Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2016/0147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Л.О*******, Э.А******* нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Л.О*******, Э.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Л.О*******, Э.А******* нарын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0000108 тоот актыг хүчингүй болгуулах гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Л.О*******, Э.А******* нар тус компанид шалгалт хийж, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 0000108 тоот улсын байцаагчийн акт тогтоосон.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг үндэслэн 6.022.766.20 төгрөгийн шимтгэл, 3.011.383.10 төгрөгийн алданги, нийт 9.034.149.30 төгрөгийн төлбөр тогтоосныг манай компани эс зөвшөөрч, дээд шатны албан тушаалтан болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан.

Тус газраас улсын байцаагчийн акт нь үндэслэлтэй байна гэсэн хариуг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн огноотой албан бичгээр шуудангаар явуулсан гэсэн боловч манайд ирээгүй бөгөөд манай ажилтан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуг хүлээн авсан.

Манай компани барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсийг гэрээний дагуу тэдгээрт олгож байсанд акт тогтоон их хэмжээний төлбөр ногдуулж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд барилгын салбарын үндэсний компанийн хувьд улсад төлөх татвар, шимтгэлийг зохих журмын дагуу төлж ирсэн.

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Л.О*******, Э.А******* нарын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг үндэслэн манай компаниар төлүүлэхээр 6.022.766.20 төгрөгийн шимтгэл, 3.011.383.10 төгрөгийн алданги, нийт 9.034.149.30 төгрөгийн төлбөр тогтоосныг улсын байцаагчийн хийсэн шалгалт, тогтоосон актын эрх зүйн үндэслэл тодорхойгүй, маргаантай, захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл нь маргаантай тул энэхүү актыг маргаан бүхий хэмээн тооцож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч О.О*******, Б.А******* нар нь Цэлмэг ази констракшин ХХК-д 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шалгалтыг хийж 000108 дугаартай улсын байцаагчийн акт тогтоосон. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн буруутгаж, 6 022 766 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, 3 011 383 төгрөгийн алданги, нийт 9 034 149 төгрөгийн төлбөр тогтоосныг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтанд хандсан. Дээд шатны албан тушаалтнаас ...улсын байцаагч нарын тогтоосон актыг үндэслэлтэй, Цэлмэг ази констракшин ХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэлгүй гэсэн хариу өгсөн учраас тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын улсын байцаагч нарын гаргасан акт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийг баримталж ажиллаагүй тул маргаан бүхий актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Уг маргаан бүхий актын үндэслэл нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хүрээнд хамруулж тус компанийг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасны дагуу Цэлмэг ази констракшин ХХК-ийг ажил олгогч гэж үзэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Учир нь 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орсон бөгөөд нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ гэсэн 4 дүгээр зүйлд зааснаар 4.2.1-т зааснаар нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх субьект нь тус компани хамаарахгүй. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгал заавал төлөх субьектэд Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн гэсэн субьектууд хамаарах бөгөөд Иргэний хуулийн 333, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ хийсэн этгээдүүд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд нийгмийн даатгалын улсын байцаагч нар Цэлмэг ази констракшин ХХК-ийг буруутгаж, гэрээ байгуулсан этгээдүүдийн өмнөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой гэж акт тогтоосон нь хуулийг хэт хялбарчлан ойлгож, хуулийг буруу хэрэглэж, захиргааны акт гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч компани ажил гүйцэтгэх гэрээгээр байнгын ажлын байранд цалин хөлс олгох журмаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй. Хөдөлмөрийн гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалт, үр дагавар өөр.

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу болон Улсын Дээд шүүхийн Нийгмийн даатгалын тухай хуулийг тайлбарласнаар хөдөлмөрийн хөлс гэдэг нь байнгын ажлын байранд олгогдож байгаа давтамжтай, ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр олгогдож байдаг. Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын тогтоосон акт нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэг удаа гүйцэтгэж, уг ажлын хөлсөнд олгогдсон хөлс байгаа бөгөөд маргаан бүхий актыг хуульд заасан субьектэд ногдуулаагүй тул уг акт үндэслэлгүй учраас хүчингүй болгож өгнө үү. Мөн Улсын Их Хурлаас 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан өөрчлөлт 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх байтал улсын байцаагч нар 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шинэ хуулийн зохицуулалтаар акт тогтоосон нь үндэслэлгүй гэв.

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн ******* С******* ХХК-ийн байрны 301 тоотод байрлах Ц ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан"... Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын Хэлтсийн хяналт мониторингийн албаны Улсын байцаагч Л.О*******,Э.А******* нарын 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 0000108 тоот улсын байцаагчийн актыг хучингүй болгуулж өгөх"-ийг хүссэн агуулга бүхий нэхэмжлэлд хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг.Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 04 ны өдрийн 02 тоот "Хяналт шалгалт хийх удирдамж" батлагдсан. Уг удирдамжийн дагуу 2015 онд төлөвлөгөөт хяналт шалгалтанд хамрагдаж шалгагдах графикт тус компани багтсан байна. Бид тухайн хяналт шалгалтыг явуулахдаа Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын даргын 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 107 тоот "Нийгмийн даатгалын хяналт шалгалтын ажлын нэгдсэн журам"-ыг баримтлан ажилладаг.

Хоёр. Ц ХХК-ийн баримтыг шалгахад нилээн цаг хугацаа орсон бөгөөд тухайн компанийн гүйцэтгэх удирдлага солигдсон мөн нягтлан бодогч нь солигдсон, өмнөх хугацааг мэдэхгүй гэх зэрэг шалтгаанаас болсон болно. Ингээд бид нягтлан бодогч Б.Б*******г удаа дараа дуудаж уулзаж харилцан ярилцаж баримт бичгийг тулган шалгасны үндсэн дээр 2013-2014 оны хооронд тухайн компани нь нэр бүхий иргэдтэй ажил гүйцэтгэх гэрээний дагуу тохирсон ажлын хөлсний хөдөлмөрийн хөлсөнд ногдох хэсэг болох 27376210 төгрөг байна гэж үзсэн.Энэ талаар гүйцэтгэх захирал Н.Б******* уламжлан ирж уулзуулахыг нягтлан бодогч Б.Б*******д хэлж явуулсан. Ингээд нилээд хоногийн дараа өөрийгөө тус компанийн хуулийн зөвлөх гэх залуу орж ирээд бидэнд хууль тайлбарлан ярилцах гэсэн боловч тухайн иргэн ямар нэгэн бичиг баримтгүй байсан тул дараа ирэхээр явсан. Үүний дараа гүйцэтгэх захирал Н.Будбаяр нь ирж уулзсан бөгөөд Нийгмийн даатгалын хуулинд ийм заалт байхгүй тул бид актыг зөвшөөрөхгүй гэж ярилцаад явсан. 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр компанийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр нь ирээд надад улсын байцаагчийн актаа яаралтай гаргаж өгнө үү манай компаний ажлыг гүйцэтгэсэн хүмүүс мөнгөө төлөе тэд нар надаас дахиад ажил авах тул мөнгө төлөхөөр боллоо гээд улсын байцаагчийн 0000108 тоот акт бичүүлээд аваад явсан. Бидэнтэй энэ өдөр хуулийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэдэг яриа хийгээд явсан болно.

Гурав. 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр компанийн гүйцэтгэх захирал Н.Будбаярын гарын үсэгтэй 15/187 тоот Гомдол гаргах тухай" албан бичиг тус хэлтэсд ирсэн. Уг албан бичигт тухайн компани нь гэрээгээр ажил гүйцэтгэсэн иргэдэд тус компаниас олгосон ажлын хөлс, түүний мөнгөн дүн болон хийгдсэн гэрээ баримт бичгийн тухай мэдээллийг нуугаагүй, санхүүгийн тайланд зохих журмын дагуу үнэн зөв тусгаж тайлагнасан тухайгаа онцлон дурьдаад гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэж үзэж байгаа тул актыг хүчингүй олгохыг хүссэн байна. Уг гомдлын дагуу Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 8 дугаар сарын 7-нд 19/505 тоотоор хариуг нь хүргүүлсэн. Уг хариу тоотод Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 5,6 дугаар зүйлд заасны дагуу улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэл байхгүй тул дүрмийн 5.2-д"....шимтгэл төлөгч гомдлоо зохих дээд шатны нийгмийн даатгалын байгууллага болон шүүхэд гаргаж болно. Гомдол гаргах нь шимтгэл төлөхийг зогсоох үндэслэл болохгүй" гэж заасныг баримтлан ажиллахыг зөвлөсөн байна.

Дөрөв. Дээрхи хариу тоотын дагуу тухайн компани нь 2015 оны 8 дугаар сарын 11-нд 15/198 тоотоор Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт хандан актыг хүчингүй болгуулахаар хандсан байна. Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын Хяналт Шинжилгээ Үнэлгээний Газраас тухайн үед байцаагч Э.А*******луу утасдан тухайн компани гомдол гаргасан талаар мэдэгдэн компанийн бичиг баримтыг авчруулан шалгуулах талаар үүрэг өгсөн. Хяналт Шинжилгээ Үнэлгээний Газраас баримт материалтай танилцан 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 6/2149 тоотоор тус компанид хариуг хүргүүлсэн байна. Тус хариу тоотод улсын байцаагчийн 0000108 тоот акт үндэслэлтэй болохыг дурьдсан болно.

Хяналт шалгалт явуулах журмыг Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн дүрэмд заасан эрх үүргийн хүрээнд нийгмийн даатгалын улсын байцаагч хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа дагаж мөрддөг.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан болон гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дах хэсэг, 24 дүгээр зүйл, 46 дугаар зүйл болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу тус тус зохицуулдаг.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д "өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр эсхүл Иргэний хуулийн 343,359 дүгээр зүйлд зааснаар иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн" заавал даатгуулна гэж заасны дагуу ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан, иргэдтэй хөдөлмөрийн гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээг бичгээр байгуулах, ажил олгогч нь ажилтантай гэрээ байгуусан өдрөөс нийгмийн даатгалд хамруулж, сар бүр шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж баталгаажуулах үүрэгтэй.

Мөн "Нийгмийн даатгалын тухай" хуулийн 32 дугаар зүйлд.заасны дагуу нийгмийн даатгалын заавал даатгалд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага болон тэдгээрт ажиллагсад хөдөлмөрийн хөлс, орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж төлнө гэж заасан.

Иймд Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 0000108 тоот акт нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Ц ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсийг олгож байсанд акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын байцаагч Б.А*******ын акт болох 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Цэлмэг ази констракшин ХХК-ийн санхүүгийн баримтад шалгалт хийж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 17, 32 дугаар зүйлийг үндэслээд гэрээний дагуу ажил гүйцэтгүүлсэн даатгуулагчдад олгосон хөдөлмөрийн хөлс нь холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, алданги төлүүлэхээр акт тогтоосон. Иймд дээрх актаар тогтоосон төлбөрийг төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц ХХК нь тус компанид шалгалт хийж, шимтгэл, алданги, төлбөр тогтоосон Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Л.О*******, Э.А******* нарын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0000108 дугаартай улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий актаар нэхэмжлэгч компанийг 2013, 2014 онд гэрээгээр ажилласан даатгуулагчдад олгосон нийт 27376210 төгрөгийн хөдөлмөрийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй нуусан буюу бууруулсан зөрчил гаргасан гэж үзжээ. Актаар Ц ХХК-ийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнд хуулийн хугацаанд шимтгэл ногдуулж тайлан гаргаагүй, 17 дугаар зүйлийн 1.1-д заасан хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх заалтуудыг зөрчсөн гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг үндэслэн 6022766,2 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, төлбөл зохих шимтгэлийн 50 хувиар тооцож 3011383,1 төгрөгийн алданги оногдуулжээ.

Нэхэмжлэгч талаас Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар нийгмийн даатгал заавал төлөх субьектэд Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэнтэй байгуулсан тохиолдолд хамааруулсан хуулийн этгээд хамаарахгүй, нэхэмжлэгч компаний байнгын ажлын байранд ажилтан ажилуулаагүй түр гэрээгээр ажиллуулж байсан учир нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүрэггүй гэж маргажээ.

Ц ХХК нь 2013, 2014 онуудад иргэдтэй Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд улсын байцаагчдаас энэхүү ажил гүйцэтгэх гэрээ, тус компанийн 2013, 2014 оны санхүүгийн тайлан болон цалин хөлс олголтын баримтууд /хх-ийн 47-123/-ыг үндэслэн нэхэмжлэгч компанийг ажлын гүйцэтгэлд ажлын хөлс тооцон олгосон атлаа ажил гүйцэтгэсэн иргэдийн албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх ажил олгогчын үүргийг биелүүлээгүй гэж үзжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т 1. Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй  адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дараах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна, 1 дэх хэсгийн 2-т Иргэний хуулийн  343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс-д нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар хуульчилсан байна.

УИХ-аас 2008 онд баталсан Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийн үзэл баримтлалд /хх 186/ ...гэрийн үйлчлэгч, хөлсөөр мал маллагч, төрийн зарим чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэгч зэрэг иргэн ба байгууллага, иргэн хоорондын гэрээгээр ажиллагчдын томоохон бүлгүүд бий боллоо. Хэдийгээр энэ нь иргэний гэрээний үйлчлэлийн хүрээ боловч байнга үргэжлэх, тогтвортой ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа учраас хөдөлмөрийн харилцаатай ижил төстэй, агуулга нэртэй байна. Иймээс эдгээр бүлгийн хүмүүсийн нийгмийн даатгалд зохистой хэлбэрээр хамруулах нь өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна гэжээ.

Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.8-д хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого гэж цалин хөлснөөс гадна Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд тодорхойлсноор ажил олгогчоос олгож байгаа байнгын шинжтэй орлогыг хэлнэ гэж тайлбарласан байна.

Дээрх үзэл баримтлал болон тайлбараас үзвэл байнга үргэжлэх, тогтвортой ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа, байнгын шинжтэй орлого олж буй нөхцөлд иргэний эрх зүйн ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж олсон ажлын хөлсийг хөдөлмөрийн харилцаатай адилтгах орлого гэж үзэн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар байгаа ба байнгын шинжтэй орлого гэж ямар орлогыг хэлэх вэ гэдэгт шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгохоор хуульчилсан байна.

Байнгын шинжтэй орлого гэсэн ойлголтыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх байнгын ажлын байр гэсэн ойлголттой төсөөтэй байдлаар ойлгож, хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд байнгын шинжтэй орлого гэж ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гүйцэтгэсний үр дүнд тодорхой хугацаанд, байнгын давтамжтайгаар орлого олох буюу харьцангуй удаан хугацаагаар орлого олж байхыг ойлгохоор байна.

Маргаан бүхий акт гаргах үндэслэл болсон барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг Ц ХХК нь хэд хэдэн иргэдтэй, хэд хэдэн төрлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцож, гэрээнд заасан ажлыг 1 сараас 2 сар 15 хоног хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.

Түүнчлэн уг гэрээгээр байнгын хөдөлмөрийн харилцаанд хамаарах тогтмол ажлын цагт ажлаа гүйцэтгэх, өдөрт үргэжлэх ажлын цагийн тогтмол хугацааг заагаагүй, тухайн ажил тухайлбал, гэрээнд заасан хонгилын дээвэр, нүүрэн талын шал цутгах, шалны бариул зэргийг хийж гүйцэтгэсний ажлын хөлс буюу нэг удаагийн орлого олдог зэргээс үзэхэд нэхэмжлэгч компанийн иргэдтэй байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний хувьд иргэдийг байнгын шинжтэй орлого олсон гэж үзэхээргүй байна.

Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь байнгын ажлын байранд, тодорхой хөдөлмөр эрхэлж байгаа этгээдийн хувьд албан журмаар даатгуулах үүрэгтэй учир нэхэмжлэгч компанийг ажлын гүйцэтгэлд ажлын хөлс тооцон олгосон атлаа ажил гүйцэтгэсэн иргэдийн албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх ажил олгогчын үүргийг биелүүлээгүй гэж үзэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 17 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1, 32 дугаар зүйлд хамаатуулан алданги, төлбөр тогтоосон акт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0000108 дугаартай актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 16 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Л.О*******, Э.А******* нар 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0000108 дугаартай улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ