Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 786

 

 

Н.Ө-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00417 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Ө-ын хариуцагч М.З-д холбогдуулан гаргасан, 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хуралдаан дээр гаргасан тайлбартаа: М.З-тай харилцан тохиролцож Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8в байр, 13 тоот хаягт байрлах 18 м.кв нэг өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болж, 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр урьдчилгаа 30 000 000 төгрөгийг худалдагч тал М.З-д бэлнээр өгсөн. Ийнхүү мөнгө өгөхдөө зээлүүлсэн болгож зээлийн гэрээ байгуулж, түүний өмчлөлийн байрыг барьцаанд авсан. М.З нь тухайн үед дээрх худалдаж авсан байр барьцаанд байсан учир 1 жилийн дотор Голомт банкны 8 хувийн барьцаанаас чөлөөлж байрны гэрчилгээг Н.Ө миний нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон. Гэрээний үүргийг худалдагч тал биелүүлээгүй. М.З-ийн өмчлөлийн орон сууц биш түүний хүргэн А.М, охин Г.Д нарын өмчлөлийн байр байсан. Өөр хүмүүсийн нэр дээр байсныг 30 000 000 төгрөгийг өгөхдөө л мэдсэн. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч гэрчилгээг нь шилжүүлж авах боломжгүй захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй худалдан авагч миний эрх ноцтой зөрчигдөж байна. Иймд М.З-тай харилцан тохиролцсон хэлцэл гэрээнээс татгалзаж, байрны урьдчилгаанд өгсөн 30 000 000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ө нь тухайн үед мөнгөний боломжгүй байсан учраас 30 000 000 төгрөг өгөөд, нэг жилийн дараа үлдэгдэл 20 000 000 төгрөг өгсний дараа орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохирсон. Орон сууц барьцаанд байсан талаар Н.Өлзийжав мэдэж байсан. Нэг жилийн дараа орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй учраас гэрээнээс татгалзаж, өгсөн 30 000 000 төгрөгөө авна гэж байгаа нь үндэслэлгүй. Гэтэл өнөөдөр М.З худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал мөн үү биш үү гэдэг нь эргэлзээтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан байна. М.Заяатмаа болон Н.Ө нарын хооронд ямар харилцаа үүссэн нь тодорхой бус. Талуудын хооронд байгуулсан гэрээ зээлийн гэрээ эсвэл худалдах, худалдан авах гэрээний аль нь байгуулагдсан нь тодорхой бус. Талуудын хооронд зээл хэлбэрээр эргэн төлөгдөх буюу буцаагаад ижил төрлийн бараа бүтээгдэхүүн өгөөд мөнгөө буцаагаад өгөх ёстой харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Тэгэхээр М.З гэдэг хүн маргаан бүхий орон сууцны худалдагчийн төлөөлөгч байсан гэдгийг гэрч Г.Д-өөс авсан мэдүүлгээс харж болно. М.З нь худалдагчийн төлөөлөл болж зөвхөн 30 000 000 төгрөг авсан үйлдэл хийснийх нь төлөө түүнээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ хэргийн жинхэнэ хариуцагч М.З биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх:  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч М.З-гаас 30 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ө-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З давж заалдах гомдолдоо: Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тогтоож хариуцагч М.З-г Иргэний хуулийн 472 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс бодитой үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна. Иймд шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Ө нь хариуцагч М.З-д холбогдуулан орон сууцны үнэ 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч орон сууц худалдан авах хэлцлийг Г.Д-тэй хийсэн, 30 000 000 төгрөгийг Г.Д-д өгсөн, уг орон сууц нь Г.Д болон А.М-лын өмчлөлийнх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийн  35-36 дугаар талд Н.Ө, М.З нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 30 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31.6 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээ авагджээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгөх үүргийг хүлээх бөгөөд үүрэг хүлээгч нь үүргээ гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах аргыг хуульд зохицуулсан байна.

Гэвч талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа бодитойгоор үүсээгүй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй, харин уг гэрээг орон сууц худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан үйл баримт тогтоогдсон байна.

            Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгээс /хх-28/ үзэхэд маргаж буй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8В байрны 13 тоотод байрлах 1 өрөө орон сууцны өмчлөгч нь Г.Д, А.М  бүртгэлтэй байх бөгөөд  нэхэмжлэгч Н.Ө нь Г.Д-ний эх М.З-тай тохиролцон уг орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдан авах, үүнээс  30 000 000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг 1 жилийн дараа төлөхөөр болсон нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. Харин орон сууцны өмчлөгч Г.Д-нөөс хариуцагч М.З-д өөрийн өмнөөс орон сууц худалдах буюу захиран зарцуулах эрх олгосон нь баримтаар тогтоогдоогүй болно.

Дээрхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж заасан.

Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч Н.Ө хариуцагч М.Знарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцаан өгөх үүргийн ерөнхий үндэслэлийг заасан.

Иймд хууль болон гэрээний үндэслэлгүйгээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан өгөх үүргийг  зохицуулсан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Ө нь орон сууцны төлбөрт 30 000 000 төгрөгийг М.З-гаас  шаардах эрхтэй.

 Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧИД                                  Б.НАРМАНДАХ

                                                                                      Д.БАЙГАЛМАА