Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/03458

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 21

182/ШШ2024/03458

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,,,-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,813,432.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр,

Хариуцагч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Богд лизинг ХХК нь т холбогдуулан 6,813,432.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Богд лизинг ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 43029365 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч 4,499,000 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай, сар бүрийн 20-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна.

Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар түрээслэгч үндсэн зээлийн үлдэгдэл 4,079,959.08 төгрөг, үндсэн хүү 2,410,674.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 312,798.98 төгрөг, нийт лизингийн төлбөр 6,803,432.62 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нотариатын зардал 10,000 төгрөг. Тиймээс дээрх төлбөр болох нийт 6,813,432.62 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.2. Хариуцагч нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 763 хоног хэтрүүлсэн бөгөөд огт төлөлт хийгээгүй. Энэ хугацаанд манай зүгээс хариуцагчтай 26 удаа утсаар холбогдох гэж оролдсон. Авто ослын талаарх мэдээллийг манай ажилтанд мэдэгдсэн байдаг. Эхнэр нь өөртэй нь яриарай гээд 91814141 дугаарыг манайд өгсөн. Энэ дугаар руу залгахад дуудлага холбогдох боломжгүй гэдэг байсан гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Миний бие 2022 оны 5 сард төв аймгаас Улаанбаатар хот руу явж байх замдаа осолд ороод суумгай байдалтай болсон. Түүнээс хойш ажил маань зогсонги байдалд орсон. Би 200,000,000 гаруй төгрөгийн авлагатай байгаа бөгөөд шүүхийн маргаантай байгаа. Эхнэр маань нас барсан. Хамтран амьдрагч, 2 хүүхэдтэйгээ байдаг. Хүүхдүүдийн хичээл сургуулийн юм бэлдээд одоогоор өгөх бэлэн мөнгөгүй байна. Үндсэн зээлээ төлнө. Тиймээс хугацаа олгож өгөөч гэсэн хүсэлтэй байна. Би аваарт орсон байхдаа 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Аваарт орсон байгаагаа нэхэмжлэгчид хэлж байсан. Гэрээ байгуулсан үйл баримтад маргаан байхгүй. Хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлыг төлөх боломжгүй байгаа гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/,

3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/

3.3. Итгэмжлэл /хх 5/,

3.4. Зээлийн эргэн төлөлтийн хуулга /хх 6/

3.5. Санхүүгийн түрээсийн гэрээ /хх 7-9/.

 

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Чингэлтэй дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт /хх 31/

4.2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00458 дугаар шийдвэр /хх 32/

4.3. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх 33-35/.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Богд лизинг ХХК нь хариуцагч т холбогдуулан 6,813,432.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.1. Нэхэмжлэгч Богд лизинг ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 43029365 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хариуцагч тай байгуулж, 4,499,000 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл олгосон. Зээлдэгч нь гэрээнд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 4,079,959.08 төгрөг, үндсэн хүү 2,410,674.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 312,798.98 төгрөг, нийт 6,803,432.62 төгрөгийг нотариатын зардал 10,000 төгрөгийн хамт шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

1.2. Хариуцагч нь авто осолд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил эрхлээгүйн улмаас зээлээ төлж чадаагүй. Үндсэн зээлийг хугацаа тохирч төлнө. Хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлыг төлөх боломжгүй гэж маргаж байна.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Талууд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 43029365 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээ /цаашид гэрээ гэх/ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч буюу Богд лизинг ХХК нь 4,999,000 төгрөгийн үнэ бүхий Apple Iphone 13Pro Max 256GB8 Sierra Blue загварын гар утсыг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх, түрээслэгч буюу нь түрээсийн зүйлийн үнэ болох 4,999,000 төгрөгөөс урьдчилгаа 499,900 төгрөгийг төлж, үлдэх 4,499,100 төгрөгийг 30 хоногт 2.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаанд буюу 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал сар бүрийн 20-нд 328,118.41 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулах нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 7-9/

 

3. Зохигчийн хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 43029365 дугаар гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.

 

Учир нь, санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь эд хөрөнгийг түрээслэгчийн ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөх үндсэн үүрэг хүлээдэг бол зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг хэсэгчлэн буюу тодорхой хугацааны туршид төлөх үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх нь санхүүгийн түрээсийн гэрээний зорилго болдоггүй бөгөөд түрээслэгч нь гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан нөхцөлд эд хөрөнгийг худалдан авч болох тусгай зохицуулалттай.

 

4. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь Apple Iphone 13Pro Max 256GB8 Sierra Blue загварын гар утсыг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч т шилжүүлсэн, хариуцагч нь 1,000,000 төгрөг төлсөн, үлдэх 4,079,959.08 төгрөгийг төлөх талаар зохигч маргаагүй.

 

Харин хариуцагч нь осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Талуудын гэрээний 1.4-т түрээслэгч нь түрээсийн төлбөрийг түрээсийн хүүгийн хамт энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлнө, 3.2-т түрээсийн хүү нь 30 хоногийн 2.8 хувийн хүүтэй байх бөгөөд барааг хүлээн авсан өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн төлөгдөөгүй түрээсийн үлдэгдлээс бодогдоно гэж заасан байх бөгөөд гэрээний хавсралт 1-д төлбөр төлөх хугацаа 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байхаар тохиролцжээ.

 

Дээрх заалтаар талууд төлбөр төлөх үүрэг бүхий хугацаанд хүүг тооцохоор тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчээс гэрээний хугацааг хэтрүүлж 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хүү тооцон нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.

 

Гэрээний хугацаанд хариуцагч нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг төлснөөс үндсэн зээлд 419,140.92 төгрөг, хүүнд 580,859.08 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 4,079,958.08 төгрөг байна.

 

Үндсэн зээлийн үлдэгдэл 4,079,958.08 төгрөгт 30 хоногийн 2.8 хувиар 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 380 хоногт хүү тооцоход нийт 1,439,415 төгрөг байна.

 

Нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн хүү 312,798.98 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй буюу зээлээр худалдах худалдан авах гэрээгээр нэмэгдүүлсэн хүү шаардах хууль зүйн үндэслэлгүй.

 

Мөн нэхэмжлэл гаргахад бичиг баримтыг нотариатаар батлуулсан зардал 10,000 төгрөг шаардсан ч нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 4,079,958.08 төгрөг, хүү 1,439,415 төгрөг, нийт 5,519,374.08 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,294,058.54 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103,260 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч аас 5,519,374.08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Богд лизинг ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,294,058.54 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103,260 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА