Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 393

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Т.А

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1725000000179 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын жижүүр ажилтай, найруулагч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг эх, эмээ дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг   тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э овгийн Б-гийн Б егистрийн дугаар /ФА/

 

Шүүгдэгч Б.Б-ийг 2017 оны 10 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-34-51 тоотод Т.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал:  Б.Б нь 2017 оны 10 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-34-51 тоотод Т.А-тай хамт архи ууж байгаад “гэрээсээ хөөлөө” гэж түүний дух руу нь цохиж зодон биед нь духанд зүсэгдэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна.       

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар :

  -Хохирогч Т.А-гын…... “2017 оны 10 дугар сарын 26-ны өдөр миний найз А миний төрсөн өдрийг тэмдэглэх гээд ирсэн. А-тай хамт манай 10 жилийн ангид хамт сурч байсан Б гэх залуу ирсэн. Манай гэрт 0.75 литрийн архи нэг шилийг, 2.5 литрийн 2 пиво авч ирсэн. Архиа ууж дуусаагүй, пиво дуусаад А маргааш ажилтай явлаа гэсэн. Би ч гэсэн өөрөө маргааш ажилтай амрах гэсэн чинь Б “чи намайг гэрээсээ хөөлөө” гээд миний дух руу цохисон. Духнаас цус гоожсон. Тэгтэл Б гараад зугтаасан. Тэр оройдоо эмнэлэг дээр очиж 2 оёдол хийлгэсэн”...... гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/

-Гэрч Б.Б-гийн.... “Б миний төрсөн ах, 2017 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай гэрт цагдаа ирээд гадаа А гэх хүнтэй уулз гэж манай аавыг дуудсан.  Аавтай хамт гадаа гарсан чинь эргүүлийн 2 цагдаатай ахын 10 жилийн ангийн А гэдэг ах хөл дээрээ тогтох чадваргүй эхнэрийнхээ хамт зогсож байсан. Тэгээд юу болсон яасан бэ гэсэн чинь Б намайг цохичихоод манай гэрээс гараад зугтчихлаа гэсэн. Аав бид 2 араас нь эмнэлэг орсон. А өөрөө оёдол тавиулах гээд орсон байсан. Оёдлын мөнгө 15,000 төгрөг гэж байна гэхээр нь би мөнгийг нь өгсөн. Духан дээрээ 2 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/

-Гэрч Н.Б-гын ... “миний нөхөр 2 найздаа архи авч өгнө гээд тэр 3 дэлгүүр ороод 1.75 литрийн Соёрхол архи нэг шилийг авч ирсэн. Тэр архийг авч ирээд задлаад удаагүй байхад А найз нь одоо унтаж амарлаа та 2 одоо харьж амар гэж хэлсэн. Тэгээд удаагүй байхад А гараад явсан. Б үлдсэн. А-ийг гарч явсанаас хойш А Б 2 юм яриад суугаад байсан. А хэд хэдэн удаа харь гэж хэлж байсан. Би хүүхэдтэйгээ хэвтэж байсан чинь Б “чи намайг хөөлөө” гэж хэлсэн. А би чамайг хөөгөөгүй гэж хэлсэн. Тэгж хэлээд түс тас хийх чимээ гараад А орилсон. Тэгтэл Б ухас хийгээд гутлаа өмсөөд гараад явсан. А араас нь гүйх гэхээр нь би очоод бариад авсан чинь духнаас нь цус гараад нүүр рүү нь урсаж байсан. Би өөрөө хүүхдээ хөхүүлээд хэвтэж байсан болохоор хэн нь хэнийгээ хэрхэн яаж цохисон талаар хараагүй”...... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

-Гэрч Л.А-гийн....”2017 оны 10 дугаар сарын 26-нд А-тай утсаар ярьж байтал найз Б-тэй таарсан. А төрсөн өдөр болсон хүрээд ирээч гээд байсан. Бид нарыг ороход А архи уусан шинжтэй байсан. Пивоо ууж дуусаад Б бид 2 явах гэсэн чинь А цуг гаръя би та хоёрт нэг шил архи авч өгье гэсэн. Би яах юм бэ гэтэл А би дэлгүүр орно гээд орсон. Намайг утсаар ярьж байгаад эргээд хартал А 1.75 граммын Соёрхол архи авсан байсан. Дэлгүүрээс гараад буцаад гэр рүү нь ороод архиа задалсан. Хүний хоёр хоёр хундага архи уусан тэгээд 22 цаг 30 минутын үед би маргааш ажилтай гээд гарсан.  Маргааш нь А таарсан чинь Б өчигдөр намайг нэг юмаар цохичихоод явчихлаа. Оёдол тавиулаад гээд духан дээрээ лент наасан байдалтай явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

-Гэрч З.А ...”Энэ дуудлага 23 цаг өнгөрч байхад ирсэн. Дуудлагын дагуу 3-р хороололын 6-р байрны гадаа яваад очиход 3 билүү 4 дэх орцны гадна А гэх иргэн эхнэрийн хамт хүлээж байсан. А уулзахад” Би 2-34-51 тоотод гэртээ найзтайгаа архи ууж байгаад найздаа зодуулсан. Миний найз намайг зодчихоод гэрээс гараад зугатаасан. Гэр нь энэ байранд байдаг юм гэсэн. Духан дээр нь шарх үүссэн, цус гарсан байдалтай байсан.”..гэх мэдүүлэг /хх 18 дугаар хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № 919 дугаартай:“...Т.А биед духанд зүсэгдсэн шарх үүсчээ. Энэ гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэргийн заврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас /

          -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 27-30-р хуудас/

       - Хохирогчийн эмнэлгийн баримтууд /хх 38-40-р хуудаст/

      -Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр А Б 2 манайд ирсэн. Урьд өдөр нь миний төрсөн өдөр байсан. Тэр өдөр ажил тараад уусан. Бид 3 архи ууж байгаад А гараад явсан. Б бид 2 үлдсэн. Би эхлээд Б-г нэг алгадсан. Б намайг зөрүүлж алгадсан. Гэтэл гэнэт нүүр рүү палхийтэл цохиод гараад явсан. Нүүр рүү цус урсаад ирсэн. Би Б-гийн араас гарч гүйсэн гэвч явсан байсан. Эхнэр цагдаа дуудаж цагдаатай хамт гэрт нь очсон. Эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Б-г 2 хоног хүлээгээд ирээгүй тул би цагдаад хандсан. Би 3 хоног ажилдаа яваагүй эмчлүүлсэн. 3 хоногийн цалин 250 000 төгрөг эмчилгээний зардал 250 000 төгрөг нийт 500 000 төгрөг нэхэмжилнэ. Би духны соривийг арилгуулах шаардлагатай байна гэсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

          Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...А гараад явсан. Бид 2 ажил төрөл  ярьж байгаад би хөдөлье гээд сууж байсан. А доош тонгойн сууж байснаа  “архигүй ирсэн” гээд намайг зөөлөн алгадсан. Зүүн мөр рүү алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд зөөлөн алгадсан. А босоод гал тогооны хэсэг рүү явахаар нь би коридор руу гүйж гарсан. Би дух руу нь цохиж гэмтэл учруулаагүй. Миний буруу байхгүй гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б 2017 оны 10 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-34-51 тоотод Т.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна гэж дүгнэв.

        Шүүгдэгч “би цохиогүй гэмтэл учруулаагүй” гэж мэдүүлсэн боловч энэ мэдүүлэг нь өөр бусад баримтаар батлагдаагүй.

       Харин, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэгүүд, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр Б.Б, А 2 сууж байгаад эхэлж А алгадсан, зөрүүлээд Б алгадаж улмаар дух хэсэгт нь цохиод гарч явсан, түүний цохилтын улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан болох нь тогтоогдсон.            

      Шүүгдэгч Б.Б энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

     Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг харгалзан үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Хохирогч эмчилгээний зардал болон 3 хоног эмчилгээ хийлгэсэн хугацааны цалин нийт 500 000 төгрөг шүүгдэгчээс гаргуулахаар шаардсан боловч нотлох баримт бүрэн биш байх тул хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй байна.

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Э овогт Б Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Хохирогч иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ