Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2017/0398/З |
Дугаар | 221/МА2017/0724 |
Огноо | 2017-10-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2017/0724
Д.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0634 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.О-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0634 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Д.О-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/113 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Д.О-ийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.О-д 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.118.320 /гурван сая нэг зуун арван найман мянга гурван зуун хорь/ төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/486 дугаар захирамж гарсан бөгөөд энэхүү шинэчлэн батлагдсан бүтцээр Захиргаа, хуулийн хэлтсийн Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтний орон тоо хасагдаж, бүтэц, орон тоо өөрчлөгдөж батлагдсаны дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан үндэслэлээр Д.О-ийг албан тушаалаас чөлөөлсөн болно. Шүүх энэхүү хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 634 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Өргөдөл гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтний албан тушаалд Д.О томилогдон ажиллаж байсныг мөн даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 9.2, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832, дүүргийн Засаг даргын А/486 дугаар захирамжийг үндэслэн тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Д.О-ийг уг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн болон Засаг даргын зөвлөлийн хурал, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн гэсэн хоёр албан тушаалыг нийлүүлж, Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн гэсэн нэг албан тушаалыг бий болгож, хоёр орон тоог нэг болгож цөөрүүлжээ.
Анхан шатны шүүх “Д.О-ийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан” гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллах нэмэгдэл баталгаагаар хангагдана гэж үзсэн нь буруу байна.
Учир нь Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн болон Засаг даргын зөвлөлийн хурал, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний чиг үүргүүд аль аль нь Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаалд байгаа боловч Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтний гүйцэтгэж байгаагүй Засаг даргын зөвлөлийн хурал, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний чиг үүрэг нэмэгдсэн байх тул чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан гэж үзэж болохгүй.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.О-ийг тус дүүргийн Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь зөв боловч хариуцагч Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн Д.О болон Засаг даргын зөвлөлийн хурал, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн нарыг нэг талаас төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах, нөгөө талаас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцүүлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн”-тэй адилтган тэдгээрээс үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг нь шалгаруулж авах байжээ.
Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул хариуцагчийн “...Д.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Анхан шатны шүүх Д.О-ийг Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ мөн нэхэмжлэгчтэй адил урьд нь Засаг даргын зөвлөлийн хурал, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан этгээдийг шинээр бий болсон Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулж анхаараагүй байна.
Өөрөөр хэлбэл Төрийн хоёр өөр албан тушаалын чиг үүрэг нэгтгэгдсэн байхад уг албан тушаалд тухайн 2 албан тушаалтнаас сонгон шалгаруулж томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчсөн, хууль бус байхад нэхэмжлэгч Д.О-ийг шууд томилох нь тэгш байдлын зарчим алдагдахад хүрэх бөгөөд шинээр бий болсон албан тушаалд тавигдах шаардлагыг хэн илүү хангаж байгааг сонгон шалгаруулах замаар шийдвэрлэх нь зүйд нийцэх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дах хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА