Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/02

 

2022 оны 03 сарын 01-ний өдөр       Дугаар 2022/ДШМ/02                  Баруун-Урт

 

Х.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, ерөнхий шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батнасан,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг

           нарийн бичгийн дарга Б.Батзаяа нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Б-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны  02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

,

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 онд Сүхбаатар аймгийн ......суманд төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, тус аймгийн ........ сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .........овогт Х.Б/,

 

Шүүгдэгч ........... нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ............ буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, ..................Баруун-Урт сумын 10 дугаар  түр ажиллуулахаар  2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б/06 дугаартай тушаал гаргаж, түүнийг ажилдаа ирээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан хөдөлмөр эрхлээгүй байхад 2017 оны 4, 6, 8, 9 дүгээр сард нийт 1459329 төгрөгийн цалин бодуулж,  нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын болон үйлдвэрчний эвлэлийн татвар, хуримтлалын мөнгийг тус тус суутган 1155462 төгрөгийг М.Төмөрсүхийн цалингийн харилцах дансаар дамжуулан авч, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Найгалдорж  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Б-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгч Х.Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолж, шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Х.Бийн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тушаал гаргасан үйлдэл нь цаг хугацааны хувьд 2015 онд батлагдсан эрүүгийн хууль 2017.07.01-ний өдрөөс үйлчилж эхлэхээс өмнө буюу 2002 оны эрүүгийн хуульд хамаарч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх боломжтой байхад 2015 оны хуулиар хэргийг зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасанд нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь “үлэмж хэмжээний хохирол”-д хүрэхгүй болох ба 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, , 1.2,  1.5-д заасан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасантай нийцэж байгаа юм. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг хэрэглэн гэм буруутайд тооцсон нь  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчиж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Түүнчлэн Х.Б нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад насаараа ажилласан, насны залуугаас амьдралын хатуу хөтүүг сөрж ганц бие амьдрал туулж, хоёр хүүхдээ ганцаараа өсгөж хүмүүжүүлж байгаа өрх толгойлсон эмэгтэй. Удахгүй өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, тэтгэврээ тогтоолговол төрийн албан хаагчийн нийгмийн гол баталгаа болох 36 сарын тэтгэмжээ авна. Хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдвэл нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, хуулиар олгогдвол зохих тэтгэмжээ авах боломж нь хаагдаж, төрийн албанд насаараа ажилласан зүтгэл нь үнэгүйдэж, эдийн засаг, сэтгэл санааны маш их хохирол амсах болно. 2002 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэснээр хохирлын хэмжээ, хөөн хэлэлцэх хугацаа болон шүүхээс оногдуулах ял шийтгэл гээд бүхий л байдлаараа шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх нөхцөл хангагдана. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хувийн сонирхлоор аваагүй. Албандаа хэрэглэх гэж авсан. 8-9 сард цэцэрлэг орох гээд өрөөнүүдээ засварлах гэж авсан. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид энэ талаар хэлэхэд засвар хийсэн 2 хүнийг асууна гэж байсан. Тэр үед өмгөөлөгч байхгүй байсан учраас орхисон. Миний хувьд бол хувьдаа ашиглаагүй, албаныхаа төлөө ингэж явж байна. Энэ хэргийг маань уучилж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Б нь Төмөрсүхийн дансанд орсон мөнгийг буцаан гаргуулж авсан тухай гэрч Төмөрсүх, Гэрэлмаа нар мэдүүлсэн. Шүүгдэгч Х.Б нь 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч буюу нийтийн албан тушаал эрхэлж байх үедээ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгон ашиг олох зорилгоор гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Өмгөөлөгчийн гомдлын тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Энэ заалтын дагуу шүүгдэгч Х.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь үргэлжилсэн үйлдэлтэй хэрэг. Өөрөөр хэлбэл 2017 оны 04 сараас эхлээд 09 сар хүртэл үргэлжилсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна гэж заасан. Иймд 2021 оны 09 дүгээр сард гэмт хэрэг үйлдэгдэж дууссан гэж үзэж байгаа. Эрүүгийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу 2002 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж үзэж байгаа. Учир нь энэ гэмт хэрэг 2015 оны үйлчлэлд хамаарч байгаа. Мөн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хуулийг дагаж мөрдөх тухай хуулийг мөн давж заалдах гомдолдоо дурдсан байдаг. Энэ хууль бол энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй хууль юм. Шүүгдэгч Х.Бийн тухайд тухайн мөнгийг байгууллагын тохижилт үйлчилгээнд зарцуулсан гэдэг зүйлийн тайлбарладаг. Гэхдээ энэ нь ямар ч нотлох баримтаар нотлогддоггүй юм. Мөрдөн байцаалтын шатанд ч энэ талаар хэлж байсан боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Иймээс хувьдаа завшсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгчийн үйлдлийг  гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үздэг ч энэ нь үгүйсгэгддэг юм. Шүүгдэгч Х.Бийн үйлдлийг эрүүгийн хуулийн 22.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангасан байна гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх ашигт 1500000 төгрөгийн бодит хохирол учруулсан хэрэг. Үүнийгээ мөрдөн байцаалтын шатанд нөхөж төлсөн. Энэ хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх, тайлбарлахад эргэлзээ байхгүй. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлаж, 2002 оны эрүүгийн хуулиар шийдвэрлэх боломжгүй юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт хийсэн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалд нийцсэн, эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчөөгүй байна. Иймээс өмгөөлөгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* ажиллаж байхдаа М.Төмөрсүхийг тус цэцэрлэгийн жижүүрээр түр ажиллуулахаар 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б/06 дугаартай тушаал гаргаж, түүнийг ажилдаа ирээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан хөдөлмөр эрхлээгүй байхад 2017 оны 4, 6, 8, 9 дүгээр сард нийт 1459329 төгрөгийн цалин бодуулж,  нийгмийн даатгалыг шимтгэл, хувь хүний орлогын болон үйлдвэрчний эвлэлийн татвар, хуримтлалын мөнгө тус тус суутган 1155462 төгрөгийг М.Төмөрсүхийн цалингийн харилцах дансаар дамжуулан авсан болох нь тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ. Тодруулбал:

Яллагдагч Х.Б нь “Төмөрсүхийг 2017 онд тушаал гаргаж ажилд авсан. Төмөрсүх 2-3 удаа жижүүрт гарч байгаад хөдөө мал руугаа явлаа гээд алга болсон. Дараа нь Улаанбаатар хотод хүүхдээ эмчилгээнд авч явж байгаа гээд ирэхгүй байсан. Өвчтэй, зовлонтой явж байгаа юм байна, х үрээд ирэх байлгүй гэж харсаар байгаад 3-4 сарын цалин олгосон. Төмөрсүхийн эхнэрийг дагуулж яваад цалинг бэлнээр гаргуулан авч байсан. Төмөрсүхэд нэг их мөнгө өгч байгаагүй, 2 удаа гарсан гэж мөнгө өгсөн.” гэх /1-р хавтасны 34-37, 193-195/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сумъяагийн “Х.Б нь учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй” гэх /1 хх 16-17/,

Гэрч М.Төмөрсүхийн “Байгалмаа нь манай эхнэрийн эгч юм. 2017 оны хавар хүний оронд жижүүрт гараад өгчих гэхээр нь 2-3 удаа жижүүрт гарч өгсөн. Миний данснаас мөнгө гаргуулж авсан. Би нэг удаа л  мөнгө гаргаж өгсөн. Бусад орсон мөнгийг мэдэхгүй. Би энэ мөнгийг аваагүй.” гэх /1-р хавтасны 44-46/,

Гэрч Х.Гэрэлмаагийн “Х.Байгалмаа нь миний төрсөн эгч юм. Төмөрсүхийг ажилд оруулах боломж байна уу гэхэд манай эгч: “Үндсэн ажилтнаар авах боломж байхгүй. Хүний оронд ажиллуулж болох юм.” гэж хэлсэн. Манай нөхөр хөдөө мал руугаа явдаг байсан. Ганц нэг удаа цэцэрлэгт жижүүрээр гарч ажилласан. Би Төмөрсүхийн дансанд орсон цалинг аваагүй. Харин Төмөрсүх нэг удаа цалингаа очиж аваад эгчид гаргаж өгсөн шиг санаад байна.” гэх /1-р хавтасны 109-111/,

Гэрч Х.Осоржамаагийн “М.Төмөрсүх гэх хүн надтай 2-3 удаа жижүүрийн ээлж солилцож байсан. Манай цэцэрлэгт хүний оронд түр ажиллаж байсан.” гэх /1-р хавтасны 61-62/

Гэрч С.Мөнхзулын “Би 9, 10 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажилладаг. Төмөрсүх гэж хүн ажиллаж байгаагүй. Төмөрсүх гэдэг хүнд 2017 онд цалин олгож байсан. Надад цагийн тооцоо, цалингийн тодорхойлолт ирүүлсэн учраас цалин бодож олгосон. Тухайн үедээ жижүүрээр түр ажиллаж байгаа хүн гэж эрхлэгч хэлж байсан. Төмөрсүхийг ажилд томилсон тушаал байсан.” гэх /1-р хавтасны 29-31/,

Гэрч С.Ариунбаярын “Цэцэрлэгийн эрхлэгч нь М.Төмөрсүх гэх хүнийг 2017 оны 04 дүгээр сард Б/06 тоот тушаалаар түр томилж, 4 сарын хугацаанд ажиллуулаад цалин олгож, чөлөөлсөн байсан.” гэх /1-р хавтасны 115-116/,

 “Х.Байгалмааг Баруун-Урт сумын ******* томилох  тухай” Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар /1-р хавтасны 198/,

М.Төмөрсүхийн 5909070581 тоот дансны хуулга /1-р хавтасны 145-147/,

М.Төмөрсүхийн 5909070581 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтасны 148-149/,

Баруун-Урт сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай “М.Төмөрсүхийг түр ажилд авах тухай”  тушаалын хуулбар /1-р хавтасны 154/,

Баруун-Урт сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны Б/07, Б/15, Б/17 дугаартай “Ур чадварын нэмэгдэл олгох тухай”  тушаалуудын хуулбар /1-р хавтасны 155-157/,

Цалингийн тооцооны хүснэгт /1-р хавтасны 158-163/,

1459329 төгрөгийн хохирол төлсөн төлбөрийн баримт /2-р хавтасны 6/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд М.Төмөрсүх нь 2-3 удаа жижүүрт гарснаас өөрөөр тус цэцэрлэгт ажиллаагүй байхад 2017 оны 4, 6, 8, 9 дүгээр сард цалин бодож,  1155462 төгрөгийг түүний цалингийн харилцах дансаар дамжуулан авсан үйлдлийг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, шүүгдэгч Х.Б-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж, зүйлчилсэн нь зөв, анхан шатны шүүх эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Тухайлбал:

 

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д тус тус зааснаар Баруун-Урт сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалтай, шүүгдэгч Х.Б-г нийтийн албан тушаалтан гэж үзнэ. Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 3.1.4-д “давуу байдал” зэрэг хууль зүйн ойлголтуудыг хуульчлан тайлбарласны дагуу шүүгдэгч Х.Байгалмаагийн 2017 оны 04, 06, 08, 09 сарын 4 удаагийн үйлдлийг хуулиар олгосон бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгосон гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Х.Б мөрдөн байцаалтын шатанд “Гал тогооны тоног төхөөрөмж засварлах, бүлгүүдийн өрөөний гэрэл, цахилгаан монтажийг солиулах зэрэг ажлыг хийсэн хүмүүсийн хөлсөнд Төмөрсүхийн цалинг зарцуулсан. Би хувьдаа аваагүй” гэж мэдүүлснийг нотлох өөр баримт хэрэгт байхгүй, энэ мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд гэрчээр асуугдсан тус цэцэрлэгийн нягтлан бодогч болон 20 орчим ажилтан энэ талаар мэдүүлээгүй байна. /1-р хавтасны 194/

 

Гэрч Б.Зууннаст, Г.Алтантуяа, Б.Наранбаатар, З.Уранчимэг, Б.Оюунбилэг, Д.Баттулга, Д.Хонгорзул, Ш.Байгалмаа, Б.Төгсөө, Ч.Будсүрэн, М.Урантуяа, Ч.Уранбилэг, Ц.Оюунбилэг, Г.Золбоо, С.Нармандах, Г.Оюунтуяа, Ю.Наранзул нарын “Төмөрсүх гэдэг хүн манай байгууллагад ажиллаж байгаагүй. Цалин, урамшууллаа буцааж хураалгаж байгаагүй.” гэх мэдүүлгүүд, бакалаврын диплом, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет, Х.Байгалмаагийн дансны хуулга зэрэг нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. /1-р хавтасны 20-22, 26, 41, 50, 54, 58, 66, 70, 74, 78, 82, 86, 90, 94, 98, 102, 106, 199-250, 2-р хавтасны 1-2/

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг нь “Х.Байгалмаагийн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тушаал гаргасан үйлдэл нь 2002 оны эрүүгийн хуульд хамаарах тул энэ хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь “үлэмж хэмжээний хохирол”-д хүрэхгүй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5-д заасан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасантай нийцэж байгаа юм. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг шүүх зөрчсөн... Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан.

 

Шүүгдэгч Х.Б нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т зааснаар тус цэцэрлэгийн багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан учраас М.Төмөрсүхийг жижүүрээр түр хугацаагаар томилсон тушаал гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг гэмт хэрэг үйлдэж төгссөн өдөр гэж үзэхгүй. /1-р хавтасны 154/

 

Эрүүгийн эрх зүйн үндсэн зарчмын нэг “хууль ёсны зарчим”-ын үзэл санааны агуулгад “lex praevia” буюу үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлснээс бусад тохиолдолд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж болохгүй, гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг ойлгодог.

 

Энэ зарчмын дагуу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж зааснаар Х.Байгалмаагийн  М.Төмөрсүхийг ажилдаа ирээгүй, жижүүрт гараагүй байхад 2017 оны 04, 05 дугаар сарын цалинг бодуулж, түүний цалингийн харилцах данснаас гаргуулан авсан үйлдэл нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд, 2017 оны 08, 09 дүгээр сарын цалинг бодуулж, гаргуулан авсан үйлдэл нь 2015 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд тус тус хамаарч байна.

 

2015 онд батлагдсан эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тул шүүгдэгч Х.Байгалмаагийн 2017 оны 08, 09 дүгээр сарын үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж огт болохгүй бөгөөд энэ нь хууль ёсны зарчимд харшилна. Өөрөөр хэлбэл 2017 оны  07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 2015 оны буюу шинээр батлагдсан эрүүгийн хуулийг хэрэглэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх ойлголтод хамааруулдаг. Энд эргэлзээ байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглэх үндэслэлгүй юм.

 

Иймд шүүгдэгчийн 2017 оны 08, 09 дүгээр сарын үйлдэлд 2015 оны эрүүгийн хуулийг хэрэглэж, ял шийтгэл оногдуулсан нь зөв байх тул  шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

          2.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                     О.БААТАРСҮХ

 

                                                                         Д.БАЙГАЛМАА