Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2024/00355

 

 

 

 

 

 

 

 

 

2024 о 01с 15ө

Дугаар 101/ШШ2024/00355

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, *******ийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод байрлах, ******* төв ХХК /рд:2069318/-д холбогдох,

108,120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов. 

Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******ын эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* бид хоёр 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ******* төв ХХК-тай 72,080,000 төгрөгийн орон сууц худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 2022 оны 3 дугаар улиралд ашиглалтад орох байтал өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. Барилгын эрхээ ******* ******* компанид шилжүүлсэн. Манай гэр бүл орон сууцгүй, мөнгөгүй болоод хохироод хоцорсон. Удаа дараа Гео канонтой уулзах гэхээр утсаа авахгүй, очоод уулзах гэхээр оффис байдаггүй. Гео канон төв ХХК-аас орон сууцанд өгсөн 72,080,000 төгрөг, гэрээний алданги 0.1 хувиар тооцоолон, үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй 36,040,000 төгрөг, нийт 108,120,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Олон удаа уулзах гэж очоод уулзаж чадаагүй. Нэг удаа уулзахад ******* ******* ХХК-д худалдаж байгаа. Байр захиалсан хүмүүсийнхээ мөнгийг буцаан өгч байгаа, 6 дугаар сарын 1-ний дотор өгнө гэж тохиролцож, бичиг хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй... гэв.

 

   Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 4-10-р тал.

Хариуцагч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 14-16-р тал.

  Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч ******* төв ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 72,080,000 төгрөг, алдангид 36,040,000 төгрөг, нийт 108,120,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******од шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гардуулж өгсөн.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2024 оны 01 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч тал ******* төв ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар батлуулж хэрэгт өгөөгүй.

******* төв ХХК-ийн захирлаар Б. бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.opendata.burtgel.gov.mn сайтад бүртгэгдсэн нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдож байх тул Б.ыг ******* төв ХХК-ийн захирал мөн гэж үзэхээр байна.

Зохигчдын хооронд 2021 оны 07 сарын 26-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч ******* төв ХХК Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа  тоот, 42.4 м.кв, 2 өрөө бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч Ц.******* 72,080,000 төгрөгийг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Захиалагч Ц.******* гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт 2021 оны 07 сарын 26-нд 16,080,000 төгрөг, 2022 оны 07 сарын 26-нд 56,000,000 төгрөг, нийт 72,080,000 төгрөгийг ******* төв ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ц.*******ы Хас банкны тоот дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-7, 9/

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгахаас өмнө захиалагч хэдий ч гэрээг цуцлах эрхтэй гэж заажээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж заажээ.

Гэрээний 3.2-т зааснаар ажил гүйцэтгэгч ******* төв ХХК 2022 оны 3 дугаар улиралд багтаан орон сууцыг барьж хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан байх ба 2023 оны 5 сарын байдлаар Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт барилга баригдахгүй, газраа бусдад шилжүүлсэн гэх үндэслэлээр Ц.******* гэрээнээсээ татгалзах санал гаргасныг ******* төв ХХК хүлээн зөвшөөрч, 2023 оны 06 сарын 01-ний өдрийн дотор 72,080,000 төгрөгийг Ц.*******ы Хаан банкны тоот дансанд төлөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Гео канон төв ХХК-ийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 23/1-63 дугаартай баримт зэргээр тогтоогдож байна. /хх-10/

******* ХХК-иас 72,080,000 төгрөгийг Ц.*******д төлсөн баримтгүй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөр болох 72,080,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Гэрээний 5.4-т ажил гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол 61 дэх хоногоос 0.1 хувиар алданги төлөхөөр тохирсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Талууд гэрээг цуцалснаас хойш, ажил гүйцэтгэгч тохирсон хугацаандаа 72,080,000 төгрөгийг төлөөгүй нь тогтоогдсон тул хариуцагчаас 2023.06.02-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023.09.18-ны өдрийг хүртэлх 108 хоногийн алдангид 7,784,640 /72,080,000*0.1%*108хоног=7,784,640 / төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Иймд хариуцагч ******* төв ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөрт 72,080,000 төгрөг, алдангид 7,784,640 төгрөг, нийт 79,864,640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлээс алданги 28,255,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 698,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийг хангасан 79,864,640 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 557,273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* төв ХХК-аас 79,864,640 /далан есөн сая найман зуун жаран дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлээс 28,255,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 698,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 557,273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ