Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 382

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1725000000190 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын 0-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн  тоотод оршин суудаг, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй,сүүлд Орхон аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2017 ны 3 дугаар сарын 17-нд ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Д-гийн Б, регистрийн дугаар //

Шүүгдэгч Д.Б-ийг 2017 оны 10 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Булагтын 37-3 тоотод хохирогч Г.О-ийн зүүн мөр рүү заазуурдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Д.Б нь 2017 оны 10 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 37-03 тоотод хамт архи ууж байсан Г.О-той хөөрөгний талаар маргалдаж улмаар  зүүн мөр рүү нь заазуураар цохиж биед нь зүүн мөр дээр шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар :

  -Хохирогч Г.О-гийн….”Б ах намайг хүрэн иштэй заазуураар миний мөр рүү цохиж намайг гэмтээсэн. Би мөрөндөө эмнэлэг ороод 8 ширхэг оёдол тавиулсан. Гар хөндүүрлэж байна.”...... гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-6-р хуудас/

-Гэрч Б.Э-гийн.... “ архиа ууж байхад Б, О 2 хөөрөг ярьж байгаад түүнээсээ болоод маргалдсан. Тэр хоёрыг маргалдахаар нь боль гэж болиулаад би О-г гэрээсээ аваад гарсан. Гэрээс гараад би О-г хашааны үүдний орчим хүргэж өгөөд жорлон руу бие засах гээд явсан. Яг тэр үед Б манай гэрээс гарч ирж байсан. Би түүнийг бие засах газар байгаа юм байх гэж бодоод 00 ороод эргээд гараад ирсэн чинь О “өө заазуурддаг байна ш дээ” гэсэн. Тэгхээр нь яваад очсон чинь Б манай гэрийн ногоон өнгийн бариултай заазуурыг бариад зогсож байсан. О-гийн гараас нь цус гараад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/

Гэрч Г.Б-ын... “ тэгтэл Ц миний хүүгийн зүүн талын гарынх нь мөрөн дээр нь зүссэн. О-гийн зүүн мөр зүсэгдэж 8 ширхэг оёдол хийлгэсэн.”  гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн № 949 дугаартай: “...Г.О-гийн  биед зүүн мөр дээр шарх үүсчээ. Дээрх гэмтэл нь мэс заслын оёдол хийгдсэн байх тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нарийн тогтоох боломж муутай ба үзүүр иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Гэмтлийн зэргийн заврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. ” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас /

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29-р хуудас /

          -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 19-22-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

          Шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Хохирогч надаар хөөрөг хийлгэж авна гэсэн. Би уучлалт гуйсан. Гомдолгүй болсон гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2017 оны 10 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Булагтын 37-3 тоотод хохирогч Г.О-той маргалдаж улмаар зүүн мөр рүү заазуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Д.Б-гийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээсэн байх тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй.

        Хохирогч О төлбөрийн нэхэмжлэл гаргаагүй ба гомдол саналгүй гэсэн байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заалаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Д-гийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан ялыг өдөрт 3 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

 

4.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ш заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

           

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ