Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 820

 

 

                                         Б.Ц                                 нэхэмжлэлтэй,

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхий  2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00337 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч   Б.Ц                                 нэхэмжлэлтэй,

Хариуцагч   “Ө ф” ХХК-д                                холбогдох,

 

Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 34 351 110 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  О.Б                       

Хариуцагчийн төлөөлөгч Д.М, өмгөөлөгч Г.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц                   нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Ө ф”           ХХК, Г К    ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 001 дугаартай гэрээг байгуулсан. “Ө ф” ХХК                   нь 84 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэгч буюу гүйцэтгэгчээр, Г К    ХХК нь орон сууцны анхны захиалагч буюу хөрөнгө оруулагчаар, Б.Ц                   нь захиалагч Б тал болон оролцсон ба гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан юм. 84 айлын орон сууц нь Сүхбаатар дүургийн 9 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хороолол, Алтайн 14 гудамж 431а, 432б, 433а тоот байршилд баригдаж байсан ба Б.Ц нь тус орон сууцны 1 дүгээр орц, 3 давхарт 40,8 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан юм. Г К    ХХК нь Б.Ц         тай байгуулсан гэрээнийхээ дагуу орон сууцны 1 м.кв талбайн үнийг 790 000 төгрөгөөр, нийт 32 232 000 төгрөг байхаар тооцсон ба захиалагч Б.Ц                   нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5315658763 тоот харилцах данснаас Худалдаа хөгжлийн банк дахь Г К    ХХК-ийн 471011142 тоот харилцах дансанд 32 232 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр буюу орон сууц ашиглалтад орох үед “Ө ф”           ХХК-аас 37 тоот гэрээ цуцлах тухай албан бичиг ирүүлсэн.   Б.Ц                                 итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанчимэг “Ө ф” ХХК-ийн                захиралтай уулзан байрны төлбөрт төлсөн төлбөрийг буцаан авахаар өргөдөл өгсөн. Үүнээс хойш “Ө ф”           ХХК-аас Б.Ц         д захиалсан орон сууц болон орон сууцны үнэд төлсөн төлбөрийг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ө ф”           ХХК-аас захиалсан орон сууцаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус дүүргийн шүүх 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00624 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Шүүх хариуцагч “Ө ф” ХХК                   нь гэрээг цуцлах тухай мэдэгдэлийг Б.Ц                   болон Д.Алтанчимэг нарт хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь уг саналыг хүлээн авч, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаас хариуцагч талд шилжүүлсэн мөнгийг буцаан авах тухай хүсэл зоригоо илэрхийлснээр 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 001 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ цуцлагдсан гэж үзэж, гэрээ цуцлах саналыг нэхэмжлэгч хүлээн авсан тул орон сууц шаардах эрх үүсэхгүй, харин шилжүүлсэн төлбөрийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Г К    ХХК-аас 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Ө ф” ХХК-ийн                дансанд 50 000 000 төгрөг, нийт 291 345 000 төгрөгийг шилжүүлсэн.   Б.Ц                                 орон сууцны үнэд төлсөн 32 232 000 төгрөг нь “Ө ф” ХХК-ийн                дансанд орсон. Иймд “Ө ф”           ХХК-аас орон сууцны үнэд төлсөн 32 232 000 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол буюу хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авч өмгөөлөгчид төлсөн 1 800 000 төгрөг, орон сууц гаргуулахаар нэхэмжлэл гаргаж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 110 төгрөг, нийт 34 351 110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Ө ф” ХХК                   нь 2016 онд Монтед-84 айлын орон сууц төслийг хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, барилгын ажил гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд “Гариг констракшин” ХХК-ийн захирал Д.Мөнхтөртэй 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 09 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 1.2-т зааснаар захиалагч “Г к” ХХК                нь 40,8 м.кв- 81,4 м.кв хүртэл талбайтай нийт 10 ширхэг орон сууц /526,2 м.кв/ 1 м.кв нь 1 200 000 төгрөгөөр тооцож, нийт 631 440 000 төгрөгийн захиалга хийсэн. 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Г К    ХХК-ийн Д.Мөнхтөртэй байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай гэрээг үндэслэн 09/01 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Б.Ц                   нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хороолол, Алтай гудамж 431а, 432б, 433а тоот байршилд баригдаж буй орон сууцны барилгын 1 дүгээр орц, 3 дугаар давхарын 306 айл 40,8 м.кв талбайтай 2 өрөө байрыг захиалсан. Гэвч “Гариг констракшин” ХХК-ийн Д.Мөнхтөртэй байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай гэрээг тус гэрээний 3.2-т заасан төлбөр төлөх графикийн дагуу төлбөрөө төлөөгүй тул үндсэн гэрээг цуцалсан. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн. Дээрх гэрээ цуцлагдсан эсэх тухай маргааныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 181/ШЗ2019/00624 дугаар шүүхийн шийдвэрээр гэрээ цуцалсан болохыг тогтоосон. Б.Ц                   нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 32 232 000 төгрөгийг Г К    ХХК-д шилжүүлсэн бөгөөд Г К    ХХК-аас ”Ө ф” ХХК-ийн                болон захирал Б.Мөнхбатын харилцах дансанд   Б.Ц                                 захиалсан байрны төлбөр гэсэн утгатай ирээгүй болох нь дансны хуулгаар нотлогдоно. Мөн нэхэмжлэгч Б.Ц                   нь тухайн байрны 1 м.кв-ын үнийг 790 000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 09 дугаартай гэрээний 2.3-т байрны 1 м.кв-ын үнийг 1 200 000 төгрөг байхаар тохиролцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн хариуцагч нь “Өнгөт фасат” ХХК биш.   Б.Ц                                 эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал байхгүй.

Иймд   Б.Ц                                 нэхэмжилсэн орон сууцны үнэд төлсөн 32 232 000 төгрөг, хууль зүйн туслалцаа , өмгөөллийн үйлчилгээнд төлсөн 1 800 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 110 төгрөг, нийт 34 351 110 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар “Ө ф”           ХХК-аас 32 232 000 /гучин хоёр сая хоёр зуун гучин хоёр мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц         д олгож,   Б.Ц                                 нэхэмжлэлээс 2 119 110 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч   Б.Ц                                 улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө ф”           ХХК-аас 319 110 /гурван зуун арван есөн мянга нэг зуун арван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц         д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Чингис давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Б.Ц                   нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдийн 09, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 09/01 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрийг “Гариг констракшин” ХХК-аас   “Ө ф” ХХК-д                                олгосон тухай баримт байхгүй байхад шүүх “Ө ф”           ХХК-аас төлбөрийг шаардах дүгнэлт хийсэн нь буруу. Б.Ц                   нь Г К    ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 32 230 000 төгрөг төлсөн байхад шүүх Б.Ц                   нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 32 232 000 төгрөгийг Г К    ХХК-д төлсөн болох нь тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 624 дүгээр шийдвэрийн үндэслэх нь хэсгийн нэхэмжлэгч Б.Ц         , “Ө ф”           ХХК, Г К    ХХК нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 001 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 3.1-д зааснаар Г К    ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 32 232 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн хуулгаар нотлогдож байна гэснээр болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанчимэгийн Хаан банкны данснаас 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 32 232 000 төгрөгийн зарлага Б.Ц-аас байрны төлбөр гэсэн утгатайгаар гарсан зэргээр тогтоогдож байна. Тус хэргийн материалд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Г К    ХХК-д 32 232 000 төгрөгийг шилжүүлсэн талаар Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн хуулга авагдаагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанчимэгийн Хаан банкны даснаас тухайн өдөр   Б.Ц                                 байрны төлбөр гэсэн утгатай 32 232 000 төгрөгийн зарлага гарсан гэх боловч Г К    ХХК, “Ө ф” ХХК-ийн                аль руу шилжүүлсэн баримт байхгүй байхад шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Ц               нь хариуцагч   “Ө ф” ХХК-д                                холбогдуулан зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзснаас үүсэх үр дагаврыг арилгуулах, орон сууцны үнэд төлсөн 32 232 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Г К    ХХК, “Ө ф”           ХХК, Б.Ц                   нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Ө ф” ХХК                   нь Өнгөт фасад 84 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, Г К    ХХК нь хөрөнгийг оруулах, Б.Ц                   тус орон сууцны 1 дүгээр орц, 3 дугаар давхарын 40,8 м.кв 2 өрөө, 306 тоот орон сууцны үнийг Г К    ХХК-д төлөх үүргийг тус тус хүлээж тохиролцжээ. /хх-14-15/

Нэхэмжлэгч Б.Ц                   дээрх гэрээний дагуу орон сууцны үнэд 32 232 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Г К    ХХК-д төлсөн талаар талууд маргаагүй байна.

Харин хариуцагч “Ө ф” ХХК                   нь Г К    ХХК үүргээ зөрчсөн тул орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг цуцалсан, нэхэмжлэгч Б.Ц                   нь орон сууцны төлбөр 32 232 000 төгрөгийг Г К    ХХК-д шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00624 дугаар шийдвэрээс үзэхэд, “Ө ф”           ХХК-аас маргаан зүйл болсон Өнгөт фасад 84 айлын орон сууцны барилгаас 40,8 м.кв 2 өрөө орон сууцыг бодитойгоор гаргуулах боломжгүй болсон үйл баримтыг тогтоож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнээс татгалзсны улмаас үүсэх үр дагаврыг арилгуулахад энэ шийдвэр саад болохгүй гэж шийдвэрлэжээ. /хх-8-13/

“Ө ф” ХХК-ийн                2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б.Ц         д хүргүүлсэн албан бичгээс /хх-14/ дүгнэвэл “Ө ф” ХХК                   нь Г К    ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээнээс татгалзсан талаар мэдэгдсэн агуулгатай байна.

Гэтэл шүүх Г К    ХХК нь 9 тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу   “Ө ф” ХХК-д                                төлсөн 291 345 000 төгрөгийн үнийн дүнд, нэхэмжлэгч   Б.Ц                                 төлсөн орон сууцны үнэ орсон буюу “Ө ф”           ХХК-ийг хөрөнгө олж авсан этгээд гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, Б.Ц         гаас Г К    ХХК-д төлсөн төлбөр   “Ө ф” ХХК-д                                мөнгөн хөрөнгө шилжсэн гэсэн магадлалаар дүгнэлт гаргасан нь буруу юм.

Дээрхээс дүгнэвэл техникийн хувьд нэг бичгийн хэлбэрээр хэд хэдэн гэрээ байгуулагдсан, эсхүл гэрээнд захиалагч талд Г К    ХХК, Б.Ц         , ажил гүйцэтгэгчээр “Ө ф” ХХК                   оролцож нэг харилцаа үүссэн эсэх талаар ялгаж, гэрээний үүргийг гүйцэтгээгүйгээс үүсэх үр дагаврыг хэн нь хэний өмнө хариуцах талаар тодруулан энэ талаар талуудыг мэтгэлцүүлээгүй хэргийг шийдвэрлэжээ.

Давж заалдах шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй учир үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Ө ф” ХХК-ийн                төлсөн 319 110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                                                              ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА