Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 320

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч С.Болорчулуун,

Хохирогч Г.Б-,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа,

Шүүгдэгч Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д-ын М-д холбогдох эрүүгийн 1710000000093 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Овоо Нар Хайрхан” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, **** тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 158  тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнссэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 88 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт Д-ын М- нь:

 

- 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Гэгээн орд” ХХК-ийн байранд байрлах “Овоо Нар Хайрхан” ХХК-ийн ажлын байранд тус компаний орчуулагч ажилтай Г.Б-г “цалингаа нэхлээ” гэх шалтгааны улмаас цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Б- мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Манай гэрийнхэн “цалингаа аваад ажлаас аа гар” гэхээр нь ажилдаа очоод цалингийн тооцоогоо үзүүлсэн чинь Д.М- захирал “их гарсан байна. Наадмын амралт хасагдаагүй байна” гэсэн. Би ирцийн дэвтэр үзүүлсэн чинь “үүнийг нотлох юм уу” гээд уурлаад босоод ирсэн. Би яахаараа “тэгдэг юм” гэсэн чинь миний нүүр рүү нэг удаа алгадсан. Би “яагаад миний биед хүрээд байгаа юм” гэхэд над руу алахаад дайраад байхаар нь би хойшоо ухраад зугтсан. Гэтэл өөдөөс аяга шидсэн миний духан дээр оносон. Би доошоо суугаад толгой эргээд байж байтал над руу “чи яасан их цалин нэхдэг юм” гэхэд би “цагдаа дуудна” гээд утсаараа бичлэг хийсэн. Гэтэл “би чамд ер нь энэ гэрээг чинь уншуулна” гээд хүний нөөцийн ажилтны ширээн дээрээс гэрээ аваад надад уншуулах гээд намайг миний гарнаас бариад “гэрээ унш” гээд чирсэн. Би суухгүй гэсэн чинь хажуу хана руу багалзуурдаад хана руу мөргүүлсэн. Би хажуу тийшээ унахдаа сандал мөргөөд унасан..." гэжээ. / хх 18-21 /,

 

Гэрч Б.А мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Д.М- ах хөдөлмөрийн гэрээ гаргаж ирээд өөрт нь харуулаад нүүрэнд нь тулгаад наасан чинь тэр хоёр сандалтайгаа давхралдаад унасан...” гэжээ. / хх 24-25 /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 14- ний өдрийн 10233 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.“...Г.Б-гийн биед тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн дал, зүүн хөх, хэвлийд зулгаралт, зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад шарх, хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. / хх 34 /,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М- мэдүүлэхдээ:”...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...хохирогчтой эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хөнгөн ял оноож өгнө үү...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б- мэдүүлэхдээ:”... Миний урьд хэлсэн зүйл бүгд үнэн. Эвлэрлийн гэрээ байгуулсан тул одоо гомдол санал байхгүй...” гэв.

           

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/, ял шалгах хуудас /хх-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.М- нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Гэгээн орд” ХХК-ийн байранд байрлах “Овоо Нар Хайрхан” ХХК-ийн ажлын байранд тус компаний орчуулагч ажилтай Г.Б-г “цалингаа нэхлээ” гэх шалтгааны улмаас цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №10233 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Д.М-, хохирогч Г.Б- нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6,7 дахь хэсэгт зааснаар хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М-ын гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах ялыг /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 700.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогч Г.Б-тэй эвлэрсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн прокурорын санал болгож, хохирогч, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 33.1 дүгээр зүйлийн 6,7, 34.4 дүгээр зүйлийн 2.1, 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Ш овогт Д-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын М-ыг 450 / дөрвөн зуун тавин / нэгж  буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.М- нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.М-д оногдуулсан 450.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД