Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/659

 

 

 

 

 

 

  2022             06            28                                      2022/ДШМ/659

                                                       

 

    Д.*, Т.Б-, Н.Б-,

Б.Ц- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат, Б.Ганбулган, М.Очбадрах,

хохирогч “******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболдын өмгөөлөгч Э.Билгүүн, Л.Данзанноров,

иргэний нэхэмжлэгч Б.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван, иргэний нэхэмжлэгч Б.Л-гийн өмгөөлөгч Б.Даваажанцан,

шүүгдэгч Д.*, Т.Б- нарын өмгөөлөгч Ж.Оюунболд, Г.Баяржаргал, Э.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Г.Наранбаатар, М.Энхжаргал,

шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Ө.Батбаяр,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЗ/479 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энхбат, Б.Ганбулган, М.Очбадрах нарын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаартай эсэргүүцлээр Д.*, Т.Б-, Н.Б-, Б.Ц- нарт холбогдох эрүүгийн 1802003100013 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. *,

 

2. Б-,

 

3. Ц-,

 

4. Б-,

 

Шүүгдэгч Д.*, Н.Б- нар нь бүлэглэн “******” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн ******, орчуулагч Б.Сэцэн нарыг .........., ........ нартай Монгол Улсын Төрийн ордонд тэдгээрийн албан өрөөнд биечлэн уулзуулан “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах зэргээр итгэл үнэмшил төрүүлж, уг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх болсонд Монгол Улсын Засгийн газраас талархал илэрхийлж “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-д газар эзэмшүүлэх, Таван толгойн ордод хувь эзэмшүүлэх, зэс, нүүрс, төмрийн орд газрыг бэлэглэж байна” гэх агуулга бүхий Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Монгол Улсын Шадар сайд болон яамдуудын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцэн шийдвэрлэвэл зохих “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг “******” ХХК-д олгож байгаа мэтээр хуурамч гэрээ байгуулан БНХАУ-ын иргэн ******ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2009-2010 оны хооронд бэлнээр 190.000 ам.доллар /273.019.300 төгрөг/, 12.100.000 юань /2.464.805.600 төгрөг/, 800.000 Хонгконг доллар /146.816.000 төгрөг/ буюу нийт 2.884.640.900 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.*, Б.Ц- нар нь бүлэглэн “Монгол Улсын Гашуун сухайт хилийн боомтоос БНХАУ-ын Ганц мод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ” гэж хуурч, бодит байдал дээр биелэх боломжгүй зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж “******” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн ******аас 2011 оны 03 дугаар сараас 2011 оны 07 дугаар сарын хооронд 75.000.000 төгрөг, 9.000.000 ам.доллар буюу нийт 13.916.193.284 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.*, Т.Б- нар нь бүлэглэн өөрсдийн улс төр, спорт, урлагийн нэр хүндийг ашиглан Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Арцатын ам”, “Чулуутын ам”, “Ташгайн ам” гэх газруудад газар эзэмших, тус эзэмшсэн газарт барилга, орон сууц барьж бусдад худалдан ашиг олох зорилгоор өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан Д.*ын төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын үүсгэн байгуулсан “******” ХХК-иар “Марриот” бизнес бутик зочид буудал барих, Т.Б-гийн төрсөн эх Ж.Жавзандуламын төрсөн дүү Ж.Ж-гийн үүсгэн байгуулсан “******” ХХК-иар амралт, аялал жуулчлалын цогцолбор барих, Т.Б-гийн өөрийн үүсгэн байгуулсан “******” ХХК-иар ахмадын амралт сувилал барих, Д.*ын төрсөн дүү Д.Аззаяагийн үүсгэн байгуулсан “******” ХХК-иар ахмадын сувилал барих, Т.Б-гийн төрсөн эх Ж.Жавзандуламын үүсгэн байгуулсан “******” ХХК-иар жирэмсэн эхчүүдийн сувилал барих, Т.Б-гийн төрсөн эх Ж.Жавзандуламын төрсөн дүү Ж.Ж-гийн үүсгэн байгуулсан “******" ХХК-иар усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр бодит байдлыг нуух замаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамнаас 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А-123 тушаалын дагуу “******” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших "Арцатын ам”-д 2.200.000.000 төгрөгийн үнэ бүхий 5.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/16 дугаартай гэрчилгээг 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр,

2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 тушаалын дагуу “******” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Ташгайн ам”-д 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/64 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,

2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-339 тушаалын дагуу “******” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Чулуутын ам”-д 4.400.000.000 төгрөгийн үнэ бүхий 10.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/63 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,

2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 тушаалын дагуу “******” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Арцатын ам”-д 5.280.000.000 төгрөгийн үнэ бүхий 12.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/72 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр,

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “******" ХХК- д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Арцатын ам”-д 3.828.000.000 төгрөгийн үнэ бүхий 8.7 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/85 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр,

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “******” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Чулуутын ам”-д 3.520.000.000 төгрөгийн үнэ бүхий 8.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/86 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гаргуулан нийт 65.5 га газрын эзэмших эрхийг залилан авч, төрд нийт 28.820.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

дээрх залилах гэмт хэргийн улмаас олж авсан 28.820.000.000 төгрөгийн үнэ бүхий 65.5 га газраас Т.Б-гийн төрсөн эх Ж.Жавзандуламын үүсгэн байгуулсан “******” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрын эрхийг “******” ХХК-ийн хамт “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Л-д 3.273.000.000 төгрөгийн эд хөрөнгө, авлагаар худалдахаар тохирч, 2015 онд “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Л-гийн дүү Д.Эрдэнэбилэгийн нэр дээр 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “******” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай бүсэд орших “Ташгайн ам”-д 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрыг эрхийг шилжүүлэн өгсний хариуд н.Бадралаас авах авлага 1.027.000.000 төгрөг,

аяллын автобус 41-82 УБМ улсын дугаартай 410,800,000 төгрөгийн,

“Toyota land cruiser 80” загварын 70-76 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 36.972.000 төгрөгийн,

“Lexus 470” загварын 40-41 УНК улсыг дугаартай тээврийн хэрэгсэл 57.512.000 төгрөг,

“Hummer” загварын 77-00 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 308.100.000 төгрөг,

“Lexus GS-350” загварын 29-63 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 31.620.000 төгрөг,

“Toyota land cruiser 100” загварын 78-78 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 71.890.000 төгрөг,

“BMW” загварын улсын дугаар аваагүй тээврийн хэрэгсэл 98.592.000 төгрөг,

“Bentley” загварын 06-66 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 308.100.000 төгрөг,

“Lexus 570” загварын 39-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 184.860.000 төгрөг,

“Toyota land cruiser 200” загварын 67-89 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 195.130.000 төгрөг,

“Benz” загварын 34-38 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 205.400.000 төгрөг, нийт 2.935.976.000 төгрөгийн эд хөрөнгө, авлага зэргийг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилсөн,

Т.Б-гийн төрсөн эх Ж.Жавзандуламын төрсөн дүү Ж.Ж-гийн үүсгэн байгуулсан “******” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон 5.280.000.000 төгрөгийн үнэ бүхий 12,0 га газар дээр 2015 оноос 2018 оны хооронд Д.*, Ч.Батзориг нарын хамтран эзэмшдэг “Хөрш Заанууд” ХХК болон “******” ХХК-иудын нэрээр 47 ширхэг 2 давхар амины орон сууц, 10 ширхэг таун хаус байшин буюу 46 айлын таун хаус, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай байшин, нийт 93 ширхэг хаус, 2 үйлчилгээний зориулалттай объектыг барилга угсралт, засал чимэглэл, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсээр гүйцэтгүүлж, төлбөрт нь 62 хаусын карказыг өгч, үлдэгдэл 31 хаус, таун хаусыг Т.Б-, Д.* нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр дээр авч үлдсэн,

тус 31 хаусаас 350 м.кв талбайтай 3 ширхэг хаусыг 1.900.000.000 төгрөгөөр, 264 м.кв талбайтай 2 ширхэг хаусыг 1.000.000.000 төгрөгөөр, 140 м.кв талбайтай 4 ширхэг хаусыг 1.223.000.000 төгрөгөөр, нийт 9 ширхэг хаусыг 4.123.000.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан, нэг бүр нь 1.117.116.000 төгрөгийн өртөг бүхий 450 м.кв талбайтай 3 ширхэг хаус, нэг бүр нь 655.374.720 төгрөгийн өртөг бүхий 264 м.кв          талбайтай 2 ширхэг хаус, нэг бүр нь 347.547.200 төгрөгийн өртөг бүхий 140 м.кв талбайтай 17 ширхэг хаус, нийт 10.570.399.840 төгрөгийн өртөг бүхий 22 ширхэг хаусыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр авч, нийт 14.693.399.840 төгрөгийн үнэ бүхий таун хаус, хаусыг бодитоор бий болгож, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Д.*ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Н.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус шүүх шүүгдэгч Д.*, Т.Б-, Н.Б-, Б.Ц- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж дараах үндэслэлүүд зааж хэргийг прокурорт буцаажээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж,

мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг тогтооно” гээд 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж тус тус заасан.

Гэтэл дээрх хуулийн заалтуудыг биелүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдлоо.

Тодруулбал, Шүүгдэгч Д.*, Н.Б-, Б.Ц- нар нь бүлэглэн “******” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн ******ийг залилан нийт 16.800.834.184 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтын тухайд:

Нэг. Яллах дүгнэлтэд “...“Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах зэргээр итгэл үнэмшил төрүүлж, уг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх болсонд Монгол Улсын Засгийн газраас талархал илэрхийлж “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-д газар эзэмшүүлэх, Таван толгойн ордод хувь эзэмшүүлэх, зэс, нүүрс, төмрийн орд газрыг бэлэглэж байна” гэх агуулга бүхий Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Монгол Улсын Шадар сайд болон яамдуудын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцэн шийдвэрлэвэл зохих “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг “******” ХХК-д олгож байгаа мэтээр хуурамч гэрээ байгуулан БНХАУ-ын иргэн ****** хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2009-2010 оны хооронд бэлнээр 190.000 ам.доллар /273.019.300 төгрөг/, 12.100.000 юань /2.464.805.600 төгрөг/, 800.000 Хон конг доллар /146.816.000 төгрөг/ буюу нийт 2.884.640.900 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,

“******" ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн ****** “Монгол Улсын Гашуун сухайт хилийн боомтоос БНХАУ-ын Ганц мод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ” гэж хуурч, бодит байдал дээр биелэх боломжгүй зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2011 оны 03 дугаар сараас 2011 оны 07 дугаар сарын хооронд 75.000.000 төгрөг, 9.000.000 ам.доллар буюу нийт 13.916.193.284 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан” гэж бичсэн буюу ”******" ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн ******-д нийт 16.800.834.184 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хэрэгт “******” ХХК-ийг хохирсон гэж үзэн хохирогчоор тогтоож, хууль ёсны төлөөлөгчөөр П.Энхболдыг томилсон байна /23хх 21-23/. Улмаар шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд нь “...“******” ХХК-ийг төлөөлж оролцоно, ...****** нь “******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч юм...” гэж мэдүүлдэг. Гэтэл БНХАУ-ын иргэн “******” ХХК-ийн захирал гэх ******ийн П.Энхболдод олгосон итгэмжлэлээс харахад /16хх-ийн 85-86/ “Евроази интернейшнл инвестмент холдингс лимитэд” компанийн хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна. Мөн хэрэгт мөрдөгчийн “Евроази интернейшнл инвестмент холдингс” группыг хэзээ үүсгэн байгуулсан, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ гэсэн асуултад ******ийн гэрчээр өгсөн “...Хонконг улсад 2008-2009 онд байна уу, миний бие найз БНХАУ-ын иргэний хамтаар нефт, ашигт малтмалын бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр үүсгэн байгуулж байсан...” гэсэн мэдүүлэг /23хх 44/ авагдсан байдаг ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд нь “...тус групп  2006 онд Хонконг-д үүсгэн байгуулагдсан Бүгд Найрамдах Хятад ард улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага...” гэж мэдүүлдэг бол “******” ХХК-ийн гэрчилгээ /23хх 15-16/-нээс харахад “******” ХХК нь 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үүсгэн байгуулагдаж гэрчилгээ олгогджээ.

Өөрөөр хэлбэл, дээрх компани нь хэзээ үүсгэн байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулдаг, бодитоор байдаг эсэх, нэршил зөрүүтэй нэг компани уу, эсхүл өөр өөр компани уу гэдэг нь тодорхойгүй байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд нь хохирогчоор тогтоогдсон “******” ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэх, мөн ******тай 1 удаа цахим сүлжээгээр харилцаж хэргийн талаарх мэдээлэл авсан нь “******” ХХК-ийн захирал ****** бүрэн дүүрэн төлөөлж чадах эсэхэд эргэлзээ төрөхөөр нөхцөл байдал үүслээ.

Нөгөөтээгүүр, хэрэгт ******ийн гэрчээр өгсөн “...дээрх бүх мөнгө миний хувийн мөнгө, хэн нэгэн хүнээс зээлж авсан мөнгө биш юм. Дээрх бүх мөнгө Хонконг дахь банкнаас Монгол дахь үүсгэн байгуулсан компанийн дансанд шилжүүлэн авч байсан...” гэсэн мэдүүлэг /23хх 47/ авагдсан, шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд “...Өнөөдрийн байдлаар хохирогч нь өөрөө Бүгд Найрамдах Хятад ард улсдаа маш хүнд байдалд байгаа. Шүүгдэгч нарт мөнгө өгч байх хугацаандаа талыг нь өөрөөсөө талыг нь бусдаас буюу хөрөнгө оруулалт, зээл байдлаар авч өгч байсан. Үүнтэй холбоотой Бүгд Найрамдах Хятад ард улсдаа хариуцагчаар татагдаад хүнд байдалд байгаа...” гэж мэдүүлдэг. Цаашлаад шүүгдэгч Б.Ц-ийн үйлдэлтэй холбоотойгоор Ганц мод, Гашуун сухайт боомтын хооронд нүүрс тээвэрлэх туузан дамжуургын төсөлд хамтран ажиллах талаар ****** болон Б.Ц- нар гэрээ хийгдсэн гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлдэг ба 18 дугаар хавтас хэргийн 180 дахь талд авагдсан гэрээг харвал хамтын ажиллагааны гэрээ гэх гарчигтай хэдий ч агуулгын хувьд хувьцаа худалдсан байж болохуйц буюу гэрээний агуулгын талаар талууд маргалддаг. Мөн тус гэрээг байгуулсан нэг тал нь “Сайхан Ордос Тур” ХХК, нөгөө талаас “Дунфа Ми Еэ” ХХК гэх компани байх бөгөөд гэрээг баталгаажуулсан “Дунфа Ми Еэ” ХХК-ийн захирлын гарын үсэг дээр “Orental coal mining investment group limited” ХХК гэх утга бүхий тамга дарагджээ. Мөн “******” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн ******аас 2011 оны 03 дугаар сараас 2011 оны 07 дугаар сарын хооронд 75.000.000 төгрөг, 9.000.000 ам.доллар буюу нийт 13.916.193.284 төгрөгийг залилан авсан гэх баримт дунд 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Оуяатоукы” ХХК-с хөрөнгө оруулалт гэх утгаар 5 сая доллар шилжүүлсэн /18хх 28/  баримт авагджээ. Улмаар уг баримтуудтай холбоотойгоор шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд “...“Orental coal mining investment group limited” ХХК-ийн талаар мэдэхгүй байна. Харин “Оуяатоукы” ХХК нь “******” ХХК-ийн охин компани, “Дунфа Ми Еэ” ХХК нь мөн хамааралтай” гэж тайлбарладаг. Гэтэл хавтас хэрэгт дээрх компаниуд хоорондоо ямар харилцан хамааралтай, “******” ХХК-тай холбоотой эсэх, толгой компани нь аль болох, хувьцаа эзэмшигч нь хэн болох, ****** уг компаниудтай ямар хамааралтай, эдгээр компаниуд хохирсон эсэх талаар ямар ч баримт мэдээлэл авагдаагүй байна.

Дээрх бүгдийг нэгтгэн үзвэл хамтран ажиллах гэрээний агуулгыг тодорхойлохын тулд ******аас дахин мэдүүлэг авах шаардлагатай, уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон “******” ХХК хохирсон гэх баримт байхгүй буюу санхүүгийн анхан шатны маягт, баримтууд хэрэгт авагдаагүй, зөвхөн хувь хүн буюу ******аас Н.Б-, Б.Ц- нарт бэлнээр мөнгө өгч авалцдаг байсан талаарх баримтууд авагдсан, шүүгдэгч нарт шилжүүлсэн мөнгөний эх үүсвэр тодорхойгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлснээр ****** нь уг мөнгөний тодорхой хэсгийг өөр байгууллага, хувь хүнээс хөрөнгө оруулалт, зээл хэлбэрээр авч өгдөг байсан гэж мэдүүлсэн зэргээс прокурор, мөрдөгч нар хохирогчийг буруу тогтоосон гэж үзэхээр байна. Харин дээрх үйлдэлтэй холбоотой хохирлын тухайд, яллах дүгнэлтэд уг гэмт хэргийн улмаас “******” ХХК-ийн захирал ******д 16.800.834.184 төгрөгийн хохирол учирсан гэж бичигдсэн байдаг бол мөрдөн шалгах ажиллагааны явцад ****** нь “...УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр, Н.Б- нарын хүмүүст 2008-2015 оны хооронд нийт 32.713.190.850 төгрөгийг өгсөн байна. Өөрөөр хэлбэл 12.431.810 доллар болж байгаа юм” гэжээ /23хх 44/. Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд “...Б- нь хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж мэдүүлэгтээ дурддаг боловч хохирогч нь Б-гаас ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. 12 сая доллар гэдэг бол бага хэмжээний мөнгө биш. 2,8 тэрбум төгрөгийг Д.*, Б.Ц- нараас нэхэмжилж байна” гэж тус тус мэдүүлдэг. Улмаар 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэмт хэргийн талаар “******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтөрийн гаргасан гомдол, мэдээлэлд “...32.713.190.850 төгрөгийг өгсөн байна. Өөрөөр хэлбэл 12.431.810 долларын хохирлыг барагдуулах талаар яаралтай арга хэмжээ авч өгнө үү” гэсэн /16хх 84/ байдгаас үзвэл 2019 оны байдлаар хохирогч байгууллагад хохирол төлбөр огт төлөгдөөгүй гэж харагдахаар байна. Гэтэл шүүгдэгч Н.Б- шүүх хуралдаанд “...2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, энэ талаар гар бичмэл үйлдэж хэрэгт хавсаргасан байгаа” гэдэг. Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, ****** болон улсын яллагч нарын яллах дүгнэлтэд дурдагдсан хохирлын хэмжээ эрс зөрүүтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд хохирол төлбөрт нэг ч төгрөг төлөгдөөгүй гэж мэдүүлсэн атлаа дүгнэлтийн шатанд хохирлын нэхэмжлэлийг багасгасан буюу хэн, хэдэн төгрөгөөр хэрхэн хохирсон нь нэг мөр тогтоогдоогүйгээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд “******” ХХК нь хохирогч мөн эсэх, хэдэн төгрөгийн хохирол учирсан, хэрвээ ****** уг мөнгийг компанийн өмнөөс өгч байсан бол яагаад санхүүгийн анхан шатны баримт маягт үйлдэлгүйгээр бэлнээр өгч баримт үйлдүүлдэг байсан, шүүгдэгч нарт өгсөн гэх бэлэн мөнгөний эх үүсвэрийг олж тогтоох, хохирогчоор ****** тогтоогдох эсэх, өөр хувь хүн байгууллага, хуулийн этгээд тогтоогдох байсан эсэхийг нэг мөр шалгуулахаар мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай.

 

Хоёр. Прокуророос шүүгдэгч Б.Ц-ийг бодит байдал дээр биелэх боломжгүй зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж залилсан гэж үзэж, хэрэгт нотлох баримтуудыг цуглуулсан байдаг.

Шүүгдэгч Б.Ц- болон түүний өмгөөлөгч Г.Наранбаатар “...АТГ-аас Б.Ц-ийн гэрт нэгжлэг хийж 56 хуудас, 1-12 дугаартай баримт материалуудыг хураан авч явсан байдаг. Энэ шалтгааныг тогтоох ёстой. Хэргийн гол баримтууд байхгүй байгаа. Манайд ач холбогдолтой, хэргийн үйл баримтыг зөв тогтоох, хэргийн гол үндсэн эх үүсвэртэй нотлох баримтууд байхгүй байгаа. Үүнийг шалгуулах ёстой” гэдэг. Шүүх хуралдаанд талууд “Сайхан ордос туур” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Гашуун сухайт, Ганц модны боомтын хооронд нүүрс тээвэрлэх туузан дамжуургын систем байгуулах төсөл хэрэгжих боломжтой байсан эсэхэд маргаж оролцдог. Хэрэгт авагдсан Б.Ц-ийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэлд “...хятад хэл дээр бэлтгэсэн гэрээ 44 хуудас, “Сайхан ордос туур” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Гашуун сухайт, Ганц модны боомтын хооронд нүүрс тээвэрлэх туузан дамжуургын систем байгуулах төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан 1 боть, 1-132 хүртэл дугаартай баримт ...БНХАУ-ын хэл дээр бичигдсэн АЗ хэмжээтэй ном болгон багцалсан 120 хуудас бүхий ...төслийн баримт зэргийг хураан авлаа. ...1-32 хүртэл дугаарласан гадаад паспорт, ...56 хуудас бүхий баримт зэргийг хураан авлаа...” гэжээ. Дээр дурдсанчлан мөрдөгч, прокурор нь яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх үүрэгтэй. Гэтэл хэрэгт эдгээр хураан авсан баримтууд хавсаргагдаагүй, дээрх баримтуудыг хэрхэн яаж шийдвэрлэсэн, хаана байгаа нь тодорхойгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд шүүгдэгч болон өмгөөлөгч нараас шаардаж байгаа цагаатгах талын нотлох баримтууд гэгдэж буй дээрх баримтууд нь нотолгооны чухал ач холбогдолтой эсэхэд шүүх үнэлэлт дүгнэлт өгч нотлох баримтын түвшинд үнэлэх эсэхийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай тул дээрх баримтуудыг хариуцан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтнуудаас гаргуулан хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Гурав. Яллах дүгнэлтэд “...шүүгдэгч Д.*, Н.Б- нар нь бүлэглэн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцэн шийдвэрлэвэл зохих “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг “******” ХХК-д олгож байгаа мэтээр хуурамч гэрээ байгуулан БНХАУ-ын иргэн ****** хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан “******" ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн ****** залилан 2009-2010 оны хооронд 2.884.640.900 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.*, Б.Ц- нар нь бүлэглэн “******" ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн ****** залилан 2011 оны 3 дугаар сараас 2011 оны 7 дугаар сарын хооронд 13.916.193.284 төгрөгийн хохирол учруулсан” гэж тус тус бичжээ. Гэтэл хэрэгт авагдсан ******ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...2008-2015 оны хооронд УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр, тухайн үед өөрийгөө шадар сайд М.Энхболд гэх хүний туслах гэж өөрийгөө танилцуулсан Н.Б- нарын хүмүүст 32.713.190.850 төгрөгийг өгсөн байна. ...2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Н.Б-д Замын-Үүдийн чөлөөт бүсийн төсөлд зориулж 2.000.000 юань өгч байсан. ...Д.Батбаяр гэдэг хүн байсан учраас итгээд Н.Б-д мөнгө өгдөг байсан” гэжээ /23хх 45/. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.* “...Ерөнхийлөгчийн сонгууль буюу 2009 он шиг санагдаж байна. Анх 2009 оны 6 дугаар сард Б-тай уулзаж байсан. ...тухайн үед Ерөнхийлөгчтэй тэдгээр хүмүүсийг уулзуулаад... тэгээд дахиж уулзаагүй, холбоо бариагүй. ...2007-2008 онд намайг Вү гэх хүн таньдаггүй байсан...” гэж, шүүгдэгч Б.Ц- “...2010 оны 11 сарын эхээр... Вү, Ургамал, Сэцэн нартай танилцсан...” гэж, шүүгдэгч Н.Б- “...2007-2011 оны хооронд би Вү даргатай мөнгө өгч авалцдаг байсан. Энэ асуудалд Д.Батбаяр, Б.Ц- нар ямар ч хамаагүй. Би тэдгээр мөнгөнүүдийг зөвхөн өөрөө аваад хэрэглэж байсан. Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажлыг болчих байх гэж бодсоны үндсэн дээр надад итгэж мөнгө өгдөг байсан...” гэж тус тус мэдүүлдэг. Харин хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлгээс үзвэл шүүгдэгч Н.Б- нь “2008 онд Д.*т 200 сая төгрөг зээлүүлсэн талаар мэдүүлдэг бол Д.* нь 2010 оны сүүл 2011 оны эхээр Н.Б-тай танилцаж байсан” гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл дээрх шүүгдэгч нарын анх уулзсан, танилцсан он, сарууд хоорондоо зөрүүтэй байх тул шүүгдэгч нар хэдийд, хаана, хэрхэн танилцсан талаар нэг мөр тогтоох нь “******" ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн ****** бүлэглэн залилсан гэх хэрэгт ач холбогдолтой байх тул дээрх мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай.

Нөгөөтээгүүр шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлын төслийг Н.Б-гийнх гэж хариулсан боловч дахин асуухад мэдэхгүй гэж хариулдаг. Харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Б- нь “дээрх төслийг Вү дарга, Ургамал, Сэцэн нар боловсруулсан. ...намайг анхнаасаа ажилгүй байсан, Замын-Үүдийн чөлөөт бүсийн дарга биш гэдгийг мэдэж байсан” гэж мэдүүлдэг. Иймд Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлын төслийг чухам хэн боловсруулсныг олж тогтоох нь ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

 

Дөрөв. Хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч Н.Б-гийн мэдүүлгүүдэд Ургамал гэгчийг уг хэрэгт холбоо хамааралтай, мөнгө өгсөн, авсан баримтуудыг Ургамалын захиалгаар хийдэг байсан, мөн “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотой эрх бүхий албан тушаалтнуудын хуурамч гарын үсэг, тамга тэмдэгтэй албан бичгүүдийг Ургамалын хэлснээр Ариунболд гэгчээр хийлгүүлдэг байсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлдэг.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Н.Б- мэдүүлэхдээ “...тэр хүмүүсийн хэлсэн үйлдлээр л би энэ үйлдлийг хийдэг байсан. Энэ баримтуудыг Монголд үзүүлэхгүй, зүгээр л хийгээд өгөөдөх, ямар нэгэн байдлаар зохицуулаад хийгээд өгөөдөх гэдэг байсан. ...Гол хүн нь Ургамал, Сэцэнтэй мөнгө төгрөг өгч авалцдаг байхад Сэцэн өөрөө байгаагүй ...Ургамал, Вү дарга хоёр бол хоорондоо гэр бүлийн харилцаатай хүмүүс байсан. ...Ургамал заавал байх ёстой. Ургамал, Сэцэн, Вү нар тухайн Замын-Үүдийн тогтвортой байдлын гэрээг боловсруулахад байлцсан, боловсруулсан...” гэж, шүүгдэгч Б.Ц- “...Ургамал, Сэцэн, Вү дарга нарыг шалгуулах хүсэлтэй байна. ...Ханги Мандал компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд уг компанийн 80 хувийн хөрөнгө оруулалтыг Вү эзэмшдэг, 15 хувийг эзэмшиж байгаа гэх Вao Lihua нь Ургамал мөн... ” гэж тус тус мэдүүлдэг. Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан “Сайхан ордос туурь” ХХК-ийн хувьцааг бэлэглэх, бэлэг хүлээн авах гэрээнд Вao Lihua гэгч гарын үсэг зурсан буюу компанийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Вao Lihua гэгч нь Ургамал байж болох үйл баримт тогтоогдлоо. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ургамал гэгчийг асууж тодруулаагүй, тухайн үеийн мөнгө авсан, өгсөн, хуурамч баримт бичиг үйлдэх талаар захиалга өгсөн, компанийн хувьцааг худалдаж авсан, бэлэглэлийн гэрээ байгуулсан гэх асуудлуудад холбоотой байж болзошгүй нөхцөл байдал байхад энэ талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй байна. Иймд Ургамал гэгчийн үйлдэл оролцоог шалгаж, тогтоох холбогдох ажиллагааг хийх нь зүйтэй.

 

Тав. “******" ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн ****** нь ашигт малтмалын лицензийн төлбөр тушаах зорилгоор Д.*ын жолооч Г.Нэмэх гэх этгээдээр дамжуулан нийт 44 удаагийн гүйлгээгээр 1.030.390.12 ам.долларыг Ашигт малтмалын лицензийн төвд тушаасан талаар өмгөөлөгч Э.Билгүүн, хууль ёсны төлөөлөгч П.Энхболд нар мэдүүлж, энэ талаар шалгуулах хүсэлт /17хх 36-54, 23хх 28-29/-ийг мөрдөгч, прокурорт гаргасан байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас харахад уг лицензийн зөвшөөрлүүдийн дийлэнх нь төлбөр төлөхөөс өмнө цуцлагдсан байсан болох нь тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрүүд /21хх 226-250, 22хх 01-155/-ээр тогтоогддог. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад уг лицензийн төлбөртэй холбоотой асуудлыг шалгахад “Итгэл хүлэг” ХХК-ийн захирал Д.Энхтөрийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №13/01 тоот албан бичгээр 13857Х дугаартай хайгуулын лицензийн төлбөр, “Домен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Wang Vabin-ы 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот албан бичгээр 8960Х, 8961Х, 9070Х, 9071Х, 9072Х, 9003Х, 9267Х, 9268Х, 10015Х хайгуулын лицензийн нөхөн төлбөр, “Оуяашиёоу” ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот албан бичгээр 12925А, 12923А, 12922А, 11592Х, 11592Х, 12837Х, 12838Х лицензүүдийн нөхөн төлбөрүүдийг авахаар Ашигт малтмалын газарт хүсэлтүүд /21хх 186, 189-200/ гаргасан байх ба “Итгэлт хүлэг” ХХК болон “Оуяашиёоу” ХХК, “Домен” ХХК-ийн дансанд тус тус дээрх төлбөрүүд буцаагдсан болох нь шилжүүлгийн баримт /21хх 183-188/-аар тогтоогджээ. Уг асуудалд холбогдох этгээдүүдээс мэдүүлэг авахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд “...“******" ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн ******тай холбоо барьж, асуултын дагуу мэдээлэл авахад Д.Энхтөр болон Wang Vabin гэх этгээдүүд лицензийн төлбөрийг авахаар Ашигт малтмалын газарт хүсэлт гаргасан тухай огт мэдээгүй. Бид 1.030.444.12 ам.долларыг буцаан аваагүй. ...Тус компаниудын дансанд төрийн сангийн данснаас мөнгө орж ирсэн талаар мэдээгүй. ...Бид анх 2009 онд Н.Б-д лицензийн сунгалт хийлгэхэд шаардагдах төлбөр 77.000 ам.доллар, 1.000.000 юань өгсөн боловч лицензүүдийн төлбөр төлөгдөхгүй байсаар байгаад цуцлагдаж, хүчингүй болсон. 2011 онд уг лицензүүдийг сэргээж өгье гэсэн учир 1.030.444.12 ам.долларыг Ургамал, Сэцэн, Нэмэх нар Ашигт малтмалын газарт тушаалгаж, лиценз сэргээх ажлын хөлсөнд тооцож Д.*ын эхнэр Т.Б-д 200.000 ам.доллар өгсөн. Гэвч тухайн лицензүүд сэргээгүй бөгөөд бид ямар ч төлбөр буцаан аваагүй...” гэж,

“Итгэл хүлэг” ХХК-ийн захирал Д.Энхтөрийг иргэний хариуцагчаар тогтоон мэдүүлэг авахад “...манай компанийн нэр дээр бүртгэлтэй байсан 13857Х лицензийн төлбөр гэж 50.057 ам.доллар тушаасан байсныг мэдээгүй. Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн ******ийн орчуулагч болон бие төлөөлөгч Сэцэн, Ургамал нар 2012 оны 12 дугаар сард Монгол Улсад ирж надтай уулзан Нэмэхийн нэр дээр тушаасан мөнгийг буцаан авах тухай утгатай албан бичиг хүргүүлснээс сар гарангийн дараа манай дансанд мөнгө орж ирсэн. Мөнгө орж ирэхээр нь ******тай очиж уулзахад энэ мөнгийг өмнөх хоорондын тооцоо болон худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 15521Х лицензийн төлбөрт 33.948.31 ам доллар Ашигт малтмалын газарт тушаасан, үлдэгдэл мөнгийг ******аас авах авлагад суутган тооцож авсан. ******аас би 300 гаран мянган ам.долларын авлагатай, энэ авлагадаа үлдсэн мөнгийг суутган авсан. ****** надад өглөгтэй гэдгийг Сэцэн, Ургамал нар гэрчилнэ....” гэж тус тус мэдүүлдэг.

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд “..манай компани уг мөнгийг аваагүй. Уг асуудлыг мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн байх тул дээрх лицензийн төлбөрүүдийг яагаад дээрх нэр бүхий компаниуд буцаан авсан, ****** гэх этгээдтэй дээрх компаниуд холбоо хамааралтай эсэх, Д.Энхтөр болон ****** нарын хооронд өглөг авлага байсан эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй.

Нөгөө талаас, шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ц-оос “...Ц.Энхтөр миний бие болон Кёкүшюзан, Б-, Ц- нарт холбогдох хэрэг анх 2017 онд Вү Сэн Чан дарга намайг Бээжинд дуудаж Б.Ц-ийн компанийн хувьцааг худалдаж авсан, үлдэгдэл мөнгөө нэхээд байна, надад одоо ямар ч мөнгө байхгүй, би гэрээгээ цуцалж, мөнгөө яаж буцааж авах вэ гэсэн. Энэ асуудалд Б- гэдэг хүн ямар ч хамааралгүй, надаас авсан мөнгөө бүгдийг буцаан өгсөн гэж хэлсэн. ...Кёкүшюзан нь маш олон төсөл хэрэгжүүлж байгаа, мөнгөтэй, нэр алдартай улс төрч, цаашид ч улс төрд явах, өөрийн нэр хүндэд хайртай хүн учир үүнийг далимдуулж хэрэгт хийвэл би мөнгөө хурдан олж авч чадна гэж хэлсэн. Кёкүшюзаныг орчуулагч Сэцэнгээр дамжуулан ашигт малтмалын лицензийн төлбөр төлнө гээд ямар ч гарын үсэг зурахгүйгээр 120.000.000 доллар аваад явсан гэж гүтгэсэн. Дараа нь тэр доллар нь Кёкүшюзанд биш ашигт малтмалын газарт төлөгдсөн нь болсон. Б.Ц-ийн компанийг аваад үлдэгдэл мөнгөө төлж чадахгүй болонгуутаа энэ гурван хүнийг гэмт хэрэгт гүтгэсэн...” гэх утга бүхий нотариатаар гэрчлүүлсэн анх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байсан Ц.Энхтөрийн гараар бичсэн бичмэлийг гаргаж өгсөн ба үүнтэй холбоотойгоор үнэхээр ****** болон Ц.Энхтөр нар нь дээрх шүүгдэгч нарыг гүтгэсэн эсэх талаар ажиллагаа хийх шаардлагатай.

 

Зургаа. Шүүгдэгч Д.*, Т.Б- нар нь бүлэглэн Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Арцатын ам”, “Чулуутын ам”, “Ташгайн ам” гэх газруудад газар эзэмших, тус эзэмшсэн газарт барилга, орон сууц барьж бусдад худалдан ашиг олох зорилгоор бодит байдлыг нуух замаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч, нэр бүхий хэд хэдэн газрын эзэмших эрхийг залилан авч, төрд нийт 28.820.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан, улмаар уг гэмт хэргийг үйлдэж олж авсан хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан гэх үйл баримтын тухайд:

 

Хавтас хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ж.Өсөхбаярын “...тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан аялал жуулчлал, судалгаа шинжилгээ, нөхөн сэргээлт зэрэг тодорхой төрлүүдээс бусад зорилгоор хориглосон байхад Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тусгай хамгаалалттай газар нутагт орон сууцны зориулалттай барилга байшин барих ажлын эрх олгож, зөвшөөрөл олгоод байдаг. Тэгэхээр манай хамгаалалтын захиргаанаас газар ашиглагч иргэн аж ахуй нэгж, дүүргийн засаг дарга, хамгаалалтын захиргааны дарга гурав байгуулсан гэрээний дагуу шалгалтаар очдог боловч албан ёсны эрхтэй, зөвшөөрөлтэй учраас ямар нэг арга хэмжээ авч болдоггүй нөхцөл байдал бий болдог...” гэсэн мэдүүлэг /10хх 83/ авагджээ. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б- “...төрийн байгууллагын газрууд зөвшөөрлөө өгсөн, Ерөнхий төлөвлөгөөний газар, Байгаль орчны яам зөвшөөрөл өгсөн. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ажил эхлэх даалгавар өгөөд, А даалгаврыг баталсан тохиолдолд бид нар дараагийн ажилдаа орж байгаа. Ерөнхий төлөвлөгөөний хоёр хүн эскиз зураг дээр гарын үсэг зурсны дараа бид Байгаль орчны яамд танилцуулдаг. Авсан газар дээрээ одоо бол ийм юм барих гэж байна гэж зөвшөөрөл авдаг. Улмаар зөвшөөрөл авсны дараа очиход Байгаль орчны яамны дархан цаазат газрын тусгай хамгаалалтын газрын удирдлагын хэлтсийн дарга гэж байдаг ба энэ хүн гарын үсэг зурж баталгаажуулдаг. Яам өөрөө зургийг батлаад өгчихөж байгаа. Төрийг хуурч, залилсан гэх асуудал байхгүй. ...Эдгээр материалуудыг бүрдүүлчихвэл Монгол Улсын ямар ч иргэн уг газраас авах боломжтой, ...газраа ашиглаж чадахгүй, төлбөрөө төлөхгүй бол яам өөрөө газраа буцааж авдаг. Яагаад гэхээр өмчлөх газар биш учраас. Бүх бүтээн байгуулалт хууль ёсны байсан учраас төрийн байгууллагуудаас зөвшөөрөл өгч байсны дагуу бүтээн байгуулалт хийгдсэн...” гэж, шүүгдэгч Д.* “...Үндсэн хуулийн цэцийн барилгыг бариулсан хүн нь өөрөө Нийслэлд хандаад тус барилгыг бариулсан байна. Тусгай хамгаалалттай газар гээд байгаа газарт төрийн маш олон хүн байдаг. Бид нар хүсэлтээ өгөөд л авсан шүү дээ. Тодорхой хэмжээнд аялал жуулчлалын зориулалтаар бүтээн байгуулалт хийгдсэн. Төрийн байгууллагаас бүгд зөвшөөрсөн. ...бусад төрийн албан хаагчдын барилга, нийслэл өөрөө тийшээ нүүгээд очсон шүү дээ. Энэ газар чинь ашиглах газар шүү дээ, Байгал орчны яамнаас ч юм уу зохих байгууллагаас ирээд дээрх газар ашиглах эрхийг цуцлах боломжтой. ...Тухайн газарт зам тавьж байгаа, дархан цаазтай гэх газруудад бүгд л барилга бариад явж байгаа. Ямар ч асуудал байхгүй байна...” гэж тус тус мэдүүлдэг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Б- нь нэр бүхий дархан цаазат газруудад барилга, орон сууц барих зөвшөөрөл хүсэж холбогдох төрийн байгууллагад хандсан байдаг ба төрийн байгууллага тодруулбал Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тусгай хамгаалалттай газар нутагт орон сууцны зориулалттай барилга байшин барих ажлын эрх олгож, зөвшөөрөл олгосон, улмаар Байгаль орчны яам уг зураг төслийг баталсан үйл баримт тогтоогддог. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан аялал жуулчлал, судалгаа шинжилгээ, нөхөн сэргээлт зэрэг тодорхой төрлүүдээс бусад зорилгоор дархан цаазат газарт бүтээн байгуулалт хийхийг хориглосон байхад төрийн байгууллагаас дээрх хуулийн заалтыг зөрчин зөвшөөрөл олгож буй нь хууль бус үйл ажиллагаа байж болзошгүй байна. Иймд ямар шалтгаанаар хууль зөрчиж үйл ажиллагаа явуулаад байгааг тогтоохоор төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг шалгах шаардлагатай.

 

Долоо. Яллах дүгнэлтэд “...Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай бүсэд орших “Ташгайн ам”-д 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрын эрхийг “******” ХХК-ийн хамт “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Л-д 3.273.000.000 төгрөгийн эд хөрөнгө, авлагаар худалдахаар тохирч, 2015 онд “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Л-гийн дүү Д.Эрдэнэбилэгийн нэр дээр 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрыг эрхийг шилжүүлэн өгсний хариуд н.Бадралаас авах авлага 1.027.000.000 төгрөг, нэр бүхий автомашинууд буюу нийт 2.935.976.000 төгрөгийн эд хөрөнгө, авлага зэргийг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилсөн буюу мөнгө угаасан” гэж бичжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Л- гэрчээр мэдүүлэхдээ “...би 3.270.000.000 төгрөгөөр бодож газрын эрх нь ****** ХХК-ийн нэр дээр байсан болохоор аж ахуйн нэгжийн эрхийг хувьцаа шилжүүлэх гэрээ хийж нотариатаар батлуулан шилжүүлэн авсан. ...Уг мөнгөнд бетон зуурмагийн үйлдвэр, сендвичин хавтангийн үйлдвэр, аяллын автобус, машин зэрэг 20 орчим автомашин оролцуулан өгч, 20 орчим га газрын гэрчилгээтэй аж ахуйн нэгжийн эрхийг шилжүүлэн авсан юм. Энэ аж ахуйн нэгжийн нэр ****** ХХК юм. ...****** ХХК-ийн хувьцааг би 100 хувь эзэмшдэг...” гэжээ /8хх 105/. Гэтэл түүний иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн мэдүүлэгт “...ингээд * бид дээрх үнэ бүхий эд хөрөнгийг хүлээлцсэн баримт үйлдээд ****** ХХК-ийг манай дүү Эрдэнэбилэгийн нэр дээр шилжүүлсэн. ...Бетон зуурмагийн компанийг өгч амжаагүй байсан юм. Миний зүгээс 2.964.900.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн /34хх 7/ байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б- мэдүүлэхдээ “...тухайн үед бид нар ашиглах эрх нь цуцлагдаагүй, ашиглах боломжтой, зөвшөөрөлтэй компанийг шилжүүлсэн. 3 жил өөрсдөө газраа ашиглаагүй, газрын төлбөрөө төлөлгүй цуцлуулсан. ...Бид нарт өгөх ёстой юм аа өгөөгүй, бид нар Л-д хууртсан. ...Өөрөө яагаад тухайн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж авсан юм бэ. ...Бүх машины нэр шилжээгүй. ...Бадрахын араас жил гаран хөөцөлдөөд олдоогүй. ...1 тэрбумаар үнэлээд байгаа хаусыг нь очоод хартал карказ нь шатчихсан байшин байсан. Уг байшинг авахгүй гэхэд дараа нь дээр нь мөнгө нэмээд өгье гэж хэлж байсан. Тэгээд би Л-г өөрөө үнэлгээ хийлгэ гээд үнэлгээг нь хийлгэсэн. 380 сая төгрөгөөр үнэлгээний газар тогтоосон. ...Хөөсөнцөрийн үйлдвэр, зуурмагийн үйлдвэр зэргийг авч чадаагүй. ...Оффис дээр нь очиход оруулахаа больсон. Бид нар хохирогч, наймаагаа буцаая гэж зөндөө хэлсэн. Тэгтэл өөрөө буцаагаагүй. ...” гэж мэдүүлдэг. Мөн ****** ХХК-ийг худалдан авах гэрээг харахад худалдан авагч талаас Д.Эрдэнэчимэг гэх хүн гарын үсэг зурж худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Л-гийн иргэний хариуцагч, гэрчээр өгсөн мэдүүлэг зөрүүтэй буюу бетон зуурмагийн компанийг Д.*ын нэр дээр шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Мөн ****** ХХК-ийг яагаад дүүгийнхээ нэр дээр шилжүүлэн авсан атлаа 100 хувийн хувьцааг эзэмшиж байгаа, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээд хэн байсан эсэхэд эргэлзээ төрөхөөр байна. Иймд нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэх үндэслэлээр шүүгдэгч Д.*, Т.Б-, Н.Б-, Б.Ц- нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Д.*, Т.Б-, Н.Б-, Б.Ц- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрийг прокурорт очтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Энхбат, Б.Ганбулган, М.Очбадрах нар бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

A/ Шүүгдэгч Д.*, Н.Б-, Б.Ц- нар бүлэглэн “******” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн ****** залилан нийт 16.800.834.184 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтын тухайд:

Нэг. “...“******” ХХК нь 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үүсгэн байгуулагдаж гэрчилгээ олгогджээ. Өөрөөр хэлбэл дээрх компани нь хэзээ үүсгэн байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулдаг, бодитоор байдаг эсэх, нэршил зөрүүтэй нэг компани уу, эсхүл өөр өөр компани уу гэдэг нь тодорхойгүй байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд нь хохирогчоор тогтоогдсон “******” ХХК-г төлөөлөх эрхтэй эсэх, мөн ******тай 1 удаа цахим сүлжээгээр харилцаж хэргийн талаарх мэдээлэл авсан нь “******” ХХК-ийн захирал ******ийг бүрэн дүүрэн төлөөлж чадах эсэхэд эргэлзээ төрөхөөр нөхцөл байдал үүслээ. Нэгтгэн үзвэл хамтран ажиллах гэрээний агуулгыг тодорхойлохын тулд ******аас дахин мэдүүлэг авах шаардлагатай, уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон “******” ХХК хохирсон гэх баримт байхгүй буюу санхүүгийн анхан шатны маягт, баримтууд хэрэгт авагдаагүй, зөвхөн хувь хүн буюу ******аас Н.Б-, Б.Ц- нарт бэлнээр мөнгө өгч авалцдаг байсан талаарх баримтууд авагдсан, шүүгдэгч нарт шилжүүлсэн мөнгөний эх үүсвэр тодорхойгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлснээр ****** нь уг мөнгөний тодорхой хэсгийг өөр байгууллага, хувь хүнээс хөрөнгө оруулалт, зээл хэлбэрээр авч өгдөг байсан гэж мэдүүлсэн зэргээс прокурор, мөрдөгч нар хохирогчийг буруу тогтоосон гэж үзэхээр байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, ****** болон улсын яллагч нарын яллах дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээ эрс зөрүүтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд хохирол төлбөрт нэг ч төгрөг төлөгдөөгүй гэж мэдүүлсэн атлаа дүгнэлтийн шатанд хохирлын нэхэмжлэлийг багасгасан буюу хэн хэдэн төгрөгөөр хэрхэн хохирсон нь нэг мөр тогтоогдоогүйгээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Иймд “******” ХХК нь хохирогч мөн эсэх, хэдэн төгрөгийн хохирол учирсан, хэрвээ ****** уг мөнгийг компаний өмнөөс өгч байсан бол яагаад санхүүгийн анхан шатны баримт маягт үйлдэлгүйгээр бэлнээр өгч баримт үйлдүүлдэг байсан, шүүгдэгч нарт өгсөн гэх бэлэн мөнгөний эх үүсвэрийг олж тогтоох, хохирогчоор ****** тогтоогдох эсэх, өөр хувь хүн байгууллага, хуулийн этгээд тогтоогдох байсан эсэхийг нэг мөр шалгуулахаар мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай” гэх үндэслэлийн тухайд:

“******” ХХК-ийг үүсгэн байгуулсан тухай гэрчилгээ хэрэгт авагдсан байгаа талаар захирамжид дурдсан байх бөгөөд тухайн гэрчилгээнд зааснаар уг компани нь 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонгконг-д байгуулагдсан болох нь хавтас хэрэгт тусгагдсан баримтуудаар тогтоогдсон. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар “******” ХХК-с олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон. Шүүгдэгч Н.Б-, Б.Ц- нар нь БНХАУ-ын иргэн ******аас бэлнээр мөнгө авсан талаарх баримтыг хэрэгт эх хувиар гаргаж өгч хавсаргуулсан ба “Сайхан ордос туурь” ХХК-ийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк” дахь дансаар мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид зааснаар санхүүгийн анхан шатны маягт, баримтууд хэрэгт авагдаагүй, яагаад санхүүгийн анхан шатны баримт маягт үйлдэлгүй бэлнээр мөнгө өгч байсан талаар дахин мэдүүлэг авах шаардлагагүй юм. Мөн уг бэлэн мөнгө хүлээн авсан талаарх баримтуудад бичсэн бичвэр, гарын үсгүүдийг Н.Б-, Б.Ц- нар бичиж, зурсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2641 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба энэ талаар шүүгдэгч нар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй тул тэдгээрт өгсөн мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох шаардлагагүй. БНХАУ-ын иргэн ****** нь дээрх мөнгийг “******” ХХК-ийн “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”- ийн бүтээн байгуулалт, “Сайхан ордос туурь” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол Улсын Гашуун сухайт хилийн боомтоос БНХАУ-ын “Ганц мод” хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын төсөл”-д хөрөнгө оруулалт хийх зорилгоор байгуулсан тогтвортой байдлын гэрээ болон хамтран ажиллах гэрээний дагуу өгсөн байдаг тул “******” ХХК-ийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд нь ******ийн үүсгэн байгуулсан “Оуяатоузы” ХХК-ийн дансаар дамжуулан 5.000.000 ам.долларыг шилжүүлсэн байдаг бөгөөд гүйлгээний утга дээр нэрийг зөрүүтэй бичсэн, мөн “Дунфа Ми Еэ” ХХК болон “Оуяатоузы” ХХК нь “******” ХХК-ийн хамаарал бүхий охин компани болох талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан баримтыг үндэслэн юань, ам.доллар авсан цаг хугацаагаар буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар хохирлын хэмжээг нэг мөр тогтоосон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон БНХАУ-ын иргэн ******ийн мэдүүлснээр хохирлын хэмжээг тогтоох нь үндэслэлгүй.

 

Хоёр. “...Шүүх хуралдаанд талууд “Сайхан ордос туурь” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Гашуун сухайт”, “Ганц мод” боомтын хооронд нүүрс тээвэрлэх туузан дамжуургын систем байгуулах төсөл хэрэгжих боломжтой байсан эсэхэд маргаж оролцдог. Хавтас хэрэгт эдгээр хураан авсан баримтууд хавсаргагдаагүй, дээрх баримтуудыг хэрхэн яаж шийдвэрлэсэн, хаана байгаа нь тодорхойгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд шүүгдэгч болон өмгөөлөгч нараас шаардаж байгаа цагаатгах талын нотлох баримтууд гэгдэж буй дээрх баримтууд нь нотолгооны чухал ач холбогдолтой эсэхэд шүүх үнэлэлт дүгнэлт өгч нотлох баримтын түвшинд үнэлэх эсэхийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай тул дээрх баримтуудыг хариуцан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтнуудаас гаргуулан хэрэгт хавсаргах нь зүйтэй” гэх үндэслэлийн тухайд:

Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 6 дугаартай “Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолоор “Гашуун сухайт”, “Шивээ хүрэн” боомтыг ачаа болон зорчигчдын хөдөлгөөний урсгалыг төрөлжүүлэн саадгүй нэвтрэх боломжтой, дэд бүтэц, суурин газар бүхий олон улсын жишигт нийцсэн хилийн боомт болгон өргөтгөх ерөнхий төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэл, холбогдох төслүүдийн хамт боловсруулахыг Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Хууль зүйн сайд, Эрдэс баялаг эрчим хүчний сайд, Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд нарт даалгасан. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах газрын дарга нарын түвшний уулзалтын механизмын 2 дугаар уулзалтын протокол 2010 оны 7 дугаар сарын 05-аас 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Монгол, Хятадын хилийн “Гашуун сухайт-Ганц мод” боомтод болсон байдаг. Уг уулзалтын протоколд “Гашуун сухайт-Ганц мод, Шивээ хүрэн-Сэхээ” боомтуудад хил дамнасан нүүрс тээвэрлэх конвейр барих төслийг хэрэгжүүлэхийг хоёр тал зөвшөөрч, хоёр тал энэхүү төслийг хэрэгжүүлэх, хяналт тавих зэрэг асуудлаар тусгайлан шуурхай зөвлөлдөж, холбогдох хэлэлцээрийг байгуулсны дараагаар хоёр талын аж ахуйн нэгж байгууллагууд 2011 оны эхний хагас жилд конвейрийг барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон. Үүний дагуу хоёр тал буюу Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд “Гашуун сухайт-Ганц мод” боомтуудад хил дамнасан нүүрс тээвэрлэх конвейр барих хэлэлцээрийг байгуулаагүй байхад хоёр талын аж ахуйн нэгж байгууллагууд харилцан тохиролцож “Гашуун сухайт, Ганц мод” боомтын хооронд нүүрс тээвэрлэх туузан дамжуургын систем байгуулах төслийг хэрэгжүүлэх боломжгүй байсан болох нь нотлогдоно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Алтанхуяг “Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн дэд бүтцийн 3/1-ийг БНХАУ-ын Засгийн газрын зээлийн хөрөнгөнөөс гаргаж хийхээр Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ ажил нь хийгдсэн, БНХАУ-ын аль нэг компаниар хийлгэнэ гэсэн асуудал байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг өгсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.

Анхан шатны шүүх  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлж, нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгах нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

 

Гурав. “...Шүүгдэгч нарын анх уулзсан, танилцсан он, сарууд хоорондоо зөрүүтэй байх тул шүүгдэгч нар хэдийд, хаана, хэрхэн танилцсан талаар нэг мөр тогтоох нь “******” ХХК-ийн захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ****** бүлэглэн залилсан гэх хэрэгт ач холбогдолтой байх тул дээрх мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Б- нь “дээрх төслийн Вү дарга, Ургамал, Сэцэн нар боловсруулсан. ...намайг анхнаасаа ажилгүй байсан, Замын-Үүдийн чөлөөт бүсийн дарга биш гэдгийг мэдэж байсан” гэж мэдүүлдэг. Иймд Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлын төслийг чухам хэн боловсруулсныг олж тогтоох нь ач холбогдолтой гэж шүүх үзлээ” гэх үндэслэлийн тухайд:

Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нар хэзээ, хаана, хэрхэн танилцсан талаар мэдүүлгүүдийг тодорхой өгсөн бөгөөд олон жилийн өмнө болсон үйл явдал учраас зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй талаараа ч мөн дурддаг. Нэгэнт шүүгдэгч нар энэ талаар нарийн тодорхой санахгүй байгаа тул дахин мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй юм. Монгол Улсын Засгийн Газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, “Europe Asia International Investment Holdings”-ийн захирал БНХАУ-ын Вү Сэн Чиан нарын хооронд байгуулсан гэх “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн тогтвортой байдлын гэрээнүүд нь хуурамч болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн уг гэрээг хэн боловсруулсныг олж тогтоо гэж байгаа шүүхийн заалт ойлгомжгүй байна. Мөн БНХАУ-ын иргэн Б.Сэцэн /Si Qin/ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “...Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагч Н.Б- гэдэг хүн энэ ажлыг зохион байгуулаад олон хүмүүстэй уулзуулсан. Тухайн үед Улсын Их Хурлын гишүүн асан Д.Батбаяр бид нартай уулзаад дээрх төслийн ажлыг хийж хэрэгжүүлэхээр тохиролцсон, энэ ажлуудад манай захирал өөрийн биеэр оролцоод явсан. ...” гэсэн мэдүүлгийг өгсөн.

 

Дөрөв. “...Н.Б-гийн мэдүүлгүүдэд Ургамал гэгчийг уг хэрэгт холбоо хамааралтай, мөнгө өгсөн, авсан баримтуудыг Ургамалын захиалгаар хийдэг байсан, мөн “Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотой эрх бүхий албан тушаалтнуудын хуурамч гарын үсэг, тамга тэмдэгтэй албан бичгүүдийг Ургамалын хэлснээр Ариунболд гэгчээр хийлгүүлдэг байсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлдэг. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Н.Б- мэдүүлэхдээ “...тэр хүмүүсийн хэлсэн үйлдлээр л би энэ үйлдлийг хийдэг байсан. Энэ баримтуудыг Монголд үзүүлэхгүй, зүгээр л хийгээд өгөөдөх, ямар нэгэн байдлаар зохицуулаад хийгээд өгөөдөх гэдэг байсан. ...Гол хүн нь Ургамал, Сэцэнтэй мөнгө төгрөг өгч авалцдаг байхад Сэцэн өөрөө байгаагүй. ...Ургамал, Вү дарга хоёр бол хоорондоо гэр бүлийн харилцаатай хүмүүс байсан. ...Ургамал заавал байх ёстой. Ургамал, Сэцэн, Вү нар тухайн Замын-Үүдийн тогтвортой байдлын гэрээг боловсруулахад байлцсан, боловсруулсан” гэж, шүүгдэгч Б.Ц- “...Ургамал, Сэцэн, Вү дарга нарыг шалгуулах хүсэлтэй байна. ...“Ханги Мандал” компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд уг компанийн 80 хувийн хөрөнгө оруулалтыг Вү эзэмшдэг, 15 хувийг эзэмшиж байгаа гэх Вao Lihua нь Ургамал мөн...” гэж тус тус мэдүүлдэг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ургамал гэгчийг асууж тодруулаагүй, тухайн үеийн мөнгө авсан өгсөн, хуурамч баримт бичиг үйлдэх талаар захиалга өгсөн, компанийн хувьцааг худалдаж авсан, бэлэглэлийн гэрээ байгуулсан гэх асуудлуудад холбоотой байж болзошгүй нөхцөл байдал байхад энэ талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй байна. Иймд Ургамал гэгчийн үйлдэл оролцоог шалгаж, тогтоон холбогдох ажиллагааг хийх нь зүйтэй” гэх үндэслэлийн тухайд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Ариунболд “...Н.Б-г би 2007 оноос эхлэн таньдаг болсон. ...Б.Ц- гэдэг хүнийг огт танихгүй, мэдэхгүй. Би 2010 оноос АНУ-аас ачаа тээвэр карго, автомашин болон сэлбэг захиалгаар оруулж ирж бизнес хийж байсан юм. ...*  ахтай түүнээс хойш танилцаж машин захиалж, өөрийнх нь барьсан оффисыг түрээслэж байсан. *  ах Б-гийн хохирогч нарыг цуглуулан хэвлэлийн ярилцлага гэж өгч байсан. *  ахын жолооч нь Б-д байр шилжүүлсэн юм байна лээ. Түүнийг нь надад * ах хэлж байсан, ...Б- надтай ажил хэргийн талаар яриад Яармагаар барилга барих гэж байгаа тухайгаа ярьж байсан. “Эгчийн дүү байр сав авах гэж байна уу” гэж байсан. Тэгээд надад “Могул таунд” байр байгаа бартераар орж ирсэн. Үндсэн үнээс нь 2 дахин бага үнээр өгнө гэж байсан. ...Өөрөө хамт очиж үзээд нийт үнэ нь 110.000.000 төгрөг болж байна гээд би өөрт байгаа 65.000.000 төгрөгөө өгсөн, үлдсэн мөнгийг нь цувуулаад өгчих хүүгүйгээр гэсэн. Тэгээд хоёулаа гэрээ хийсэн. Тэр байр нь худлаа байж таараад би Б-гийн араас 5-6 сар хөөцөлдөж явж байгаад шүүхэд өгчихсөн байсан. ...Би Б-гийн байрыг битүүмжлэх үед хамгийн сүүлд 2015 оны сүүлчээр уулзаж байсан. ...Би хэнд ч хуурамч бичиг баримт үйлдэж өгч байгаагүй...” гэж,

гэрч БНХАУ-ын иргэн Б.Сэцэн /Si Qin/ “...Монгол Улсын Гашуун сухайт хилийн боомтоос Хятадын Ганц модны боомт хүртэл нүүрсний туузан дамжуургын төслийг хамтран хэрэгжүүлнэ гэж захиралд танилцуулсан. Б.Ц-ид хадгаламж банкаар дамжуулан мөнгө шилжүүлж байсныг мэднэ. Яг хэдий хэмжээний мөнгө шилжүүлснийг мэдэхгүй...” гэж тус тус мэдүүлэг өгсөн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б- нь шүүгчийн захирамжид дурдсанаас гадна БНХАУ-ын иргэн ******аас бэлнээр авч байсан мөнгөнөөс Ургамал нь тодорхой хувийг авч байсан талаар мэдүүлэг өгдөг боловч үүнийг нотолсон баримт байхгүй гэдэг Харин шүүгдэгч Б.Ц- нь БНХАУ-ын иргэн ******, Сэцэн нар нь анхнаасаа өөрийг нь залилан мэхлэх санаа зорилготой байсан талаар мэдүүлэг өгсөн болохоос биш “Сайхан ордос туурь” ХХК-ийн хувьцааг бэлэглэх, бэлэг хүлээн авах гэрээний асуудалд Ургамалыг байсан байна гэж өөрийн хардах эрхийн хүрээнд мэдүүлэг өгсөн болно. Дээр дурдсанчлан шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүгдэгч нарын мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон өөр нотлох баримт хэрэгт байхгүй тул Ургамалыг гэмт хэрэгт холбоотой гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүй юм.

 

Тав. “******” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн ****** нь ашигт малтмалын лицензийн төлбөр тушаах зорилгоор Д.*ын жолооч Г.Нэмэх гэх этгээдээр дамжуулан нийт 44 удаагийн гүйлгээгээр 1.030.390,12 ам долларыг Ашигт малтмалын лицензийн төлбөрт тушаасан талаар өмгөөлөгч Э.Билгүүн, хууль ёсны төлөөлөгч П.Энхболд нар мэдүүлж, энэ талаар шалгуулах хүсэлтийг мөрдөгч, прокурорт гаргасан байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас харахад уг лицензийн зөвшөөрлүүдийн дийлэнх нь төлбөр төлөхөөс өмнө цуцлагдсан байсан болох нь тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрүүдээр тогтоогддог. Ллицензүүдийн нөхөн төлбөрүүдийг авахаар Ашигт малтмалын газарт хүсэлтүүд гаргасан байх ба “Итгэлт хүлэг” ХХК болон “Оуяашиёоу” ХХК, “Домен” ХХК-ийн дансанд тус тус дээрх төлбөрүүд буцаагдсан болох нь шилжүүлгийн баримтаар тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд “...манай компани уг мөнгийг аваагүй. Уг асуудлыг мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн байх тул дээрх лицензийн төлбөрүүдийг яагаад дээрх нэр бүхий компаниуд буцаан авсан, ****** гэх этгээдтэй дээрх компаниуд холбоо хамааралтай эсэх, Д.Энхтөр болон ****** нарын хооронд өглөг авлага байсан эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй.

Нөгөө талаас, шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ц-оос “...нотариатаар гэрчлүүлсэн анх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байсан Ц.Энхтөрийн гараар бичсэн бичмэлийг гаргаж өгсөн ба үүнтэй холбоотойгоор үнэхээр ****** болон Ц.Энхтөр нар нь дээрх шүүгдэгч нарыг гүтгэсэн эсэх талаар ажиллагаа хийх шаардлагатай” гэх үндэслэлийн тухайд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн захирамжид дурдсан ашигт малтмалын лицензийн төлбөр болох 1,030,390.12 ам.долларыг Д.*ын жолооч Г.Нэмэхээр тушаалгасан эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад нэр бүхий 8 компанийн нэрээр ашиглалтын болон хайгуулын лицензийн төлбөрийг Г.Нэмэхээр тушаалгасан болох нь тогтоогдсон. Гэвч “Оуяатозы” ХХК болон “Домен” ХХК-ийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Wang Yabin, “Итгэлт хүлэг” ХХК-ийн захирал Д.Энхтөр нар нь Ашигт малтмалын газарт албан бичиг хүргүүлж тусгай зөвшөөрлийн илүү төлсөн төлбөрийн буцаалтыг авсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ үйлдэлд Д.* болон түүний жолоочоор ажиллаж байсан Г.Нэмэх нар оролцсон болох нь тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, яллах дүгнэлтэд дурдаагүй үйл баримтын талаар шүүх өөрийн үзэмжээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр заасан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Зургаа. Шүүгдэгч Д.*, Т.Б- нар нь бүлэглэн Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Арцатын ам”, “Чулуутын ам”, “Ташгайн ам” гэх газруудад газар эзэмших, тус эзэмшсэн газарт барилга орон сууц барьж бусдад худалдан ашиг олох зорилгоор бодит байдлыг нуух цамаар Богд хан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч, залилан авч, төрд нийт 28,820,000,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан, улмаар гэмт хэрэг үйлдэж олж авсан хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан гэх хэрэгтэй холбоотой заалтын тухайд:

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар Д.*, Т.Б- нар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “Аялал жуулчлалын зориулалттай барилга байгууламж” барих зөвшөөрөл гаргуулах тухай хүсэлт гаргасан, мөн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “Аялал жуулчлалын зориулалттай барилга, байгууламж” барих талаар архитектурын даалгавар, дүгнэлт, зөвшөөрөл гарсан нөхцөл байдал тогтоогдсон. Гэтэл “Хүн байнгын амьдрах зориулалттай таун, сингл хаус бүхий хороолол” барих зөвшөөрлийг олгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, худал мэдүүлэг өгөхөд хуулийн хариуцлага хүлээхгүй шүүгдэгч Т.Б-гийн “...Төрийн байгууллагын газрууд зөвшөөрлөө өгсөн, Ерөнхий төлөвлөгөөний газар, Байгаль орчны яам зөвшөөрөл өгсөн. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ажил эхлэх даалгавар өгөөд, “А” даалгаврыг баталсан тохиолдолд бид нар дараагийн ажилдаа орж байгаа. Ерөнхий төлөвлөгөөний хоёр хүн эскиз зураг дээр гарын үсэг зурсны дараа бид Байгаль орчны яамд танилцуулдаг. Авсан газар дээрээ одоо бол ийм юм барих гэж байна гэж зөвшөөрөл авдаг. Улмаар зөвшөөрөл авсны дараа очиход Байгаль орчны яамны Дархан цаазат газрын тусгай хамгаалалтын газрын удирдлагын хэлтсийн дарга гэж байдаг ба энэ хүн гарын үсэг зурж баталгаажуулдаг. Яам өөрөө зургийг батлаад өгчихсөн байгаа. Төрийг хуурч, залилсан гэх асуудал байхгүй. ...Эдгээр материалуудыг бүрдүүлчихвэл Монгол Улсын ямар ч иргэн уг газраас авах боломжтой, ...газраа ашиглаж чадахгүй, төлбөрөө төлөхгүй бол яам өөрөө газраа буцааж авдаг. Яагаад гэхээр өмчлөх газар биш учраас. Бүх бүтээн байгуулалт хууль ёсны байсан учраас төрийн байгууллагуудаас зөвшөөрөл өгч байсны дагуу бүтээн байгуулалт хийгдсэн...” гэсэн, шүүгдэгч Д.*ын “...Үндсэн Хуулийн Цэцийн барилгыг бариулсан хүн нь өөрөө Нийслэлд хандаад тус барилгыг бариулсан байна. Тусгай хамгаалалттай газар гээд байгаа газарт төрийн маш олон хүн байдаг. Бид нар хүсэлтээ өгөөд л авсан шүү дээ. Тодорхой хэмжээнд аялал жуулчлалын зориулалтаар бүтээн байгуулалт хийгдсэн. Төрийн байгууллагаас бүгд зөвшөөрсөн. ...Бусад төрийн албан хаагчдын барилга, нийслэл өөрөө тийшээ нүүгээд очсон шүү дээ. Энэ газар чинь ашиглах газар шүү дээ, Байгаль орчны яамнаас ч юм уу зохих байгууллагаас ирээд дээрх газар ашиглах эрхийг цуцлах боломжтой. ...Тухайн газарт зам тавьж байгаа, дархан цаазтай гэх газруудад бүгд л барилга бариад явж байгаа. Ямар ч асуудал байхгүй байна...” гэсэн мэдүүлгүүдийг үндэслэн хэрэгт тусгагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг үгүйсгэж, тухайн хэргийг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй буюу “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан “Аялал, жуулчлал, судалгаа шинжилгээ, нөхөн сэргээлт” зэрэг тодорхой төрлүүдээс бусад зорилгоор Дархан цаазат газарт бүтээн байгуулалт хийхийг хориглосон байхад төрийн байгууллагаас дээрх хуулийн заалтыг зөрчиж зөвшөөрөл олгож буй нь хууль бус үйл ажиллагаа байж болзошгүй байна. Иймд ямар шалтгаанаар хууль зөрчиж үйл ажиллагаа явуулаад байгааг тогтоохоор төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг шалгах шаардлагатай” гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.*, Т.Б- нар нь “Хүн байнгын амьдрах зориулалттай таун, сингл хаус бүхий хороолол”-ыг барьж, бусдад өндөр үнээр зарж борлуулж ашиг олох зорилгоор бусдыг төөрөгдөлд оруулахаар “Залилах” гэмт хэргийн арга хэрэгсэл болгосон “Усан спорт цогцолбор, Цэцэрлэгт хүрээлэн” бүхий барилга, байгууламжийг бүтээн байгуулах төсөл, уг бодит байдал дээр биелэгдэх боломжгүй төслийн хүрээнд зөвшөөрөл хүссэн хүсэлтийн дагуу “Аялал, жуулчлалын зориулалттай барилга, байгууламж” барих зөвшөөрлийг хууль, журмын дагуу олгосон төрийн холбогдох албан тушаалтнуудыг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

 

Долоо. Прокуророос “...Яллагдагч Д.*, Т.Б-тай нар бүлэглэн, залилах гэмт хэргийн улмаас олж авсан Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд 28.820.000.000 төгрөгийн үнэ бүхий 65,5 га газраас Т.Б-гийн төрсөн эх Ж.Жавзандуламын үүсгэн байгуулсан “******” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21,8 га газрыг эрхийг “******” ХХК-ийн хамт “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Л-д 3.273.000.000 төгрөгийн эд хөрөнгө, авлагаар худалдахаар тохирч, 2015 онд “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Л-гийн дүү Д.Эрдэнэбилэгийн нэр дээр 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “******” ХХК-г Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай бүсэд орших “Ташгайн ам”-нд 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21,8 га газрыг эрхийг шилжүүлэн өгсний хариуд н.Бадралаас авах авлага 1.027.000.000 төгрөг,

Аяллын автобус 41-82 УБМ улсын дугаартай 410.800.000 төгрөг,

“Toyota land cruiser 80” загварын 70-76 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 36.972.000 төгрөг,

“Lexus 470” загварын 40-41 УНК улсыг дугаартай тээврийн хэрэгсэл 57.512.000 төгрөг,

“Hummer” загварын 77-00 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 308.100.000 төгрөг,

“Lexus GS-350” загварын 29-63 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 31.620.000 төгрөг,

“BMW” загварын улсын дугаар аваагүй тээврийн хэрэгсэл 98.592.000 төгрөг,

“Bentley” загварын 06-66 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 308.100.000 төгрөг,

“Lexus 570” загварын 39-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 184.860.000 төгрөг,

“Toyota land cruiser 200” загварын 67-89 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 195.130.000 төгрөг,

“Benz” загварын 34-38 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 205.400.000 төгрөг, нийт 2.935.976.000 төгрөгийн эд хөрөнгө, авлага зэргийг 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилсөн. ...” гэж “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол болон прокурорын яллах дүгнэлтэд тусгаж, тухайн үйл баримтын хүрээнд шүүгдэгч нарыг “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн, мөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад шүүхээс иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн, улсын яллагчийн яллаж буй үйл баримтад тусгагдаагүй агуулгаар буюу "Бетон зуурмагийн үйлдвэрийг Д.*ын нэр дээр шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй байна” гэж дүгнэж, хэргийн прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн буюу мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрсөн гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/479 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Л-гийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд прокурорын эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: “...прокурорын эсэргүүцэлд “...нийт 2.935.976.000 төгрөгийн эд хөрөнгө, авлага зэргийг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр авч, гэмт хэргийн улмаас олон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилсөн гэж Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол болон прокурорын яллах дүгнэлтэд тусгаж, тухайн үйл баримтын хүрээнд шүүгдэгч нарыг “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн, мөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад шүүхээс иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн, улсын яллагчийн яллаж буй үйл баримтад тусгагдаагүй агуулгаар буюу “Бетон зуурмагийн үйлдвэрийг Д.*ын нэр дээр шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй байна” гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна гэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх талуудын маргаагүй, иргэний нэхэмжлэлээр нөхөн төлүүлэхээр шаардаагүй асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн тухайд:

Шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ бетон зуурмагийн үйлдвэрийг Д.*ын нэр дээр шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь шүүх талуудын маргаагүй, иргэний нэхэмжлэлээр шаардаагүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Тодруулбал, Богд хан Уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүс дэх Ташгайн амд байрлах 21,8 га газрын эрхийг “******” ХХК-ийн хамт шилжүүлэхдээ 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх, шилжүүлэн авах тухай гэрээний 1.3-т “Талууд худалдан авахаар харилцан тохиролцсон 21.8 га газрыг нийт 3.27 төгрөгийн үнэ бүхий зүйлээр солихоор тохиролцов” гэж зааж хавсралтаар гэрээний төлбөр болох хөрөнгө хүлээлцэх актыг дараах байдлаар үйлдэж, эд хөрөнгөнүүдийг хүлээлцсэн байдаг

Хөрөнгийн нэрс

Улсын дугаар

Үнийн хэмжээ /төгрөг/

1

Иргэн Р.Бадралаас авах авлага

 

1,027,000,000

2

Бетон завод

 

308,100,000

3

Аяллын автобус

41-82 УБМ

410,800,000

4

Ланд 80 /Лексус/

70-76 УБЛ

36,972,000

5

Лексус 470

40-41 УНК

57,512,000

6

Хаммер1

77-00 УНЭ

308,100,000

7

Лексус 350

29-63 ДАХ

61,620,000

8

Ланд 100

78-78 УНЛ

71,890,000

9

ВММ

Дугаар аваагүй

98,592,000

10

Бенгли

06-66 УНЕ

308,100,000

11

Лексус 570

39-00 УЫЕ

184,860,000

12

Ланд 200

67-89 УНТ

195,130,000

13

Бенз

34-38 УНБ

205,400,000

 

 

нийт

3,273,000,000

 

Дээрх байдлаар хөрөнгө хүлээлцэх акт үйлдэн, автомашинууд, иргэн н.Бадралаас авах авлага зэргийг шилжүүлсэн. Харин бетон завод буюу бетон зуурмагийн үйлдвэрийг шилжүүлээгүй. Бетон зуурмагийн үйлдвэрийг шилжүүлээгүй тул гэрээний нийт 3.273.000.000 төгрөгийн төлбөрөөс бетон зуурмагын үнэ 308.100.000 төгрөгийг хасаж, Д.*т шилжүүлэн өгсөн хөрөнгийн нийт үнэ 2.964.900.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон иргэний нэхэмжлэлээр шаардсан болно. Нөгөөтээгүүр прокурорын яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтээр бетон зуурмагийн үйлдвэрийг шилжүүлэн авсан гэж шүүгдэгч нарыг буруутгадаггүй.

Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад дээрх гэрээнд тусгагдсан бетон зуурмагыг өгөөгүй тухай иргэний нэхэмжлэгч Б.Л- 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “...гэрээний дагуу Д.*т тухайн автомашин болон иргэн н.Бадралаас авах авлагыг хүлээлгэн өгсөн. Харин бетон зуурмагийн үйлдвэрийг өгч амжаагүй байсан” гэж, Т.Б- 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “зуурмагийн үйлдвэрээ надад шилжүүлэн өгөөгүй” гэж тус тус мэдүүлсэн. Түүнчлэн шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.* “... үйлдвэрээ одоо хүртэл надад өгөөгүй” гэж, “Нүдээр 11 машинуудаа харсан уу” гэхэд “Би хараагүй, төлөөллөө явуулсан ... үйлдвэрээ аваагүй” гэж, “... үйлдвэр өгөөгүй, хэрүүл маргаан байхгүй” гэж гэрээний хавсралт хөрөнгө хүлээлцсэн актаас зөвхөн бетон зуурмагийн үйлдвэрийг аваагүй, гэрээнд тусгагдсан автомашинуудыг шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргадаггүй нь хангалттай нотлогдож байгаа болно. Шүүгдэгч нар нь бетон зуурмагийн үйлдвэрийг хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарласан, иргэний нэхэмжлэгчийн зүгээс үйлдвэрийг хүлээлгэн өгөөгүй тул хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагадаа оруулаагүй байтал шүүх талуудын маргаагүй, яллах дүгнэлтээр шүүгдэгч нарыг буруутгаагүй асуудлаар “...бетон зуурмагийн компанийг Д.*ын нэр дээр шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.

2. Иргэний нэхэмжлэгчээр оролцвол зохих этгээд Б.Л- мөн тухайд:

Б.Л- нь Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх газрын мөрдөгч Г.Мөнхбатын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 2-т заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл Б.Л- нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн тул уг хохирлыг хариуцвал зохих этгээд болох Д.*, Т.Б- нарт холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй юм. Тодруулбал, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлгүүддээ Б.Л-д “******” ХХК-ийг шилжүүлэн өгсөн талаараа удаа дараа мэдүүлсэн. Хэргийн нөхцөл байдлын хүрээнд Б.Л- нь өөрийн хөрөнгөө Д.*, Т.Б- нарт шилжүүлэн өгч “******” ХХК-ийг авсан нь бүрэн тогтоогддог. Тиймээс Б.Л- нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээд мөн тул шүүгчийн захирамжид иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээд хэн байсан эсэхэд эргэлзээ төрөхөөр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргах учиртай. Гэтэл дээр өгүүлсэнчлэн хэргийн үйл баримт нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байтал “эргэлзээ төрөхөөр байна” гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж буй нь буруу байна. Иргэний нэхэмжлэлийн хүрээнд яг ямар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг нэмэлтээр хийх шаардлагатай гэж үзсэн гэдэг нь тодорхойгүй байна. Дээрх байдлуудаас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл, дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3-т зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн
2022/ШЗ/479 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...бичгээр гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна. “******” ХХК-ийн 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс буюу Хонгконг-д үүсгэн байгуулагдсан гэрчилгээ хэрэгт авагдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд “******” ХХК-иас олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Шүүгдэгч Н.Б-, Б.Ц- нар нь БНХАУ-н иргэн ******аас бэлнээр мөнгө авсан талаарх баримтын эх хувийг хэрэгт хавсаргасан байгаа. Мөн “Сайхан Ордос Туурь” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны данснаас мөнгө шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шийдвэрт “******” ХХК нь хохирогч мөн эсэх, хэдэн төгрөгийн хохирол учирсан, хэрвээ ****** уг мөнгийг компанийн өмнөөс өгч байсан бол яагаад санхүүгийн анхан шатны баримт маягт үйлдэлгүйгээр бэлнээр өгч баримт үйлдүүлдэг байсан, шүүгдэгч нарт өгсөн гэх бэлэн мөнгөний эх үүсвэрийг олж тогтоох, хохирогчоор ****** тогтоогдох эсэх, өөр хувь хүн байгууллага, хуулийн этгээд тогтоогдох байсан эсэхийг нэг мөр шалгуулахаар мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай.” гэсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй. Шүүгдэгч Н.Б-, Б.Ц- нар нь БНХАУ-н иргэн ******аас бэлнээр мөнгө авсан баримт дээрх гарын үсэг нь шинжээчийн дүгнэлтээр тэдний гарын үсэг мөн болох нь тогтоогдсон, мөн шүүгдэгч нар гарын үсгийг хуурамчаар үйлдсэн талаар маргаагүй. БНХАУ-ын иргэн ****** нь дээрх мөнгийг “******” ХХК-ийн “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалт, “Сайхан ордос туурь” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол Улсын Гашуун сухайт хилийн боомтоос БНХАУ-ын “Ганц мод” хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын төсөл”-д хөрөнгө оруулалт хийх зорилгоор байгуулсан тогтвортой байдлын гэрээ болон хамтран ажиллах гэрээний дагуу өгсөн байдаг тул “******” ХХК-ийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд нь ******ийн үүсгэн байгуулсан “Оуяатоузы” ХХК-ийн дансаар дамжуулан 5.000.000 ам.долларыг шилжүүлсэн байдаг бөгөөд гүйлгээний утга дээр нэрийг нь зөрүүтэй бичсэн, мөн “Дунфа Ми Еэ” ХХК болон “Оуяатоузы” ХХК нь “******” ХХК-ийн хамаарал бүхий охин компани болох талаар тодорхой мэдүүлэг өгсөнөөс гадна тухайн компаниудыг ****** үүсгэн байгуулсан талаар хуулийн этгээдийн лавлагаа хэрэгт авагдсан байгаа болно. Хэдийгээр гэрээг “Дунфа Ми Еэ” ХХК байгуулж, “Оуяатоузы” ХХК-ийн дансанд мөнгө орж ирдэг ч эдгээр компаниудын хамтран ажиллах гэрээ болон тогтвортой байдлыг гэрээг үндэслэж мөнгийг авч байгаа учир “******” ХХК-ийг хохирогчоор тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан баримтыг үндэслэн юань, ам.доллар авсан цаг хугацаагаар буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар хохирлын хэмжээг нэг мөр тогтоосон учир энэ асуудлыг тогтоохоор  ******аас дахин мэдүүлэг авах шаардлагагүй.

Хоёр. Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 6 дугаартай “Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолоор “Гашуун сухайт”, “Шивээ хүрэн” боомтыг ачаа болон зорчигчдын хөдөлгөөний урсгалыг төрөлжүүлэн саадгүй нэвтрэх боломжтой, дэд бүтэц, суурин газар бүхий олон улсын жишигт нийцсэн хилийн боомт болгон өргөтгөх ерөнхий төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэл, холбогдох төслүүдийн хамт боловсруулахыг Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Хууль зүйн сайд, Эрдэс баялаг эрчим хүчний сайд, Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд нарт даалгасан. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах газрын дарга нарын түвшний уулзалтын механизмын 2 дугаар уулзалтын протокол 2010 оны 7 дугаар сарын 05-аас 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Монгол, Хятадын хилийн “Гашуун сухайт-Ганц мод” боомтод болсон байдаг. Уг уулзалтын протоколд “Гашуун сухайт-Ганц мод, Шивээ хүрэн-Сэхээ” боомтуудад хил дамнасан нүүрс тээвэрлэх конвейр барих төслийг хэрэгжүүлэхийг хоёр тал зөвшөөрч, хоёр тал энэхүү төслийг хэрэгжүүлэх, хяналт тавих зэрэг асуудлаар тусгайлан шуурхай зөвлөлдөж, холбогдох хэлэлцээрийг байгуулсны дараагаар хоёр талын аж ахуйн нэгж байгууллагууд 2011 оны эхний хагас жилд конвейрийг барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон. Үүний дагуу хоёр тал буюу Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд “Гашуун сухайт-Ганц мод” боомтуудад хил дамнасан нүүрс тээвэрлэх конвейр барих хэлэлцээрийг байгуулаагүй байхад хоёр талын аж ахуйн нэгж байгууллагууд харилцан тохиролцож “Гашуун сухайт, Ганц мод” боомтын хооронд нүүрс тээвэрлэх туузан дамжуургын систем байгуулах төслийг хэрэгжүүлэх боломжгүй байсан болох нь нотлогдоно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Алтанхуяг “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн дэд бүтцийн 3/1-ийг БНХАУ-ын Засгийн газрын зээлийн хөрөнгөнөөс гаргаж хийхээр Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ ажил нь хийгдсэн, БНХАУ-ын аль нэг компаниар хийлгэнэ гэсэн асуудал байгаагүй...” гэсэн мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Анхан шатны шүүх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлж, нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгах нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Гурав. Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нар хэзээ, хаана, хэрхэн танилцсан талаар мэдүүлгүүдийг тодорхой өгсөн бөгөөд олон жилийн өмнө болсон үйл явдал учраас зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй талаараа ч мөн дурддаг. Нэгэнт шүүгдэгч нар энэ талаар нарийн тодорхой санахгүй байгаа тул дахин мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй юм. Монгол Улсын Засгийн Газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, “Europe Asia International Investment Holdings”-ийн захирал БНХАУ-ын Вү Сэн Чиан нарын хооронд байгуулсан гэх “Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн тогтвортой байдлын гэрээнүүд нь хуурамч болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн уг гэрээг хэн боловсруулсныг олж тогтоо гэж байгаа шүүхийн заалт ойлгомжгүй байна. Нэгэнт уг тогтвортой байдлын гэрээ нь хуурамч болох нь тогтоогдсон тул энэхүү гэрээг хэн байгуулсан гэдгийг тогтоох шаардлагагүй.

Дөрөв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б- нь эрх бүхий албан тушаалтнуудын хуурамч гарын үсэг, тамга тэмдэгтэй албан бичгүүдийг П.Ариунболдоор үйлдүүлдэг байсан гэдгээ мэдүүлдэг. Энэ дагуу П.Ариунболдыг гэрчээр асуухад тэрээр “ Н.Б-, Б.Ц- гэх хүмүүсийг танихгүй. Би 2010 оноос АНУ-аас ачаа тээвэр карго, автомашин болон сэлбэг захиалгаар оруулж ирж бизнес хийж байсан юм. ...* ахтай түүнээс хойш танилцаж машин захиалж, өөрийнх нь барьсан оффисыг нь түрээсэлж байсан. ... Б-гийн ярьж байгаа шиг бичиг баримтыг хуурамчаар үйлдээгүй” гэж мэдүүлсэн. Ариунболд гэдэг нэртэй  маш олон хүн байгаа ч шүүгдэгч Д.*, Н.Б- нараас мэдээлэл авсны дагуу олж, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан. Дээрхээс үзэхэд эрх бүхий албан тушаалтнуудын хуурамч гарын үсэг, тамга тэмдэгтэй албан бичгүүдийг үйлдсэн гэдгээ шүүгдэгч Н.Б- мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрсөөр ирсэн.

Тав. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд, түүний өмгөөлөгч Э.Билгүүн нараас “...ашигт малтмалын лицензийн төлбөрийг Д.Кекүшюзанбатбаяр өөрийн жолооч Г.Нэмэхээр дамжуулж тушаалгасан, тэр мөнгийг бидэнд буцааж өгөөгүй...” гэж мэдүүлдэг. Үүний дагуу шалгахад Д.*ын жолооч Г.Нэмэх гэх этгээдээр дамжуулан нийт 44 удаагийн гүйлгээгээр 1.030.390,12 ам долларыг ашигт малтмалын лицензийн төлбөрт тушаасан нь тогтоогдсон. Тухайн үед ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан нэр бүхий 8 компани байсан бөгөөд энэ 8 компанийн нэрээр ашигт малтмалын лицензийн төлбөрийг төлсөн байдаг. Гэвч “Оуяатозы” ХХК болон “Домен” ХХК-ийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Wang Yabin, “Итгэлт хүлэг” ХХК-ийн захирал Д.Энхтөр нар нь Ашигт малтмалын газарт албан бичиг хүргүүлж тусгай зөвшөөрлийн илүү төлсөн төлбөрийн буцаалтыг авсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ үйлдэлд Д.* болон түүний жолоочоор ажиллаж байсан Г.Нэмэх нар оролцсон болох нь тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, яллах дүгнэлтэд дурдаагүй үйл баримтын талаар шүүх өөрийн үзэмжээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр заасан тул энэ асуудлыг шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Анх энэ хэрэгт Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс ажиллагаа явуулж байгаад харьяаллын дагуу шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ Б.Ц-ийн гэрт нэгжлэг хийж хураан авсан баримтуудыг хамт шилжүүлээгүй. Гэхдээ хэрэгт авагдсан бусад баримтуудаар хэргийн бодит нөхцөл байдал тогтоогдож байгаа гэж үзсэн. ...” гэв.

 

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Миний хувьд шүүхийн захирамжийн 6, 7 дугаар заалтуудад эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч нар төрийн байгууллагуудад газар эзэмших хүсэлтээ өгөхдөө Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар газар ашиглахаар, үүнтэй холбоотой төсөл, хөтөлбөрүүдээ гаргаж өгч холбогдох албан тушаалтнуудаас зөвшөөрөл авсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.*, Т.Б- нарыг бүлэглэн Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Арцатын ам”, “Чулуутын ам”, “Ташгайн ам” гэх газруудад газар эзэмших, тус эзэмшсэн газарт барилга орон сууц барьж, бусдад худалдан ашиг олох зорилгоор, бодит байдлыг нуух цамаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч, төрд нийт 28.820.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан, улмаар гэмт хэрэг үйлдэж олж авсан хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн цар хүрээнээс хальсан гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр, шүүгдэгч нар холбогдох төрийн байгууллагаас барилга байгууламж барих зөвшөөрөл гаргуулахдаа аялал жуулчлалын зориулалтаар гэх хүсэлтүүдийг гаргасан. Үүний дагуу төрийн байгууллагаас гарсан зөвшөөрлүүд нь бүгд аялал жуулчлалын зориулалттаар гэж гарсан. Гэтэл “Хүн байнгын амьдрах зориулалттай таун, сингл хаус бүхий хороолол” барих зөвшөөрлийг олгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үгүйсгэж, тухайн хэргийг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй буюу “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан “Аялал, жуулчлал, судалгаа шинжилгээ, нөхөн сэргээлт” зэрэг тодорхой төрлүүдээс бусад зорилгоор Дархан цаазат газарт бүтээн байгуулалт хийхийг хориглосон байхад төрийн байгууллагаас дээрх хуулийн заалтыг зөрчиж зөвшөөрөл олгож буй нь хууль бус үйл ажиллагаа байж болзошгүй, иймд ямар шалтгаанаар хууль зөрчиж үйл ажиллагаа явуулаад байгааг тогтоолгохоор төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг шалгах шаардлагатай” гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн шүүгдэгч Д.*, Т.Б- нар нь “******” ХХК-ийн нэр дээр авсан газрыг “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Л-д зарж хариуд нь нийт 2.935.976.000 төгрөгийн эд хөрөнгийг авсан. Гэрээн дээр бетон зуурмагийн үйлдвэр гэж тусгагдсан байдаг ч энэ үйлдвэрийг аваагүй гэдэг нь шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, газрыг нэр дээрээ шилжүүлж авсан Д.Эрдэнэбилэг нарын мэдүүлгээр нотлогддог. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд бетон зуурмагийн үйлдвэрийн асуудлыг мөнгө угаасан үйлдэлд оруулаагүй байхад энэ асуудлыг шалгуулахаар буцааж байгаа нь үндэслэлгүй. Мөн Б.Л-г иргэний нэхэмжлэгч мөн эсэх талаар дурдсан. Б.Л- нь “Уран Ган” ХХК-ийн захирал бөгөөд гэрээ хийхдээ өөрийн дүү Д.Эрдэнэбилэгийн нэр дээр газрыг шилжүүлсэн байдаг. Тухайн газрын хариуд өгсөн эд хөрөнгө нь “Уран Ган” ХХК-ийн үйл ажиллагаанаас олсон орлого буюу автомашинуудыг өгсөн. Мөн н.Бадралаас авах авлага 1.027.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.*, Т.Б- нарт шилжүүлсэн байдаг. Иймд Б.Л-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй. ...” гэв.

 

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж байна. Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

 

Хохирогч “******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболдын өмгөөлөгч Л.Данзанноров тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэрэгт шалгах ёстой нөхцөл байдлууд бүгд шалгагдаж тогтоогдсон, хавтас хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс “....хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд нь хохирогчоор тогтоогдсон “******” ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэх, мөн ******тай 1 удаа цахим сүлжээгээр харьцаж хэргийн талаарх мэдээлэл авсан нь “******” ХХК-ийн захирал ******ийг бүрэн дүүрэн төлөөлж чадах эсэхэд эргэлзээ төрөхөөр нөхцөл байдал үүслээ...” гэж дүгнэсэн. Энэ компани нь нэг гишүүнтэй компани бөгөөд компаниараа шүүгдэгч нартай тохиролцоо хийж байсан. Хэрэв шүүхээс хохирогчийг буруу тогтоосон гэж үзвэл заавал прокурорт буцаахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогчийг өөрчлөн тогтоох боломжтой. Гэхдээ хохирогчийг зөв тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс санхүүгийн баримт дутуу байна гэж үздэг ч хэрэгт мөнгө өгч, авч байсан холбогдох баримтууд эх хувиараа хавсаргагдсан, баримтууд дээрх хурууны хээ, гарын үсэг нь талуудынх мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б- нь хохирол төлж барагдуулсан эсэх нь эргэлзээтэй, шалгах шаардлагатай гэж дүгнэсэн. Шүүгдэгч хохирлоо төлсөн талаарх баримтаа гарган өгч, хохирлоос хасаж тооцуулах, шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Баримтгүй байхад нь баримтаа гаргатал нь нэмэлт ажиллагаанд буцаагаад байх боломжгүй. Мөн шүүгдэгч нарт өгсөн мөнгөний эх үүсвэрийг олж тогтоох шаардлагатай гэсэн байна. ****** өөрөөсөө гаргасан мөнгөө шүүгдэгч нарт залилуулж, одоо буцааж авч чадаагүй байгаа асуудлыг шалган шийдвэрлэх шаардлагатай болохоос шүүгдэгч нарт ирсэн мөнгө нь ямар эх үүсвэртэй талаар шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Хэрвээ үнэхээр шаардлагатай бол өөрийнх нь улс оронд жич шалгаж шийдвэрлэх нь зүйтэй. Мөн шүүгчийн захирамжид шүүгдэгч Б.Ц-ийн гэрээс хураан авсан баримтуудыг хэрэгт хавсаргах шаардлагатай гэжээ. Эдгээр баримтууд ямар баримтууд байсан гэдэг нь баримт хүлээлцсэн тэмдэглэлд бичигдсэн байгаа. Эдгээр баримтууд нь “Сайхан ордос туур” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Гашуун сухайт, Ганц модны боомтын хооронд нүүрс тээвэрлэх туузан дамжуургын систем байгуулах төсөл нь бодитой хэрэгжих байсан гэдгийг нотлох гэж гаргаж өгсөн баримт гэж ойлгож байгаа. Иймд эдгээр баримтууд хэрэгт чухал ач холбогдолтой гэж үзэхгүй байна. Түүнчлэн шүүгдэгч Д.* болон Н.Б- нарын танилцсан цаг хугацаа зөрүүтэй талаар захирамждаа дурдсан. Нэгэнт мөнгө хүлээлцсэн, шилжсэн баримтууд тодорхой цаг хугацаатай байгаа учир эдгээр хүмүүсийн танилцсан цаг хугацааг тааруулах гэж нэмэлт ажиллагаанд буцааж байгаа нь үндэслэлгүй. Шүүгчийн захирамжид Ургамал, Ариунболд гэх хүмүүсийг дурддаг. Өнөөдрийн байдлаар Ариунболд гэдэг нэртэй 5225 хүн Монгол Улсад амьдардаг, Ургамал нь гадаад улсад байгаа энэ мэт тодорхойгүй хүмүүсийн араас хөөцөлдөж, үндсэн хэрэг болон эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийн эрх ашгийг сэргээх, хэргийг хурдан шуурхай илрүүлэх зорилтыг сааруулах ёсгүй. Иргэний хариуцагчаар тогтоогдсон Ц.Энхтөр нь лиценз цуцлагдсан компанийг мэдсээр байж лицензийн төлбөр хийгээд буцааж авсан асуудал байгаа. Гэвч энэ асуудал нь энэ хэрэгтэй хамаагүй учир яллагдагчаар татаагүй. Ц.Энхтөртэй өглөг, авлагатай байсан эсэхийг шалгуулах хүсэлт гаргаагүй байхад шүүх хөндлөнгийн байр сууриа алдаж энэ асуудлыг шалгуулахаар буцааж байгаа нь учир дутагдалтай. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч “******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболдын өмгөөлөгч Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчөөрөө яриулах хүсэлтэй байна. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Л-гийн өмгөөлөгч Б.Даваажанцан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...бидний зүгээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй асуудлыг шүүх захирамждаа дурдаж хэргийг буцаасан. Хэдийгээр бетон зуурмагийн үйлдвэрийг худалдах, худалдан авах гэрээний хавсралтад өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүй учраас үнийн дүнд оруулж нэхэмжлээгүй. Бетон зуурмагийн үйлдвэрийг шүүгдэгч Д.* хүлээж аваагүй гэдгээ, Б.Л- хүлээлгэн өгөөгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Иргэнийн нэхэмжлэгчээс нэхэмжлээгүй, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй асуудал буюу бетон зуурмагийн үйлдвэрийг хүлээлцээгүй байхад энэ асуудал тодорхой бус байна хэмээн анхан шатны шүүхээс буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх “...****** ХХК-ийг худалдан авах гэрээг харахад худалдан авагч талаас Д.Эрдэнэчимэг гэх хүн гарын үсэг зурж худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл Б.Л-гийн иргэний хариуцагч, гэрчээр өгсөн мэдүүлэг зөрүүтэй буюу бетон зуурмагийн үйлдвэрийг Д.*ын нэр дээр шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Мөн ****** ХХК-ийг яагаад дүүгийнхээ нэр дээр шилжүүлэн авсан атлаа 100 хувийн хувьцааг эзэмшиж байгаа, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээд хэн байсан эсэхэд эргэлзээ төрөхөөр байна. Иймд нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай. ...” гэсэн үндэслэлийг дурдаж хэргийг прокурорт буцаасан. Гэрээнд Эрдэнэчимэг биш Д.Эрдэнэбилэг гэдэг хүн гарын үсэг зурсан. Б.Л- нь өөрийн эхнэрийн төрсөн дүү Д.Эрдэнэбилэгээр төлөөлүүлэн компанийн хувьцааг худалдан авсан байдаг. Энэ нь Д.Эрдэнэбилэгийн хоёр удаагийн гэрчийн мэдүүлэг, Ж.Жавзандуламын удаа дараагийн тайлбар, шүүгдэгч Д.* болон Б.Л-гийн мэдүүлгээр нотлогддог. Хөрөнгийг гаргасан, гэрээний тохиролцоо хийсэн этгээд нь Б.Л- юм. Энэ утгаараа Б.Л-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.*, Т.Б- нарын өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд хохирогч болон хохирлын асуудал тэргүүнд тавигддаг. Прокурорын зүгээс хохирогчийг яг хэн бэ гэдэг асуудалд тодорхой хариулт өгч чадахгүй байна гэж үзсэн. Учир нь, шүүгдэгч нарыг “******” ХХК-д бодит хохирол учруулсан гэж дүгнэдэг. “******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ****** 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ өөрийн хувиас болон компаниараа нэр бүхий хүмүүст мөнгө өгсөн талаараа мэдүүлсэн байдаг.

Мөн шүүгдэгч Н.Б-, Б.Ц- нар нь “******” ХХК-ийг мэдэхгүй, ****** гэдэг хүнээс мөнгө авсан талаараа мэдүүлдэг. Түүнчлэн, “******” ХХК-ийн дансанд “Оуяатоукы” ХХК-иас хөрөнгө оруулалт нэрээр 5.000.000 ам.доллар орсон. Анхан шатны шүүхээс энэ хохирлын мөнгө хаанаас гарсан талаар, эдгээр компаниуд хоорондоо хамааралтай эсэх талаар шалган тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Хохирогч ******аас “...надад 6.400.000.000 төгрөгийн хохирлыг Н.Б-, Д.* нар учруулсан...” гэж тайлбарладаг. Гэтэл шүүгдэгч Н.Б- “...би 1.200.000.000 төгрөгийн хохирол учруулсан, үүнийгээ төлж барагдуулсан....” гэж мэдүүлдэг, үүнийг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхболд баталдаг. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ 2.884.640.900 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Тэгэхээр хохирлыг хөдөлбөргүйгээр тогтоосон баримт хавтас хэрэгт байдаггүй. Мөн шүүгдэгч Н.Б-, Д.* нарын үйлдэл, оролцоог хохиролтой холбоотой нарийн тодорхойлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Б-, Д.* нарын хамтарсан үйлдэл оролцоо 2008 оны 9 дүгээр сарын 10-ний өдөр эхэлсэн гэдэг ч, яллах дүгнэлтэд 2009 оны 5 дугаар сарын 8-ний өдрөөр тооцсон байдаг. Үндсэндээ Н.Б-, Д.* нарын үйлдлийг гэмт хэрэг гэж үзээд байгаа бол энэ гэмт хэрэг 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөр төгссөн байдаг. Хамгийн сүүлд Н.Б- хохирол гэх зүйлийг машин, газар, бэлэн мөнгөөр барагдуулаад дууссан. Эндээс үзэхэд Н.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хуучин хуулиар болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн дагуу Н.Б-гийн үйлдэл оролцоонд мөрдөн шалгах ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан. Н.Б-гийн Ургамал, ****** гэх хүмүүсийн хэлсний дагуу үйлдсэн гэх 32 хуурамч бичиг баримт авагдсан байдгаас прокурор 7 баримтыг ялган авч, үлдсэн 25-ийг яллах дүгнэлтэд огт ашиглаагүй. Энэ 7 баримтыг Д.*тай танилцсан он, цагийг хамааруулж сонгож авсан. Тэгэхээр энэ хамаарал, үйлдэл оролцоог нарийн тогтоохын тулд он, цагийн зөрүүг арилгах зайлшгүй шаардлагатай. Нотлох баримт алга болсон асуудлыг өмгөөлөгч нарын зүгээс үзэхдээ цагаатгах талын нотлох баримтуудыг түүж аваад санаатайгаар алга болгосон гэж үздэг. Гэтэл прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэр гаргах ёстой гэж тайлбарлаж байгаа нь зөвхөн яллах талын нотлох баримтыг хэрэгт хавсаргасан буюу яллах, цагаатгах аль аль талыг баримтлах чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзсэн. Энэ талаарх шүүгчийн захирамж үндэслэлтэй. Шүүгдэгч Н.Б-гийн данснаас “Ханги Мандал” ХХК-ийн данс руу 1.400.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг шүүгдэгч Б.Ц- тайлбарлахдаа “...туузан дамжуургын төсөл хэрэгжүүлэх зорилгоор “Ханги Мандал” ХХК-иас газар худалдаж авсан мөнгө. Тухайн үед ******ад ийм хэмжээний мөнгө байгаагүй учир Д.*, Н.Б- нараас зээлж авсан. ...” гэж тайлбарладаг. Энэ шилжүүлгийн баримтаас үзэхэд 139.5га газрыг “Ханги Мандал” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр тухай үеийн Засаг даргаас гарсан байна. 2011 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын тушаалаас үзэхэд Ханги Мандал ХХК-ийн хувьцааны 5 хувийг Б.Ц-ийн эхнэрийн дүү н.Мягмарсүрэн эзэмшдэг, ****** 80 хувь, Ургамал 15 хувийг тус тус эзэмшдэг 95 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компани байж. Энэхүү компани тухайн үедээ нэг жилийн хугацаатай үүсгэн байгуулагдаж, дуудлага худалдаанд дурдсан 1.400.000.000 төгрөгийг төлж 139.5га газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авчээ. Дээрх баримтууд нь шүүгдэгч Д.*, Б.Ц- нарын мэдүүлгүүдтэй таардаг ба үнийн дүнг тухайн үеийн Монгол банкны ханшаар бодож үзэхэд зөрүүгүй гардаг. Энэ бүх үйлдэл оролцоонд Ургамал гэх хүн байнгын яригддаг. Гэтэл энэ хүнийг нэг ч удаа гэрчээр асуугаагүй. Хэргийн гол зангилааг мэдэж байгаа хүнийг гэрчээр асуугаагүй, асуух шаардлагагүй гэж эсэргүүцэл бичиж байгаа нь туйлын үндэслэлгүй юм. Мөн газар эзэмших зөвшөөрөл авсан асуудалд эсэргүүцэл бичсэн байна. Монгол Улсын Их Хурлаас Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16-р хорооны нутаг дэвсгэр буюу Нисэх, Яармаг, Арцтын хөндий орчмыг шинэ суурьшлын бүс гэж зарласан. Үүний дагуу төв инженерийн шугам, сүлжээг татах төсвийг Засгийн газрын 2010 оны 343 дугаар тогтоолоор баталж, шугам сүлжээг татсан байна. Үүний дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны тогтоолоор иргэн, аж ахуй нэгжүүдэд барилга барих зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, зөвшөөрлүүдийн хүрээнд барилга баригдаж эхэлсэн. Энэ газрын тухай асуудал анх удаа залилсан гэх асуудлаар шүүхэд шилжиж байна. Өмгөөлөгч нараас дүрс бичлэгийн судалгаа хийж хэрэгт хавсаргасан. Хэргээс харахад нэг дор байрлалтай 3 газарт 3-ууланд нь ижил төрлийн эрүүгийн хэрэг үүсгэж, нэгийгх нь хэрэг бүртгэлтийг хааж, нэгийг нь эрүүгийн хэргийн шинжгүй гэж хааж, нэгийг нь шүүхэд шилжүүлсэн байгаа. Мөн прокуророос 93 хаусыг барьсан гээд байгаа боловч эдгээр хаусыг зөвхөн Д.*, Т.Б-, Ч.Батзориг гэх хүмүүс бариагүй юм. Нийт 46 иргэн, аж ахуй нэгжүүд нийлж, өөрсдийн хөрөнгөөр эдгээр хаусыг барьсан байхад зөвхөн Д.*, Т.Б- нарыг хэрэгт яллагдагчаар татаж байгаа нь Эрүүгийн хуульд заасан нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдоогүй гэж үзэхэд хүргэж байна. Прокуророос шүүгдэгч нарыг 6 газрын асуудлаар яллаж анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1 газартай холбоотойгоор яллаж, үндсэндээ яллах дүгнэлтээсээ буцсан. Бусад 5 газар нь бусдад шилжсэн. Иймд энэ асуудлыг дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх хуралдааны дараа Б.Л- нь бидэнтэй өөрөө холбогдож “...гэрээгээ биелүүлье, бетон зуурмагийн үйлдвэрийнхээ оронд хөөсний үйлдвэр өгье. ...” зэргээр залгаж, мессеж бичээд байгаа. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай гэж үзэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.*, Т.Б- нарын өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан хохирогч гэдэг ойлголтод “******” ХХК орох эсэх, ****** хохирогч мөн эсэх асуудал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас яригдсаар ирсэн. Шүүхийн хэлэлцүүлэг 5 өдрийн турш үргэлжилсэн, энэ хугацаанд хэрэгт авагдсан баримтуудыг нарийвчлан хэлэлцсэн. Ингэж хэлэлцэх үед “******” ХХК-иас гадна ““Евроази интернейшнл инвестмент холдингс” гэх компани гарч ирсэн.  Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан санхүүгийн анхан шатны баримтуудыг мөн дурдсан. Өөрөөр хэлбэл, БНХАУ-аас энэ мөнгө хэрхэн “Оуяатоукы” ХХК-ийн данс руу орж ирсэн, “Оуяатоукы” ХХК нь “Евроази интернейшнл инвестмент холдингс”, “******” гэх компаниудтай яаж холбогдоод байгаа талаар, Монгол Улсад байгаа компаниуд болон бусад эцсийн өмчлөгч нар нь бүртгэгдсэн байдаг учир эдгээр бүртгэлүүдийн асуудлыг тодорхой болгох.

Нөгөөтээгүүр энэ хэргийн хохирогч хэрэв иргэн байвал өмнө явагдсан ажиллагаанууд хүчингүй болох ноцтой үр дагавартай. Энэ асуудлыг бүрэн дүүрэн шалгах хэрэгтэй. Мөн энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүмүүс яагаад өөрийн эрх ашгийн төлөө явж болохгүй гэж, яагаад хохирсон хүмүүс Монгол Улсад ирээд мэдүүлэг өгөх боломжгүй гэж. Манай Улс БНХАУ-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй учир тодорхой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжтой. Н.Б-, Д.* нар хэзээ танилцсан нь эргэлзээтэй гэх асуудалд нэмж хэлэхэд, Л.Данзанноров өмгөөлөгч Н.Б-гаас Д.*т 200.000.000 төгрөг өгсөн баримт байгаа гэж ярьж байна. Тийм баримт байхгүй. Гагцхүү Н.Б- энэ мөнгийг буцаан авсан, гомдолгүй гэдэг. Мөн Ургамал гэх хүн энэ хэрэгт олонтоо дурдагддаг, энэ хэрэгт хамаарал бүхий компаниудын хувьцааг эзэмшдэг бөгөөд Н.Б-гаас Ургамал гэдэг хүний захиалгаар хуурамч бичиг баримтуудыг үйлдсэн гэж мэдүүлдэг. Ийм асуудлууд байгаа учир Ургамал гэх хүнийг олж гэрчээр асууж эдгээр асуудлыг тодруулах нь зүйтэй. Прокуророос лицензийн төлбөрт төлсөн 1,030,390.12 ам.долларыг яллах дүгнэлтэд ороогүй учир хамааралгүй гэж үзэж тайлбарлаж байна. Гэтэл хохирогчоос энэ мөнгийг буцааж аваагүй гэж дурдаад байгаа. Хэрэвээ хамааралгүй гэж үзэж байвал мөнгийг авсан гэх Wang Vаbin, Ц.Энхтөр гэх хүмүүс ямар хэлцлийн үндсэн дээр мөнгө авсан, ******тай холбоотой эсэхийг мухарлаж шалгасныхаа дараа шийдэх ёстой. Мөн шүүгчийн захирамжийн зургаа дахь үндэслэлд төрийн албан хаагчдыг шалгах ёстой гэж дурдсан. Улсын яллагчийн зүгээс тухайн газрыг залилж авсан, зөвшөөрлийг мөн залилж авсан гэж тайлбарлаж байгаа. Прокурорын хэлж байгаа шиг аялал зуучлалын зориулалттай газрыг залилаад авсан байлаа гэж бодоход, тусгай зөвшөөрлүүд буюу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж байгаа болон бусад төрийн байгууллагаас авч байгаа зөвшөөрлүүдийг нууж, хаах боломжгүй. Өөрөөр хэлбэл, зураг схемээр явдаг. Ийм учраас тухайн албан тушаалтнуудыг зайлшгүй шалгах шаардлагатай. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.*, Т.Б- нарын өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокуророос Эрүүгийн хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байж шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үндэслэлгүй зүйл ярьж байна. Ж.Оюунболд өмгөөлөгчийн дурдсанаар Монгол Улс БНХАУ-тай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Энэ дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч БНХАУ-д очиж ****** элчин сайдын яамны байранд дуудаж асуусан гэдэг. Ингэж асуухдаа хэн нь үл мэдэгдэх өвөр монгол орчуулагчийн байлцуулсан гэдэг бөгөөд үнэхээр ****** асуусан эсэх нь тодорхойгүй. Мөн шүүгдэгч нараас нислэг, байр, хоолны зардал гэж гаруулсан баримт байхгүй. Энэ үйлдэл нь хоёр улсын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг зөрчсөн. Прокурорын эсэргүүцлийн бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Б.Ц-ийн гэрт Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар нэгжлэг хийж тэмдэглэл үйлдсэн байдаг. Энэ тэмдэглэлд Б.Ц-ийн гэрээс баримт материалуудыг хураан авч явсан талаар дурдсан. Эдгээр баримтууд хэрэгт хавсаргагдаагүй алга болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд эд мөрийн баримт хураан авах журмыг тодорхой хуульчилж өгсөн. Эдгээр хуулийн заалтууд зөрчигдсөн. Тухайн алга болсон баримтуудад Б.Ц-ийг цагаатгах бүхий л нотлох баримт байсан гэдгийг өөрөө мэдүүлдэг. Энэ баримтууд алга болсноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчигдсөн учир эдгээр баримтуудыг олж хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагатай. Энэ хэрэгт ****** хохирогчоор тогтоох уу, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоох уу гэдэг асуудал эргэлзээтэй учир нэг мөр тогтоох шаардлагатай. Мөн хохирлын асуудал бүрэн тогтоогдоогүй. Ц.Энхтөр 32.713.190.850 төгрөгийн хохирол учирсан гэдэг, прокуророос 16.800.834.184 төгрөгийн хохирол учирсан зэргээр зөрүүтэй тайлбарладаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хохирлыг асуудлыг нэг мөр шалган тогтоох шаардлагатай. Орчуулагч Ургамал гэх хүнээс хэргийн нөхцөл байдлын талаар заавал мэдүүлэг авах ёстой. Учир нь, Ургамал хэрэгт холбогдолтой компаниудын хувьцааг эзэмшдэг бөгөөд энэ хүн хэргийн хамтран оролцогч уу, гэрч үү гэдгийг тогтоох шаардлагатай. Хэрэгт “Сайхан Ордос Туурь” ХХК-иас хурааж авсан нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбарласан баримтууд хавсаргагдсан. Эдгээр баримтуудын эх сурвалжийг нягтлах шаардлагатай. Эдгээр баримтуудын эх хувь нь холбогдох байгууллагуудын архивын газар хадгалагдаж байгаа баримт үйлдсэн гэх Ариунболдыг олж шалгах шаардлагатай. Ариунболд гэдэг нэртэй олон хүн байгаа гээд орхигдуулж болохгүй. Мөн “Евроази интернейшнл инвестмент холдингс”, “******” гэх хоёр тусдаа компани байгаа бөгөөд ****** аль компанид нь хувьцаа эзэмшдэгийг тогтоох шаардлагатай. “Сайхан Ордос Туурь” ХХК нь “Дунфа Ми Еэ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу Б.Ц- компанийнхаа хувьцааг зарсан. Уг гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, одоо хүчинтэй байгаа гэрээ. Энэ гэрээнд “Orental coal mining investment group limited” ХХК тамга дарсан. Тухайн “Orental coal mining investment group limited” ХХК нь Вү Сэн Чиантай ямар холбоотой болохыг тогтоогоогүй. Хэрэв Б.Ц-ийн үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэж байвал “Дунфа Ми Еэ” ХХК нь хохирогчоор тогтоогдож орж ирэх ёстой ч “Дунфа Ми Еэ” ХХК өдийг хүртэл хэрэгт оролцоогүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;” бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан. Гэтэл энэ хэрэг үйлдэгдээд 11 жил өнгөрч байгаа бөгөөд хохирогч нарын зүгээс 9 жил өнгөрсний дараа гомдол гаргаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Хохирогч нар үнэхээр ийм их хэмжээний мөнгө залилуулсан бол яагаад хэрэг үйлдэгдсэнээс хойш ойрын хугацаанд гомдол гаргаагүй нь эргэлзээтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч М.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Энэ хэргийн хохирогч хэн байх ёстой гэдгийг нарийвчлан тогтоох ёстой. Хэрэгт байгаа 3 хуулийн этгээдийг хохирогчоор тогтоох нь үндэслэлтэй эсэх, мөн Вү Сэн Чиан нь өөрөөсөө болон бусдаас мөнгө зээлж зарим мөнгийг өгсөн талаараа мэдүүлсэн байх тул түүнийг хохирогчоор тогтоох эсэх асуудлыг нарийвчлан тогтоох шаардлагатай. Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Б.Ц-ийн гэрээс хураан авсан баримтууд алга болсныг мэдэж байсан хэр нь баримтыг олж, хэрэгт хавсаргах ямар нэг ажиллагаа хийгээгүй. Энэ баримтыг олуулахаар өмгөөлөгч Г.Наранбаатар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Энэ алга болсон баримтууд дунд Вү Сэн Чиан, Ургамал болон Б.Ц- нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ байгаа. Энэ бэлэглэлийн гэрээгээр Вү Сэн Чиан, Ургамал нар нь “Сайхан Ордос Туурь” ХХК-ийн 93 хувийн хувьцааг шилжүүлсэн байдаг. Бид Улсын Бүртгэлийн Газраас энэ гэрээний хуулбарыг авсан, энэ хуулбар дээр Ургамалын 13 хувийн хувьцаагаа шилжүүлсэн тухай байдаг боловч Вү Сэн Чианы “Сайхан Ордос Туурь” ХХК-ийн хувьцааны 80 хувийг шилжүүлсэн тухай байдаггүй. Мөн Вү Сэн Чианаас шүүгдэгчид өгсөн гэх 9.000.000 ам.доллартой холбоотой Вү Сэн Чиан, Б.Ц- нарын хооронд байгуулсан нууцлалын гэрээ дээрх баримтуудтай хамт алга болсон байдаг. 2015 онд Вү Сэн Чиан Б.Ц-ийг Бээжин хотод дуудаж ирүүлсэн. Ингэж дуудаж уулзахдаа Вү Сэн Чиан нь өрөнд орсон тухайгаа “Сайхан Ордос Туурь” ХХК-д эзэмшдэг хувьцаагаа бусад шилжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн байдаг. Үүний дагуу Б.Ц- Бээжин дэх элчин сайдын яаманд байрлах нотариатаар Вү Сэн Чианы хэлж өгсөн хоёр хятад эмэгтэйд“Сайхан Ордос Туурь” ХХК-ийн өөрт болон Вү Сэн Чианд оногдох хувьцааг шилжүүлсэн. Өмгөөлөгчдийн зүгээс прокурорт эдгээр баримтуудыг олуулах хүсэлт удаа дараа гаргасан боловч прокуророос хүсэлтийг хангах боломжгүй гэсэн хариу өгсөөр ирсэн. Вү Сэн Чиан нь генерал цолтой хүн. Прокуророос Б.Ц-ийг Вү Сэн Чианыг төөрөгдөлд оруулж, залилан мэхэлсэн гэж ялладаг. Гэтэл генерал хүнийг төөрөгдөлд оруулна гэдэг боломжгүй тул прокурорын яллах дүгнэлтийг хууль бус гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Ө.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч нарын өмгөөлөгч нартай санал нэг байна. Ургамал 2008 оны 5 дугаар сард хуурамч бичиг баримтуудыг үйлдээд эхэлчихсэн байсан. Энэ талаар хавтас хэрэгт авагдсан байгаа. Гэтэл прокуророос 2009-2010 оны хооронд хуурамч бичиг баримтуудыг үйлдсэн гэж дүгнэдэг. Прокурор ингэж дүгнэсэн атлаа энэ үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа 2015 онд дууссан байхад 2019 онд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байхад Н.Б-г яллагдагчаар татсан байна. Мөн шүүгдэгч Д.*, Н.Б- нарын 200.000.000 төгрөгийн зээлийн асуудал яригдаж байна. Энэ зээлийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас өмнө буюу 2015 төлөөд дуусчихсан байсан. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан цаг хугацаанаас хойш төлсөн бол энэ зээлийг хэрэгт хамааралтай гэж үзэж болох байсан. Түүнчлэн, Н.Б- 2011 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр “******” ХХК-д учруулсан хохирлоо барагдуулсан тухай баримт хэрэгт авагдсан. Хохирогч зүгээс ч хохирол барагдуулсныг баталсан. Миний үйлчлүүлэгч хуурамч бичиг баримтыг Ургамалын захиалгаар хийдэг байсан гэдгээ тогтвортой мэдүүлсээр ирсэн. Ургамал Н.Б-гаар эдгээр баримтуудыг “Монгол Улсад ашиглахгүй” гэж үйлдүүлдэг байж. Энэ асуудлаар Ургамалын нэг ч удаа байцаагаагүй. Мөн эдгээр баримтыг Монгол Улсад ашиглаж байгаагүй бөгөөд Вү Сэн Чиан нь БНХАУ-аас хөрөнгө оруулалт татахаар эдгээр баримтуудыг ашигласан байх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д..*, Т.Б-, Н.Б-, Б.Ц- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Д.*, Т.Б-, Н.Б-, Б.Ц- нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.*, Т.Б-, Н.Б-, Б.Ц- холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЗ/479 дугаартай захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.*, Т.Б-, Н.Б-, Б.Ц- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч Д.*, Т.Б-, Н.Б-, Б.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН