Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/01935

 

 

 

 

 

2024 оны 5 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/01935 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х***** тоотод байрлах  ХХК /РД:0000007/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х*****тоотод байрлах  ХХК /РД:00000/-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 18,580,524 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч  ХХК-д холбогдуулан  түрээсийн гэрээний үүрэгт 18,580,524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай  ХХК нь хариуцагч п ХХК-тай 2019 оны 11 дугаар сарын 22-ны өдөр №3M19/00 дугаартай түрээсийн гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот Х**** тоотод орших 81 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө түрээсэлж эхэлсэн. Талуудын дунд байгуулагдсан №3M19/33 дугаартай түрээсийн гэрээг талууд Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нотариатаар баталгаажуулж Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно. Талуудын дунд байгуулагдсан №ЗМ19/33 дугаартай түрээсийн гэрээний 2.1 дэх хэсэгт тус гэрээ нь 1 жилийн хугацаанд хүчинтэй байна гэж, 3.1 дэх хэсэгт 1 м.кв талбайн түрээсийг 45,000 төгрөгөөр тооцож сар бүр 3,645,000 төгрөгийг түрээслэгчид төлнө гэж тус тус заасан бөгөөд талууд 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №20/66 дугаартай нэмэлт өөрчлөлт хийж гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл, 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр NIKH21/37 дугаартай нэмэлт өөрчлөлт хийж гэрээг 2022 оны 11 дугаар сарын 22-ны өдөр хүртэл тус тус сунгаж ажилласан байдаг. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн №IKH21/37 дугаартай нэмэлт өөрчлөлтийн 2 дахь заалтаар талбайн түрээсийг 50,000 төгрөг буюу нийт 4,009,500 төгрөгийг түрээслэгчид төлнө гэж гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулсан бөгөөд хариуцагч  ХХК гэрээнд заасан үүргийн дагуу дээрхи үнийн дүнгээр түрээсийн төлбөрөө төлж ирсэн. Гэвч хариуцагч ХХК нь 2022 оны 11 дүгээр сараас эхлэн түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй төлбөрийн үлдэгдэл үүсгэх, алдангид орох зэрэг зөрчлүүд гаргаж эхэлсэн бөгөөд 2022 оны 11, 12 дугаар сарууд 2023 оны 01. 02 дугаар саруудын төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулалгүй өр төлбөр үүсгэсэн байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, талуудын дунд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан №3M19/33 дугаартай түрээсийн гэрээний 3.1, 3.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлийн дагуу хариуцагч  ХХК-иас үлдэгдэл төлбөр 18,580,524 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  ХХК-д олгож өгнө үү. гэжээ.

  2.Хариуцагч  ХХК нь шүүхэд бичгээр хариу тайлбар өгөөгүй байна.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК-ийн зүгээс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж  ХХК-д холбогдуулж түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 18,580,524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  ХХК нь  ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №ЗМ19/0 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот **, 26 Их хуралдай бизнес төвийн 7 дугаар давхрын 704 тоотод орших 81 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө түрээсэлж эхэлсэн. Талуудын дунд байгуулагдсан №ЗМ19/00 дугаартай Түрээсийн гэрээг талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нотариатаар баталгаажуулж эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2.1 дахь хэсэгт тус гэрээ нь 1 жилийн хугацаанд хүчинтэй байна гэж 3.1 дахь хэсэгт 1 м.кв талбайн түрээсийг 45,000 төгрөгөөр тооцож, сар бүр 3,645,000 төгрөгийг түрээслэгчид төлнө гэж тус тус заасан бөгөөд талууд 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр М20/66 дугаартай нэмэлт өөрчлөлт хийж гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 21-ийг хүртэл, 2022 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл М21/37 гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус сунгаж ажилсан.Мөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 21/37 дугаартай нэмэлт өөрчлөлтийн 2 дахь заалтаар талбайн түрээсийн 50,000 төгрөгөөр нийтдээ 4,900,500 төгрөгийг түрээслэгч төлнө гэж тохирсон. Хариуцагч  ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй түрээсийн гэрээгээ зөрчиж ирсэн. Гэвч хариуцагч п ХХК-нь 2022 оны 11 дүгээр сараас эхлэн түрээсийн төлбөрөө гэрээнд заасны дагуу төлөөгүй. 2022 оны 12 дугаар сар, мөн 2023 оны 1,2 дугаар саруудад төлбөрийг барагдуулаагүй хохирол үүсгэсэн. Монгол Улсын иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, талуудын дунд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан №3M19/00 дугаартай "Түрээсийн гэрээ"-ний 3.1, 3.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлийн дагуу хариуцагч "" ХХК-иас үлдэгдэл төлбөр 18.580.524 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч " ХХК-д олгож өгнө үү. гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь,  ХХК-ийн дүрмийн хуулбар хувь, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗМ19/33 дугаар түрээсийн гэрээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн IKH21/37 дугаар түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20/66 дугаар түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбар,  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барилгын схем зургийн хуулбар, түрээсийн талбай хүлээлгэн өгсөн актын хуулбар,  ХХК-ийн түрээс болон алдангийн тооцооны хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч  ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 18,580,524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс 2024 оны 3 сарны 27-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон хурлын товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн 2024 оны 5 сарын 01-ний өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна. Хариуцагчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд удаа дараа хүрэлцэн ирээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ. гэж заасан үүргээ биелүүлээгүй байх тул тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  ХХК нь хариуцагч  ХХК-тай 2019 оны 11 дугаар сарын 22-ны өдөр №3M19/33 дугаартай түрээсийн гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн *** тоотод орших 81 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө түрээсэлж эхэлсэн. Хариуцагч нь түрээсийн төлбөрөө төлөхгүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, талуудын дунд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан №3M19/33 дугаартай түрээсийн гэрээний 3.1, 3.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч  ХХК-иас гэрээний үүрэгт үлдэгдэл 18,580,524 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч " ХХК-д олгож өгнө үү. гэжээ.

3.Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. 2024 оны 4 сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч ХХК-тай 2019 оны 11 сарын 22-ны өдөр ЗМ19/33 дугаар гэрээ байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч ХХК нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, **** тоотод орших 81 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч  ХХК-д 2019 оны 11 сарын 22-ны өдрөөс 2020 оны 11 сарын 22-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд, нэг сарын 3,645,000 төгрөгийн төлбөртэйгөөр түрээслэхээр талууд харилцан тохиролцжээ.

Талууд 2020 оны 11 сарын 22-ны өдөр 20/66 дугаартай Түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт гэрээг байгуулж, тус гэрээгээр талуудын хооронд байгуулсан 2019 оны 11 сарын 22-ны өдөр ЗМ19/33 дугаар гэрээний 2.1-дэх заалтыг өөрчилж, гэрээний хугацааг 2020 оны 11 сарын 22-ны өдрөөс 2021 оны 11 сарын 22-ны өдөр хүртэл буюу 1 жилээр сунгажээ.

Талууд 2021 оны 11 сарын 19-ний өдөр IKH21/37 дугаартай Түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт гэрээг байгуулж, тус гэрээгээр талуудын хооронд байгуулсан 2019 оны 11 сарын 22-ны өдөр ЗМ19/33 дугаар гэрээний 2.1-дэх заалтыг өөрчилж, гэрээний хугацааг 2021 оны 11 сарын 22-ны өдрөөс 2021 оны 11 сарын 22-ны өдөр хүртэл буюу 1 жилээр сунгаж, 1 м.кв талбайн түрээсийн үнийг 49,500 төгрөг буюу нийт талбайн сарын түрээсийг 4,009,500 төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Хариуцагч  ХХК-иас нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж зааснаар талууд гэрээ байгуулсан, гэрээний хугацаа, үнэ, хүчин төгөлдөр болох талаар маргаагүй гэж дүгнэв.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 312 дугар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заажээ.

Хариуцагч нь 2022 оны 11, 12 сар, 2023 оны 1 дүгээр сарын төлбөр төлөөгүй болох нь ХХК-ийн 2023 оны 01 сарын 27-ны өдрийн 23/02 дугаар албан бичиг,  ХХК-ийн түрээс болон алдангийн тооцоо, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч  ХХК-тай 2019 оны 11 сарын 22-ны өдөр ЗМ19/33 дугаар гэрээ болон 2021 оны 11 сарын 19-ний өдөр IKH21/37 дугаартай Түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт гэрээгээр 1 м.кв талбайн түрээсийн үнийг 49,500 төгрөг буюу нийт талбайн сарын түрээсийг 4,009,500 төгрөг байхаар тохиролцжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2022 оны 11 сарын 22-ны өдөр дууссан байх тул 2022 оны 11, 12 сар, 2023 оны 1 дүгээр сард хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан зардлыг сарын 4,009,500 төгрөг байхаар тооцов.

Хэрэгт авагдсан  ХХК-ийн түрээс болон алдангийн тооцоо гэх баримтаас үзэхэд 2022 оны 11, 12 сар, 2023 оны 1 дүгээр сарын түрээсийн үндсэн төлбөр тус бүр 4,009,500 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын түрээсийн төлбөр 1,017,858 төгрөг, нийт 13,046,358 төгрөг, 2022 оны 11, 12 сар, 2023 оны 1 сарын алданги 5,189,787 төгрөг, нийт 18,236,145 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 344,378 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаар хариуцагч  ХХК-иас 18,236,145 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгож, үлдэх 344,378 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,853 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 249,130 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА