Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 359

 

Ж.А, А.Э, Ж.Э нарын нэхэмжлэлтэй,

Шүүхийн Ерөнхий зөвлөлд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Б.Мөнхтуяа  

Шүүгчид:                  Л.Атарцэцэг

                                   Г.Банзрагч

                                   Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:          П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Ж.Э-ийн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар “Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журмыг хүчингүй болгуулах”, нэхэмжлэгч Ж.А, А.Э нарын “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журмын 3.2, 3.6, 3.7 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгуулах тухай”

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 221/ШШ2018/0008 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч А.Э, Ж.А, Ж.Э-ийн өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 221/ШШ2018/0008 дугаар шийдвэрээр: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8, Шүүхийн захиргааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.А, А.Э, Ш.Э нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар “Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын 3.7 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч Ж.А, А.Э, Ш.Э нар шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх үзэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн баталсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг “...Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх, улмаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй” гэж дүгнэсэн атлаа тус хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3-д заагдсан үйлчлэл, үр дагаварт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулсан л юм бол “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд нийцүүлж, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүй байгаа нь нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдсөн болохыг нотолно.

3. Захиргааны ерөнхий хууль батлагдахаас өмнө дагаж мөрдөгдсөн “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг хуульд нийцүүлж бүртгүүлээгүй л бол хүчингүй болгох нь хуульд нийцэх учиртай байсан.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заагдсан “...хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн төрийн үндсэн үүрэг байх бөгөөд шүүх Үндсэн хуулийг огт хэрэглээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасныг баримтлаагүй гэсэн үндэслэлээр гомдол гаргах эрх үүссэн болно. Үндсэн хуулиас давсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг Шүүхийн ерөнхий зөвлөл баталсан нь зөв гэж үзсэнтэй утга нэг шийдвэр болсон.

5. Хуульд нийцүүлж ажиллах, хуульд нийцсэн дүрэм, журам гаргах үүрэгтэй. Шүүхийн ерөнхий зөвлөл нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх үүрэгтэй гэх “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-аа цаашид улсын бүртгэлд бүртгүүлэхгүй гэж байгаа нь Үндсэн Хуулийг зөрчсөөр байх болно, хүний эрхийг уландаа гишгэсээр байх болно гэсэн ноцтой утга агуулгыг агуулж байгаа нь Монгол Улсын шүүхийн дээр, Үндсэн Хуулийн дээр Шүүхийн ерөнхий зөвлөл байдаг болсны тод нотолгоо.

6. Иймд Үндсэн хуулиас давсан журмыг хүчингүй болгох боломжгүй гэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг болох “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг бүхэлд нь хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар “хяналтын шатны шүүх нь магадлалыг хяналтын гомдлын хүрээнд хянах” зарчмын дагуу, нэхэмжлэгчийн “нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах” тухай гомдлыг гаргасныг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Нөлөөллийн мэдүүлэг шийдвэрлэх журмыг баталсан байх бөгөөд нэхэмжлэгч нараас “хуульд нийцээгүй, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

9. Нөлөөллийн мэдүүлэг шийдвэрлэх журам нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжийг агуулснаар захиргааны хэм хэмжээний акт мөн байх бөгөөд хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт зааснаар түүнийг баталсан байгууллага нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй, гэтэл хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

10. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заажээ.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь захиргааны хэм хэмжээний актын хувьд нэхэмжлэлийн хоёр төрлийн шаардлага гаргах боломжтой буюу нэг бол хүчингүй болгуулах, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын аль нэгийг сонгож, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохоор байна.

12. Хэрэв нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан эрх зүйн шаардлагыг хангаагүй буюу зөрчсөн гэж үзвэл түүнийг “хүчингүй болгуулах”, харин хариуцагч тухайн захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэх журмыг зөрчсөн гэж үзвэл “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой юм.

13. Түүнчлэн, захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргаан бүхий хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр буюу улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Учир нь, хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг хүчингүй болгох боломжгүй юм.

14. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлээс зөрүүтэй буюу захиргааны хэм хэмжээний актыг “бүртгэх журам зөрчигдсөн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргах атлаа хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг хүчингүй болгуулахаар шаардаж буй нь агуулгын хувьд зөрчилтэй.

15. Гэвч давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, хяналтын шатны шүүхэд хариуцагчаас гомдол гаргаагүй, зөвхөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гомдол гаргасан тул хяналтын шатны шүүх “зөвхөн гомдлын хүрээнд хянах” буюу “нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх” зарчмын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй, мөн нэхэмжлэгч нарын хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

16. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/ШШ2018/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Б.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧ                                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ