| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/00477/И |
| Дугаар | 183/шш2024/02665 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 183/шш2024/02665
| 2024 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2024/02665 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг д*******ж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д******* Г******* овогт Д*******ын М******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С******* овогт Н******* Б******* д холбогдох
25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******, хариуцагч Н.Б*******, гэрч Ч.С*******, Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М******* нь 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Б*******өд холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Д.М******* миний бие 2022 оны 10 дугаар сараас Н.Б*******, Э.Т нарын хүсэлт гуйлтаар М ХХК-ийн шашны үйл ажиллагаа явуулах зорилготой, та тухайн хийдийн хамба буюу тэргүүнээр ажиллаж бидэнд зааж сургаач гэж гуйсан хүсэлтийн дагуу би Н.Б*******, Э.Т нарын хүсэлтийг хүлээн авч тухайн газарт очиж хийдийн үйл ажиллагааг эхлүүлэх ажилд оролцсон. "Зарлигийн хүрдэн хийд нэрээр тухайн хийдийг ажлуулсан ба тухайн хийдийн үйл ажиллагааг шарын шашны чиглэлээр явуулахад шаардлагатай шашны хэрэглэл, эд зүйлийг миний бие хандив болгож өөрийн бишрэн шүтэгч хүмүүсээс авч тухайн хийдийг хийдийн дайтай хийд болгосон. Ингээд үйл ажиллагаагаа 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эхэлсэн ба миний бие 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тухайн хийдийн тэргүүн хамбаар ажиллаж байсан. Д.М******* миний бие олон жил хотод ажилласан бөгөөд миний бие олон үйлчлүүлэгчтэй ба намайг дагаж олон хүн ирж үйлчлүүлэж байсан. Хийдийн орлогын ихэнх хэсгийг би өөрийн үйлчлүүлэгчээс оруулж байсан, үүнтэй Н.Б******* болон Э.Т нар маргахгүй юм. Н.Б******* нь өөрөө хамба болмоор байна хийдийн үйл ажиллагааг өөрөө удирдмаар байна гэх саналыг надад тавьхаар нь би больж болно, харин би ажлаа хаяж танай хийдийг хийд шиг хийд болгох хүртэл оруулсан хүч хөдөлмөрийг минь үнэлж хамтын ажиллагааraa дуусгавар болгоё гэж ярилцаж тохиролцоод надад нийт орлогынхоо 70 хувийг буюу 25,000,000 төгрөгийг Н.Б******* надад өгөхөөр тохиролцоод 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурж өөрийн гараар баталгаа бичиж өгсөн ба амаараа 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгнө өө гэж хэлсэн. Н.Б******* нь өөрийн сайн дураар 25,000,000 төгрөгийг өгөхгүй байх тул Н.Б*******өөс гаргуулж надад олгож өгнө үү, гэжээ.
Хариуцагч Н.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.Б******* би нэхэмжлэгч Д.М*******ы шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Хариуцагч Н.Б******* надад 2022 оны 10 дугаар сард М ХХК-ийн ерөнхий захирал С.Б нь өөрийн өмчлөлийн байрны 2 давхарт 2015 оноос шашины үйл ажиллагаагаа явуулж байсан төвийн үйл ажиллагааг өргөжүүлж тус 51 байрны 1-р давхарыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан хүнсний дэлгүүрийг гаргаж, нийт 160 м орчим талбайг "компанийн хөрөнгө оруулалт"-аар хийдийн зориулалтаар иж бүрэн засвар хийж, нийтэд үйлчлэх хурал ном хурах зориулалтаар тохижуулаад Бурхан багшийн аман айлдвар болох 108 боть Ганжуур судрыг үсэг тоолон уншдаг мөнхийн хуралтай хийд байгуулж өгье, цаашид үйл ажиллагааг нь хариуцаад явах уу? гэсэн санал тавьсан. Би уг саналыг хүлээж аваад нэхэмжлэгч Д.М******* ламтай хамтран ажиллах санал тавьсан нь үнэн. Гэтэл Д.М******* нь өөрийн найз лам Э.Т, шавь Мөнхж*******, кассын бичээч Ч нарыг дагуулан ирсэн.
2. Нэхэмжлэгч Д.М******* нь нэхэмжлэлдээ "Н.Б*******, Э.Т нар намайг хийдийн хамба буюу тэргүүнээр ажиллаад бидэнд зааж сургаач гэж гуйсан гэж худал бичсэн байна. Үнэндээ түүний найз гэх лам Э.Т нь эцэст байрлах хийдийн хурлын ламаар сууж байхад нь Д.М******* өөрөө гуйж хамтран ажиллах саналыг тавьсан учраас Э.Т зөвшөөрөн манай хийдэд ирж хамтарч эхэлсэн.
3. Б ТББ-ын харъяа "Зарлигийн хүрдэн хийд"-ийн нээлтийг 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нээхээр төлөвлөж хөрөнгө оруулагч ерөнхий захирал С.Бийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар тухайн 160 м орчим талбайг тохижуулан хурал номын үйл ажиллагааг нээн эхлүүлсэн.
4. Хурлын үйл ажиллагааг "З" гэх нэрээр эхлүүлсэн боловч хөрөнгө оруулагч С.Б захирал нь "Б" НҮТББ-ын нэрээр нэрлэх санал гаргасан. Уг "Б НҮТББайгууллага нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нээгдсэн ба үүнээс хойш 108 боть Ганжуур судрыг орон тооны 4 ламаар цалинжуулж үсэг тоолон уншуулж байсан.
5. Нэхэмжлэгч Д.М******* нь нэхэмжлэлдээ "...Зарлигийн хүрдэн хийдийг шарын шашны чиглэлээр явуулахад шаардлагатай шашны хэрэглэл, эд зүйлсийг миний бие хандивласан гэж...." худал бичжээ. Яг үнэндээ тус хийдийн бүх тохижуулалт болон бурхан шүтээн, лам нарын ширээ сандал, гүнгэрваа гэх мэт зүйлсийг "Б Төв" НҮТББ-ын нэр дээр бүртгэгдсэн эд зүйлс байсан. Үүнээс лам Д.М*******ы шүтэн бишэрдэг гэх хүмүүсийн өргөлөөр би болсон зүйл огт байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Лам Д.М******* нь хувиасаа ганц ч бурхан шүтээн "Бигэр Номун Хан Энхжин Төв"-ийн хийдэд авч өгөөгүй, залаагүй болно.
6. Үнэн хэрэгтээ 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр "Хийдийн хурлын үйл ажиллагаа" албан ёсоор эхэлсэнээс хойш нэхэмжлэгч Д.М*******ы зан араншин, ашиг сонирхол нь огт өөр болж хийдийн санхүү болон бусад зүйлс дээр маш их хардаж дарамталж эхэлсэн. Үүнээс үүдэн 2023 оны 5 дугаар сард хариуцагч Н.Б******* би эхлүүлсэн ажлаа Д.М*******, Э.Т нарт хариуцуулан үлдээгээд өөрийн хүсэлтээр болих саналыг хөрөнгө оруулагч, захирал С.Бид тавьсан боловч намайг хийдээс гарахыг зөвшөөрөөгүй ба харин лам Д.М*******, түүний найз Э.Т нарыг ажлаасаа гаргахыг шаардаж, надад итгэл хүлээлгэсэн.
7. Хариуцагч Н.Б******* би хийдийн хамба болох, хийдийн үйл ажиллагааг өөрөө удирдмаар байна гэх санал огт гаргаж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
8. Нэхэмжлэгч Д.М******* нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгийн цалин авч байсан.
9. Нэхэмжлэгч Д.М******* нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хурлын үйл ажиллагаа болон хийдийн орлого, зарлагад өөрөө хяналт тавин удирдаж ажиллаж байсан.
10. Нэхэмжлэгч Д.М*******д нэхэмжлэлийн дагуу 25,000,000 төгрөгийг олгох боломжгүй юм. Учир нь "Б"-ийн хийдийн орлого нь зөвхөн Д.М*******ы шүтэн бишэрдэг гэх хүмүүсийн өргөл хандиваар бий болсон зүйл байхгүй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 51 байрны ойр орчмын сүсэгтэн олон болон миний найз нөхөд, хөрөнгө оруулагч С.Бийн 12 охин компани, бизнесийн хамтрагч найз нөхдүүдийн хандив, өргөл айлтгалаар бий болсоныг хэлэх нь зүйтэй.
11. Нэхэмжлэгч Д.М******* нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр уулзахдаа 25,000,000 төгрөг өгөхийг шаардсан ба боломжгүй гэдгээ тайлбарласан боловч хүлээж аваагүй. Гэтэл хөрөнгө оруулагч С.Б захирлын шүншиглүүлэхээр авчирсан 50-60 сая төгрөгөөр үнэлэгдэх "Цагаан дарь эх" бурханыг барьцаанд авчихаад "чи өөрийн гараараа мөнгө өгнө гэсэн бичиг бичиж өг" гэж шаардсан. Мөн чамтай хутга барьж уулзана шүү" гэж сүрдүүлж дарамталсан болохоор нь би яах ч аргагүй болж тус бичгийг бичиж өгсөн. Хэрэв би мөнгө өгнө гэсэн бичиг бичиж өгөхгүй бол захирал С.Бийн өмчлөлийн "Цагаан дарь эх" бурханыг Д.М*******д алдах гээд байсан учраас аргагүй хүчинд автаж ".... Д.М*******д 2023 оны 11 дүгээр сарын 01-нд хийд-ээс 25,000,000 төгрөгийг гаргаж өгнө. (...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4-р сарын 20-ны өдөр хүртэлх хийдийн орлогын 70%-ийг олгох...) гэсэн бичгийг 2023- оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бичиж өгсөн. Тэгээд Д.М******* ламаас С.Б захирлын шүншиглүүхэээр авчирсан "Цагаан дарь эх" бурханыг буцаан авч, шүншиглээд 14 хоног хийддээ байлгаж байгаад буцаан өгсөн. Яг үнэндээ Н.Б******* миний бие Д.М*******тай адил тус хийдийн үүсгэн байгуулагч, захирал С.Бид аман гэрээгээр сарын 1,000,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байгаа жирийн лам болно. Үүнээс тус хийдийн үйл ажиллагаа явуулж байгаа 160 м2 талбайн түрээс, сар бүрийн тогтмол зардал зэргийг С.Б захирал бүрэн хариуцдаг.
12. "За"-ийн 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх өдрийн "Орлого, зарлага"-ын Нэгдсэн товчоог хариу тайлбартаа хавсаргаж байна. Тус санхүүгийн баримтаас харахад 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарын хооронд 55,339,066 төгрөгийн орлого орж, харин 55,338,478 төгрөгийн зарлага гарсан байна. Үүнээс ашиг нь 588 төгрөг байна.
Иймд хариуцагч Н.Б******* миний бие жинхэнэ хариуцагч биш, нэхэмжлэгч Д.М*******аас хувиараа ганц ч төгрөг зээлж авч байгаагүй, түүнд ямар ч өр төлбөргүй тул Д.М*******ы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндэслэлгүйгээр битүүмжилсэн банк дахь миний хувийн харилцах данснуудыг нээж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчээс тайлбар бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.12-ны өдрийн 183/ШЗ2023/23320 дугаартай шүүгчийн захирамж,
Хариуцагчаас хариу тайлбар, За ТББ-ын орлогын тайлан, Б НҮТББ-ын дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, орон сууц түрээслэх гэрээ, төрсний гэрчилгээний хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.М******* нь 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Б*******өд холбогдуулан гаргажээ.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.М******* ... 2023 оны 11 дүгээр сарын 01-нд Зарлигийн хүрдэн хийдээс 25,000,000 төгрөгийг гаргаж өгнө. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хийдийн орлогын 70 хувийг олгох гэх 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр үйлдсэн баримтыг үндэслэн, Зарлигийн хүрдэн хийд -ийг үүсгэн байгуулж, шашны үйл ажиллагааг хариуцагч Н.Б*******тэй хамтран явуулсан тул хамтран ажиллах гэрээний ашиг 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарладаг.
Хариуцагч Н.Б******* ...Нэхэмжлэгч Д.М******* нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр уулзахдаа 25,000,000 төгрөг өгөхийг шаардсан. Боломжгүй гэдгээ тайлбарласан боловч хүлээж аваагүй. Гэтэл хөрөнгө оруулагч С.Б захирлын шүншиглүүлэхээр авчирсан 50-60 сая төгрөгөөр үнэлэгдэх бурханыг барьцаанд авчихаад "чи өөрийн гараараа мөнгө өгнө гэсэн бичиг бичиж өг" гэж шаардсан. Мөн чамтай хутга барьж уулзана шүү" гэж сүрдүүлж дарамталсан болохоор нь би яах ч аргагүй болж тус 2023.09.17-ний өдөр бичгийг бичиж өгсөн. Хэрэв би мөнгө өгнө гэсэн бичиг бичиж өгөхгүй бол захирал С.Бийн өмчлөлийн "Цагаан дарь эх" бурханыг Д.М*******д алдах гээд байсан учраас аргагүй хүчинд автаж ".... Д.М*******д 2023 оны 11 дүгээр сарын 01-нд "З-ээс 25,000,000 төгрөгийг гаргаж өгнө гэх агуулгатай бичиг хийж өгсөн. "З"-ийн 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх өдрийн "Орлого, зарлага"-ын Нэгдсэн товчоог хариу тайлбартаа хавсаргаж байна. Тус санхүүгийн баримтаас харахад 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарын хооронд 55,339,066 төгрөгийн орлого орж, харин 55,338,478 төгрөгийн зарлага гарсан. Үүнээс ашиг нь 588 төгрөг буюу ашиг гэх зүйл огт байхгүй, мөн би иргэнийхээ хувьд хариуцагчаас мөнгө аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заажээ.
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т Аливаа шашныг шүтэх буюу эс шүтэх нь тухайн хүний итгэл үнэмшлийн хэрэг байна, 2.-т Иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж заажээ. Иргэн нь итгэл үнэмшилтэй байх эрхтэй ч уг итгэл үнэмшлийг орлого олох зорилгоор иргэдийн шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн агуулга бүхий хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл болжээ.Өөрөөр хэлбэл сүм хийдийн лам нар нь ашиг олох зорилгоор бурханы шашны үйл ажиллагааг явуулж байгаа нь хүний шашин шүтэх, итгэл үнэмшлийг албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэсэн хуулийг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн хавтас хэргийн 3 дугаар талд авагдсан хэлцлийг хариуцагчийг үйлдэхэд нэхэмжлэгчээс ...Цагаан дарь эх бурханыг барьцаанд авах байдлаар сүрдүүлж, дарамталсан учраас уг бичгийг хийж өгсөн гэх хариуцагчийн тайлбар нь гэрч Э.Тийн мэдүүлгээр мөн тогтоогдож байна.
Иймээс зохигчдын хооронд байгуулсан гэх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсэн хэлцэл-д хамаарч байх бөгөөд дээрх хэлцэл нь анхнаасаа хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б*******өд холбогдох 25,000,000 төгрөг гаргуулах тухай Д.М*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ