Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 322

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа хөтөлж,

улсын яллагч С.Болорчулуун,

хохирогч Б.Н, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Б-т холбогдох эрүүгийн 201726030688 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, засал чимэглэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, аав, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо *********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Г-ын Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жем интернэшнл” ХХК-ийн ажлын байранд хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчин шил угаагч Б.Н-ын хөлийг “ПО” машинаар дайрч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Г.Б ажил дээр намайг тоглоом шогломоор миний хөлөнд гэмтэл учруулсан. Г.Б надад 600.000 төгрөг өгсөн гэж байна. Үнэндээ надад Г.Б надад 450.000 төгрөг бэлнээр өгсөн ба 150.000 төгрөг өгөөгүй. Г.Б тухайн өдөр найзыгаа дуудаж намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд ЭХО-д харуулах 10.000 төгрөг өгсөн, бэлэн 450.000 төгрөг, нийт 460.000 төгрөгийн хохирол төлсөн. Г.Б надад “би танд эмчилгээний мөнгө өгнө, хоёулаа гайгүй болно, би танд маргааш, нөгөөдөр хоёр суга таяг хийж өгье” гэсэн. Гэтэл Г.Б эмнэлэг дээр ирээгүй, надтай хоёр удаа утсаар ярьсан. Би 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажил дээр очиж анхны листээ аваачиж өгөхдөө ээлжийн ахлагч н.Э.С-аар Г.Б-ийг дуудуулж “чи яагаад эгчтэйгээ ирж уулзахгүй байгаа юм бэ, чи миний гарнаас татаагүй бол би одоо ажлаа хийгээд явж байгаа, чамайг дүү шигээ санаад хөдөлмөр хамгааллын инженер ирэхэд гомдолгүй гэж бичиж өгсөн” гэж хэлэхэд Г.Б дуугарахгүй зогсоод байсан. Ээлжийн ахлагч “та хоёр ингээд болохгүй юм байна, Г.Б сард хэдэн төгрөг Б.Н-ад өгөх юм” гээд бид хоёр гэрээ хийхдээ Г.Б “цалингаасаа өгье” гэж тохирсон. Г.Б 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 250.000 төгрөг, нийт 450.000 төгрөг өгсөн. Хөдөлмөр хамгааллын инженер “юу болсон юм бэ, яасан” гэж асуухад нь би “Г.Б-т гомдолгүй” гэж хэлсэн. Хөдөлмөр хамгааллын инженерт гомдолтой гэвэл Г.Б-т муу байна байх гэж бодоод гомдолгүй гэж өргөдөл бичиж өгсөн. Би хөдөлмөр хамгааллын инженерт гомдолгүй гэж бичиж өгснөө ар гэрийнхэндээ ч хэлээгүй байсан. Гэтэл Г.Б ганц удаа ч эргэж ирээгүй. Манай ар гэрийнхэн “чи ажил дээрээ гэмтчихээд байхад яагаад танай байгууллага, танай хамт олон нэг ч удаа ирэхгүй байгаа юм бэ, чи үнэхээр гэмтсэн юм уу” гэхээр нь би “гэмтсэн” гэсэн. Би ажилдаа ороход миний хөлний хойд талын арьс хөхөрсөн, таягтай очсон. Би өдөрт 6000 шил өргөдөг, биеийн хүчний ажил хийдэг тул би өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Би Г.Б-т “чи намайг харж байгаа биз дээ, эгч нь өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч байна” гэхэд “би танд өгдөг мөнгөө өгсөн, одоо танд өгөх мөнгө байхгүй авгай минь” гэж хэлэхээр нь гомдоод “чамтай ойлголцохгүй юм байна” гэж хэлээд гарсан. Гэртээ ирэхэд Г.Б-ийн ээж нь над руу залгаад “чи миний хүүхдийг ажил дээр нь дарамталдаг хэн бэ” гэхээр нь “би танай хүүхдээс болж хөдөлмөрийн чадвараа алдаад байна, надад хэцүү байна” гэж хэлэхэд ээж нь утсаа салгасан. Удалгүй Г.Б над руу залгаад “та гэртээ байна уу” гэхээр нь би “гэрт байна” гэсэн. Г.Б 3 хоноод ирэхгүй болохоор нь цагдаад очоод өргөдөл өгөх гэсэн боловч авахгүй болохоор нь ийм асуудал болсон гээд таяг тулсан хөлөө үзүүлэхэд намайг шүүх эмнэлэгт үзүүлээд ир гэсэн. Би Г.Б-т гомдсондоо өргөдөл өгсөн. Шүүхийн шатанд хэрэг байхад ээж нь над руу залгаад “шүүх хурал хийлгэмээргүй байна” гэхээр нь “та нар над руу эрт ярихгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Эмч намайг рашаан сувилал, физик эмчилгээнд яв” гэсэн. Г.Б надад 460.000 төгрөг өгсөн. Миний эмчилгээний зардал нийт 1.377.410 төгрөг гарсан. Үүнээс Г.Б-ийн өгсөн 460.000 төгрөгийг хасч 917.410 төгрөгийг нэхэмжилж байна. Би Г.Б-ээс ажилгүй байсан хугацааны 9 сарын цалин 5.400.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлттэй байна. Миний үндсэн цалин 600.000 төгрөг байгаа гэв.       

           Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Г.Б 2017.08.24-ний өдөр мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн “Жем интернэшнл” ХХК-нд шил угаагчаар ажилд орсон. Шил угаагч нь бохир шилийг угааж цэвэрлээд гар по тэрэг ашиглан зөөж савлагааны өрөөнд оруулж өгөх үүрэгтэй. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өглөөний 08 цагийн үед би хувцсаа сольж ирээд, шилнийхээ машиныг асаагаад хамгийн эхнийхээ цэвэрлэгдсэн шилээ гар по тэргээр түрээд явах замдаа О.С-, Б.Н эгч хоёр цаашаа харчихсан бохир шил шалгаад зогсож байсан. Тэр үед би араар нь тэргээ түрж явахдаа тоглоомоор аль алинд нь “амбаараа аваарай” гэсэн чинь Б.Н эгч өөрийг нь хэлж байна гэж бодоод эргэж хараад инээгээд зөөлөн цохихоор нь би тоглоод зүүн гараараа Б.Н эгчийн баруун гарнаас нь өөр рүүгээ татаад шилний өрөө рүү орьё гэсэн. Тэр үед би баруун гараараа тэргээ чирчихсэн байсан ба Б.Н эгч над руу ирэх үед уруу хэсэг таараад гар по тэрэг нь шууд урагшаа эрчээрээ явсан. Энэ үед Б.Н эгчийн хөл гар по тэргэнд дайрагдахаар нь тэргээ зогсоосон чинь Б.Н эгч уйлаад “чи миний хөлийг дайрчихлаа ш дээ” гэхээр нь хувцасны өрөө рүү авч ороод гутлыг нь тайлаад харсан чинь өсгий нь хавдчихсан байсан. Би Б.Н эгчид “гэмтэл явъя” гэхэд “за яахын бэ, гайгүй болчих байх, давстай өтгөн хар цайгаар шавшаад хоноё” гэхээр нь шууд Гэмтлийн эмнэлэг рүү таксигаар авч яваад зургийг нь авахуулж гипсдүүлсэн. Тэр үед шөрмөс нь бүрэн бус урагдсан байсан. Би эмчилгээний зардалд нийт 600.000 төгрөг төлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

2017.09.19-ний өдөр мэдүүлэхдээ: ...Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Б.Н эгчид хохирлын мөнгө гээд 600.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/,

 

2. Хохирогч Б.Н 2017.06.29-ний өдөр мэдүүлэхдээ: ...Би 2008 оноос 2013 онд “Жем интернэшнл” ХХК-нд шалгагчаар ажиллаж байгаад 2013 оны 03 дугаар сард орон тооны цомхотголоор ажлаасаа гарч эргээд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эргэлтийн шил угаагчаар ажилд орсон. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед ажлаа хийж байхад авдар дуусахаар нь хуучин хатсан шилнүүдийг хайрцаглаад авдарыг суллаж байхад манай ажлын газрын “гар по” нэртэй түрдэг тэргээр шил зөөдөг Г.Б гар по тэргээ хоосон түрээд миний араар гарахдаа “том бөгс амбаараа аваач” гэж хэлснийг нь би хальт сонсоод юм бодолгүй зогсож байсан чинь миний хажууд зогсож байсан Д.М “Г.Б таныг доромжлоод байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл цаана зогсож байсан манай ажилтан О.С Г.Б-т “чи намайг хэлээд байгаа юм уу” гэхэд Г.Б “үгүй, би Б.Н эгчийг хэлж байна” гэсэн. Г.Б шил аччихаад эргээд бид нарын хажуугаар явахаар нь би “чи яагаад намайг тэгж хэлж байгаа юм” гээд тоглоом болгоод мөр рүү нь зөөлөн цохисон чинь Г.Б зүүн гараараа гар по тэргээ барьчихсан, баруун гараараа миний баруун гарнаас татаж “шилний өрөө рүү оруулна” гээд тоглоом болгоод татаад байсан. Эхлээд татахад нь би гараа авчихсан, тэгсэн чинь дахиад гараа ахиулаад миний гарнаас татаад түрж явсан гар по тэрэг нь шилтэйгээ өнхөрч ирээд миний баруун хөлний хойд шөрмөсийг дайрахад нь би хөлөө татсан. Хэрэв би хөлөө татаж аваагүй бол хөлөө хугалах байсан. О.С ирээд намайг хувцасны өрөө рүү дагуулаад орсон. Ингээд Э.С, Нямгэрэл нар намайг “Гэмтэл рүү явж үзүүл” гээд Г.Б-тэй хамт явсан. Г.Б бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Бид хоёр 5-6 сар хамт ажиллаж байгаа болохоор ажлын эгч, дүү шиг харилцаатай байсан. Г.Б ажилд ороод 5-6 сар болж байгаа. Би санаатай дайрсан гэж бодохгүй байна. Гар по тэрэгт дайрагдсанаас болж миний баруун хөлний ахил шөрмөст бүрэн бус урагдал гэмтэл учирсан. Би одоо ажлаа хийж чадахгүй байгаа тул эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

2017.08.30-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би Г.Б-ээс эмчилгээний зардалд 450.000 төгрөг авсан. Одоо цаашид гарах эмчилгээний зардлаа авах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,

2017.09.18-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би эмчилгээний зардалд нийт 450.000 төгрөг авсан. Үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа тул цаашид гарсан зардлыг нэхэмжилж байна. Энэ хүн намайг гэмтээчихээд яаж байна гээд залгаж асуухгүй байгаад гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/,

 

3. Гэрч Д.М 2017.06.24-ний өдөр мэдүүлэхдээ: ...Би “Жем интернэшнл” ХХК-нд эргэлтийн шил угаагчаар ажилладаг. 2017.02.21-ний өглөөний 08 цагийн үед ажил дээр байхад Г.Б Б.Н эгчийн араар “гар по” тэрэг чирч явахдаа тоглоом болгож “том бөгс амбаараа аваач” гэж хэлсэн. Шилний өрөө рүү орох замд байдаг уруу хэсэг дээр Г.Б гар по тэргээ чирч яваад зогссон. Би юм бодолгүй ажлаа хийж байтал Б.Н эгч Г.Б-ийн чирч явсан гар по тэргэнд хөлөө дайруулчихлаа гээд юм түшчихсэн зогсож байсан. Би яг дайрч байхыг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

4. Гэрч Э.С 2017.08.07-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би “Жем интернэшнл” ХХК-ний архины үйлдвэрт ээлжийн ахлах ажилтай. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажил эхэлчихсэн байсан ба 10-11 цагийн үед Г.Б гар по-гоор ажлаа хийх явцдаа Б.Н-ыг тоглоом шоглоом болгож баруун гараараа гар по-гоо чирч явахдаа зүүн гараараа Б.Н-ыг татаад  Б.Н-ын баруун хөлийг түрдэг гар по-гоор мөргөж гэмтээсэн гэсэн. Би Г.Б-т “Б.Н-ыг Гэмтлийн эмнэлэгт үзүүл” гээд явуулсан. Тэр оройдоо Г.Б Б.Н-ыг эмнэлэгт үзүүлээд хөлийг нь гипсдүүлж, гэрт нь хүргэж өгчихөөд ирлээ гээд ажил дээр ирсэн. 2017 оны 03 дугаар сарын 22-нд надаар дамжуулж, би Б.Н-ын дансанд 250.000 төгрөг хийсэн. Дараа нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр Б.Н-ын охин над дээр ирэхэд би 200.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгсөн талаар мэдэхгүй байна. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хөл гэмтээд гээд тэрнээс хойш ажилдаа ирээгүй, өвчтэй байж байгаад 2017 оны 05 дугаар сард албан ёсоор өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/,

 

5. Гэрч М.Э 2017.09.18-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 09.00 цагийн үед ажил дээрээ ирэхэд манай ажлын газрын Б.Н “гар по”-нд хөлөө мөргүүлж гэмтээсэн гээд Гэмтлийн эмнэлэг рүү явсан гэж байсан. Үдээш хойш Э.С-аас юу болсон талаар асуухад “Б.Н-ыг эмнэлэгт үзүүлчихээд гэрт нь хүргэж өгсөн” гэж хэлэхээр нь би маргааш өглөө өөрийн биеэр Б.Н-ын гэрт нь очиж уулзахад баруун хөл нь шагайн хэсгээрээ боолттой хэвтэж байсан ба би болсон явдлын талаар асуухад “гар по чирч явсан Г.Б-тэй тоглож байгаад баруун хөлний өсгий хэсгийг мөргүүлчихлээ, эмч хэд хоног хэвтээд эмчлүүлчих, гайгүй болохгүй бол шөрмөсөө нөхүүл” гэж хэлсэн гэсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Б.Н-тай ажлын гадна уулзаж утсаар хэд хэдэн удаа холбогдсон ба удаагүй ажлаасаа гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/,  

 

6. Гэрч О.С 2017.09.15-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 08.00 цагийн үед ажлаа хийж байхад манай ажлын Б.Н эгч авдартай шил налчихсан ёолоод зогсож байхаар нь очоод “эгчээ яасан юм бэ” гэж асуухад “миний баруун хөлний ар талаар өвдөөд сонин болчихлоо, Г.Б гар по-гоор дайруулчихлаа” гэхээр нь ээлжийн ахлагч Э.С-ыг дуудаж хэлчихээд ажлаа хийсэн. Хэсэг байж байхад Б.Н эгч Г.Б-тэй хамт Гэмтлийн эмнэлэг рүү явчихсан гэж сонсогдсон. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6933 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Н-ын биед баруун ахилын шөрмөсний бүрэн бус урагдал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 18-р хуудас/,

 

8. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24-р хуудас/,

9. Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 27-30-р хуудас/,

10. Хохирол төлсөн баримт /хх-ийн 42, 64-р хуудас/,

11. Хөдөлмөрийн гэрээний хуулбарууд /хх-ийн 103-111-р хуудас/,

12. Шүүгдэгч Г.Б урд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б-ийг цагаатгасан үндэслэлийн талаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-ийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жем интернэшнл” ХХК-ийн ажлын байранд хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчин хохирогч Б.Н-ын хөлийг “гар по” машинаар дайрч улмаар түүний биед “...баруун ахилын шөрмөсний бүрэн бус урагдал бүхий” эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

            Хавтаст хэрэгт авагдсан:

           Хохирогч Б.Н-ын “...Г.Б шил аччихаад эргээд бид нарын хажуугаар явахаар нь би “чи яагаад намайг тэгж хэлж байгаа юм” гээд тоглоом болгоод мөр рүү нь зөөлөн цохисон чинь Г.Б зүүн гараараа “по” тэргээ барьчихсан, баруун гараараа миний баруун гарнаас татаж “шилний өрөө рүү оруулна” гээд тоглоом болгоод татаад байсан. Эхлээд татахад нь би гараа авчихсан. Дахиад гараа ахиулаад миний гарнаас татахад түрж явсан гар по тэрэг нь шилтэйгээ өнхөрч ирээд миний баруун хөлний хойд шөрмөсийг дайрсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

 

           Гэрч Д.М-гийн “...2017.02.21-ний өглөөний 08 цагийн үед ажил дээр байхад Г.Б, Б.Н эгчийн араар “гар по” тэрэг чирч явахдаа тоглоом болгож “том бөгс амбаараа аваач” гэж хэлсэн. Шилний өрөө рүү орох замд байдаг уруу хэсэг дээр Г.Б “гар по” тэргээ чирч яваад зогссон. Би юм бодолгүй ажлаа хийж байтал Б.Н эгч Г.Б-ийн чирч явсан гар по тэргэнд хөлөө дайруулчихлаа гээд юм түшчихсэн зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

Гэрч Э.С-ын “...2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажил эхэлчихсэн байсан ба 10-11 цагийн үед Г.Б баруун гараараа “по”-гоо чирч явахдаа зүүн гараараа Б.Н-ыг тоглоом шоглоом болгож татаад баруун хөлийг түрдэг гар по-гоор мөргөж гэмтээсэн гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/,

 

  Гэрч М.Э-ын “.. манай ажлын газрын Б.Н “гар по”-нд хөлөө мөргүүлж гэмтээсэн гээд Гэмтлийн эмнэлэг рүү явсан гэж байсан. Үдээс хойш Э.С-аас юу болсон талаар асуухад “Б.Н-ыг эмнэлэгт үзүүлчихээд гэрт нь хүргэж өгсөн” гэж хэлэхээр нь би маргааш өглөө өөрийн биеэр Б.Н-ын гэрт нь очиж уулзахад баруун хөл нь шагайн хэсгээрээ боолттой хэвтэж байсан. Би болсон явдлын талаар асуухад “гар по чирч явсан Г.Б-тэй тоглож байгаад баруун хөлний өсгий хэсгийг мөргүүлчихлээ, эмч хэд хоног хэвтээд эмчлүүлчих, гайгүй болохгүй бол шөрмөсөө нөхүүл” гэж хэлсэн гэсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Б.Н-тай ажлын гадна уулзаж утсаар хэд хэдэн удаа холбогдсон ба удаагүй ажлаасаа гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/,  

 

 Гэрч О.С-гийн “ ... манай ажлын Б.Н эгч авдартай шил налчихсан ёолоод зогсож байхаар нь очоод “эгчээ яасан юм бэ” гэж асуухад “миний баруун хөлний ар талаар өвдөөд сонин болчихлоо, Г.Б гар по-гоор дайруулчихлаа” гэхээр нь ээлжийн ахлагч Э.С-ыг дуудаж хэлчихээд ажлаа хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6933 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Н-ын биед баруун ахилын шөрмөсний бүрэн бус урагдал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/ зэрэг баримтуудыг харьцуулан дүгнэхэд:           

           Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жем интернэшнл” ХХК-ийн ажлын байранд “гар по” машин дээр ажиллаж байхдаа хохирогч Б.Н-ыг “шилний өрөө рүү оруулна” гэж гарнаас татсаны улмаас “по” машинд баруун хөлөө дайруулж “...баруун ахилын шөрмөсний бүрэн бус урагдал бүхий” эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.        

          Гэм буруугийн болгоомжгүйн хэлбэр болох хайхрамжгүй хандах нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байдаг боловч тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг учирна гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсанд оршдог бол шууд, шууд бус санаатай хэлбэр нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигийг хүсэж эсхүл зориуд хүргэсэн байдгаараа ялгаатай байдаг.

         Хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэхэд: Г.Б нь хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хохирол учруулах зорилго, хүсэл байгаагүй, харин “по” машинаар хохирогчийн хөлийг гэмтээх, гэмтэл учрах хор уршиг учирч болохыг шүүгдэгч урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч үүндээ хайхрамжгүй хандсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг агуулсан гэж үзнэ.  

         2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

         Гэвч тухайн үйл баримт 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гарсан тул 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

 

          2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван тавдугаар бүлэгт “Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг”-ийг хуульчилсан ба бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл болгоомжгүй хэлбэрээр учруулахыг гэмт хэрэгт тооцохоор заагаагүй байна.

           Яллах дүгнэлтэнд шүүгдэгч Г.Б-ийг ажлын байранд хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэсэн хэдий ч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд заасан “Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих” гэмт хэргийн субьект нь “эрхэлж байгаа албан тушаал, ажил үүргийн хувьд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахиж хангуулах үүрэг бүхий этгээд” байхыг шаарддаг. Шүүгдэгч Г.Б нь “Жем Интернэшнл” ХХК-д шил угаагчаар ажиллаж байсан болох нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байх тул түүнийг “хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангуулах үүрэг бүхий этгээд” гэж үзэхгүй юм.

 

          Иймд 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн энэ хуулиар тодорхойлно”, мөн 3 дугаар зүйлийн 3.2-т “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гэсэн хууль ёсны зарчмыг баримтлан Г.Б-т 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхээс Г.Б-ийн үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан хэдий ч хохирогч Б.Н нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Жим Интернэшнл” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой гомдлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

             

ТОГТООХ НЬ:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Б-ийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Н-д 450.000 төгрөг төлсөн ба хохирогч Б.Н нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР