Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 278

 

Л.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар магадлалтай, Л.А-т холбогдох 1715001120039 дугаартай эрүүгийн хэргийг Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Ө овогт Л-ны А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах”, мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагч зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.А-ыг хуурамч баримт бичиг ашиглаж зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1, 2-т заасныг баримтлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Л.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг ялаас чөлөөлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Л.А-т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, Л.А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4-д заасан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, уг хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн эсэргүүцэлд “Шүүгдэгч Л.А нь хэдийгээр Орхон аймгийн Цагдаагийн газарт аж ахуйн ажилтнаар ажилладаг боловч төрийн албан хаагчийнхаа нэр төрийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэсэн шууд санаа зорилго түүнд байгаагүй, дээрх бэлтгэсэн модыг хувьдаа ашиглаагүй, Орхон аймгийн Цагдаагийн газрын удирдлагын үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн шинж чанартай нийтийн эрх ашгийн үүднээс гэмт хэрэг үйлдсэн зэрэг шалтгаан нөхцөл байдлуудыг нь харгалзан үзээд шүүгдэгчид анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4-т зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол...”, 2 дахь хэсгийн 2.4-т “Энэ гэмт хэргийг төрийн албан хаагч үйлдсэн бол...” гэж заасан байна. Харин “төрийн албан хаагчийнхаа нэр төрийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан” гэсэн зохицуулалт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд Орхон аймгийн Цагдаагийн газрын аж ахуйн албаны офицер, цагдаагийн дэслэгч Л.А нь тасгийн даргаас 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хуулийн дагуу байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж дуусгах талаар үүрэг, даалгавар өгсний дагуу албан үүргээ гүйцэтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрх бүхий албан тушаалтнаас Ойн тухай хууль болон Гарал үүслийн гэрчилгээ олгох журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн мод бэлтгэх эрхийн бичиг аван модоо бэлтгэх ёстой байтал албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр бусдаар мод бэлтгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн тул прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Цагдаагийн тасгийн даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу шүүгдэгч Л.А нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг “Хөшигтийн ар” гэх газраас мод бэлтгэхдээ холбогдох байгууллагаас зохих зөвшөөрөл авалгүйгээр хуурамч баримт бичиг үйлдэж, мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн тогтоогдсон байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны үед Л.А-ыг яллагдагчаар татахдаа мод тээвэрлэсэн гэх шинжийг орхигдуулснаас болж түүний мод бэлтгэж тээвэрлэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авалгүй орхигдуулсан зөрчил гарсан байна. Мөн хуурамч баримт бичиг ашигласан гэх гэмт хэргийг дутуу шалгажээ. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Л.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.А нь 2017 оны 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Хөшигтийн ар” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Орхон аймгийн Цагдаагийн газарт бүртгэлтэй 38-89 ОРО улсын дугаартай “Хьюндай майти” загварын тээврийн хэрэгслийг ашиглан 9113 метр куб хэмжээтэй 7 ширхэг нойтон мод, 23733 метр куб хэмжээтэй 15 ширхэг унанги модыг бэлтгэж байгаль экологид 2,044,174 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хуурамч баримт бичиг ашиглаж зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энгийн бүрэлдэхүүнтэй хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, мөн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн нь хэргийн нөхцөл байдал болон хуульд бүрэн нийцсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.А-ыг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэхдээ төрийн албан хаагчийнхаа нэр төрийг ашигласан нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг төрийн албан хаагч үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр тодорхой заасан тул уг гэмт хэргийг үйлдэхдээ төрийн албан хаагчийн нэр төрийг ашиглах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байхыг шаардахгүй юм.

Тиймээс шүүгдэгч Л.А нь Орхон аймгийн Цагдаагийн газарт аж ахуйн ажилтнаар ажиллах байхдаа хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцогдох байтал давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Булган аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

             ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР