Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 321

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Х овогт Ц-ын Г-т холбогдох эрүүгийн 1710000000172 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Болорчулуун, шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, онгоцны техникч мэргэжилтэй, МИАТ ХК-д газрын үйл ажиллагааны хэлтэст талбайн үйл ажиллагааны хяналтын диспетчер ажилтай, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 10 дугаар хоро ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ц-ын Г,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 10 сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” караокед иргэн Ц.Т-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар караокены удирдлагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Г нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар түүний “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

1.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г-ийн өгсөн:  

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. 2017 оны 10 сарын 06-ны өдөр би хохирогчийн зүүн нүдний хөмсөгний дээд талд караокений удирдлагаар цохисон нь үнэн. Хохирогч Ц.Т-д хохиролд 50,000 төгрөг төлсөн. Би хэрэг болохоос өмнө хохирогчоос 50,000 төгрөг зээлсэн байсан. Хэрэг гардаг өдөр мөнгийг нь өгөх гэж би дуудсан байсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйсан. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй ...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710000000172 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Ц.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би хамт ажилладаг Ц.Г гэдэг залууд 3 хоногийн өмнө буюу 2017 оны 09 сарын 31-ний өдөр 50.000 төгрөг зээлсэн. 2017 оны 10 сарын 03-ны өдөр манай ажлын цалин орсон. Тэгэхээр нь зээлсэн мөнгөө Ц.Г-өөс авах гээд утас руу нь залгаж нэхээд, данс руу шилжүүлчих гэсэн чинь Ц.Г гэрийнхээ гадна байна, ирээд аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаа тараад, орой 20:00 цагийн үед Ц.Г-ийн гэрийн гадна очиход өөрийнхөө машин дотор манай ажлын газрын залуу Стай хамт сууж байсан. Тэгээд нь би мөнгөө нэхсэн чинь “жаахан байж байгаад өгье, гэртээ түрийвчээ орхичихсон байна” гэсэн. Ингээд С, Ц.Г хоёртой Дурсамж нэртэй караокед 1 цаг аваад, 3 пиво авцгаасан. Тэгээд би мөнгөө нэхсэн чинь “хөгшин авгай минь” гэж хэлэхээр нь би ууж байсан пивоноосоо цацсан, тэр пивоны шил хагараагүй.

Тэгсэн Ц.Г караокены удирдлагаар миний нүүр хэсэг рүү цохих шиг болсон. Тэгээд хөмсөгнөөс цус гараад эмнэлэг дуудсан, Ц.Г гараад цагдаад хандчих, тэгээд намайг дуудаарай гэж хэлэхээр нь би Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн.

Одоо миний биеийн байдал зүгээр байгаа. Ц.Г намайг компьютер томографт 110.000 төгрөгөөр харуулж, унаа машинаар үйлчилсэн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,

 

2. ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12567 тоот дүгнэлтэд:

1. Ц.Т-н биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2.3.6. Дээрх гэмтлүүдийн шарх нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.

5.7. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

8. Ц.Т-гийн биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 22х/,

 

3. Шүүгдэгч Ц.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 10 сарын 03-ны өдөр гэртээ байж байтал манай ажлын С гэдэг ах намайг 18:00 цагийн орчим дуудаад, гадаа “тамхи хамт татах уу” гэхээр нь гараад очтол байрны гадна finlandia гээд 0,75 литрийн архи барьчихсан зогсож байсан. Тэгээд би С ахтай хамт байрны гадаа нөгөө архийг нь хувааж уугаад сууж байтал 19:00 цагийн орчим Ц.Т гээд манай ажлын газрын эгч, С ах бид хоёр дээр ирээд, бид гурав нөгөө архиа хамт хувааж уусан. Би Ц.Т эгчээс 5 хоногийн өмнө 50.000 төгрөг зээлсэн байсан. Над руу залгаад мөнгөө нэхэхээр нь би гэрээс ирээд авчих гэж хэлсэн юм. Тэгээд Ц.Т эгч, С ах, бид гурав нөгөө архиа хувааж ууж дуусчихаад, караоке орж нэг цаг хамт дуулчихаад харьцгаая гээд Дурсамж гээд караокед орсон. Тэнд бид нар хэсэг дуулж байгаад Ц.Т эгчийг тоглоом шоглоомоор “авгай чинь” гээд хэлчихсэн.

Тэгтэл Ц.Т эгч ууж байсан пивоо над руу цацаад, шилийг нь шидчихсэн ба шил нь намайг оноогүй. Тэгээд Ц.Т эгч над руу янз бүрийн юм шидээд байхаар нь би өөрийнхөө рефлексээр гараараа хаах гээд таттал гарт барьж байсан караокены удирдлага гараас мултраад Ц.Т эгч ойрхон сууж байсан болохоор зүүн талын нүдийг нь оночихсон юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.   

 

Шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд гаргаж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 217 дугаартай тогтоолоор хүлээн авч ханган, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан болон зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд тогтоогдсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч Ц.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.   

 

Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 10 сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” караокед Ц.Т-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг караокений удирдлагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Т-гийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн Прокуророос Ц.Г нь хохирогч Ц.Т-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Энэ хэргийн хохирогч Ц.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтээ илэрхийлсэн /хэргийн 47х/ тул шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт  тооцож төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Иймд шүүгдэгч Ц.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч Ц.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Энэ хэрэгт Ц.Г нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөр байхгүй, хохирогч Ц.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Ц-ын Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Ц.Г нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ц.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ц.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД