Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 0061

 

 

 

 

 

 

 

 

У.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Г.Э

Шүүгдэгч                                           У.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Б.Т, Ш.Б

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч У.Т болон түүний өмгөөлөгч Б.Т, Ш.Б нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч У.Тт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Б овогт У-н Т,

   У.Т нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр       аймгийн      сумын   багийн “Э” дээд сургуулийн оюутны байрны     тоот өрөөнд нэвтэрч Б.Ц-н өмчлөлийн “HP i-5” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: У.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Б овогт У-н Тийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч У.Тийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин Т болтол шүүгдэгч У.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Т болон түүний өмгөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо:

“... Хэргийн үйл баримтын хувьд У.Т нь оюутны байранд амьдардаг, хохирогч өөдөөс харсан өрөөнд нь амьдардаг, танилын харилцаатай, нэгнийхээ өрөөгөөр чөлөөтэй орж гардаг, энэ хэрэг явдлаас өмнө ч гэсэн У.Т нь хохирогчийн өрөө тасалгаагаар хүнтэй хүнгүй аль ч үед орж гардаг байсан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ариун цэврийн цаас авах зорилгоор хохирогчийн өрөөнд нэвтрэн орсон боловч буцаж гарах явцдаа нүдэнд ил харагдсан зөөврийн компьютерыг авах гэмт санаа бодол гэнэт төрж, авч гараад өөрийнхөө өрөөнд оруулж цүнхлээд явсан байдаг.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт санал дүгнэлт гаргахдаа, ариун цэврийн цаас авах зорилгоор найзынхаа өрөөнд ороод гарсан явдлыг хууль бус нэвтрэлт гэж үзэх боломжгүй, учир нь аль ч сургуулийн дотуур байранд нэгнийхээ өрөөнөөс саван, шампунь, ариун цэврийн цааснаас тасалж авах үзэгдэл байдаг, энэ талаар хохирогч ч гэсэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ энэ нь дотуур байранд нийтлэг, ердийн үзэгдэл гэсэн агуулгаар тайлбарлаж хэлдэг.

Найз оюутныхаа өрөөнд орж ариун цэврийн цааснаас нь тасалж аваад гарахыг орон байрны халдашгүй байдалд хууль бусаар халдаж, ариун цэврийн цаас хулгайлсан гэж үзвэл хичнээн оюутан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хулгайлах гэмт хэрэг үйлдэгч болох вэ.

Шийтгэх тогтоолд “ ... мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... өрөөнөөс гарахдаа зөөврийн компьютер авах санаа гэнэт төрсөн ...” гэж тайлбарласан нь У.Тийн сэжигтнээр өгсөн “ ... аав мань жолооныхоо мөнгийг өгсөн үү гэсэн, өгсөн гэсэн чинь баримтаа явуул” гэж орой болгон асуугаад байсан. Тухайн үед “мөнгө яаж олох вэ” гэж бодон явж байсан.” гэх мэдүүлгээр няцаагдсан болно ... ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь хүн бүрд их бага хэмжээгээр мөнгөний хэрэгцээ үргэлж байдаг. Мөнгө яаж олох вэ гэж бодож явснаас биш өөдөөс харсан өрөө рүүгээ шууд ороод эд зүйл хулгайлчихъя гэсэн санаа зорилго У.Тт анхнаасаа байгаагүй, энэ нь ариун цэврийн цаас хайж анх орсон гэх мэдүүлгээр нь нотлогдоно.

Шүүх шийдвэр гаргахдаа халдлагын зүйл дээр ихээхэн ач холбогдол өгч шийдсэн нь буруу хэмээн үзэж байна. Хэрэв ариун цэврийн цаас аваад гарсан бол энэ нь ариун цэврийн цаасны хулгай гэж үзэх үндэслэл муутай. Харин зөөврийн компьютер авч гарснаараа нэвтрэлттэй хулгай болж байгаа нь харамсалтай байна.

Гэмт хэргийг зүйлчлэхдээ эрх зүйн онолын ойлголт /субьектив шинж/-ыг удирдлага болгож, хэргийн үйл баримтыг нарийн анхаарч дүгнэх нь маш чухал. Хэрэв У.Т анхнаасаа урьдчилан төлөвлөж, цүнх сав бэлдээд хохирогчийн өрөөнд орж зөөврийн компьютерыг авч гарсан бол энэ нь маргах зүйлгүй хүндрүүлэх шинжтэй хулгайлах гэмт хэрэг мөн болно.

Харин тухайн цаг хугацаанд хулгай хийх санаа зорилгогүйгээр найзынхаа өрөөнд ариун цэврийн цаас хайж орсныг ариун цэврийн цаас авахаар хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх боломжгүй, буцаж гарах явцдаа нүдэнд ил харагдсан зөөврийн компьютерыг авчихъя, тэгээд өөрт шаардлагатай мөнгөний хэрэгцээгээ хангачихъя гэсэн гэнэт төрсөн шунахайн сэдлийг анхнаасаа хулгай хийх гэж орсон сэдэлт зорилготой жишиж хамаатуулж, хэргийг ерөнхий нуруугаар нь шийдвэрлэх буруу, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрх зүйн онолтой зөрчилдсөн явдал юм.

Иймд У.Тт хорих ял оногдуулсан Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/186 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Б давж заалдах гомдолдоо:

 

“... Шүүгдэгч У.Тийг “ ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч ...” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдөр гэрчээр авсан мэдүүлэг \10 дахь тал\-т хэн авсан талаар сэжиглэж байгаа хүн байгаа эсэх талаар мөрдөгч асуухад гэрч Б.Ц байхгүй гэж хариулсан. Харин 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хохирогчоор Б.Ц өгсөн мэдүүлэг \8 дахь тал\-т мөрдөгч зөөврийн компьютероо авсан уу, хохирол байна уу гэхэд би өөрийн зөөврийн компьютероо хүлээн авсан, хохиролгүй болсон гэсэн бөгөөд мөрдөгч У.Т уг компьютерыг хулгай хийхдээ танай өрөөнд орох зөвшөөрөл авсан эсэх талаар тодруулаагүй байна.

Мөрдөгч Б.П нь дээрх мэдүүлгийг хохирогч Б.Ц-с авахдаа У.Тийг “ ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч ... ” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тодруулж, мөн тогтоож байж прокурор Г.Э-д эрүүгийн хэрэг үүсгэх саналаа явуулах байжээ. Үүнээс болж Б.Ц-с 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн шалгалтын дараа 11 цаг 30 минутад байсан хичээл орохгүй болж, гал тогоо цэвэрлэж байхад У.Т, Б хоёр орж ирж байгааг харсан, нойлын цаас авлаа шүү гэсэн мэдүүлгийг шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр өгсөн бөгөөд мөрдөгч уг нууцаар орон байранд нэвтэрсэн эсэхийг хохирогчоос тогтоосон бол У.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэгдэхгүй, харин мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар зүйлчлэгдэн эрх зүйн байдал нь дордохгүй байсан болно.

Мөн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, хохирогч Б.Ц нь гал тогоо цэвэрлэх ээлжтэй байсан эсэх, гал тогоог цэвэрлэж байсан эсэх, 00 цаас авахаар өрөөнд нь орох зөвшөөрөл авсан эсэхийг У.Ттэй хамт орж ирсэн Б-с тодруулан гэрчээр асуух ажиллагаа хийх байжээ.

У.Тийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт Ц эгчийн өрөөнд 00-н цаас хайж байтал ширээн дээр нь 1-5 зэрэглэлийн НР брэндийн саарал өнгийн зөөврийн компьютер байхаар нь өөрийнхөө хар цүнхэнд хийж хулгайлсан гэх мэдүүлгээр 00-н цаас авах гэж орсон болохыг тогтоож байгаа бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... өрөөнөөс гарахдаа зөөврийн компьютер авах санаа гэнэт төрсөн ...” гэдэг нь мөн хохирогч Б.Ц-с өрөөнөөс 00-н цаас авахаар зөвшөөрөл авсан гэдэг нь нотлогдож байгаа, харин шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийн гэм буруутайд тооцох хэсгийн У.Тийг сэжигтнээр өгсөн “... аав маань жолооныхоо мөнгийг өгсөн үү гэсэн, өгсөн гэсэн чинь баримтаа явуул гэж орой болгон асуугаад байсан, тухайн үед мөнгө яаж олох вэ гэж бодон явж байсан гэх мэдүүлгээр няцаагдсан болно гэсэн нь үндэслэлгүй юм.

Мөнгө яаж олох вэ гэж бодсон нь шууд хохирогч Б.Ц-н зөөврийн компьютерыг хулгайлах санаа сэдэл төрсөн гэж үзэж болохгүй, дандаа өрөөндөө орхиж явахгүй, тухайн өдөр 00-н цаас авах гээд ороход нь ширээн дээр байсан, энэ нь шууд зөөврийн компьютерыг хулгай хийх санаа сэдлээр өрөөнд нэвтэрсэн гэж үзэхгүй болно.

У.Т нь яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан, би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар ярьсан тул нэмж ярих зүйлгүй гэсэн мэдүүлэг нь хууль зүйн нарийн мэдлэггүй, прокуророос яллагдагчаар татсан зүйл ангийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг болон мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зүйлчлэлийг хүндрүүлэн орон байранд нэвтэрсэн хэрэгт яллаж байгааг ойлгоогүй, мөн мөрдөн байцаалтын ажиллагаанд нууцаар нэвтрээгүй талаар гэрч асуулгах, баримт бүрдүүлж өгөхөө мэдээгүй, хэрэг прокурорт шилжүүлэх үед өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авчээ.

Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр яллагдагч У.Т зөвшөөрөл авч, өрөөнд нь нэвтэрсэн талаар мэдүүлэг өгсөн, мөн яллагдагч У.Т сэжигтнээр өгсөн мэдүүлэг өгөхдөө 00-н цаас хайж байгаад ... харж авсан гэж мэдүүлэг өгсөн байхад уг мэдүүлгүүдэд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, харин түүний өмгөөлөгчийн өгсөн өрөөнөөс гарахдаа ... авах санаа гэнэт төрсөн гэсэнд няцалт өгсөн, мөн улсын яллагчийн У.Т гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2, 1.3-т заасныг зөрчсөн байна.

Мөн мөрдөгч болон прокурор зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдлийг тогтоож чадаагүй байхад шүүх хүндрүүлэн зүйлчилсэн яллах дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, У.Тийн эрх зүйн байдлыг дордуулсан бөгөөд уг нөхцөл байдлыг тодруулахаар мөрдөн байцаалтад буцаах байсан болно.

Шүүхээс эрүүгийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн талаар “Орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэдгийг ... сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгодог бөгөөд У.Тийг мөрдөн шалгах ажиллагааны явцад орон байранд сэм орох, нуугдах аргаар ороогүй, зөвшөөрөл авч нэвтэрсэн талаар үйл баримтыг тогтоох ажиллагаа хийгээгүй, мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Б.Ц-н өгсөн зөвшөөрөл авсан гэх мэдүүлгийг харгалзан үзэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хулгай хийх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах байжээ.

Мөн шүүхээс У.Тийг “ ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч ...” хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ ... шүүхээс арван найман нас хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно ...” гэж,

мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон ... гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно ...” гэсний дагуу У.Тийн гэмт хэрэг үйлдэж, хэргээ анхнаасаа хүлээн тогтвортой мэдүүлэг өгч байсан, учруулсан хохирлоо нөхөн төлж, хохиролгүй болгосон, анх даа гэмт хэрэг үйлдсэн, мөн их сургууль суралцаж байгаа зэргийг харгалзан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч болох байжээ.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зүйлчлэлийг хөнгөрүүлэн, мөн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч У.Т тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Б тайлбартаа: Шүүгдэгч У.Тт өрөөнд орох зөвшөөрлийг өгсөн эсэхийг шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. Зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Тт холбогдох хэргийг шүүгдэгч У.Т болон түүний өмгөөлөгч Б.Т, Ш.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх У.Тт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин агуулгыг үнэлж хэргийг шийдвэрлээгүй байна.

 

Хохирогч Б.Ц анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...гал тогооны өрөө цэвэрлэж байхад У.Т ирээд манай өрөөнөөс нойлын цаас авах зөвшөөрлийг надаас аваад явсан” гэж мэдүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнээс мэдүүлэг авахдаа тухайн үед У.Тт өрөөндөө нэвтрэх зөвшөөрөл өгсөн эсэхийг асууж тодруулаагүй, хохирогчийн дээрх мэдүүлэг нь шүүгдэгчийн өгсөн “ ... нойлын цаас авах гэж Б.Ц-н өрөөнд орсон ... ” гэсэн мэдүүлэгтэй тохирч байна.

 

            Гэтэл анхан шатны шүүх ... шүүгдэгчийг Б.Ц-н өрөөнд дураараа чөлөөтэй нэвтрэн орох эрхтэй этгээд биш бөгөөд нэвтрэхийг зөвшөөрөөгүй орон зайнд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн ... гэж үзэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн дээрх мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

           

            Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж  бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтэрч эд зүйл хулгайлахыг ойлгоно.

           

            Харин эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр тухайн орон байр, тусгайлан хамгаалах байр, агуулахад нэвтэрч орсны дараа гэмт этгээд бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан хүндрүүлэх шинжид хамаарахгүй юм.

           

Шүүгдэгч У.Т нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр        аймгийн       сумын      багт байрлах “Э” дээд сургуулийн оюутны байрны       тоот өрөөнөөс Б.Ц-н өмчлөлийн “HP i-5” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч  2.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч У.Тт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Мөн шүүгдэгч У.Тт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 34 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /34 х 8 цаг = 272 цаг/ эдлэх ялд нь оруулан тооцож, нийт эдлэх ялын хэмжээг 178 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч У.Т болон түүний өмгөөлөгч Б.Т, Ш.Б нарын гаргасан “... зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 4 , 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын  

Шүүгдэгч Б овогт У-н Тийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэснийг

Шүүгдэгч Б овогт У-н Тийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч У.Тийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Тийг 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй гэж тус тус өөрчилж,

            шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгч У.Т болон түүний өмгөөлөгч Б.Т, Ш.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Тийн цагдан хоригдсон 34 хоног буюу 272 цагийг эдлэх ялд нь оруулан тооцож, нийт эдлэх ялын хэмжээг 178 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.Тт анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч У.Тийг сулласугай.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

 

                                                                                    С.ЦЭЦЭГМАА