Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 124

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгч Д.М, А.М нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М, А.М нарт холбогдох эрүүгийн 1730001410093 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Нэг: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн харьяат, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Д.М. 

 

Хоёр: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн харьяат, 1969 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, А.М.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Д.М нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р баг “Оргих” дэлгүүрийн гадаа А.Мтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь “ гэмтлийн гаралтай духны хэсгийн болон баруун чихний хэсгийн зөөлөн эдийн няцралт, баруун цавины хэсгийн зөөлөн эдийн цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан,

           шүүгдэгч А.М нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р баг “Оргих” дэлгүүрийн гадаа Д.Мтай маргалдан зодож “ баруун нүдний хөмсөгний хэсгийн урагдсан шарх, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн цус хуралт ” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

 - Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 10 сарын 19-ний өдөр би Улаанбаатар хотоос ирээд Оргих дэлгүүрийн үүдэнд ачаа буулгаж байхад М ах ирсэн байсан. Тэгээд мэндэлсэнгүй гээд маргалдаж намайг 2 удаа цохисон. Хажууд хүн байгаагүй. Гэмтэл нь хөнгөн гарсан. Тэр өдөр сумын цагдаа ч байгаагүй. Цагдаад хандсан. Бид хоёр харилцан зодолдсон. Миний хувьд өс хонзонгийн зүйл байхгүй. Одоо бид хоёр эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасан. Торгох ялаа тохиролцоод ирсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа... гэв. 

 

- Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 10 сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байхдаа Хаан банк орох гэж байгаад хажуу дэлгүүрт ачаа буулгаж байсан Мтай таарсан. Бид хоёр сайхан ах дүүс байсан. Хурдан адуу өгч авалцаж байсан. Тэгээд сайхан ах дүү байсан болохоор очиж мэндэлхэд дүү мэндлэхгүй байсан. Үүнээс болж ийм зүйл болсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би буруугаа ойлгож байгаа. Одоо надад гомдол санал байхгүй... гэв. 

 

- Гэрч А.Нын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2017 оны 10 сарын 19-ний өдөр 14.00 цагийн орчимд Оргих дэлгүүрийн гадаа Манхжих ах М ахтай маргалдаж нэг нэгийгээ хэл амаар доромжилж байсан. Тэгээд хоорондоо зууралдаад авахаар би хажууд нь машинд сууж байсан тул гарч очоод хорьж байхад М ах эхлээд зүүн хөлөөрөө өшиглөж байсан. Гэхдээ онож өшиглөснийг нь хараагүй. Тэрний дараа М ах уурлаад Мы нүүр рүү 2 удаа гараараа цохисон” ...гэх мэдүүлэг /хх-09/

 

- Яллагдагч Д.Мы хэрэг бүртгэлтээд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчим намайг “Оргих” дэлгүүрийн гадаа ачаа буулгаж байхад А.М ирээд надтай мэнд мэдсэн байх тэгээд надруу мэндэлж болохгүй байна уу гэхээр би чамтай яасан гэж мэндлэхийн бэ гэхэд надруу агсараад хэл амаар доромжлоод байхаар нь би ярих юм байвал эрүүлдээ ярь чамтай би тооцоотой гэж хэлээд машиндаа сууж хөдлөөд хажуу талын хашааруу орж юм буулгаж байхад хашааны хаалган дээр ирчихээд дуудаад гарж зодолдьё гээд байхаар нь би очоод зодло доо гээд очиход машиныг нь барьж байсан залуу гарч ирээд намайг хорьж байхад А.М намайг 2 удаа миний нүүр рүү цохьсон тэгэхээр нь би өшиглөх гээд хөлөө явуултал оноогүй. Тэгээд намайг дахиж хэл амаар доромжлоод хөдөө гарья чамайг зодно гээд байхаар нь би машиндаа сууж хөдлөх гэтэл Мөнхжаргал ах ирээд намайг хорьж байхад А.М ахыг нөгөө залуу, эхнэр хоёр нь аваад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-25/,

 

- Яллагдагч А.Мийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчим “Оргих” дэлгүүрийн гадаа Д.М нь ачаа буулгаж байхаар нь очиж сайн уу гэхэд дуугарахгүй болохоор нь би хүн мэнд мэдэж байхад дугарчиж чадахгүй байна уу нэж хэлэхэд Д.М нь би чамтай яасан гэж мэндлэхийн бэ гэж надтай маргалдаж байгаад машиндаа сууж хажуу талын хашаа руу орсон. Тэгээд би араас нь очоод гараад ир гэхэд чи ороод ир гэж маргалдаж хашааны гадна бид хоёр зууралдаад авахад миний машиныг барьж байсан А.Н гарч ирээд бид хоёрыг хорьж байхад би Мы нүүр рүү 2 удаа цохисон харин Д.М нь миний баруун талын цавь руу өшиглөхөд манай эхнэр С.Ө, Н нар намайг салгаад машинд суулгасан. Надад гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-28/

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 386 тоот дүгнэлтэд: 1.А.Мийн биед гэмтлийн гаралтай духны хэсгийн болон баруун чихний хэсгийн зөөлөн эдийн няцралт, баруун цавины хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл учиржээ. 2.Уг гэмтлүүд нь  мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт/хх-16/,

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 387 тоот дүгнэлтэд: 1.Д.Мы биед баруун нүдний хөмсөгний хэсгийн урагдсан шарх, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл учиржээ. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-13/,

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1 /

 

- Д.Мы Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/ 

 

- Д.Мы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-33/

 

- А.Мийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/ 

 

- А.Мийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-34/

 

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р багийн Засаг даргын 2017.11.03-ны өдрийн 98 тоот тодорхойлолт /хх-31 / 

 

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р багийн Засаг даргын 2017.11.03-ны өдрийн 57 тоот тодорхойлолт /хх-32 / 

 

- Шүүгдэгч А.М, Д.М нарын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд / хх-37-38 / 

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай Сүхбаатар аймгийн прокурорын газрын 2017.11.10-ны өдрийн 5/35 дугаартай тогтоол /хх-43/ зэргийг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

  Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.М, А.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу шүүгдэгч Д.М, А.М нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул тэдгээрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

  

           Шүүгдэгч Д.М, А.М нар 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг “Оргих” дэлгүүрийн гадна үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдан, харилцан зодолдож шүүгдэгч Д.М нь А.Мийн эрүүл мэндэд “ гэмтлийн гаралтай духны хэсгийн болон баруун чихний хэсгийн зөөлөн эдийн няцралт, баруун цавины хэсгийн зөөлөн эдийн цус хуралт ” бүхий хөнгөн хохирол,  шүүгдэгч А.М нь Д.Мы эрүүл мэндэд “ баруун нүдний хөмсөгний хэсгийн урагдсан шарх, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн цус хуралт ” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгч нарын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, гэрч А.Нын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 386, 387 дугаартай дүгнэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Д.М, А.М нарын дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйчлэл үндэстэй байна.

        

Хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч А.М нь согтуурсан үедээ Д.Мыг “ мэндэлсэнгүй “ гэх үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэн, Д.Мыг түүнээс холдож явсаны дараа араас нь очиж хэл амаар доромжлон, улмаар харилцан зодолдсон нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч нарын болон гэрч А.Нын “ 2017 оны 10 сарын 19-ний өдөр 14.00 цагийн орчимд Оргих дэлгүүрийн гадаа Манхжих ах М ахтай маргалдаж нэг нэгийгээ хэл амаар доромжилж байсан. Тэгээд хоорондоо зууралдаад авахаар би хажууд нь машинд сууж байсан тул гарч очоод хорьж байхад М ах эхлээд зүүн хөлөөрөө өшиглөж байсан. Гэхдээ онож өшиглөснийг нь хараагүй. Тэрний дараа М ах уурлаад Мы нүүр рүү 2 удаа гараараа цохисон” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно.

 

          Шүүгдэгч Д.М, А.М нар гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэдгээр нь бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын цохиж, зодсоноор эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа А.М нь хохирогч Д.Мы нүүрэнд, Д.М нь хохирогч А.Мийн цавинд өшиглөх зэргээр харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд зориуд хохирол учруулжээ.

 

Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.М, А.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Д.М, А.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

Д.М, А.М нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бие биенээсээ хохирол нэхэмжлээгүй, эвлэрсэн байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Д.М, А.М нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэдгээр хохирол төлбөр нэхэмжлээгүй, хоорондоо эвлэрсэн,гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Д.М, А.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мийг 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Д.М, А.М нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 4. Ялтан Д.М, А.М нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэдгээр хохирол төлбөр нэхэмжлээгүй, хоорондоо эвлэрсэн, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болно. 

 

 6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН