| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 101/2023/06398/И |
| Дугаар | 183/шш2024/02663 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 183/шш2024/02663
| 2024 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2024/02663 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигин овогт Д*******ын М*******
Нэхэмжлэгч: Д******* овогт Б*******ийн М******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Р******* овогт Ч*******ийн С******* холбогдох
Гэрээний үүрэгт 70,887,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М*******, Б.М******* нар нь гэрээний үүрэгт 70,887,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.С*******т холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Нэхэмжлэгч бид нар 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Ч.С*******тэй зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хувийн сууцыг 120,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Энэхүү гэрээгээр худалдан авагч нь гэрээ байгуулсан өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 50,000,000 төгрөгийг худалдагч талд төлөх ба үлдэгдэл 70,000,000 төгрөгийг 35 сарын хугацаанд сар бүр 2,000,000 төгрөгийг хувааж төлөхөөр тохиролцсон. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд нийт 64,000,000 төгрөгийг хариуцагч Ч.С*******т төлсөн. Худалдан авсан хувийн сууцанд байх хугацаанд өрөө байнгын чийгтэй, эвгүй үнэр гардаг байсан тул бид агааржуулалтын систем худалдан авч суурилуулсан боловч нөхцөл байдал сайжраагүй. 2023 оны 6 дугаар сард сууцанд амьдрахаар ороход таазны рейк мод салсан байсан бөгөөд энэ эвдрэлийг засуулахаар таазыг хуулахад хөөсөн дулаалга нь их хэмжээний усанд автаж, хөгцөрч, мөөгөнцөртсөн байсан. Ингээд бид энэ тухай худалдагч Ч.С*******т хэлэн өөрт нь үзүүлж, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэнтэй холбогдуулан гэрээнээс татгалзаж буйгаа мэдэгдэж улмаар бидний хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон. Гэтэл бид байрыг суллаж, түлхүүрийг хүлээлгэж өгсөн атал Ч.С******* нь байр худалдан борлогдохоор та нарын мөнгийг буцааж өгнө гэж хэлэн бидний гэрээгээр шилжүүлсэн мөнгийг буцааж өгөхгүй өдий хүрч байна. Иймд хариуцагчаас гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 64,000,000 төгрөг, мөн учирсан хохиролд хувийн сууцанд агааржуулалтын систем суурилуулсан зардал 4,975,000 төгрөг, нүүлгэлтийн зардал 1,912,500 төгрөг нийт 70,887,500 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Ч.С******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн Д.М*******, Б.М******* нар нь иргэн Ч.С******* миний бие холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн гэх 64,000,000 төгрөг, учирсан хохирол гэх 6,887,500 төгрөг нийт 70,887,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна, гэжээ.
Нэхэмжлэгчээс 2022.11.17-ны өдрийн 4112 дугаартай Зээлээр худалдах, худалдах авах гэрээ, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, бараа материалын зарлагын падаан, төлбөрийн баримт, зарлагын баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зураг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл
Хариуцагчаас хариу тайлбар, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.М*******, Б.М******* нар нь хариуцагч Ч.С*******т холбогдуулан гэрээний үүрэгт 70,887,500 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч худалдан авагчийн өмчлөлд, худалдан авагч нь 120,000,000 төгрөгийг худалдагчид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Зохигч талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний талууд нь тодорхой хөрөнгийг харилцан бие биенийхээ өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон нь зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-т Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нар доголдлын улмаас гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг шаардах эрхтэй байна.
Түүнчлэн, хариуцагчаас ...доголдолтой эд зүйлийг мэдсээр байж хүлээж авсан учир шаардах эрхээ алдсан. Тухайн барилгыг анх барьж байх үеэс эхлэн дуусах хүртэл хугацаанд нэхэмжлэгч нар хянаж байсан, сууцны түлхүүрийг хүлээн авах үед мэдэж байсан тул гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч доголдлын улмаас гэрээ цуцлах саналыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн болох нь үзлэгийн тэмдэглэлээр мөн тогтоогдож байна.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нараас биет байдлын доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө хүлээж авсны улмаас маргаан бүхий хувийн сууцанд 4,275,000 төгрөгийн агааржуулалт, тавилга, нүүлгэлт угсралтын ажлын хөлсөнд 1,912,500 төгрөг нийт 6,887,500 төгрөгийн хохирол учирсан гэж шаардсан. Маргаан бүхий хувийн сууцанд суурилуулсан агааржуулалтын системийг салгах боломжгүй эд зүйл болохыг нэхэмжлэгч нар нотлоогүй, мөн тавилга, нүүлгэлт угсралтын ажлын хөлс нь уг маргаан бүхий хувийн сууцтай холбоотой ажил, үйлчилгээ авсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна. /х.х-ийн 9-10 тал/
Иймд дээрх үндэслэлээр 64,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдоогүй 6,887,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,388 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.С*******ээс 477,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.М*******, Б.М******* нарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.С*******ээс 64,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М*******, Б.М******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,887,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,388 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.С*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 477,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М*******, Б.М******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ