүлчийн ашиглалын "сургалт" гэсэн 300.000 төгрөгийн гүйлгээгээ хийсэн байдаг. Ийнхүү 5 жил 5 сарын хугацаанд 505 удаагийн гүйлгээгээр      аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хоёр данснаас мөнгөн хөрөнгийг завшсан. Энэхүү байнгын тогтвортой байдлаар олон удаагийн давтамжтай, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийг үйлдсэн, их хэмжээний хохирол учруулсан явдал ял шийтгэлд нөлөөлөх учиртай.

б. Д.О Үйлдвэрчний Эвлэлийн холбооны нягтлан бодогч бөгөөд аж байдал хариуцсан ажилтны хувьд      аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо жилд нэг зуу гаруйхан сая төгрөгийн төсөвтэй, энэ төсөв нь өөрийн байрны өрөө тасалгааны түрээс, 6.500 гаруй гишүүдийн татвараас бүрддэг гэдгийг мэддэг, энэхүү орлогыг бүрдүүлэх үүргийг ажил үүргийн хувиар хариуцдаг, Нягтлан бодох бүртгэлийн хуулиар ерөнхий /ахлах/ нягтлангийн эрх, үүрэг хэрэгжүүлдэг ажилтан атлаа өөрийнхөө тогооноос буюу гишүүдийн нийтийн өмчөөс хулгай хийсэн сэдлийг шүүх анхаарах шаардлагатай.

в.Ашиглалын гол арга нь байгууллагын санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурдаг дарга ХААН банкнаас зөвхөн дансны үлдэгдлийн хэмжээг интернэтээр харж байх эрх авсан байтал нууцаар дансны зарлагыг гүйлгээг интернэт банкаар хийх эрхийг өөртөө авч, үүнийгээ мэдээж даргаас нууж, дотоодын хяналт шалгалтад баригдахгүй байхын тулд байгууллагын дансны орлого, зарлагын гүйлгээний хуулгыг компьютерт татан авч ашиглалдаа тааруулан засварлаж, түүнийгээ хяналт шалгалтад үзүүлж үйлдлээ нууж санхүүгийн цахим үйлчилгээг ашиглан хэрэг үйлдэж байсан нь 2019 оны 12 дугаар сард ажил хүлээлцэхэд илэрсэн. Мөн Хяналтын зөвлөлийн гишүүн Д-н картыг ашиглаж 17 удаа мөнгө гаргаж авсан. Гэмт хэрэг үйлдсэн энэ арга сэдлийг шүүх анхаарах шаардлагатай.

г.Ашиглал нь илэрмэгц ажил хүлээн авч байгаа нягтлан бодогч Б.Б руу байнга цахим захиа илгээж түүнийг урвуулж авах, ашиглалыг нуух "Санхүүгийн чинь бүх ар талыг даана" гэх зэргээр ятгах, хувийн данс руу нь 500.000 төрөг гуйвуулах зэргээр хандаж байсан.

д.Гарах гарцгүй болмогц 2019 оны 12 дугаар сарын 18-нд Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны даргад хохирлоо шууд хуваарь гарган төлөх амлалт өгсөн боловч түүнийгээ огт биелүүлээгүй 2020 оны 01 дүгээр сарын 08-нд төлөөгүй, гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч 1.500.000 төгрөг буюу хохирлын 1.6 хувийг төлсөн нь хохирол барагдуулах гэхээсээ хохирлоосоо төлж эхэлсэн гэсэн эрх зүйн байдал олж авах агуулгатай нь ойлгогддог ба одоо давж заалдах гомдол гаргах шатанд ар гэр нь чимээгүй, шүүх хуралд ирсэн эгчтэй нь холбогдоход хохирол төлөх талаар ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй байна.

е.Д.О нь            аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан орон сууцаа хохирол төлөх баталгаа бичиж өгсөн 2019 оны 12 дугаар 18-наас 5 хоногийн дараа 2019 оны 12 дугаар сарын 23-нд хамаарал бүхий этгээд Ч.Э руу шилжүүлсэн байгаа нь хохирол төлөхгүй байх санаа зорилготойг харуулна. Энэ орон сууц нь түүний өмч болох өөрийн орон сууц анх удаа авсан татварын хөнгөлөлт эдэлж байсан баримт 2 дугаар хавтаст хэргийн 124-138 дахь тал, 147-150 дахь талд байгааг судалж үзэж шүүх дүгнэлт хийх шаардлагатай.

Дээрх нөхцөл байдал байхад шүүх Д.От 3 жилийн ял оноосон нь хохирлын хэмжээ их хэмжээний эхлэх босго хэмжээнээс даруй 46 хувиар давсан, хохирол төлөгдөөгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй байхад яллагчийн саналаас 2 жилээр бага тогтоож ял оноосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын зорилго, ял оногдуулахад харгалзан үзэх зарчимд нийцээгүй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хөнгөн байдлаар оногдуулах гол үндэслэл нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх, гэм хорыг арилгасан байх концепцитой ч шүүхийн оногдуулсан ял авцалдахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 14-ний 90 тоот шийтгэх тогтоолыг Д.От оногдуулсан ял хэргийн бодит байдал, учруулсан хор уршиг, түүнийгээ төлж арилгасан байдалд тохироогүй үндэслэлээр хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлнэ үү” гэжээ.

Шүүгдэгч Д.О давж заалдах гомдолдоо:

“... Миний бие энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Д-н О-г шалгуулах хүсэлтэй байна. Учир нь Д.О нь энэ хэрэгт зайлшгүй холбоотой бөгөөд хохиролд төлөгдөх мөнгөн дүнгийн 50 хувиас илүү хувийг надаас удаа дараалан олон үйлдлээр авсан. Хэрэг шалгах мөрдөн байцаалтын явцад өөрийгөө нуун дарагдуулахыг хүсэж авсан мөнгөө яг одоо өнөөдөр, маргааш өгнө хөөцөлдсөн ажил нь бүтэж буй мэтээр байнга хууран мэхэлж байсан. Д.О-д итгэж авсан мөнгөө төлөх байх гэж өдий хүртэл харсан ч одоог хүртэл төлөхгүй худал хэлсээр байгаагаас харахад намайг санаатайгаар залилан мэхэлж байгаа нь харагдаж байна. Д.О-н надаас мөнгө авсан баримт дансны хуулга өөрийнх нь бичсэн мессеж, чат, захиа гэх мэт нотлох баримтууд бий. Иймд Д.О надаас авсан мөнгөө өгч Үйлдвэрчний эвлэлийн хохирлыг барагдуулахгүй байгаад гомдолтой байгаа тул үүнийг нарийвчлан дахин шалгуулах хүсэлтэй байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.О тайлбартаа: “Д.О надаас мөнгө авсан. Энэ хэрэгт хамааралтай тул шалгуулмаар байна...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Гэм буруугийн тал дээр шүүгдэгч маргадаггүй. Бага насны 2 хүүхэдтэй, хохирлоос бололцооныхоо хирээр төлж байгаа. Хувийн байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү....Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлгүй. Анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуульд заасан ял оногдуулсан. Тайлангаа тухай бүрд нь гаргадаг байсан бол ийм хэмжээний хохирол учрахгүй байсан... ” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э тайлбартаа: “Бага насны 2 хүүхэдтэй, хувийн байдлыг нь харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү. Оын учруулсан хохирлын хэмжээнд гомдолтой байдаг ... Аудитын байгууллагад санхүүгийн тайлангаа тухай бүр хүргүүлж байсан бол ийм байдалд хүрэхгүй байх байсан ... ” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн төлөөлөгч М.Б тайлбартаа: “Тодорхой хугацаа өнгөрөхөд хохирлыг барагдуулах талаар санаачилга гаргаагүй. О нь энэ хэрэгт холбогдолтой юу гэж би өөрөөс нь асуухад үгүй гэж байсан. О өөрийн болон нөхрийн нэр дээр бүртгэлтэй байсан орон сууцыг эгчийнхээ нэр дээр шилжүүлсэн, үүнээс үзэхэд хохирлыг барагдуулах сонирхолгүй. Өчигдөр 6.000.000 төгрөг төлсөн байсан. Манай Үйлдвэрчний эвлэлийн холбоо санхүүгийн хувьд маш хүндрэлтэй байгаа...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Р.Н тайлбартаа: “Гэм буруугийн талаар маргаан гараагүй...Шүүх хэргийн бодит байдал нийцүүлэн ял оногдуулах ёстой. 505 удаагийн үйлдлээр  Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны 1 жилийн төсөвтэй тэнцэхүйц их хэмжээний мөнгийг завшсан. Мөрдөн байцаалтын шатанд ямар ч хохирол төлөгдөөгүй. Хохирол барагдуулах тухай баталгаа бичиж өгсөн атлаа өөрийн нэр дээр байсан орон сууцыг хамаарал бүхий этгээдийн нэр дээр шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм бурууд тохироогүй. Д.О энэ хэрэгт хамааралтай гэх номлох баримт хэрэгт байхгүй. Энэ хэргийн субъект болохгүй. О нь өөрөө О-д мөнгө өгч байсан эсэх асуудал нь энэ хэрэгт хамааралгүй юм...давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.О болон түүний өмгөөлөгч Р.Ц, Ц.Э, хохирогчийн өмгөөлөгч Р.Н нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Д.О нь       аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хөдөлмөр цалин хөлс, аж байдлын асуудал хариуцсан ажилтан, нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглан тухайн байгууллагын данснаас өөрийн болон бусдын данс руу удаа дараа, үргэлжилсэн үйлдлээр нийт 92.382.266.2 төгрөг шилжүүлэн авч хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Шүүгдэгч Д.О нь “ ... гэрчийн мэдүүлэг өгсөн Д.О-г шалгуулах хүсэлтэй байна ... ” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх боловч хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд буюу

 

           гэрч Д.О-н “... Би өөрөө Оаас мөнгө зээлж авч байгаагүй. Харин надаас мөнгө зээлж авдаг байсан...бид хоёр хооронд ямар нэгэн өр төлбөр байхгүй. 2019 оны 11 билүү 12 сард надтай уулзаад О эгчээ та намайг дагаж очоод хүнтэй уулзаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь яасан юм бэ гэсэн чинь ажлаа хүлээлгээд өгсөн юм. Ганц нэгэн юм дутаасан чинь миний ажлыг хүлээж  авсан нягтлан бодогч даргад хэлнэ гээд байна. Та түр хугацаагаар хүлээж байгаач гээд гуйгаад өгөөч гэсэн ... тэр эмэгтэй хүнтэй уулзсан чинь тэр хүн О дээр ганц нэгэн дутагдал байгаа бид нар өөрсдөө учраа олно гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 41/,

 

            дахин өгсөн  “ ... Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байхад өглөө 10 цаг өнгөрч байхад Д.О над уруу утсаар залгаж “эгчээ миний бие өвдөөд гарч чадахгүй байна, би ажлаасаа гарахдаа тооцоо хийхэд мөнгө дутаачихсан байна, тэгээд би шинэ нягтлангаасаа дутсан мөнгийг нь төлчихье, даргад битгий хэлээч гэж гуйсан байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгч нь яаж туслах юм гэхэд “та хүрч ирээд надад байгаа 500.000 төгрөгийг авч яваад манай шинэ нягтланд өгөөд миний дутаасан мөнгөнөөс хасуулчихаач” гэхэд нь “ингээд бэлнээр хүнээр мөнгө аваачиж өгүүлэхээр чиний дутаасан мөнгөнөөс хасаж өгөх юм уу оргүй болчих вий дээ” гэж хэлсэн. Д.О надад “зүгээрээ хасчих байх” гэж хэлээд шинэ нягтлан бодогчийнхоо утасны дугаарыг өгөн, бэлнээр 500.000 төгрөг өгч явуулсан ба би уг мөнгийг нь авч очоод Үйлдвэрчний эвлэлийн холбооны нягтлан бодогч эмэгтэй руу утасдан “Д.О мөнгө өгчих гэсэн юм, яваад орох уу” гэхэд тэр эмэгтэй “би өөрөө гараад очъё” гэж хэлэн гарч ирээд миний өгсөн мөнгийг тоолж аваад надтай бараг үг солилгүйгээр буцаад ажил руугаа орсон ...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-12/,

 

            гэрч Б.Б-н “ ... намайг машин дотроо сууж байсан чинь Отай уулзаж байсан эмэгтэй миний машинд орж ирж суугаад чи ажил хүлээж авах гэж байгаа нягтлан бодогч нь юм байна ш дээ гээд өчигдөр О над руу утсаар яриад амиа хорломоор байна гэж хэлсэн. Байгууллагын мөнгөнөөс аваад тендерийн мөнгө рүү оруулсан, уг мөнгө нь 2019 оны 12 сарын дундуур санхүүжилт орж ирнэ, тэр болтол даргадаа энэ талаар битгий хэлээч гээд надаас гуйгаад байсан. Тухайн үед О машинд орж ирээд суусан. Би тэр хоёрт аминаас илүү мөнгө гэж юу байхав дээ, 12 сарын дундуур мөнгө нь орж ирвэл учир нь олдох байлгүй дээ гээд би Оаас хэдэн төгрөг авсан юм бэ 2 сая төгрөг юм уу гэж асуусан чинь тэрнээс их мөнгө байгаа гэж хэлсэн ... 2019 оны 12 сарын 16-ны өдөр хуурай эгч О нь залгаад гараад ирээч гэсэн. Намайг гарч уулзахад даргадаа битгий хэлээч гээд надад 500.000 төгрөг бэлнээр өгсөн... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 32-33/,

 

          шүүгдэгч Д.О, гэрч Б.Б нарын хоорондоо харилцсан мессежний зураг /1 дүгээр хх 187-198/ зэрэг нотлох баримтуудаар Д.О-г энэхүү хэрэгт хамтран оролцоотой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Оын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

           

            Хавтаст хэрэгт авагдсан Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03/03 дугаартай дүгнэлтээр Д.Оыг “өөрийн дансанд нийт 97.617.900 төгрөг шилжүүлсэн” гэж тогтоогдсон бөгөөд уг дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан хэргийн оролцогч нарын хүсэлтийн дагуу мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр шинжээчид даалгасан байх боловч ” ... санхүүгийн тооцооны баримтууд шинжилгээ хийх байгууллагад хүргэгдээгүй,      аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2013-2019 оны кассын засаагүй тайлан нь олдоогүй, дахин шүүх боломжгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн ... ” гэсэн үндэслэлээр нэмэлт шинжилгээ хийх боломжгүй /3 дугаар хх 5/ болжээ.

        

            Дээрх дүгнэлтээр тогтоогдсон 97.617.900 төгрөгөөс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хасаж, шүүгдэгчийн үйлдлийн улмаас тус байгууллагад учирсан хохирлын хэмжээг 92.382.266.2 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн байх ба анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

        

            Шүүгдэгч Д.От анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байна.

           

            Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Р.Ц, Ц.Э, хохирогчийн өмгөөлөгч Р.Н нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        

            Хэргийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад шүүгдэгч Д.О нь хохиролд 6.000.000 төгрөг төлсөн болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Р.Ц, Ц.Э, хохирогчийн өмгөөлөгч Р.Н нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Д.О нь хохиролд 6.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                    С.УРАНЧИМЭГ